73-р хичээл
Алма 6–7
Оршил
Алма Зарахемла дахь Сүмийг эмх цэгцэнд оруулсныхаа дараа Гидеон хот руу явжээ. Тэрээр тэндхийн хүмүүсийг Зарахемлагийн хүмүүсээс илүү итгэлтэйг олж мэдсэн. Тиймээс түүний захиас Зарахемлад өгсөн захиасаас нь өөр байлаа. Тэрээр хүмүүсийг Их Эзэнд найдахаа үргэлжлүүлж, Түүний Цагаатгалыг амьдралдаа хэрэгжүүлэхийг урамшуулан дэмжжээ. Аврагч Өөр дээрээ үхэл болон бидний нүглүүдийг авсан, Өөр дээрээ бидний өвдөлт, зовлон зүдгүүр, өвчнүүд болон сул талуудыг авсан бөгөөд бидэнд хэрхэн туслахаа Тэрээр мэддэг гэдгийг Алма гэрчилсэн.
Заах зөвлөмж
Алма 6
Алма Зарахемла дахь Сүмийг эмх цэгцэнд оруулсныхаа дараа Гидеон хот руу явсан нь
Хичээл эхлэхээс өмнө нэг суралцагчийг сүмд явах хүч чармайлтынхаа төлөө адислагдсанаа мэдэрсэн арга замуудын талаар товч хуваалцахаар бэлтгэхэд урь. Хичээлээ эхлэхэд энэ суралцагчаас ангийн өмнө гарч, бэлтгэсэн захиасаа хуваалцахыг хүс. Та ч бас сүмд явснаараа хэрхэн адислагдсан тухайгаа хуваалцаж болно.
Алма 6-г Алма болон санваарын бусад удирдагч Зарахемла дахь Сүмийг хэрхэн хүчирхэгжүүлснийг заадаг хэмээн тайлбарлаж танилцуул.
Нэг суралцагчаас Алма 6:4–6-г чанга уншихад урь. Зарахемла дахь Сүмийн гишүүд Бурханыг мэдэхгүй хүмүүст юу хийснийг хайж олохын тулд хамтдаа уншихыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцахад урь.
Дараах үнэнийг самбар дээр бич: Сүм бүх хүний сайн сайхны төлөө байгуулагдсан юм. Энэхүү үнэн тэдний амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар бодоход нь суралцагчдад туслахын тулд асуу:
-
Сүм өнөөдөр Бурханыг мэддэггүй хүмүүсийг хэрхэн адисалж чадна гэж та боддог вэ?
Суралцагчдыг Бурханы тухай илүү сайн мэдэх хэрэгтэй байгаа хэн нэгний тухай бодоход урь. Энэ хүн нь манай Сүмийн гишүүн эсвэл өөр сүмийн гишүүн байж болно. Бид Сүмийн гишүүд учраас олон адислал хүлээж авдгийг гэрчлээд, суралцагчдыг адислалуудаа гэрчилж, бусадтай хуваалцахыг урихад урамшуулан дэмж.
Aлмa 7:1–13
Алма Есүс Христийн ирэлтийн тухай бошиглосон нь
Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болго. Бүлэг бүрээс дараах асуултын хариултыг ярилцахыг хүс:
-
Таны сэтгэлийг ирээдүйн ямар үйл явдлууд онцгой хөдөлгөдөг вэ?
Суралцагчдад энэ асуултын хариултыг ярилцах тодорхой хугацаа өгсний дараа цөөн суралцагчаас хариултаа бусадтайгаа хуваалцахыг хүс. Тэгээд Алма Зарахемла дахь Сүмийг эмх цэгцэнд оруулсныхаа дараа Гидеон хот руу явсныг тайлбарла. Тэрээр тэнд байсан хүмүүст ирээдүйд болох олон зүйлийг болон “тэд бүгдээс илүү чухал” (Алма 7:7) нэгэн зүйл буйг ярьжээ. Тэрээр ирээдүйд болох энэ үйл явдлын учир ирэх адислалуудын төлөө бэлтгэхэд нь хүмүүст туслах зарчмуудыг заасан.
Нэг суралцагчийг Алма 7:3–6-г чанга уншихад урь. Алма Гидеоны хүмүүсийн талаар ямар найдлагатай байсныг хайж олохыг суралцагчдаас хүс. Тэгээд өөр нэг суралцагчаас Алма 7:18–19-ийг чанга уншихыг хүс. Алма Гидеоны хүмүүсийн талаар сүнслэг өдөөлтөөр юу сурч мэдсэнийг дүрслэн хэлэхийг суралцагчдаас хүс.
