144-р хичээл
Ифер 2
Оршил
Жаред болон Жаредын ах, тэдний гэр бүл, найз нөхдийг Бабелын цамхгийг орхисны дараа Их Эзэн тэднийг аглаг буйд дундуур удирддаг. Их Эзэн Жаредын ахад түүний хүмүүст амлагдсан нутаг тийш далайг гатлан аялах найман усан онгоц хийхийг зааварлажээ. Жаредын ах болон түүний хүмүүс Их Эзэнд итгэлтэй, дуулгавартай байснаар, Их Эзэн тэдний аяллыг амжилттай байлгахад шаардлагатай удирдамж, зааврыг өгсөн билээ.
Заах зөвлөмж
Ифер 2:1–12
Жаредчууд амлагдсан нутаг тийш аянаа эхэлсэн нь
Бурханаас бидний хүлээн авдаг дараах удирдамж цаашид Түүнээс удирдамж чиглэл хүлээн авахад биднийг хэрхэн бэлтгэж болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагааг хий:
Хичээл эхлэхийн өмнө, заадаг ангидаа үнэт эрдэнэсийг төлөөлүүлсэн ямар нэгэн зүйлийг нуу. Тэр зүйлийг олоход тэднийг чиглүүлэх гурав, дөрвөн санаа авах үгсийг бэлтгэ. Эхний санаа авах үгийг суралцагчдад өг. Санаа авах үг нь тэднийг дараагийн зүйл юу болохыг ойлгоход хөтлөх ямар нэгэн зүйл рүү хөтөлсөөр тэднийг үнэт эрдэнэсийг олоход удирдах болно. Үнэт эрдэнэсийг олсны дараа, тэднээс асуу:
-
Хэрэв та нар эхний санаа авах үгийг хэрэгсээгүй бол юу болох байсан бэ? (Тэд хоёр дахь санаа авах үгийг олж чадахгүй байсан.)
Суралцагчдаар Ифер 1:41–42 -ыг чимээгүй уншуулан, жаредчуудыг амлагдсан нутаг тийш удирдахад тэдэнд өгсөн Их Эзэний удирдамжуудыг олуул.
Жаред энэхүү удирдамжинд хэрхэн хариулсныг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчаар Ифер 2:1–3-ыг чанга уншуул.
-
Жаредчууд Их Эзэний анхны удирдамжинд хэрхэн хариулсан бэ?
Нэг суралцагчаас Ифер 2:4–6-г чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, эхний удирдамжуудыг дагасны дараа жаредчуудын хүлээн авсан адислалуудыг олохыг хүс.
-
Жаредчууд Их Эзэний эхний удирдамжуудыг дагасны дараа тэдэнд юу тохиолдсон бэ? (Их Эзэн Жаредын ахаар дамжуулан нэмэлт удирдамж өгсөн.)
-
Бид энэ түүхээс Их Эзэний удирдамжийг хэрхэн хүлээн авах талаар юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үгээр хариулж болох ч тэдний хариултад дараах зарчим байх хэрэгтэй: Бид өөрсдөдөө өгсөн Их Эзэний удирдамжийн дагуу итгэлтэйгээр үйлдвэл Түүнээс цаашид удирдамж хүлээн авах болно. Та суралцагчдад судар дээрээ Ифер 2:6-гийн дэргэд энэхүү үнэнийг тэмдэглэхийг санал болгож болно.
Энэ зарчмыг илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд, Их Эзэнээс дөнгөж сая хүлээн авсан мэдрэмж, сүнсний шивнээний тухай бодохыг тэднээс хүс. Дараа нь бид илчлэлт хэрхэн хүлээн авдаг тухай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын доорх үгсийг унш:
“Таны чадавхыг өсгөн нэмэгдүүлэхийн тулд илчлэлт нэг удаад бага багаар ирэх болно. Илчлэлтийн хэсэг бүр нь итгэлээр тохиодог бөгөөд та бүрэн хариултыг авах хүртлээ олон жижиг хэсгүүдийг хүлээн авах болно. Энэхүү загвар нь Эцэгийн хариулах чадварт итгэх итгэлийг танаас шаарддаг. Заримдаа энэ нь маш хэцүү байж болох ч, хувь хүний өсөлт хөгжилтөнд маш чухлаар нөлөөлдөг” (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign ба Лиахона, 2007 оны 5-р сар, 9).
Суралцагчдыг дараах асуултуудад дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ хариулж бичихийг хүс. Та асуултуудыг самбар дээр бичих буюу тэднээр бичүүлэхийн тулд удаан уншиж өг.
-
Та Сүнсний шивнээг дагаснаар Бурханаас нэмэлт удирдамжийг хэзээ хүлээн авсан бэ?
-
Бид яагаад заримдаа нэмэлт илчлэлтийг хүлээн авахаасаа өмнө Сүнсний шивнээнд хариулах хэрэгтэй гэж та боддог вэ?
