Номын сан
Ифер


ОРШИЛ Иферийн ном

Энэ номыг яагаад судалдаг вэ?

Суралцагчид Иферийн номыг судалснаар Лихайн хүмүүсийг дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст очиж суурьшихаас өмнө тэнд очиж, олон зууны турш тэнд амьдарсан бүлэг хүмүүс болох жаредчуудын тухай мэдэх болно. Мөн суралцагчид залбирал ба илчлэлтийн талаар нэн чухал зарчмуудыг мэдэж, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр сүнсний мэдлэг хүлээн авах үйл явцын талаар суралцах болно. Тэд мөн хүмүүсийг наманчлалд дууддаг бошиглогчдын үүрэг зорилго, Есүс Христ болон Түүний бошиглогчдыг эсэргүүцдэг хүмүүст ямар үр дагаврууд ирдгийг мэдэх болно.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Mоронай Иферийн ялтсууд хэмээн нэрлэгддэг 24 алтан ялтсаас энэ номыг хураангуйлжээ. Жаредчуудын хамгийн сүүлчийн бошиглогч, тэдний түүхийг цэдэглэсэн бошиглогч Иферийн нэрээр энэ ном нэрлэгджээ (Ифер 15:33–34-ийг үзнэ үү). Моронай энэхүү ариун цэдгийг эмхэтгэхээс 500 орчим жилийн өмнө Лимхайн хэсэг хүмүүс Зарахемла нутгийг хайж яваад Иферийн ялтсуудыг олсон ажээ (Moзая 8:7–11; Ифер 1:2)-ыг үзнэ үү). Нифайчуудын бошиглогчид болон цэдэг хөтлөгчид Иферийн ялтсуудыг бие биедээ дамжуулсаар энэ ялтсууд Моронайн эзэмшилд иржээ. Моронай хураангуйлсан цэдгийнхээ талаар би түүний “зууны нэгийг нь ч” (Ифер 15:33) эс бичсэн буюу хэмээн дурдсан байдаг.

Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

Моронай жаредчууд болон түүний өөрийнх нь хүмүүс устгагдсаны дараа Иферийн ялтсуудыг хураангуйлсан учраас энэ номыг өнөө үеийн хүмүүст зориулан эмхэтгэсэн юм. Моронай хожмын үеийн харийнхныг наманчилж, Бурханд үйлчлэн, нууц хуйвалдаануудаас татгалзахыг ухуулан сэрэмжлүүлсэн байна ( Ифер 2:11–12; 8:23-ыг үзнэ үү). Мөн тэр Есүс Христийн үгийг “дэлхийн бүх хязгаарууд та нар” наманчлагтун, мөн Түүнд ирэгтүн, баптисм хүртэгтүн, итгэлгүй байдлын улмаас дэлхийнхэнд мэдэгдээгүй тэрхүү мэдлэгийг хүлээн авагтун хэмээн бичсэн байдаг ( Ифер 4:13–18-ыг үзнэ үү).

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Ердөө хоёрхон жаред хүн болох Ифер, Кориантумр нараас бусад бүх жаредчууд алагдсан сүүлчийн их тулалдааны үеэр мөн үүний дараа Ифер өөрийн хүмүүсийн цэдгийг дуусгажээ (Ифер 13:13–14; 15:32–33-ыг үзнэ үү). Дараа нь тэр өөрийн бичээсийг “Лимхайн хүмүүс тэдгээрийг олсон тэр байдлаар нь” нуусан аж (Ифер 15:33; мөн Moзая 8:7–9-ийг үзнэ үү). Иферийн бичээсийг Моронай МЭ 400-гаас МЭ 421-н оны хооронд хураангуйлжээ (Moрмон 8:3–6; Moронай 10:1-ийг үзнэ үү). Moронай жаредчуудыг “хойд зүгийн энэ нутгийн гадаргуу” (Ифер 1:1) дээр устгагдсан хэмээн бичсэнээс үзэхэд тэрээр тэдний цэдгийг хураангуйлах үедээ жаредчуудын устгагдсан газарт байсан бололтой.

