32-р хичээл
2 Нифай 12-15
Оршил
Исаиа өөрийн үеийн хүмүүсийн ёс бус байдлыг зэмлэн буруушаасан юм. Эцсийн өдрийн хүмүүсээс олон нь мөн ийм ёс бус байгаа билээ. Тэрээр муу зүйлийг сайн гэх, сайн зүйлийг муу гэж нэрлэхээс сэрэмжлүүлсэн юм. Тэрбээр бас эцсийн өдрүүд дэх сайн мэдээний cэргээлт, түүний дотор ариун сүмүүдийн болон дэлхийн нүглүүдээс бохирдолгүй ариун байхын ач холбогдлыг онцгойлон авч үзсэн юм. Исаиагийн тухай нэмэлт мэдээллийг энэ гарын авлагын 21-р хичээлээс үзнэ үү.
Заах зөвлөмж
2 Нифай 12-15
Исаиа ёс бус Израилийг зөв шударга Израилиас ялган тусгаарласан нь
Өнөөдрийн хичээлийн агуулгыг ойлгоход суралцагчдад туслахын тулд өмнөх хичээлээр Исаиа бошиглогчоор дуудагдсан тухай үзсэнийг тэдэнд сануулснаар хичээлээ эхэл. Өнөөдөр тэд Исаиагийн зааж байсан хүмүүсийн тухай үзэх болно.
Исаиа өөрийн үе дэх Их Эзэний гэрээт хүмүүсийн ажил үйлсийг дүрслэхдээ манай өнөө үеийн зарим хүмүүсийг дүрсэлснийг ойлгоход нь суралцагчдад тусал. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс тайлбарласан нь: “Исаиагийн ном үй олон бошиглолыг агуулдаг бөгөөд тэдгээрээс олон нь биелэгджээ. … Эдгээр бошиглолоос олон нь олон салаа утгатай бөгөөд тэдгээр бошиглолын утгыг тайлж ойлгоход туслахын тулд бид Ариун Сүнснээс илчлэлт эрэлхийлэхийн ач холбогдлыг онцгойлон авч үзэв (“Scripture Reading and Revelation,” Ensign, 1995 оны 1-р сар, 8).
Хичээлээс өмнө дараах хүснэгтийг хувилж, самбар дээр байрлуулах буюу тараах материал болгон бэлтгэ. Багана бүрд бичих зайг суралцагчдад зориулан үлдээ.
Энэ хүмүүсийн нүглүүд ямар зан авир, практик үйл ажиллагаанаас харагдаж байна вэ? | ||
Гэм нүглийнх нь үр дагавар болсон ямар зүйл энэ хүмүүст тохиолдох вэ? |
Энэ хүснэгт нь гэрээнүүдээ зөрчиж амьдардаг байсан хүмүүсийн үйлдлүүдийн үр дагаврыг ойлгоход ангид тусалж чадна гэдгийг тайлбарла.
Ангийг тэнцүү тоотой хоёр бүлэг болгон хуваарил. Суралцагчдын нэг хагасаас 2 Нифай 12:5–12, 17–19; 13:8–9-ийг; нөгөө хагасаас 2 Нифай 13:16-26–г судлахыг хүс. Даалгасан шүлгүүдээ уншиж, хоёр асуултын хариултыг хүснэгтийн зүүн баганаас олоход суралцагчдыг урь. Хэрэв хүснэгтийг самбар дээр байрлуулсан бол бүлэг бүрээс нэг суралцагчийг хариултаа холбогдох багананд бичихэд урь. Хэрэв хүснэгтийг тараах материал болгон өгсөн бол хариултыг нь суралцагчдаар тараах материал дээр нь тэмдэглүүл.
Даруу бус байдлаар гаж буруу хувцаслах, түүний үед болон ирээдүйд дэлхийн хүсэл таашаалтай эмэгтэйчүүдийн үйлдлүүдийн үр дагавруудыг Исаиа угтан харсныг хоёр дахь бүлэгт тайлбарла. 2 Нифай 13:16-26 нь түүний харсан зүйлсийг дүрсэлдэг. Исаиа хэдийгээр “Сионы охид” гэсэн онцгой нэр томьёог хэрэглэсэн ч түүний энэ үг бас эрэгтэйчүүдэд хамаатай юм. (Нифай 14:1 дэх бошиглол нь олон эхнэр авах ёсны тухай биш юм гэдгийг та тайлбарлаж болно. Энэ нь 2 Нифай 13:25-26 -д өгүүлсэн дайнд амь үрэгдэн, олон эмэгтэйг бэлэвсрүүлсэн эрэгтэйчүүдийн тухай юм.