Алма 7:7, 9–10-ыг дор бүрнээ чимээгүй уншихдаа хүмүүс мэдэх нь хамгийн чухал хэмээн Алмагийн мэдэрсэн үйл явдлыг хайж олоход суралцагчдыг урь.
-
Алмад өгүүлснээр, ирэх аливаа бүгдээс “илүү чухал [байсан] нэгэн зүйл” нь юу байсан бэ? Аврагчийн ирэлт нь яагаад бүх цаг үеийн хамгийн чухал үйл явдал гэж та бодож байна вэ?
-
Алма яагаад аль хэдийн итгээд, хүчтэй гэрчлэлтэй болсон хүмүүст наманчлах ёстой гэж хэлсэн гэж та бодож байна вэ?
Алма дараа нь Есүс Христийн ирэлт нь яагаад хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болох тухай заасныг тайлбарла. Алма 7:11–13-ыг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Үлдсэн суралцагчдыг унших хэсгийг дагаж харан, Аврагч бидний төлөө Өөр дээрээ юу авсныг мэдэхэд урь. (Та халамжлах нь тайтгарал өгөх, хэн нэгэнд туслахаар явах гэсэн үг гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж магад.)
Алма 7:11–13 нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Та суралцагчдад энэ судрын хэсгийг амархан олж болохын тулд тодруулж судар дээрээ тэмдэглэгээ хийхийг санал болгож болно.
Суралцагчдын хариултуудыг гарчиг бичдэгийн адилаар самбарын дээд хэсэгт жагсаан бич. Хариултуудад өвчин эмгэг, зовлон зүдгүүр, уруу таталт, үхэл, сул дорой байдал (сул талууд эсвэл чадваргүй байх) болон гэм нүгэл орж болно.
Та суралцагчдад Алма 7:11 дээрх “бүх төрлийн” гэсэн хэллэгийг тэмдэглэхийг санал болгож болно. Самбар дээр бичсэн нөхцөл байдал тус бүрд жишээ хэлэхийг тэднээс хүс. Суралцагчдыг жишээ хэлэхэд тэдгээрийг холбогдох гарчгуудын дор бич. (Жишээлбэл, хорт хавдар гэдэг үгийг өвчин эмгэг гэдэг гарчгийн доор хөгжлийн бэрхшээлийг сул дорой байдлын доор бичиж болно.)
Нэг суралцагчаас Далын ахлагч Брүс С.Хафэны хэлсэн дараах үгсийг уншихыг хүс.
“Цагаатгал зөвхөн нүгэлтнүүдэд зориулагдаагүй” (“Beauty for Ashes: The Atonement of Jesus Christ,” Ensign, 1990 оны 4-р сар, 7). Та энэ үгсийг самбар дээр бичээд, суралцагчдыг судар дээрээ Алма 7:11–13-ын хажууд бичихийг хүсэж болно.
-
Алма 7:11–13-т уншсан зүйл дээрээ үндэслэн, ахлагч Хафэн “Цагаатгал зөвхөн нүгэлтнүүдэд зориулагдаагүй” гэж хэлсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Дараах үнэнийг самбар дээр бич: Есүс Христ биднийг нүгэл, үхлээс авраад, мөнх бус байдлын сорилтуудыг ялахад бидэнд туслахын тулд зовж шаналсан юм.
Аврагчийн Цагаатгалд хэрхэн найдахаа ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгсийг унш.
“Та тамхи, мансууруулах бодис— мөрийтэй тоглоом эсвэл орчин цагийн сүйрүүлэгч тахал болсон порнографт донтох нүгэл хилэнцтэй тэмцэж байна уу? … Та өөрийгөө эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн үү гэдэг тал дээр, эсвэл өөрийгөө хүндлэх нь чухам юу болох тухайд эргэлздэг үү? Танд—эсвэл хайртай хэн нэгэнд тань—өвчин зовлон, сэтгэл санааны дарамт эсвэл үхэл тулгараад байна уу? Эдгээр асуудлаа шийдэхийн тулд танд ямар ч алхмуудыг хийх хэрэгтэй байлаа гэхэд эхлээд Есүс Христийн сайн мэдээнд ир. Тэнгэрийн амлалтуудад итгэ. …
“Бурханы нигүүлсэнгүй мөн чанарт найдах нь Христийн заасан сайн мэдээний гол цөм нь юм. Аврагчийн Цагаатгал бидний мөрөн дээрээс гэм нүглийн ачаа дарамтыг төдийгүй бас урам хугаралт, гуниг харуусал, өвчин эмгэг, цөхрөл гутралын ачаа дарамтыг авсныг би гэрчилж байна. [Aлмa 7:11–12-ыг үзнэ үү.] Энэхүү тусламжид найдах нь өөрсдийгөө нүглээс хол хөндий байлгаж, авралынхаа төлөө ажиллах шалтгаан болоод эрч хүчийг бидэнд бүр эхлэлээс өгч, бидэнд тусалсаар ирсэн юм” (“Broken Things to Mend,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 70–71)
-
Алма 7:11–13-ыг ойлгох нь сорилтуудтай тулгарах үед бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан тусламж ба хүч чадлыг хүлээн авч болох зарим арга замыг дүрслэхийн тулд дараах нөхцөлүүдийг унш. Нөхцөл бүрийг уншсаны дараа Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан ийм сорилттой учирсан хүнд хэрхэн тусалж болох тухай тайлбарлахыг суралцагчдаас хүс.
