157-р хичээл
Моронай 8
Оршил
Моронай ариун цэдгүүдийг үргэлжүүлэн цэдэглэхдээ өөрийн эцэг Мормоноос хүлээн авсан захидлыг дурджээ. Мормон уг захидалдаа бага насны хүүхдүүд яагаад баптисм хүртэх шаардлагагүйг тайлбарласан илчлэлтийг бичиглэжээ. Мормон Бурхантай хамт оршихын тулд биднийг хэрхэн бэлтгэх ёстойг заасан байдаг. Тэрээр өөрийн захидлын төгсгөлд нифайчуудын ёс бус байдал хийгээд устгалын талаарх санаа зовнилоо илэрхийлжээ.
Заах зөвлөмж
Моронай 8:1–24
Мормон бага насны хүүхдүүд Христээр амьд хэмээн заажээ
Хичээл эхлэхийн өмнө баптисм хүртэж буй охин зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], дугаар 104) эсвэл найман настай баптисм хүртэж буй өөр хүүхдийн зургийг үзүүл. Дараах асуултыг самбар дээр бич:
Суралцагчдыг хичээлдээ ирэх үед тэднийг самбар дээрх зургийг харж, асуултын талаар тунгаан бодоход урь.
Хичээл эхлэх үед суралцагчдад Мормон өөрийн хүү Моронайд бичсэн захидалдаа бага насны хүүхдүүдийн авралын талаар заасан гэдгийг хэл. Нэг сурагчийг Моронай 8:4–6-г чангаар уншиж, бусад суралцагчаас Мормон юунд санаа зовниж байсныг хайж олохыг хүс. (Та 6-р шүлгэн дээр гарсан ноцтой гэдэг үг нь ичгүүртэй эсвэл гунигтай гашуудалтай гэсэн үг гэдгийг тайлбарлах шаардлагатай болж болно.)
Суралцагчдыг сурсан зүйлсээ хуваалцсаны дараа тэднийг Моронай 8:7-г дотроо уншиж, Мормон уг асуудлын талаар олж мэдсэн үедээ юу хийснийг хайж олуул.
-
Бид Мормоны үлгэр жишээнээс юу сурч болох вэ?
Нэг суралцагчийг Моронай 8:8–9-ийг чангаар уншиж, бусад суралцагчийг Мормоны залбирлын хариултыг олж сонсоход урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа та “Адамын зүхэл” гэдэг нь Уналтын улмаас Адам Бурханы оршихуйгаас тусгаарлагдсаныг хэлж байгааг тайлбарлаж болно. Зарим хүн Уналтаас болж бүх хүүхэд нүгэлтэй төрдөг хэмээн буруу ташаа ойлгодог. Тэд энэ буруу ойлголтоороо бага насны хүүхдүүд баптисм хүртэхгүйгээр нас барвал Бурханы оршихуйд очих зохисгүй гэж боддог. Та үүнийг тайлбарлахдаа итгэлийн хоёрдугаар тунхгийг эш татаж болно. Та тэдэнд Моронай 8:8–9-ийг Итгэлийн Тунхаг 1:2-той хамт холбогдох эшлэл ашиглахыг зөвлөж болно.
Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич: Наманчлал болон баптисм нь … хүн бүхэнд шаардлагатай.
Суралцагчдыг Моронай 8:10-ыг дотроо уншаад самбар дээрх өгүүлбэрийг гүйцээх үгсийг олоход урь. Суралцагчдыг хариултуудаа хэлсний дараа өгүүлбэрийг дараах маягаар гүйцээ: Наманчлал болон баптисм нь хариуцлага хүлээх мөн нүгэл үйлдэх чадвартай хүн бүхэнд шаардлагатай. Та суралцагчдыг Моронай 8:10 дахь уг үнэнийг зааж буй хэсгийг тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно.