Хүснэгт дэх асуултуудад хариулах хангалттай цагийг суралцагчдад гаргаж өгсний дараа асуу:
-
Эдгээр хүн ямар ямар нүгэл үйлдсэн бэ? (Бардамнал, хиймэл шүтээн, дэлхийн зүйлс дээр зүрх сэтгэлээ тавих, дэмий хоосон үг зэрэг нь хариулт байж болно.) Эдгээр хүн дээрх нүглүүдэд гэм буруутай байсныг ямар шүлгүүд харуулж байна вэ? Эдгээр нүглийн үр дагаврууд юу вэ?
-
Исаиа “хиймэл шүтээнүүдээр дүүрсэн” нутгийн тухай өгүүлжээ (2 Нифай 12:8). Өнөө үед хиймэл шүтээний ямар хэлбэрүүд байдаг вэ?
Энэ ярилцлагын хэсэг болгон ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын дараах зөвлөгөөг унш:
“Өнөө үеийн хиймэл шүтээнүүд буюу хуурамч бурхад нь хувцас хунар, гэр орон, бизнес, төрөл бүрийн машин, зугаалгын усан онгоц болон бурханлаг байдлын замаас гажуудуулдаг бусад үй олон эд баялаг юм. … Олон залуу эр эхлээд номлолд үйлчлэх ёстой атлаа сургуульд сурахаар шийддэг. Сургуулиар дамжин ирдэг диплом, эд баялаг хийгээд амьдралын баталгаа нь номлолыг хоёрдугаар зэрэгт тавихад хүргэж байна. … Олон хүн анд явах, загасчлах, амралт, зугаа цэнгэл, долоо хоногийн амралтын өдрүүдээр аялал зугаалгаар явахыг эрхэмлэн шүтдэг. Бусад нь спорт тоглоом, бейсбол, хөл бөмбөг, бухын тулалдаан, эсвэл гольф тоглох хиймэл шүтээнтэй байдаг. … Хүмүүсийн өөр нэг шүтээн бол эрх мэдэл, нэр хүнд юм (The Miracle of Forgiveness [1969], 40–41).
-
Хувцаслалтаараа өөрсдийн бардамнал болон дэлхийн хүсэл таашаалаа харуулах хүмүүсийн тухай Исаиа бошиглосон юм. Бид дэлхийн харьцаа хандлага, зан чанараас хэрхэн сэрэмжлэн хамгаалж болох вэ?
Самбар дээр халаг гэдэг үгийг бич. Халаг гэдэг нь харамсал, гашуудлыг илэрхийлсэн утгатай гэдгийг тайлбарла. Эртний бошиглогчид энэ үгийг заримдаа нүглийн үг дагавруудыг заахад хэрэглэдэг байжээ. (Суралцагчид энэ үгийг 2 Нифай 9:27-38-д давтагдан хэрэглэгдсэнийг харснаа санаж болно.) 2 Нифай 15:18-23-ыг өөрөө чанга уншиж өгөх үеэр анхааралтай сонсоход суралцагчдыг урь. Халаг гэдэг үгийг болон харамсал, уй гашуу авчирдаг үйлдлүүд болон зан чанаруудыг дүрсэлсэн өгүүлбэр, нийлмэл үгсийг тэмдэглэхэд та суралцагчдыг урамшуулан дэмжиж болно. Халаг гэдэг үгийн тодорхойлолтыг дээрх шүлгүүдийн хажууд судрын хуудасны захад бичихийг тэдэнд зөвлөмж болго.
-
2 Нифай 15:20 танд ямар хамаатай вэ?
-
Хүмүүс өнөө үед ямар байдлаар “муу зүйлийг сайн, сайн зүйлийг муу” хэмээн нэрлэхийг та харсан бэ?
Одоо гэрээнүүдээ сахидаг хүмүүсийн тухай унших болно гэдгийг суралцагчдад хэл. 2 Нифай 14:2-4–ийг уншихад нэг суралцагчийг урь. Энэ хүмүүсийг Исаиа хэрхэн дүрсэлснийг эрж олоход ангийн үлдсэн хэсгийг урь.
