Номын сан
31-р хичээл: 2 Нифай 11 ба 16


31-р хичээл

2 Нифай 11 ба 16

Оршил

2 Нифай 11-д Нифай Исаиагийн үгсийг таашаадаг болохоо илэрхийлжээ. “Би Түүнийг харсан шиг Гэтэлгэгчийг” ( 2 Нифай 11:2) Иаков, Исаиа хоёр харсан юм хэмээн тэр бас гэрчилжээ. 2 Нифай 16 -д Исаиа “Их Эзэн… сэнтийдээ залран суухыг” хараад хэрхэн нүглээсээ цэвэршиж, эш үзүүлэгчээр дуудагдсан тухай шастир байдаг (2 Нифай 16:1, 5–8-ыг үзнэ үү). Нифай, Иаков хоёр Исаиагийн судруудыг өөрсөдтэйгөө адилтгахын чухлыг заасан бол (1 Нифай 19:23; 2 Нифай 6:5; 11:2-ыг үзнэ үү) Их Эзэн “Исаиагийн үгс агуу юм” (3 Нифай 23:1) хэмээн мэдэгджээ. 2 Нифай 11 Исаиагийн бошиглолуудаас өөрийн цэдэгт оруулсан тухай Нифайн тайлбарыг агуулдаг бөгөөд энэ тайлбар нь 2 Нифай 12–24 дэх Исаиагийн үгсийн оршил юм. 2 Нифай 25  нь Исаиагийн үгсийг хэрхэн ойлговол зохих тухай Нифайн зөвлөгөөг агуулан, эдгээр бүлгийн дүгнэлт болдог (энэ гарын авлагын 35-р хичээлийг үзнэ үү).

Заах зөвлөмж

2 Нифай 11

Аврал Есүс Христээр дамжин ирнэ гэдгийг гэрчлэхдээ баяртай байдгаа Нифай илэрхийлсэн нь

Сүүлчийн хичээл дээр болсон зүйлийн тухай тус бүр нэг өгүүлбэрийг чимээгүй бичихэд гурван суралцагчийг урь. Тэд бичсэн өгүүлбэрээ хооронд нь харьцуулах буюу ярилцаж болохгүй. Нэгээс илүү гэрчлэгч байхын давуу талыг харуулахын тулд гурван суралцагчаар бичсэн өгүүлбэрийг нь чанга уншуул. Эхний суралцагчийг өгүүлбэрээ уншсаны дараа, энэ нь тэдний сүүлчийн хичээл дээр болсон үйл явдлыг бүрэн төлөөлж чадах уу? гэдгийг ангийнхнаас асуу. Дараа нь хоёр дахь суралцагчийг өгүүлбэрээ уншихад энэ нь тэдний сүүлчийн хичээл дээр болсон үйл явдлыг бүрэн төлөөлж чадах уу? гэдгийг асуу. Гурав дахь суралцагчийг өгүүлбэрээ уншсаны дараа мөн энэ асуултыг асуу.

  • Олон гэрчтэй байхын давуу тал юу вэ?

Их Эзэн бошиглогчдыг дэлхийд Өөрийг нь гэрчлэх гэрчүүд болгон дууддагийг тайлбарла. Бошиглогчид Есүс Христийн тухай гэрчлэхийг сонсох нь ямар ач холбогдолтойг тунгаан бодоход суралцагчдыг урь.

Дараах өгүүлбэрүүдийг самбар дээр бич: Бид Есүс Христийн тухай бошиглогчдын гэрчлэлийг судалснаар Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлж, Түүнээс баяр баясгаланг олж болно.

2 Нифай 11:2-3-ыг уншихад нэг суралцагчийг урь.

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр Нифай, Исаиа, Иаков нар Есүс Христийн онцгой гэрчүүд байх боломжтой байхын тулд юу мэдэрсэн бэ?

  • Есүс Христийн тухай олон бошиглогч гэрчлэх нь яагаад чухал гэж та боддог вэ? (Moзая 13:33–35-ыг үзнэ үү.)

2 Нифай 11:4-6 -ийн шүлэг бүрийн эхний хэсгийг гүйлгэн уншихдаа шүлэг бүрд Нифайн давтсан өгүүлбэрийг олоход суралцагчдыг урь.

  • Ямар нэг зүйлд “баясах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (баясах гэдэг үг ямар нэг зүйлд зөвхөн дуртай буюу сонирхолтой байхаас илүү гүнзгий, баяр баясгалан, сэтгэл ханамжийн мэдрэмж юм гэдгийг та тайлбарлаж болно.)