Ифер 2:8–12-ыг товчлон дүгнэж, жаредчууд амлагдсан нутагт ирээд “өөрт нь, үнэн бөгөөд цорын ганц Бурханд үйлчлэх” учиртай (Ифер 2:8) хэмээн Их Эзэн Жаредын ахад хэлснийг тайлбарла. Хэрэв тэд ингэсэн бол Бурханы амлалтын дагуу тэд агуу үндэстэн болох байсан. Хэрэв тэд Түүнд үйлчлэхгүй бол, газраас “арчигдах” байлаа (Ифер 2:8–10). Моронай үүнийг “үүрдийн тогтоол” (Ифер 2:10) гэж нэрлэсэн бөгөөд энэ нь уг нутагт амьдрах бүх хүнд хамаатай гэсэн утгатай юм.
Ифер 2:13–15
Их Эзэн Өөрт нь хандан залбираагүйн улмаас Жаредын ахыг зэмлэсэн нь
Суралцагчдыг Ифер 2:13–15-ыг чимээгүй уншиж, жаредчууд далайн эрэгт хүрээд юу хийснийг олохыг хүс.
-
Жаредчууд юу хийсэн бэ? ( Тэд майхнуудаа босгож, далайн эрэг дээр 4 жил амьдарчээ.)
-
Их Эзэн яагаад Жаредын ахыг зэмлэсэн бэ?
-
Бид Ифер 2:14-15-аас юу сурч болох вэ? (Суралцагчид олон үнэнийг, түүний дотор дараах үнэнүүдийг хэлж болно: Их Эзэн биднийг Өөртөө хандан тогтмол залбирдаг байхыг хүсдэг. Хэрэв бид Түүнд хандан залбирахгүй бол Их Эзэн баярладаггүй. Хэрэв бид нүгэлтэй байвал Сүнс бидний төлөө зүтгэхээ болино.)
Таныг Далын ахлагч Дональд Л.Стэйлийн дараах үгсийг уншиж өгөх үед хувийн залбирлынхаа талаар бодохыг суралцагчдаас хүс:
“Уучлал, онцгой тусламж, удирдамж эрэлхийлэн өдөр бүр чин сэтгэлээсээ залбирах нь бидний амьдралд маш чухал бөгөөд бидний гэрчлэлд тэжээл болдог. Бид залбиралдаа яарч, хоосон давталт хэрэглэн, хайхрамжгүй эсвэл мартамтгай байх юм бол, өдөр тутмын амьдралдаа тохиолддог сорилт бэрхшээлүүдийг амжилттай даван туулж, зохицуулахад бидэнд зайлшгүй шаардлагатай Сүнстэй ойр байж чадахгүй.” (“Securing Our Testimonies,” Ensign ба Лиахона, 2004 оны 11-р сар, 39).
Хичээл эхлэхийн өмнө дараах асуултуудыг самбар дээр бич. (Эсвэл асуултуудыг тараах материал болгон бэлтгэх буюу өөрөө чанга уншиж тэднээр бичүүлж болно). Тэдэнд эдгээр асуултад товч хариулж, дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ бичих 2-3 минутыг гаргаж өг.
Ифер 2:16–25 (мөн Ифер 3:1–6; 6:4–9)
Жаредчууд амлагдсан нутагт очихоор далайг гатлахын тулд усан онгоц хийсэн нь
Одоо болон ирээдүйд тэдэнд тулгарч болох сорилтууд эсвэл гаргах хэрэгтэй байж болох чухал шийдвэрийн талаар бодож үзэхийг суралцагчдаас хүс. Жишээ нь, тэд гэр бүлийн хэцүү асуудал, сургууль дээрх сорилтууд, хэнтэй гэрлэхээ шийдэх, эсвэл ирээдүйн мэргэжлээ сонгох талаар бодож болох юм. Их Эзэн тэдэнд удирдамж эсвэл тусламжийг хэрхэн өгч болох талаар эргэцүүлэн бодохыг тэднээс хүс. Ифер 2-ын үлдсэн хэсгийг судлахдаа, сайн шийдвэр гаргахын тулд Их Эзэний тусламжийг хүлээн авахад тусалж болох зарчмуудыг хайж олоход тэднийг урамшуулан дэмж.
Нэг суралцагчаар Ифер 2:16-17-г чангаар уншуул. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, жаредчууд амлагдсан нутаг тийш удирдагдахын тулд Их Эзэн юу хий гэж тэдэнд хэлснийг хайж олохыг хүс. Суралцагчийг уншиж дуусахад хэн нэгнийг самбарт гарч, жаредчуудын усан онгоц ямархуу харагдаж байсныг төсөөлж хурдан зурахыг хүс.
Дараах хүснэгтийг доод талын 3 мөрөнд байгаа хариултуудыг бичилгүйгээр самбар дээр зур. Тараах материал дээр хүснэгтийг зурах эсвэл тэднээс дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ хуулахыг хүс.
