Номын сан
4-р хичээл: Нүүр хуудас, удирдтгал, гэрчүүдийн гэрчлэл


4-р хичээл

4-р хичээл: Нүүр хуудас, удиртгал, гэрчүүдийн гэрчлэл

Оршил

Мормоны Номыг заахдаа та тэдэнд Бурханд ойртоход нь туслах үнэнүүдийг нээж олоход нь туслах болно. Уг номны эхлэлээс Мормоны Номын бичээчид Есүс бол Христ гэж гэрчлэхийг зорьсон нь тодорхой харагддаг. Мөн энэ нь Бурханы Израилийн угсаатай хийсэн гэрээг дурдаж, Бурханы бүх хүүхэд ариун гэрээнүүдийг хийж, сахих нь хэчнээн чухлыг нотолдог. Суралцагчид Мормоны Номыг залбиралтайгаар судалснаар Есүс Христийн сайн мэдээ болон хожмын үе дэх Түүний Сүмийн cэргээлтийн талаар илүү агуу гэрчлэлтэй болно. Мөн тэд Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх илүү агуу итгэлийг хөгжүүлж сурах болно.

Заах зөвлөмж

Энэ хичээлийг заах зөвлөмж нь энэ хичээлд зарцуулагдах цагаас илүү цаг шаардаж магадгүй юм. Танай ангид хичээлийн аль хэсэг илүү чухал болохыг залбиралтайгаар шийд.

Нүүр хуудас

Суралцагчдыг Мормоны Номын нүүр хуудас руу очихыг урь. Энэ хуудас нь “Мормоны Ном, Нифайн ялтсуудаас авагдаж Мормоны гараар ялтсууд дээр бичигдсэн шастир оршвой” гэсэн үгсээр эхэлдэг. Бошиглогч Иосеф Смит нүүр хуудасны эх сурвалжийг тайлбарласан байдаг:

“Мормоны Номын нүүр хуудас нь ялтсуудын хамгийн сүүлийн хуудасны зүүн гар талаас орчуулан үгчилсэн орчуулга юм. Энэ нь орчуулагдсан бичиглэлүүдийг агуулдаг бөгөөд орчин үеийн хэллэг, энэ цаг үед амьдарч байсан мөн амьдарч байгаа хэний ч найруулга ороогүй гэж хэлсэн юм” (in History of the Church, 1:71).

Суралцагчдыг Мормоны Номын нүүр хуудсыг дотроо уншихад урь. Мормоны Номын зорилгыг тодорхойлсон үгсийг олж харахыг тэднээс хүс. (Уг номыг унших хүн бүрд Мормоны Номын “үзүүлэх” зүйлс нь үүний зорилго гэдгийг хэлж суралцагчдад санаа өгч болно.) Хэдэн суралцагчаас самбарт өөрсдийн санааг бичихэд урь. Тэднийг бичиж дууссаны дараа тэднээс хоёр дахь догол мөрийг дахин уншиж, “Израилийн угсааны үлдэгдэл” гэдгийн оронд өөрсдийн нэрийг орлуулж уншихыг хүс.

  • Мормоны Номыг унших үед энэ зорилгуудын аль нь таны амьдралд биелсэн байна вэ? Эдгээр нь хэрхэн биелсэн бэ?

  • Их Эзэнтэй гэрээ хийсэн хүмүүс “үүрд зайлуулагдахгүй” байна гэдгийг мэдэх нь танд хэрхэн тусалсан бэ?

Суралцагчдад заримдаа ганцаардмал, “зайлуулагдсан” мэт санагдах үе тохиолдоно гэдгийг хэл.

  • Тэр үед “үүрд зайлуулагдахгүй” гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Энэ амлалт хэрхэн Бурханы таныг хайрлах хайрыг харуулж байна вэ?