-
Энэ бүлэг хүмүүс бидний судалсан бусад бүлгээс ялгаатайг ямар үг, өгүүлбэрүүд харуулж байна вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бичиж болно.)
2 Нифай 14:5-6-г чимээгүй уншихыг суралцагчдаас хүсэхдээ сүнсний хамгаалалтаар хангах болно хэмээн Исаиагийн дурдсан гурван газрыг олохыг тэднээс хүс. Суралцагчид оршин байх нутаг (гэр орон ба байшин), чуулганууд (салбар, тойрог, гадаснуудын цугларах газар), асар (ариун сүм) гэдэг үгсийг олж, ойлгосон байхад анхаар. “Өдөр нь үүл манан болон утаа, шөнө нь дүрэлзэх галын гэрэл” гэдэг нь Мосе болон түүний хүмүүс цөлд Их Эзэнээс хүлээн авсан хамгаалалт болон удирдамжийг хэлж байгааг тайлбарла. (Eгипетээс Гарсан нь 13:21–22-ыг үзнэ үү). Эдгээр үг бид Их Эзэнээс хамгаалалт ба удирдамж хүлээн авч болно гэдгийг бидэнд сануулж байна. Исаиа ариун сүмийг халуунаас хамгаалах хоргодох газар, шуурга борооноос халхлах “халхавчтай” адилтган зүйрлэснийг хэл.
-
Та гэртээ болон сүм дээр Их Эзэний хамгаалалт буюу удирдамжийг хэзээ мэдэрдэг вэ?
-
Та ариун сүмд хэзээ сүнсний хамгаалалт ба тусламжийг мэдэрсэн бэ?
-
Шүлэг 5 –6-д дүрсэлсэн оршин байх нутаг, сүм, ариун сүмүүдэд ямар хүмүүс амьдарч, шүтэн бишрэх вэ?
-
Бид гэр орон, салбар болон тойргоо дэлхийн нөлөөнөөс хамгаалах газар болгохын тулд юу хийж болох вэ?
Гэрээнүүдээ сахих нь бидэнд сүнсний хамгаалалтыг авчирдаг бол гэрээнүүдээ зөрчих нь биднийг Их Эзэний хамгаалалтгүй болгодгийг тайлбарласнаар 12–15-р хэсгийг хураангуйлан дүгнэ. 2 Нифай 14:5-6-д дүрсэлсэн адил орчин нөхцөлийг амьдралдаа бий болгож чадна гэдгийг суралцагчдад итгүүл.
2 Нифай 12:1-5; 15:26
Исаиа эцсийн өдрүүдэд байгуулагдах ариун сүмүүд болон Их Эзэний Сүмийн тухай бошигложээ.
Уул ба ариун сүмийн дараах диаграммыг самбар дээр зур:
-
Уул, ариун сүм хоёрын хооронд ямар адил төстэй тал байдаг вэ? (Уул, ариун сүм хоёр хоёул сүрлэг сайхан бөгөөд тэнгэр өөд харахад бидэнд сүнслэгээр нөлөөлдөг гэдэг нь хариулт байж болно.)
2 Нифай 12:2-5-ыг чимээгүй уншихад суралцагчдыг урихдаа Бурхан эцсийн өдрүүдэд юу байгуулахыг амласан болон энэ хүмүүсийн амьдралыг хэрхэн адислахыг тэднээр олуул.
-
“Их Эзэний уул” гэдэг нэр томьёо юуг зааж байна вэ? (Энэ нь Солт Лэйкийн ариун сүмийг хэлж байгаа ч бас Их Эзэний эцсийн өдрүүдэд барьсан бусад ариун сүмд хамаатай юм.)
-
Эцсийн өдрүүдэд “Их Эзэний өргөөнөөс” ямар ямар адислал ирэх вэ? (Суралцагчдын олж мэдэх нэг зарчим бол Бурхан бидэнд Өөрийн замуудыг зааж, Түүний замаар замнахад бидэнд туслахын тулд ариун сүмүүдийг байгуулсан юм гэсэн зарчим юм [2 Нифай 12:3-ыг үзнэ үү].)
