Номын сан
50-р хичээл: Жером ба Омнаи


50-р хичээл

Жером ба Омнаи

Оршил

Жером ба Омнаин номууд нь Нифайн бага ялтсуудын төгсгөлийн бичвэрүүдийг агуулдаг. Жером ялтсуудыг эцэг Иносоос авч, нифайчуудын 60 гаруй жилийн зовлон зүдгүүр ба адислалын талаар тэмдэглэн үлдээжээ. Тэгээд тэр уг ялтсуудыг өөрийн хүү Омнаид шилжүүлэн өгсөн. Омнаин ном нь Нифайн таван өөр цэдэг хөтлөгчийн бичсэн 230 орчим жилийн түүхийг агуулдаг. Омнаин номын сүүлчийн зохиогч Амаликай өөрийн цэдгийг “Христэд ирж, … өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өгөгтүн” хэмээх уриалгаар төгсгөсөн байдаг (Oмнаи 1:26).

Заах зөвлөмж

Жером 1:1–15

Их Эзэний тушаалуудыг дагахын хэрээр нифайчууд хэрхэн дэгжиж байсан тухай Жером өөрийн номд өгүүлсэн.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг уншина уу. Үүнийг унших үедээ боломжтой бол ерөнхийлөгч Угдорфын зургийг тавь.

“Би байлдааны онгоцны нисгэгчийн сургалтад бэлтгэж байсан үеэ санаж байна. Бид цэргийн бэлтгэл, сургалтын ихэнх цагийг биеийн тамирын дасгал хийж өнгөрөөдөг байлаа. Эцэс төгсгөлгүй гүйх нь нисгэгч болоход яагаад тийм их чухал байдгийг би одоо ч сайн мэдэхгүй л байна. Гэсэн ч, бид гүйгээд л, дахин дахин гүйгээд л байдаг байсан.

“Би гүйж байх үедээ нэг зүйлийг анзаарч билээ. Ойр ойрхон тамхи татаж, архи пиво уудаг, сайн мэдээнд ялангуяа Мэргэн ухааны үгэнд харш бүх зүйлийг хийдэг хүмүүс миний хажуугаар өнгөрөн, түрүүлж гүйдэг байлаа.

“Юу болж байна аа! Би гүйгээд ядрахгүй байх ёстой биш бил үү?” гэж боддог байснаа санаж байна. Гэтэл би ядардаг байлаа мөн Мэргэн ухааны үгийг огтхон ч дагадаггүй хүмүүс надаас түрүүлдэг байсныг яана. Энэ нь тэр үед миний сэтгэлийг түгшээсэн гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Тэр амлалт үнэн үү, үгүй юү гэж би өөрөөсөө нэг удаа асууж билээ.” (“Тэвчээрт үргэлжлүүл,” Ensign эсвэл Лиахона 2010 оны 5-р сар, 67).

Их Эзэний тушаалуудыг сахивал Тэрээр биднийг адислах болно гэсэн амлалтаа биелүүлнэ гэдэгт суралцагчид ерөнхийлөгч Угдорфын адил эргэлзэж байсан үе байсан эсэхийг асуу.

Самбар дээр нотлох гэсэн үгийг бичээд тэднээс энэ үгийн утгыг (ямар нэг үнэн зүйлийг батлах буюу нотлох) тайлбарлахыг хүс. Иносын хүү Жером эцэг өвгөддөө өгөгдсөн амлалтын тухай бичихдээ нотолсон гэдэг үгийг ашигласан байдаг. Суралцагчдаас Жером 1:9-ийг чимээгүй уншиж, Их Эзэний нотолсон амлалтыг олоход урь. (Та тэднээс судар дээрээ уг амлалтыг тэмдэглэхийг хүсч болно.) Суралцагчид “Миний зарлигуудыг дагахын хэрээр та нар уг нутагт дэгжих болно” гэсэн хэсгийг олсон эсэхийг магадал.

Самбарт доорх судрын эшлэл ба асуултуудыг бич. (Хичээлийн цагаа хэмнэхийн тулд та эдгээрийг хичээлийн өмнө самбарт бичиж болно.)

Жером 1:4–5, 8

Нифайчууд дуулгавартай байж, адислагдсан ямар жишээнүүд байна вэ?

Жером 1:7, 10–12

Удирдагчид ба бошиглогчид нифайчуудыг дуулгавартай байж, дэгжихэд нь хэрхэн тусалж байсан бэ?

Oмнаи 1:5–7

Бурханы амлалт өөр ямар арга замаар нотлогдсон бэ?