Суралцагчдад Мормоны Номын гол чухал зорилгыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг уншихыг хүс:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон

“Нүүр хуудсанд өгүүлснээр Мормоны Номын гол зорилго бол ‘Есүс бол Христ, мөнхийн Бурхан бөгөөд бүх үндэстэнд өөрийгөө үзүүлэх болно гэдэгт иудейчүүд болон харийнхныг итгүүлэх явдал юм. ’

Үнэнийг үнэнчээр эрэлхийлэгч хүмүүс Мормоны Номын сүнслэг үгсийг тунгаан бодсоноор Есүс бол Христ гэдэг гэрчлэлийг олж авч чадна.

Мормоны Номны бараг хагасаас илүү шүлэгт Их Эзэний тухай гардаг. Христийн нэрний зарим хувилбар нь бүр Шинэ Гэрээнээс илүү Мормоны Номын шүлгүүдэд илүү их давтагддаг.

Түүнийг Мормоны Номонд зуугаас илүү нэрээр дурдсан байдаг. Эдгээр нэр нь Түүний бурханлаг мөн чанарыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг” (“Come unto Christ,” Ensign, 1987 оны 11-р сар, 83).

Мормоны Ном нь Есүс бол Христ гэдгийг гэрчлэгч ном гэдгийг гэрчил.

Мормоны Номын удиртгал

Самбар дээр нуман хаалга зур (дагалдах зургийг хар) эсвэл мод болон өөр материалаар нуман хаалга хий.

чулуун нуман хуулга

Мормоны Номын удиртгал дахь Иосеф Смитийн хэлсэн үгийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс (6-р догол мөрийг хар). Та мөн суралцагчдад түүний хэлсэн үгийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.

  • Тулгуур чулуу ямар үүрэгтэй вэ?

Тулгуур чулуу бол нуман хаалганы дээд талын төв дэх гол чулуу гэдгийг тайлбарла. Нуман хаалгыг барихдаа хоёр баганыг бэхэлгээ тулгууртайгаар барьдаг. Нуман хаалганы дээд талд анхааралтайгаар нарийн хэмжээстэй зай үлдээдэг бөгөөд тэнд тулгуур чулууг байрлуулдаг. Тулгуур чулууг байрлуулсны дараа нуман хаалгыг ямар нэгэн тулах зүйлгүйгээр босгох боломжтой болдог.

  • Хэрэв тулгуур чулууг авбал юу тохиолдох вэ? (Хэрэв та биет үзүүлэн ашиглаж байгаа бол тулгуур чулууг ав.)

  • Мормоны Ном хэрхэн сэргээгдсэн сайн мэдээний тулгуур чулуу болж байна вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг уншихад урь. (Та түүний хэлсэн үгсийг тараах материал болгон бэлдэж болох ба ингэснээр суралцагчид үүнийг судартаа хавсаргах боломжтой болно. Эсвэл суралцагчдыг ерөнхийлөгч Бэнсоны үгсийг судар дээрээ удиртгал хуудасны эхэнд юмуу төгсгөлд бичихэд урьж болно.)

“Мормоны Ном манай шашны тулгуур чулуу болдог гурван арга зам байдаг. Энэ нь Христийн талаарх бидний гэрчийн тулгуур чулуу бөгөөд манай сургаалын тулгуур чулуу юм. Энэ нь гэрчлэлийн тулгуур чулуу юм” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 5).

Суралцагчдад Мормоны Ном нь хэрхэн гэрчлэлийн тулгуур чулуу болдгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Бэнсоны хэлсэн дараах үгсийг уншихад урь:

“Мормоны Ном бол гэрчлэлийн тулгуур чулуу мөн. Хэрэв тулгуур чулууг авбал нуман хаалга нурж унадаг шиг Мормоны Ном үнэн учраас Сүм оршин тогтнож байгаа эс бөгөөс Сүм оршин тогтнох боломжгүй юм. Хэрэв Мормоны Ном үнэн бол хүмүүс Сэргээлтийг болон Сэргээлтээр ирсэн бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” 6).