-
Их Эзэний замаар алхахад ариун сүм бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн ариун сүмийн ач холбогдлын тухай ярьсан дараах үгийг унш:
“Эдгээр хосгүй өвөрмөц, гайхамшигтай барилгууд болон тэнд гүйцэтгэгддэг ёслолууд нь бидний шүтлэг бишрэлийн охь манлай юм. Эдгээр ёслол бидний сүсэг бишрэлийн хамгийн яруу тод илрэл мөн. Миний бие газар бүр дэх өөрийн хүмүүст ариун сүмийн зөвшөөрлийн бичиг эзэмшихээр зохистой амьдарснаар ийм эрхийн бичгийг үнэт хөрөнгө лүгээ адил үзэн, Их Эзэний өргөөнд орж, ариун сүмүүдэд Сүнсийг мэдрэн, адислалуудыг нь хүртэхийн төлөө агуу хүч чармайлт тавьдаг байхыг чадлынхаа хэрээр ухуулж, уриалан дуудаж байна” (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, 1995 оны 11-р сар, 53).
-
2 Нифай 12–15-д дүрсэлсэн ёс бус байдлын үр дагавруудаас зайлсхийхэд ариун сүмүүд бидэнд хэрхэн тусалж болох вэ? (Ариун сүмийн гэрээнүүд хийж, сахих нь биднийг болон бидний гэр бүлийг ёс бус байдлаас хамгаалж чадна гэсэн санаа хариулт байж болно.) Ариун сүмд тогтмол орж байх нь Аврагч болон Түүний цагаатгагч золиослол болон бидний хийсэн гэрээнүүдийг бидэнд сануулдаг. Бид ариун сүмийн эрхийн бичигтэй байхаар зохистой амьдарсан үед мөнх амьдралын найдвар бидэнд байх болно. Энэхүү найдвар нь биднийг зөв шударга амьдрахад хөхиүлэн дэмждэг.)
-
Ариун сүм танд хэрхэн сүнслэг нөлөө үзүүлж, адисалсан бэ?
2 Нифай 15:26-г нэг суралцагчаар чанга уншуул. Их Эзэн эцсийн өдрүүдэд хүмүүсийг цуглуулахын тулд “өргөх” болно гэсэн өгүүлбэр, нийлмэл үгийг олохыг ангиас хүс. Далбаа гэдэг үг уралдааны барианы цэгт юм уу хүмүүсийг цугларах газарт ялангуяа тулалдаанд уриалан дуудахад ашигладаг туг буюу дарцаг гэдгийг тайлбарла.
-
Исаиагийн бошиглосон “үндэстнүүдийн далбаа” юу вэ?
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах үгсийг унш:
“Энэ далбаа бол эцсийн үед байгуулагдаж, хэзээ ч дахин устгагдахгүй эсвэл бусдад өгөгдөхгүй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм юм. Энэ Сүм байгуулагдсан нь Аврагч загалмайг өргөж, мөнхийн хязгааргүй Цагаатгалыг үйлдсэнээс хойш дэлхий дээрх хамгийн агуу үйл явдлын илрэл мөн. Энэ бол хүн төрөлхтний хувьд тэр үеэс хойших тохиосон юунаас ч илүү чухал үйл явдал мөн” (Doctrines of Salvation, 3 бoть, [1954–56], 3:254–55).
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ямар замаар “үндэстнүүдийн далбаа” байдаг вэ?
-
Сүмийн гишүүн болсны ачаар таны амьдралд ямар ямар адислал ирсэн бэ?
-
Сүмийн гишүүн болсноос хойш хүлээн авсан бүх адислалынхаа тухай, мөн сурч мэдсэн үнэнүүдийнхээ тухай бод. “Үндэстнүүдийн далбаанд” цуглахад нь тэдэнд тусалж болох ямар үнэнүүдийг та бусадтай хуваалцсан бэ? Тэдгээр үнэнээс нэгийнх нь тухай ярина уу?
Их Эзэн бидэнд эцсийн өдрүүдэд амжилт бүтээлтэй амьдрахад агуу ихээр тусалсныг гэрчил. Тэрбээр Өөрт нь ирэхээр сонгосон хүмүүсийг адисалж, ариусгах болно. Бид Түүнтэй гэрээнүүд хийж, эдгээр гэрээндээ хүндэтгэлтэй хандсан үед Түүний замаар алхахад Тэр бидэнд туслах болно.