2 Нифай 11:4-7-г суралцагчдаар чимээгүй уншуулж, Нифайн баяссан зүйлсийг олуул. Ангийнхныг хос хосоор нь болгон хуваа. Тэдэнд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн өгүүлбэрүүдийг олж, яагаад гэдгийг хуваалцахыг суралцагчдаас хүс. Есүс Христийн тухай чухам юу тэднийг баярлуулдгийг хуваалцахад суралцагчдыг урь.

2 Нифай 11:8-ыг чанга уншиж, Нифай яагаад Исаиагийн бичээсүүдийг цэдэгтээ оруулсныг суралцагчдаар олуул.

  • Нифай өөрийнх нь хүмүүс болон Мормоны Номын ирээдүйн уншигчид Исаиагийн үгсийг уншихад тэдэнд юу тохиолдох болно гэж бодсон бэ?

Нифай өөрийн цэдэгт Исаиагийн судруудыг яагаад оруулсны зарим жишээг дараах жагсаалтанд харуулжээ:

  1. Нифай, Иаков хоёр Аврагчийг харсны адилаар Исаиа бас Түүнийг харсан юм (2 Нифай 11:2-3-ыг үз; мөн 2 Нифай 16:11-5-ыг үз). Эдгээр шүлэгт тэрээр Аврагчийг харсан үзэгдлийнхээ тухай Исаиагийн дүрслэлийг оруулжээ).

  2. Нифай Христийг гэрчлэхдээ баясдаг байсан бол Исаиа бас Христийг гэрчлэхдээ баясдаг байжээ (2 Нифай 11:4, 6-г үз; мөн 2 Нифай 17:14 болон 19:6–7, Аврагчийн тухай Исаиагийн бошиглолын хоёр жишээг үз).

  3. Нифай Их Эзэний гэрээнүүдэд баясдаг байв (2 Нифай 11:5-ыг үзнэ үү). Исаиагийн бошиглолууд Их Эзэний гэрээнүүдтэй холбоотой юм. Жишээ нь, тэрээр хожмын үеийн ариун сүмийн ажлын тухай бошигложээ (2 Нифай 12:1–3-ыг үзнэ үү).

Суралцагчид энэ болон дараагийн гурван хичээлээр 2 Нифай 12-24 дэх Исаиагийн үгсийг судалж, ярилцах болно гэдгийг тайлбарла. Аврагчийн тухай гэрчлэлийг нь бэхжүүлж, Түүнээс баясал олоход туслах үнэнүүдийг эдгээр бүлгээс эрж олоход суралцагчдыг дэмж. Эдгээр бүлэг дэх дуртай шүлгүүдээ гэр бүлийн гишүүд, найз нартайгаа хуваалцахад суралцагчдыг урь.

2 Нифай 16

Исаиа бошиглогчоор үйлчлэхээр дуудагдсан нь

2 Нифай 16 нь Исаиа бошиглогчийн дуудлага хүлээн авсан үзэгдлийн тухай Исаиагийн шастирыг агуулдаг учир энэ бүлгийг дараа нь судлах болно гэдгийг тайлбарла. Энэ бүлгийг ойлгоход суралцагчдыг бэлтгэхийн тулд Исаиагийн судрууд бэлгэдлийн хэлийг ашигласан байдгийг тайлбарла. Эдгээр судрууд бэлгэдэл, загвар болон зүйрлэлүүдээр баялаг юм. Суралцагчдын өмнө нь уншсан шүлгүүдийн нэгэнд Нифай “Хүмүүнд энэ дэлхийн эхлэлээс Бурханаас өгөгдөх тэдгээр бүх зүйл [Есүс Христийг] бэлгэдэх ажгуу” (2 Нифай 11:4) хэмээн мэдэгдсэн байдаг. Бэлгэдлүүд болон загваруудыг ашиглах нь Их Эзэний аврах үүрэг зорилгын тухай бидэнд судруудын заадаг нэг арга зам мөн.

Дараах үгс болон нийлмэл үгсийг самбар дээр бич: дүүргэх, зургаан далавчтай серафимууд (тэнгэр элчүүд), утаа, ноцож буй цог.