  • Мормоны Номын талаарх таны гэрчлэл сайн мэдээний сургаал, зарчмуудын талаарх гэрчлэлд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Мормоны Ном таныг хэрхэн Бурханд илүү ойртуулсан бэ?

Та мөн Мормоны Номыг бие даан суралцсанаар хэрхэн таны гэрчлэл хүчирхэгжиж, Бурханд илүү ойртсон тухай хэлж болно.

Жүжигчилсэн тоглолтонд оролцох суралцагчдыг урь. Тэднээс Мормоны Номыг Сүмийн гишүүн бус хүнд өгч байна гэж төсөөлөхийг хүс. Тэднийг хоёр бүлэг болгон хувааж, дүрд тоглоход нь бэлтгэ. Эхний бүлгээс Мормоны Номын удиртгал хэсгийн 2 болон 4 дэх догол мөрийг уншихыг хүс. Хоёр дахь бүлгээс 5 болон 8 дахь догол мөрийг уншихыг хүс. Хоёр бүлгээс Мормоны Номын тухай заахад чухал гэж бодож байгаа мэдээллүүдийг олохыг хүс.

Суралцагчдад суралцаж, бэлтгэх цаг өгсний дараа нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд Сүмийн гишүүн бус хүний дүрд тоглоход урь. Мөн хоёр бүлгээс тус бүр нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхийг хүс. Тэд номлогчдын дүрд тоглоно гэдгийг тайлбарла. Тэд эхний суралцагчид Мормоны Номын тухай заахдаа удиртгал хэсгээс олсон мэдээллээ ашиглана.

Суралцагчдыг дүрд тоглож дууссаны дараа та бусад суралцагчаас хэрэв тэд дүрд тоглосон бол гишүүн бус хүнтэй хуваалцах байсан нэмэлт санаануудыг удиртгал хэсгээс олсон эсэхийг асуу.

Та Мормоны Ном нь бөмбөрцгийн баруун хагаст эрт үед амьдарч байсан бүх хүмүүний түүхийг өгүүлэх зорилгогүй гэдгийг онцолж болно. Энэ нь зөвхөн Лихай (нифайчууд болон леменчүүд) болон Жаредийн үр удмын тухай бичээс юм. Мормоны Номонд гардаг үйл явдлуудын дараа эсвэл өмнө нь мөн тухайн үед бөмбөрцгийн баруун хагаст өөр хүмүүс оршин сууж байсан байж магадгүй.

Суралцагчдыг Моронай 10:3–5-ыг дотроо уншихад урь.

  • Моронайн хэлсэнчлэн бид Мормоны Ном үнэн гэдгийг хэрхэн мэдэж болох вэ?

Суралцагчдыг Мормоны Номын удиртгал хэсгийн 8 болон 9 дэх догол мөрийг уншихад урь. Хэрэв тэд Моронайн урилгыг хүлээн авбал гэрч олж авах нэмэлт гурван үнэнийг олохыг тэднээс хүс.

Бид Мормоны Номыг уншиж, тунгаан бодож, залбирснаар Ариун Сүнс энэ ном нь үнэн бөгөөд Есүс бол Христ, Иосеф Смит бол Бурханы бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Их Эзэний хаант улс гэдгийг гэрчлэх болно гэдгийг суралцагчдад гэрчил.

Гурван гэрч болон найман гэрчийн гэрчлэл

Суралцагчдаас тэд хөршийнх нь гэрээс үнэт зүйл авч буй хэн нэгнийг харсан гэж төсөөлөхийг хүс.

  • Гэмт хэргийг шийдвэрлэхийн тулд гэрч яагаад хэрэгтэй вэ?

  • Нэгээс илүү гэрч байх нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг “Гурван гэрчийн гэрчлэлийг” дотроо уншихад урь. Суралцагчдыг өөрсдөд нь илүү үнэ цэнэтэй санагдсан хэсгүүдийг олоход урь. Та мөн тэдэнд тэр хэсгүүдээ тэмдэглэхийг зөвлөж болно.