-
Залуу эмэгтэй автомашины осолд орсноос зүүн хөл нь мэдээгүй болжээ.
-
Залуу эрэгтэй өөрийн хийсэн зарим буруу сонголтоосоо ичиж байна. Тэр сэтгэлээр унаж, өөрийгөө хэрэггүй хүн гэж бодож байна.
-
Залуу эрэгтэйн эцэг саяхан нас барж, тэр ээжтэйгээ шинэ хотод нүүж иржээ. Түүнд гунигтай байгаагаас гадна ганцаардаж, бүх зүйл хэрхэн дахин зөв болохыг олж харахгүй байв.
Цагаатгалын хүч болон энэхүү хүч хэрхэн тусалж болох тухай гэрчлэлээ хуваалц. Тэгээд суралцагчдад дараах асуултуудын нэгэнд хариулан дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих хэдэн минутын хугацаа өг. (Та хичээл эхлэхээс өмнө эдгээр асуултыг самбар дээр бичих буюу асуултууд бичсэн тараах материалуудыг бэлтгэх, эсвэл суралцагчид өөрсдөө бичихийн тулд удаан уншиж өгөхийг хүсч болно.)
-
Цагаатгал хэзээ танд болон таны мэдэх хэн нэгэнд Алма 7:11–13-т дурдагдсан арга замуудын аль нэгээр нь тусалсан бэ?
-
Та сорилтуудтай тулгарах үедээ Цагаатгалд найдаж болохын тулд юу хийх вэ?
Цөөн суралцагчаас бичсэн зүйлээ бусадтай хуваалцахыг хүс. (Тэдэнд хэт хувийн эсвэл өөрсдийнхөө аливаа нууц зүйлийг хуваалцах шаардлагагүйг сануул.)
Алма 7:14–27
Алма Бурханы хаант улсад хүрэх замаа үргэлжлүүлэхэд хүмүүсийг урамшуулан дэмжсэн нь
Суралцагчдад Алма Гидеон дахь хүмүүсийн сүнсний нөхцөлийг хэрхэн дүрсэлснийг сануулахын тулд нэг суралцагчийг Алма 7:19-ийг чанга уншихад урь. Хүмүүс “Бурханы хаант улс тийш удирдах зам дээр” байсныг онцлон хэл. Алма тэднийг зам дээрээ үлдэхэд нь туслахыг хүссэн гэдгийг тайлбарла.
Бид сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар Бурханы хаант улс руу хөтлөх замыг дагадаг гэдгийг харахад нь суралцагчдад туслахын тулд самбар дээр зам зур. Замын эхэнд Мөнх бус байдал гэж бич.Замын төгсгөлд Бурханы хаант улс гэж бич. Суралцагчдыг хоёр хэсэг болго. Нэг хэсгээс Алма 7:14–16-г, нөгөө хэсгээс Алма 7:22–24-ийг судлахыг хүс. Бид Бурханы хаант улс руу хөтлөх замыг дагахын тулд юу хийх хэрэгтэй болон өөрсдөө ямар хүмүүс болох хэрэгтэйг хайж олохыг хэсгүүдээс хүс.
Суралцагчдад унших хангалттай хугацаа өгсний дараа тэднээс хэдийг нь самбарын өмнө гарч ирэхэд урь. Тэднээс Бурханы хаант улс руу хөтөлдөг өөрсдийн олж мэдсэн үйлдлүүд болон зан чанаруудыг замын дагуу бичихийг хүс. Та суралцагчдаас замын дагуу бичигдсэн зарим үйлдэл болон зан чанарууд тэдний хувьд юу гэсэн үг болохыг асууж болно. Та бас тэд энэ замыг амьдралдаа хэрхэн дагаж болох талаар бодохыг тэднээс хүсэж болно. Бид итгэлээр амьдарвал “Бурханы хаант улс тийш удирдах зам дээр байдаг” (Алма 7:19) гэдгийг гэрчил.