Усан онгоцонд гарсан асуудал |
Шийдвэрлэсэн нь |
Их Эзэн юу хийсэн бэ? |
Жаредын ах юу хийсэн бэ? |
---|---|---|---|
Агааргүй |
Усан онгоцны дээд, доод талд онгойж, хаагддаг нүх гаргасан |
Жаредад заавар өгсөн |
Нүх гаргасан |
Залуургүй |
Салхи усан онгоцыг амлагдсан нутаг руу залсан |
Салхийг ширүүсгэсэн |
Их Эзэнд итгэлтэй байсан |
Гэрэл байхгүй |
Тусгай чулуунуудыг бэлтгэж, тэдгээрээс гэрэл гаргахын тулд чулуунуудад гараа хүргэхийг Их Эзэнээс гуйсан |
Жаредын ахад ажиллахгүй байгаа зүйлсийн талаар зөвлөгөө өгч, тэдгээрийг ажиллуулах шийдлийг олох зааврыг өгсөн Жаредын ах тэдгээрийг бэлтгэсний дараа чулуунуудад гараа хүргэсэн |
Чулуунуудыг бэлтгээд, харанхуйд тэдгээр нь гэрэлтэхийн тулд чулуунуудад гараа хүргэхийг Их Эзэнээс гуйв |
Ифер 2:18–19-ийг тус тусдаа уншаад Жаредын ахын усан онгоцон дотроос олж харсан гурван зүйлийг эрж олохыг суралцагчдаас хүс.
-
Жаредын ах ямар асуудлуудыг ажигласан бэ? (Суралцагчдын хариултыг хүснэгтийн эхний багананд бич. Хариултуудыг мөн өөрсдийнхөө хүснэгтэд хуулж бичихэд суралцагчдыг урамшуул.)
Суралцагчид асуудлуудыг олж тогтоосны дараа Ифер2:20–25; 3:1–6; 6:4–9-ийг судлахыг тэднээс хүс. (Тайлбар: Ифер 3 ба 6 дахь хэсгүүдийг 145, 147-р хичээлүүдэд илүү тодорхой авч үзэх болно.) Тэдэнд хүснэгтийн үлдсэн хэсгийг бие даан бөглөх цаг гаргаж өг.
Суралцагчдад хүснэгтийг бөглөх хангалттай цаг өгсний дараа, Жаредын ахын туршлагаас зарчмуудыг тодорхойлоход туслах доорх асуултуудыг асуу:
-
Их Эзэн агааржуулах асуудлыг шийдсэнтэй адил, заримдаа бидэнд асуудлуудаа шийдвэрлэж, асуултандаа хариулт авахад хэрхэн тусалдаг вэ? ( Их Эзэн зарим үед бидэнд асуудлуудыг хэрхэн шийдэхийг хэлж өгдөг бөгөөд Түүний заавруудыг дагахыг биднээс хүсдэг.)
-
Их Эзэн усан онгоцыг хэрхэн жолоодохыг бодож олсонтой адил заримдаа бидэнд асуудлуудаа шийдвэрлэж, асуултандаа хариулт авахад хэрхэн тусалдаг вэ? (Их Эзэн заримдаа асуудлыг Өөрөө шийдвэрлэдэг.)
-
Их Эзэн гэрлийн асуудлыг бодож олсон шиг заримдаа бидэнд асуудлуудаа шийдвэрлэж, асуултандаа хариулт авахад хэрхэн тусалдаг вэ? (Зарим үед Тэрээр биднийг өөрсдөө шийдвэр гарган Түүнээс зөвшөөрч байгаа эсэхийг асууж, шийдвэрээ хэрэгжүүлэхэд тусламж хүсэхийг шаарддаг.)
Дараах зарчмыг самбар дээр бич: Бид Их Эзэнд хандан залбирч, асуудлуудаа шийдвэрлэхийн тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийвэл бид Их Эзэний тусламжийг хүлээн авч чадна. Суралцагчдад энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд хэдэн минутын өмнө тэдний гаргасан чухал шийдвэрийн талаар бодохыг тэднээс хүс. Тэгээд дараах асуултуудын талаар тунгаан бодохыг хүс:
-
Энэ шийдвэрийг гаргахын тулд Их Эзэн танаас юу хийгээсэй гэж хүсдэг гэж та бодож байна вэ?
-
Их Эзэн танд туслахын тулд юу хийж болох вэ?
-
Та энэ шийдвэрийн талаар бодож үзвэл Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулж болох вэ?
Суралцагчдад өнөөдөр сурсан зүйлсийнхээ талаар бичих хэдэн минут гаргаж өг. Бид Их Эзэнд хандан итгэлтэйгээр залбирч, асуудлаа шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийх аваас, Тэр биднийг Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар удирдан туслах болно гэдгийг гэрчил.