  • Та ямар хэсгүүдийг тэмдэглэсэн бэ? Тэдгээр нь яагаад танд чухал вэ? (Та мөн Бурханы дуу хоолой Гурван гэрчид ялтсууд нь Бурханы хүч болон бэлгээр орчуулагдсан гэдгийг тунхагласныг онцолж болно.)

Нэг суралцагчаас “Найман гэрчийн гэрчлэлийг” чанга уншихыг хүс. Бусад суралцагчаас Гурван гэрчийн болон Найман гэрчийн гэрчлэлийн хоорондох ялгааг олж сонсохыг хүс.

  • Та ямар ялгаануудыг олсон бэ?

Суралцагчдыг Мормоны Номын талаарх мэдрэмж эсвэл гэрчлэлээ бичихэд урь. Тэд судрын тэмдэглэл эсвэл судрынхаа аль нэг зайд бичиж болно. Зарим суралцагч Мормоны Ном үнэн эсэхийг мэдэж амжаагүй гэж өөрсдийгөө бодож болно. Тэднийг энэ жил гэрчлэл олж авахад урамшуул.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Нүүр хуудас

Мормоны Номын нүүр хуудсыг судлах үед дараах тодорхойлолт тус болж магадгүй.

Израилийн угсаа нь Абрахам, Исаак, Иаковын үр удмыг хэлж байгаа юм. Абрахамын хүү Иаковын нэр нь Израиль болж өөрчлөгдсөн ба тэрээр 12 хүүтэй байв. Тэдний үр удам Израилийн 12 овгоор танил болсон билээ. Абрахамын үр удмын хувьд Израилийн угсаа нь Их Эзэний гэрээт хүмүүс юм. Өнөөдөр Израилийн угсаа нь Их Эзэнтэй гэрээ хийсэн, Түүний зарлигуудыг сахидаг хүмүүсийг багтаадаг. “Израиль хэмээх нэр нь тэдний байгаа газар болон удам угсаанаас үл хамааран (1) Иаков, (2) Иаковын шууд удам, (3) Христийн үнэн итгэгчдийг төлөөлдөг” (Судруудын удирдамж, “Израиль”).

Иудейчүүд нь юуны өмнө Иуда овгоос (Израилийн арванхоёр овгийн нэг) ирсэн хүмүүсийг төлөөлдөг. Энэ нь Иуда овгоос ирээгүй байсан ч Иудагийн хаант улсын (Хуучин Гэрээний үед, Израилийн хоорондоо хуваагдсан хаант улсын өмнөд хэсэгт байдаг) хүмүүсийг хэлдэг. Энэ нь мөн “Угсаа гарлаараа иудей биш байж болох ч Иудейн шашин, амьдралын хэв маяг, уламжлалыг баримталдаг хүмүүс юм” (Судруудын удирдамж, “Иудейчүүд”, scriptures.lds.org)

Харийнхан гэдэг нь “үндэстэн” гэсэн үг. Энэ нь (1) Израилийн овгийн бус хүмүүс, (2) Израилийн Бурханд итгэдэггүй эсвэл өвөг дээдэс, гарал угсаанаасаа үл хамааран сайн мэдээгүй хүмүүсийг мөн (3) Иудейгээс ирээгүй мөн Иудейн газар нутагт амьдардаггүй хүмүүсийг хэлдэг. Жишээлбэл, Америкт ирсэн колоничлогч, цагаачдыг 1 Нифай 13:3–13-д харийнхан гэж нэрлэдэг. Мормоны Номыг урагш авчирсан хүмүүсийг 1 Нифай 13:34-д харийнхан гэж нэрлэсэн байдаг. Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувдыг мөн харийнхан урагш авчирсан юм (1 Нифай 13:39-г үз). Америкийн Нэгдсэн Улсыг 1 Нифай 13:34, 39-д харийнхан гэж нэрлэсэн байдаг.