Энэ номын зарим онцлог юу вэ?

Иферийн ном Мормоны Номон дахь бусад номуудаас Лихайн үр удмын түүхтэй холбоогүйгээрээ ялгаатай юм. Энэ ном, жаредчууд Бабелын цамхгаас хэрхэн ирж, амлалтын нутаг руу хэрхэн аялсан, эцэстээ тэр нутагт хэрхэн устгагдсан тухай өгүүлдэг. Иферийн ном бол “[амлагдсан нутгийг] эзэмших аль ч үндэстэн Бурханд үйлчлэх болно, эс бөгөөс … алдастаа бүрнээ боловсорсон үед … тэд арчигдах болно” (Ифер 2:9) гэдгийг дүрсэлсэн нифайчуудын цэдгийн хоёр дахь гэрч юм.

Есүс Христ сүнсэн биеэрээ Жаредын ахад үзэгдсэн нь “түүхэнд цэдэглэгдсэн хамгийн агуу үйл явдлуудын нэг юм.” Энэхүү үйл явдал нь “Жаредын ахыг Бурханы хамгийн агуу бошиглогчдын эгнээнд мөнхөд оруулсан юм” (Жэффри Р.Холланд, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 17). Энэхүү үзэгдлийн тухай цэдэглэсэн Моронайн хураангуй нь Есүс Христийг гэрчлэх хүчирхэг гэрчлэл болсон бөгөөд сүнсэн биесийн мөн чанарын тухай тодорхой сургаалуудыг бидэнд танилцуулдаг (Ифер 3:4–17-г үзнэ үү).

Тойм

Ифер 1–3 нь Их Эзэн Бабелын цамхаг дээр жаредчуудын хэлийг хэвээр үлдээсэн бөгөөд тэднийг сонгомол нутаг руу удирдан, агуу үндэстэн болгоно хэмээн амладаг. Тэрээр тэднийг далайн эрэг рүү удирдан, далайг гатлах усан онгоц хэрхэн хийхийг тэдэнд зааварлажээ. Их Эзэн, Жаредын ахад Өөрийгөө болон “бүх зүйлсийг” (Ифер 3:26) илчлэн харуулсан.

Ифер 4–5-д Жаредын ахын бичээсүүдийг Моронай лацаддаг. Түүнд итгэх итгэлээ ашигладаг хүмүүст эдгээр бичээс илчлэгдэх болно хэмээн Есүс Христ хэлснийг Жаред цэдэглэжээ. Хожмын өдрийн гэрчүүд Эцэг, Хүү, Ариун Сүнс гуравтай нэгдэн, Мормоны Номыг гэрчлэх болно хэмээн Моронай заасан юм.

Ифер 6–11-т Жаредчууд амлагдсан нутаг руу аялдаг. Хүмүүс тэр нутагт өсч үржин, тархан суурьшиж эхлэв. Зөв шударга болон ёс бус хаад олон үеийн турш ээлжлэн хаанчилжээ. Жаредчууд нууц хуйвалдаануудын уршгаар сүйрлийн ирмэгт тулж ирээд байлаа. Олон бошиглогч хүмүүсийг наманчлалд дуудсан ч тэд эсэргүүцдэг байв.

Ифер 12-т хүн сүнсний гэрчийг хүлээн авахын өмнө итгэл шаардлагатайг Моронай заадаг. Тэрээр Их Эзэнээс ирээдүйд харийнхан ариун цэдгийг бичсэн түүний бичгийн чадвар сул доройг шоолох буй заа хэмээн эмээж асуусанд Их Эзэн хэрхэн хариулсан тухай цэдэглэжээ. Моронай хожмын үеийн уншигчдад Есүс Христийг эрэлхийлэхийг ухуулсан.

Ифер 13–15-д Moронай шинэ Иерусалимын тухай Иферийн бошиглолын тухай ярьжээ. Жаредчууд Иферийг эсэргүүцсэний дараа тэрээр тэдний бүрэн сүйрлийн тухай гэрчилж бичжээ.