Суралцагчдыг гурван бүлэг болгон хуваарил. Самбар дээр бичсэн эшлэлүүдээс бүлэг бүрийн нэг хүнд нэг эшлэл өг. Тэднийг эшлэлүүдээ дор бүрдээ уншиж, өгөгдсөн асуултуудад бэлтгэхийг хүс. Суралцагчдыг уншсан зүйлийнхээ товч агуулгыг ярьж, өгөгдсөн асуултад хариулахад нь зориулж, нэгээс хоёр минутын хугацаа өг. Эдгээр судрыг судалж, ярилцаад сурсан зүйлээ ангийнхандаа товчхон ярьж өгөхийг нэг, хоёр суралцагчаас хүс. Суралцагчдыг хариулж байх үед бид Бурханы тушаалуудыг сахих үед дэгжих болно гэдэг зарчмыг тэднийг ойлгосон эсэхийг магадал.

  • Нифайчуудын түүхээс сурсан зүйлс дээрээ тулгуурлан Бурхан өөрийнх нь зарлигуудыг дагадаг хүмүүсийг адисалдаг ямар арга замууд байдаг вэ?

Энэ зарчмыг баталгаажуулахын тулд ангийнханд Мэргэн ухааны үгэнд өгөгдсөн Их Эзэний амлалтанд эргэлзэж байсан ерөнхийлөгч Угдорфын түүхийг сануул. Дараа нь түүхийн үлдсэн хэсгийг уншиж өг.

“Хариулт нь тэр даруйд ирээгүй. Гэхдээ яваандаа би Бурханы амлалтууд үргэлж хурдан бидний хүсэн хүлээсэн замаар ирдэггүйг, тэдгээр нь Түүний цагт, Түүний арга замаар ирдэг болохыг ухаарсан юм. Бурханы аливаа хуулийг дуулгавартай дагаснаар тэр даруй ирдэг сүнсний адислал дээр Мэргэн ухааны үгсийг дагадаг хүмүүст ирдэг материаллаг адислалыг би олон жил тодорхой, бодитойгоор харсан байх юм. Эргэн санахад, Их Эзэний амлалтууд тэр даруйд ирэхгүй байж болох ч нэгэн цагт заавал ирдгийг би баттай мэднэ” (“Тэвчээрээр үргэлжлүүл,”67).

Суралцагчдаас дараах асуултуудын талаар тунгаан бодохыг хүс.

  • Их Эзэний тушаалуудыг сахисны тань төлөө Тэрээр та нарыг хэзээ адисалж эсвэл хөгжүүлсэн бэ? Туршлагаасаа хараад та Их Эзэний тухай мөн Түүний амлалтуудын талаар ямар гэрчлэл хуваалцаж чадах вэ?

Oмнаи 1:1–30

Цэдэг хөтлөгчид нифайчуудын түүхийг өгүүлсэн

Омнаин номыг Жеромын үе удмынхан бичсэн бөгөөд энэ нь 230 орчим жилийн түүхийг агуулдаг гэдгийг товчхон танилцуул. Жеромын дараа бага ялтсуудыг хэн хэн хадгалж байсныг Омнаин номоос олохыг суралцагчдаас хүс. Тэдэнд нэрсийг хурдан олоход нь тусалж, судрын дараах эшлэлүүдийг өг: Oмнаи 1:1, 4, 8, 10, 12, 25.

Омнаин номонд Мормоны Номонд гардаг хүмүүсийн түүхийн хэд хэдэн чухал үйл явдлыг дүрсэлдэг болохыг тайлбарла. Энд Зарахемлагийн хүмүүс (мөн Мюлекийн үр удам гэж нэрлэдэг), Кориантумр (сүүлчийн жаред хүн) ба Зарахемла руу шилжиж, мюлекчүүдтэй нэгдсэн нифайчуудын тухай товчхон өгүүлсэн байдаг. Та суралцагчдаас нифайчууд ба мюлекчуудын нэгдсэн талаар Мормоны Номын хавчуургаас олж харахыг хүсч болно. Тэднээс мөн номын хавчуурганаас “Жаредчууд” гэсэн гарчгийн доороос Кориантумр гэсэн нэрийг олохыг хүс.

Самбар дээр энэ хуудсан дээр байгаа газрын зургийг (сумнуудыг нь зурахгүй) зур. Суралцагчдыг энэ газрын зургийг судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ зурахыг нь дэмж.