Эдгээр үгийг сонсох буюу утгыг нь бодоход тэдний санаанд юу орж ирж байгааг суралцагчдаас асуу. Товчхон ярилцсаны дараа Исаиа эдгээр үгсийг Бурханы бошиглогчоор дуудагдсан тухай шастиртаа ашигласныг тайлбарла. Исаиагийн илэрхийлсэн утгыг ойлгоход суралцагчдад туслахыг хичээ. Бэлгэдлийн үг хэллэгийн утгыг хэт нарийвчлан ярилцахгүй байхыг анхаар. Үүний оронд Исаиагийн захиас тэдний амьдралтай хэрхэн хамаатайг ойлгоход нь суралцагчдад тусал.)

2 Нифай 16:1-ийг уншихыг нэг суралцагчаас хүс. (Хэрэв суралцагчдад Хаан Жеймсийн Библийн хувилбар байдаг бол, Исаиа 6-г гаргуулж, энэ хичээлээр үзэх судрын хэсгүүдийг зүүвэр тайлбарын хамт судлах нь судрын эдгээр хэсгийн тухай тэдний ойлголтыг өргөжүүлэх болно.

Энэ шүлэг дэх дүүргэсэн гэдэг үг нөмрөг буюу хэвнэгийн хормой гэсэн утгатайг тайлбарла.

2 Нифай 16:2-3-ыг уншихад нэг суралцагчийг урь. “Серафим” гэдэг нь Бурханы дэргэд амьдардаг тэнгэр элчүүд гэдгийг тайлбарла (Судруудын удирдамж, “Тэнгэр элчүүд”-ийг үзнэ үү, х.196).

  • Зургаан далавчтай серафимууд юуг төлөөлсөн байж болох вэ? (Хариуг олохын тулд Сургаал ба Гэрээ 77:4-ийг уншихыг суралцагчдад зөвлөж болно. Далавчны дүрслэл бол хөдөлгөөн болон үйлдлийн хүчний бэлгэдэл юм.)

  • Ямар үг серафимуудын зан төрх Их Эзэнийхтэй адил төстэйг харуулж байна вэ?

  • Та Бурханыхтай адил зан төрхийг хэзээ мэдэрсэн бэ?

2 Нифай 16:4 болон Илчлэлт 15:8-ыг нэг суралцагчаар чанга уншуул. “Утаагаар дүүрсэн” гэсэн үгийн утгыг эрж хайхыг ангийнхнаас асуу. (Утаа нь Их Эзэний оршихуй, хүч болон алдар сууг төлөөлж байгааг ойлгоход нь та суралцагчдад туслах хэрэгтэй байж болно.) Илчлэлт 15:8-ыг 2 Нифай 16:4-ийн дэргэд судрын хуудасны захад тэмдэглэж авахыг суралцагчдад зөвлөмж болго.

2 Нифай 16:5-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Исаиа Их Эзэний оршихуйд сэтгэл санаа нь ямархуу байсныг дүрсэлсэн өгүүлбэрүүдийг эрж олохыг суралцагчдаас хүс. (Хэрэв Библийн Хаан Жеймсийн хувилбарын ХҮГ-ийн хэвлэл байдаг бол Исаиа 6:5, зүүвэр тайлбар a, б-г суралцагчдаар харуул.)

  • Исаиа “Би сүйрсэн. Яагаад гэвэл би бузар уруултай хүн” гэж хэлсэн нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ? Исаиа 6:5-д, сүйрсэн гэдэг үг нь еврей хэлний “тусгаарлагдсан” гэдэг үгнээс орчуулагдсан бөгөөд бузар уруул гэдэг үг нь Исаиагийн өөрийнх нь болон түүний хүмүүсийн нүглийг хэлж байгаа юм. Исаиа Их Эзэний дэргэд байхаар зохистой биш гэдгээ мэдэрснээ илэрхийлжээ.)

Исаиа яагаад зохисгүйгээ мэдэрснийг эргэцүүлэн бодох хугацааг суралцагчдад гаргаж өг. Нэлээд хэдэн бошиглогч дуудлагаа авахдаа өөрийгөө дуудлагад тэнцэхгүй гэж бодож байсныг тайлбарла. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Бага Ж.Рүбэн Кларктай утсаар ярьж, өөрийг нь Арванхоёрын Чуулгад дуудсаныг мэдэгдсэн тухай ийн дүрсэлжээ:

“‘ Кларк aх минь ээ! Би биш байлгүй? Та андуурч байх шиг байна, тийм үү? Ямар нэг эндүүрэл бололтой. Би таныг андуурлаа гэж бодох юм.’ Би шаланд сандалтайгаа хадагдчих мэт болж билээ. …

“‘Кларк aх минь ээ! гэж надад хандсан нь нэг л боломжгүй юм шиг санагдаад байв. (Эдвард Л.Кимбалл, Бага Андрю Э.Кимбалл, Spencer W. Kimball: Twelfth President of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1977], 189).