Хураангуйлал гэдэг нь ямар нэгэн зүйлийн товчилсон хэлбэрийг хэлдэг.

Үлдэгдэл гэдэг нь ямар нэгэн зүйлийн үлдсэн хэсэг юм. Мормоны Номын нүүр хуудсанд гардаг “Израилийн угсааны үлдэгдэл” хэмээх хэсэг нь тараагдсан Израилийн хүмүүс болон тэдний үр удмыг хэлдэг. Моронай алтан ялтсуудыг хожмын өдрүүдэд авчрахын тулд лацадсан юм. Тэрээр мөн эцгийнхээ “Израилын угсааны үлдэгдэл” хэмээн хэлсэн леменчүүд буюу тэдний үр удмыг аврахыг хүссэн билээ (Мормон 7:1). Моронай леменчүүд дахин нэг удаа Есүс Христийн сайн мэдээг мэдэж, үүнээс зууран барих өдрийг тэсэн ядан хүлээж байсан юм (Моронай 1:4-г үз).

Оршил. Леменчүүдийн орчин цагийн үр удам

Леменчүүд Америкийн индианчуудын үр удам дунд байдаг. Гэсэн хэдий ч Мормоны Ном Америкийн бүх индианчууд леменчүүдийн үр удам гэж хэлээгүй. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Антони В.Ивинс:

“Бид дүгнэлт хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Мормоны Ном нь эртний ертөнцөөс энэ тивд ирсэн … гурван өөр бүлэг хүмүүсийн түүхийг заадаг. Тэднийг энэ тивд ирэхээс өмнө өөр хүмүүс байгаагүй гэж Мормоны Номонд бичээгүй. Энэ номонд тэдний дараа өөр хүмүүс ирээгүй гэж бичээгүй. Тийм учраас өөр ястан овогтныг олж нээсэн нээлтүүд хийвэл энэ нь байж болох үндэслэлтэй юм. Учир нь энэ тивд тэднээс гадна өөр бусад хүн ирсэн гэдэгт бид итгэдэг” (Ерөнхий чуулганы тайлан, 1929 оны 4-р сарын 15) гэжээ.

Гурван гэрчийн гэрчлэл. “Бурханы хүч болон бэлгээр орчуулагдсан”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл Мормоны Ном Бурханы хүч болон бэлгээр орчуулагдсан боловч бид уг орчуулгын нарийн үйл явцыг мэдэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

“Мормоны Номын ихэнх уншигч үүний үүсэл болон орчуулгынх нь яг таг үйл явцыг илүү сайн мэдэхийг хүсдэг. Үүнтэй адил итгэлт, үнэнч Хайрум Смит ч мэдэхийг хүсч байлаа. Энэ талаар лавлах үед, бошиглогч Иосеф ‘Мормоны Номын үүслийн талаар бүх зүйлийг дэлхийд мэдүүлэх нь Бурханы зорилго байгаагүй’ ба ‘эдгээр зүйлийг хэлэх нь түүнд шаардлагатай биш’ гэж Хайрумд хэлжээ (Сүмийн түүх, 1:220). Иймээс Мормоны Номын талаар бидний мэддэг зүйл бүрэн дүүрэн бус ч бидэнд хангалттай юм.