Энэ нь нүгэл бол “Бурханы зарлигуудад санаатайгаар дуулгаваргүй байх” (Судруудын удирдамж, “Нүгэл”, scriptures.lds.org) гэдгийг тодотгоход тусална. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг унш:
“Бид өөрсдийн сургаалаас хариуцлагын насанд хүрэхээс өмнө бяцхан хүүхдүүд ‘нүгэл үйлдэх чадваргүй’ (Moро. 8:8) гэдгийг ойлгодог. Хариуцлагын наснаас өмнө хүүхдүүд алдаа гаргаж болно бүр засаж залруулах шаардлагатай ноцтой, хор хохирол учруулсан алдаануудыг гаргаж болно. Гэхдээ тэдний үйлдлүүд нүгэл хэмээн тооцогдохгүй” (“Sins and Mistakes,” Ensign, 1996 оны 10-р сар, 65).
Ангийг тэнцүү тоотой хоёр бүлэг болгон хуваарил. Ангийн нэг хэсгийг Моронай 8:11–18-ыг, нөгөө хэсгийг Моронай 8:11, 19–24-ийг дотроо уншихад урь. (Та судруудыг самбар дээр бичиж болно.) Тэднийг уншиж эхлэхээс өмнө хоёр хэсэг дэх суралцагчдаас Мормон бага насны хүүхдүүдийн баптисмын талаар юу заасныг олж мэдэхийг хүс. Суралцагчдад унших хангалттай цаг өгсний дараа хэсэг бүрээс хэдэн хүүхдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Та суралцагчдад Мормоны заасан зүйлийн талаар илүү сайн тунгаан бодоход нь туслахын тулд дараах асуултуудыг ашиглаж болно:
-
Та бага насны хүүхдүүд “Христээр амьд” гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна вэ? (Моронай 8:12, 22). (Тэд Есүс Христийн Цагаатгалаар дамжин гэтэлгэгддэг. Тэд нүгэл үйлдэж чадахгүй. Сатанд бага насны хүүхдүүдийг уруу татах хүч байхгүй. Моронай 8:10; С ба Г 29:46–47-г үзнэ үү.)
-
Бид Христээр амьд байхын тулд юу хийх ёстой вэ? (2 Нифай 25:23–26; Моронай 8:10-ыг үзнэ үү.)
-
Бид бага насны хүүхдүүд хэрхэн аврагддаг талаар энэ шүлгүүдээс юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үгийг ашиглаж болох ч дараах үнэнийг илэрхийлэх ёстой: Бага насны хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар дамжин аврагддаг. Суралцагчид мөн бага насны хүүхдүүд Христээр амьд, Бурхан ялгаварлагч Бурхан биш, мөн Бурхан өөрчлөгддөггүй гэдгийг онцолж болно.)
Дараах жишээнүүдийг самбар дээр бич эсвэл тараах материал болго. Суралцагч бүрийг тэднээс нэгийг сонгоход урь. Дараа нь суралцагчдыг Моронай 8:8–23-аас нэг эсвэл хоёр шүлэг сонгоод эдгээр шүлгүүд дэх үнэнүүд тэдний сонгосон жишээнүүд дээрх асуудлуудын талаар юу өгүүлж байгааг тайлбарлахыг хүс.
1-р жишээ: Та номлогчийн хувьд хоёр сартай охин нь нас барснаас болж маш ихээр шаналж байгаа гэр бүлтэй уулзжээ. Тэдний Сүмийн удирдагч тэдэнд бага насны хүүхдүүд Адамын уналтаас болж нүгэлтэй төрдөг гэжээ. Тэрээр тэдний охин нас барахаасаа өмнө баптисм хүртээгүй учраас аврагдаж чадахгүй гэжээ.
2-р жишээ: Танай нэг найз номлогчидтой уулзаж, сүмд тантай хамт явдаг болжээ. Тэр Сүмд нэгдэхийг хүсч байгаа боловч баптисм хүртэхээс зайлсхийжээ. Тэр “би бяцхан хүүхэд байхдаа баптисм хүртсэн. Энэ хангалттай биш гэж үү?” гэжээ.