Зураг
Map Nephite Migration

Нифайн үед нифайчууд леменчүүдээс тусгаарлагдаж, Нифайн нутаг хэмээн нэрлэсэн нутагт суурьшсан гэдгийг суралцагчдад сануул. Газрын зураг дээр анхны өвийн нутгаас Нифайн нутаг хүртэл сум зур. Суралцагчдыг Oмнаи 1:12–13-ыг дор бүрнээ уншиж, нифайчууд хэрхэн Зарахемлагийн нутагт ирж, амьдарсан тухай олохыг хүс. Суралцагчид олж мэдсэн зүйлсээ ярих үедээ Нифайн нутгаас Зарахемлагийн нутаг руу сум зур. Oмнаи 1:12–13Их Эзэн зөв шударга хүмүүсийг удирддаг болохыг зааж байгааг онцлон хэл.

Нэг суралцагчаас Oмнаи 1:14–19-ийг чанга уншихыг хүс. Нифайчууд болон Зарахемлагийн нутагт тэдний уулзсан хүмүүсийн хоорондын төстэй болон ялгаатай зүйлсийг олохыг тэднээс хүс. Хэд хэдэн суралцагчаас сурсан зүйлсээ хуваалцахыг хүс.

Жаредчуудын амьд үлдсэн сүүлчийн хоёр хүний нэг болох Кориантумртай (нөгөө нэг амьд үлдсэн хүн нь бошиглогч Ифер) тааралдсан Зарахемлагийн хүмүүсийн тухай тайлбарлаж Oмнаи 1:20–22-ыг товчлон дүгнэ. Газрын зураг дээр Сүйрэлийн нутгийг зааж, энэ бол жаред хүмүүс устгагдсаны дараа тэдний “яснууд нутгийн умардад таран хэвтсэн” нутаг гэдгийг онцлон хэл (Oмнаи 1:22). Ифер номыг судлах үедээ жаредчуудын тухай сурах болно гэдгийг суралцагчдад хэл. Та суралцагчдыг судар дээрээ Oмнаи 1:20–22-ын хажууд жаредчууд хэмээн бичихийг хүсч болно.

Зарахемлагаас Нифайн нутаг руу, тэгээд буцаад Зарахемла руу сум зур. Зарахемлагаас Нифайн нутаг руу дахиад нэг сум зур. Суралцагчдаас энэ хоёр сум юу илэрхийлж байгааг асуу. Тэдэнд тусламж хэрэгтэй бол хоёр хэсэг хүмүүс Зарахемлагаас Нифайн нутаг руу буцахыг оролдож байсан гэдгийг тайлбарлаж, Oмнаи 1:27–30-ийг товчлон дүгнэ. Эхний хэсэг хүмүүсийн оролдлого нь амжилтгүй болж, тэд Зарахемла руу буцсан байдаг. Амаликай цэдгийнхээ төгсгөлд хоёр дахь хэсэг хүмүүст юу тохиолдсоныг мэдэхгүй гэдгээ дурдсан байдаг. Мозаягийн номыг судлахдаа тэрхүү хэсэг хүмүүсийн (Зенифийн хүмүүсийн) тухай судлах болно гэдгийг суралцагчдад хэл. Та тэднийг судар дээрээ Oмнаи 1:29–30-ийн ард Зенифийн хүмүүс хэмээн бичихийг хүс.

Мормоны Номонд эртний Америк тивд амьдарч байсан бүх хүний тухай бичээгүй гэдгийг тайлбарла. Жаредчууд, мюлекчүүд болон Лихайн хүмүүсээс гадна өөр бүлэг хүмүүс ч Америк тивд ирж байсан байж болох юм.

Амаликай цэдгийнхээ төгсгөлд түүний үгсийг унших хүмүүст зориулан чухал уриалга бичсэн байдгийг тайлбарла. Oмнаи 1:25–26-д бичсэн Амаликайн уриалгыг дор бүрнээ уншиж, түүний гурвантаа давтсан санааг олохыг суралцагчдаас хүс. (Та тэднээс олсон хэсгээ судар дээрээ тэмдэглэхийг хүсч болно.)

  • Христэд ирэх гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?

Христэд ирэхийг урьсан Амаликайн уриалгад тэрээр бидэнд тодорхой зүйлсийг хийхийг зөвлөсөн байдаг. Дараах зүйлсийг самбар дээр бич:

Христэд ирж мөн …

Суралцагчдаар Oмнаи 1:25–26-г дахин уншуул. Эдгээр шүлгийн үгсийг ашиглан, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээн бичихийг хэд хэдэн суралцагчаас хүс.