Исаиа өөрийгөө Их Эзэний дэргэд байхад “сүйрсэн,” “бузар” хүн гэж боддог байсан ч зөв шударга хүн байсныг ойлгоход суралцагчдад тусал. Өөрийгөө Бурханы өмнө зогсохоор зохистой гэж боддог хүн бидний дунд бий юү?

Дараах үнэнийг самбар дээр бич: Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжин зохисгүй байдлаасаа цэвэршиж чадна.

Хэрэв боломжтой бол жижигхэн нүүрс, шатсан модны жижигхэн өөдсийг суралцагчдад үзүүл. Модны өөдсийг дөнгөж саяхан гал дотроос гаргаж ирсэн бол ямархуу харагдах байсныг тэднээс асуу.

  • Шатаж байгаа нүүрсэнд гараа хүргэвэл юу болох вэ?

2 Нифай 16:6-7-г чанга унш. Шатаж байгаа нүүрсний тухай өгүүлсэн Исаиагийн туршлагыг унших явцдаа олохыг суралцагчдаас хүс. (Хэрэв Библийн Хаан Жеймсийн хувилбарын ХҮГ-ийн хэвлэл байдаг бол Исаиа 6:6 зүүвэр тайлбар a, болон Исаиа 6:7, зүүвэр тайлбар a , б-г суралцагчдаар харуул.)

  • 2 Нифай 16:7-д өгүүлснээр, тэнгэр элч Исаиагийн уруулд шатаж буй нүүрсийг хүргэсэн нь бэлгэдлийн ямар утгатай вэ? (Шатаж буй нүүрс нь цэвэршүүлэлтийн бэлгэдэл гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж болно. Исаиагийн үзэгдэлд тэнгэр элч түүний уруулд шатаж буй нүүрс хүргэсэн нь Их Эзэн Исаиагийн зохисгүй байдлыг цэвэршүүлж, нүглийг нь уучилсны бэлгэдэл юм.

Есүс Христийн Цагаатгалын ариусгагч хүчийг мэдэрсэн тохиолдлынхоо тухай тунгаан бодох хэдэн минут суралцагчдад гаргаж өг.

Нифай 16:8-13-ыг чимээгүй уншихад суралцагчдыг урь. Исаиа хүмүүсийн дунд хэрхэн үйлчилж байсан тухай Их Эзэний хэлсэн зүйлийг хураангуйлан дүгнэхэд нэг суралцагчийг урь. (Эсэргүүцэгч израильчуудад түүний хийх номлолыг ихээхэн хэмжээгээр үл тоомсорлож магадгүй ч “газрыг үгүйрч хоосрох хүртэл” номлох ёстой гэдгийг Их Эзэн Исаиад зөвлөснийг та тайлбарлах хэрэгтэй байж мэднэ. Өөрөөр хэлбэл, “газар дэлхий оршсоор байхад эсвээс үүний гадаргуу дээр аврагдаж болох ганцхан боловч хүн байхад” [Moронай 7:36] Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан авралын үүрэг зорилгоо нигүүлсэнгүйгээр үргэлжлүүлсээр байх болно.)

Исаиа Их Эзэн Есүс Христ болон Түүний сайн мэдээний хүчирхэг гэрчлэгч болсныг тайлбарла. Аврагч үнэн бодитой бөгөөд биднийг нүглээс уучилж чадна мөн бид бас Цагаатгалын хүчийг амьдралдаа мэдэрснээр Аврагчийн гэрчүүд байж чадна гэдгийг гэрчил.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2 Нифай 16:2--3 Тэнгэр элчүүд далавчтай юу?

“Бурханы тэнгэр элчид хэзээ ч далавч байгаагүй” (Иoсеф Смит, History of the Church, 3:392). Тэгвэл Исаиа яагаад тэнгэр элчүүдийг далавчтай мэтээр дүрсэлсэн юм бол? Энэ дүрслэл бол бэлгэдлийн шинжтэйг ахлагч Брүс Р.Макконки тайлбарлахдаа: “Эдгээр ариун хүмүүн биес түүнд далавчтай юм шиг харагдсан нь тэдний ‘хүч, хөдөлгөөн, үйлдэл зэргийн’ бэлгэдэл юм” гэжээ.Мөн бусад хүн ч үзэгдлүүдэд ийм байдлаар харсан ажээ.Mormon Doctrine, 2 дахь хэвлэл 1966, 703).