Бошиглогч Иосеф ганцаараа бүрэн дүүрэн үйл явцыг мэддэг бөгөөд нарийн мэдээллийг тайлбарлах хүсэлгүй байсан. Бид Мормоны Номыг орчуулаагүй ч хөндлөнгөөс ажиглаж байсан Давид Витмер, Иосеф Найт, Мартин Харрис нарын үгсийг мэднэ. Бошиглогч өөрийг нь тусламжаар хангах бурханлаг зэр зэвсгийг ашигласан бөгөөд ‘нууцлаг зүйлс ил гарч ирэн, Англи хэл дээрх орчуулга тод томруун үсгээр харагдаж байсан билээ’ хэмээн Давид Витмер дүрсэлжээ. Тийн Иосеф тэдгээр үгсийг Оливерт уншиж өгөх боломжтой болсон юм (quoted in James H. Hart, “About the Book of Mormon,” Deseret Evening News, 1884 оны 3-р сарын 25, 2). Мартин Харрис үзмэрч чулууны талаар: ‘Өгүүлбэрүүд харагдаж, бошиглогч уншиж мөн Мартин бичдэг байв’ гэжээ (Эдвард Стивэнсон, “One of the Three Witnesses: Incidents in the Life of Martin Harris,” Latter-day Saints’ Millennial Star, 1882 оны 2-р сарын 6, 86–87). Иосеф Найт үүнтэй төстэй ажиглалт хийсэн байдаг (Дийн Жэсси, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” BYU Studies 17 [Autumn 1976]: 35-ыг үзнэ үү).

“Урим ба Туммим нь Иосефт ‘ялтсууд дээр сийлэгдсэн шинэчлэгдсэн египет бичгүүдийг англиар унших’ чадвар олгосон гэж Оливер Каудери шүүхийн өмнө гэрчилсэн гэсэн түүх байдаг (“Mormonites,” Evangelical Magazine and Gospel Advocate, 1831 оны 4-р сарын 9). Хэрэв энэ мэдээлэл зөв бол энэ нь Бурханы Иосефт өгсөн ‘орчуулах бэлэг хийгээд хүчийг’ (С ба Г 3:12) нотолж байгаа хэрэг юм.

Энэхүү илчлэлтийн үйл явц бошиглогчоос эртний хэлэнд гарамгай байхыг шаардаагүй. Илчлэлтийн тогтвортой байдал нь заавраар нээгдсэн, зөвшөөрөгдөөгүй тэдний нүднээс далд хадгалагдсан ялтсуудыг харуулахаас илүү чухал байлаа.

Бурханлаг зэр зэвсэг нь орчуулгыг хурдацтайгаар хийхэд шаардлагатай байсан боловч бошиглогч заримдаа техникийн үйл явцыг бараг ашигладаггүй байсан байж магадгүй. Бид нарийн үйл явцыг нь мэддэггүй.

Гэсэн ч бид энэхүү итгэлээр үйлдсэн үйл явц амар байгаагүй гэдгийг мэднэ. Энэ нь Оливер Каудерийн орчуулга хийх оролдлогоос тод томруун харагддаг. Оливер Каудери ‘эхлэхдээ эхэлсэн шигээ үргэлжлүүлээгүй’ учраас бүтэлгүйтсэн бөгөөд түүнд итгэл, хичээл зүтгэл дутсан учраас ‘асуухаас өөрөөр санаа тавиагүй’ (С ба Г 9:5, 7). Тэрээр зөв зүйтэй бэлтгэгдээгүй байжээ.

Орчуулгын үйл явц ямар байсан нь хамаагүй энэ нь илчлэгч зэр зэвсгийн тусламжаас гадна Иосефоос хүч чадал, хувийн хичээл зүтгэлийг шаардсан юм. Иосефын ур чадвар өсч тэлэх тусам орчуулах үйл явц өөрчлөгдсөн байж магадгүй. Бошиглогч эцэстээ Урим ба Туммим гэхчилэн зэр зэвсгээс бага хамааралтай болсон байх. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Оорсон Пратт Иосеф Смит өөрт нь орчуулгын туршлагагүй байх үедээ Урим ба Туммимыг ашигладаг байсан боловч хожим нь бараг шаардлагагүй болсон бөгөөд энэ нь Библийн олон шүлгийг орчуулах суурь болсон гэж хэлснийг дурдсан байдаг (Latter-day Saints’ Millennial Star, 1874 оны 8-р сарын 11, 498–99)” (“By the Gift and Power of God,” Ensign, 1997 оны 1-р сар, 39-г үз).