  • Oмнаи 1:26-р шүлгийн дагуу бид эдгээр зүйлийг хийвэл хэрхэн адислагдах вэ? (Хэрэв бид Христэд ирж, эцсээ хүртэл тэвчвэл аврагдах болно гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Та энэ зарчмыг самбарт бичиж бас болно.)

Нэг суралцагчаас самбарт бичсэн өгүүлбэрүүдээс нэгийг нь сонгохыг хүс. Тэднийг энэ арга замаар бид хэрхэн Христэд ирж болох тухай ариун ёслолын цуглаан дээр хэлэх үг бэлдэн, судар судлах тэмдэглэлдээ бичихийг хүс. Хэлэх үгэндээ дараах зүйлсийг багтаах хэрэгтэй гэдгийг зөвлө: (1) Oмнаи 1:25–26-г уншиж, сонгосон өгүүлбэрээ өөрийн үгээр тайлбарлах, (2) уг өгүүлбэрийг нь тодруулж, утга санааг нь нэмэх нэмэлт судруудыг унших, (3) үүнтэй ижил төстэй өөрсдийн ба бусдын түүхээс эсвэл (4) бодол санаа, мэдрэмж ба гэрчлэлээ хуваалцах. (Та эдгээр зөвлөгөөгөө самбарт бичих юм уу, тараах материалаар өгч эсвэл тэдэнд чанга уншиж өгөн, судраас судлах дэвтэр дээр нь бичүүлж болно.)

Суралцагчдад хэлэх үгээ бэлдэх зургаагаас долоон минутын хугацаа өг. Хэд хэдэн суралцагчийг ангийнхаа өмнө үг хэлэхэд урь. (Хэрэв үүнийг хийх хангалттай цаг байхгүй бол дараагийн хичээлийн сүнслэг хэсэг дээр зарим суралцагчаас үг хэлэхийг хүсч болно. Та мөн тэднийг гэр бүлийн үдшээрээ эсвэл гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцахдаа энэ тухайгаа ярихыг нь дэмжиж болно.) Төгсгөлд нь хэрэв бид Христэд ирж, эцсээ хүртэл тэвчих аваас аврагдах болно гэсэн гэрчлэлээ хуваалц.

Төгс эзэмших судрын дүгнэлт

Суралцагчдад цөөн хэдэн төгс эзэмших судрын хэсгийг танилцуул. Үүнийг хийхдээ хэд хэдэн эшлэлийг самбар дээр бичээд тэднээс эдгээр судрын хэсгийг судраасаа олж уншихыг хүс. Та мөн суралцагчдыг эдгээр эшлэлийг дараа нь олоход хялбар болгохын тулд ялгаж тэмдэглэхэд нь дэмжиж болно. Суралцагчдыг судрын эшлэлүүд ба түлхүүр үгсийг санахад нь туслахын тулд энэхүү гарын авлагын хавсралт дахь“Дадлага” гэсэн үйл ажиллагааг ашиглаж болно.

Тэмдэглэл: Та энэ үйл ажиллагааг дараа нь чөлөөт цаг ихтэй өдрөө хийж болно.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Oмнаи 1:14–15. Америк дахь хүмүүс

Мозая хаан ба түүний дагалдагчид Нифайн нутгаас зугтааж байхдаа Зарахемлагийн хүмүүс гэж нэрлэгдсэн бүлэг хүмүүсийг (тэднийг мөн мюлекчүүд хэмээн дууддаг) олдог. Мюлекчүүд, Лихай болон Жаредчуудын бүлгүүдээс гадна өөр бүлэг хүмүүс ч Америк тивд ирсэн байх магадлалтай юм. Мормоны Ном нь эртний Америк тивд оршин суудаг бүх хүмүүсийн бичвэр биш юм. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Антони В.Айвинс хэлэхдээ:

“Бид дүгнэлт хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Мормоны Ном нь эртний ертөнцөөс энэ тивд ирсэн … гурван өөр бүлэг хүмүүсийн түүхийг заадаг. Тэднийг энэ тивд ирэхээс өмнө өөр хүмүүс байгаагүй гэж Мормоны Номд бичээгүй. Энэ номонд тэдний дараа өөр хүмүүс ирээгүй гэж бичээгүй. Тийм учраас өөр ястан овогтныг олж нээсэн нээлтүүд хийвэл энэ нь байж болох үндэслэлтэй юм. Учир нь энэ тивд тэднээс гадна өөр бусад хүмүүс ирсэн гэдэгт бид итгэдэг” (Ерөнхий чуулганы тайлан, 1929 оны 4-р сарын 15) гэжээ.

Хэвлэх