Суралцагчдыг хоёр дахь жишээний талаар санал бодлоо хуваалцах хооронд та наманчлал болон баптисм нь “хариуцлага хүлээх мөн нүгэл үйлдэх чадвартай” (Моронай 8:10) хүмүүст зориулагдсан гэдгийг тэдэнд сануул. Их Эзэн бяцхан хүүхдүүд найман насандаа Түүний өмнө хариуцлага хүлээж эхэлдэг гэжээ. Уг үнэний талаарх илчлэлтийг Эхлэл 17:11-ийн Иосеф Смитийн орчуулга (Библийн Хаан Жэймсийн хувилбарын хожмын үеийн гэгээнтэн хэвлэлийн хавсралт) мөн Сургаал ба Гэрээ 68:25–27-оос харж болно.
Moронай 8:25–30
Мормон хариуцлага хүлээх чадвартай хүмүүс Бурхантай хамт амьдрахын тулд юу хийх ёстойг заажээ
Мормон Моронайд яагаад бага насны хүүхдүүдэд баптисм шаардлагагүйг заасны дараа хариуцлага хүлээх чадвартай хүмүүст яагаад баптисм хэрэгтэйг заасан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Мормон 8:25–26-г чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа суралцагчдаас шүлгийг дагуулан харж, итгэлээ хөгжүүлж, наманчилж, баптисм хүртдэг хүмүүст ирдэг адислалуудыг хайж олохыг хүс.
-
Эдгээр шүлгээс та ямар адислалуудыг харж байна вэ? (Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд та тэдний хариултыг самбар дээр жагсааж болно. Тэдний хариултууд: итгэл, наманчлал, баптисм нь нүглүүдийн ангижрал, даруу байдал, зүрх сэтгэлийн хүлцэнгүй байдал, Ариун Сүнсний айлчлал, найдвар, төгс хайр руу хөтөлдөг бөгөөд эцэстээ Бурхантай хамт орших адислалыг авчирдаг гэх зэрэг байж болно.)
Суралцагчид Моронай 8:25–26-аас олж харсан адислалуудаа жагсаах хооронд та эдгээр нэмэлт асуултыг асууж болно.
-
Та яагаад гэм нүглийн ангижралыг хүлээн авах нь даруу байдал, зүрх сэтгэлийн хүлцэнгүй байдлыг авчирдаг гэж бодож байна вэ?
-
Даруу, зүрх сэтгэлийн хүлцэнгүй чанартай байх нь хэрхэн Ариун Сүнснийг бидний амьдралд урьдаг вэ?
-
Яагаад Ариун Сүнс биднийг Бурхантай амьдрахад бэлтгэхэд тусалдаг вэ?
-
Бид эцсээ хүртэл тэвчих төгс хайртай байхын тулд яагаад хичээнгүй мөн залбирдаг байх ёстой вэ?
Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич: Зарлигуудыг дуулгавартай дагах итгэлтэй байснаар бид …бэлтгэдэг Ариун Сүнсийг хүлээн авч чадна.
Суралцагчдыг уг зарчмыг гүйцээх хэсгийг Моронай 8:25–26-аас олж мэдэхэд урь: Зарлигуудыг дуулгавартай дагах итгэлтэй байснаар бид Бурхантай хамт амьдрахад бэлтгэдэг Ариун Сүнсийг хүлээн авч чадна.
Нэг суралцагчийг Моронай 8:27-г чангаар уншихад урьж, бусад суралцагчаас нифайчуудын бардамналын үр дагаврыг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдыг Моронай 8:26 болон Моронай 8:27-г дотроо уншиж, даруу байдал болон зүрх сэтгэлийн хүлцэнгүй чанарын үр дүнг бардамналын үр дагавартай харьцуулахад урь.
Өөр нэг суралцагчаас Моронай 8:28-ыг чангаар уншихыг хүс. Мормон нифайчуудын талаарх санаа зовнилоо илэрхийлсний дараа “тэдэнд наманчлал ирээсэй хэмээн, тэдний төлөө залбир, хүү минь” гэж хэлснийг онцол. Суралцагчдад хэн нэгэн тэдний төлөө залбирах үед тэдний амьдралд ирэх хүч чадлын тухай сануул.
Хичээлийг дуусгахдаа суралцагчдыг бага насны хүүхдүүдийг болон гэрээндээ үнэнч байхыг хичээж байгаа хүн бүрийг аврах Цагаатгалын хүчний талаарх мэдрэмжээ хуваалцахад урь.