Номын сан
42-р хичээл: 2 Нифай 33


42-р хичээл

2 Нифай 33

Оршил

Түүний бичсэн үгс Есүс Христийн тухай гэрчилж, сайныг үйлдэн, эцсийг хүртэл тэвчихэд хүмүүсийг ятгадаг гэдгийг тунхагласнаар Нифай цэдгээ өндөрлөжээ. Тэрбээр хэдийгээр “сул доройдоо” бичсэн ч, түүний үгс “агуу чухал зүйл” бөгөөд түүний үгсийг уншсан хүмүүст тэдгээр нь “хүчтэй байх болно” гэдгийг хэлжээ. (2 Нифай 33:3–4-ийг үзнэ үү). Түүний бичээсүүд бол “Христийн үгс бөгөөд” хүмүүс эдгээр үгсэд хэрхэн хандсанаараа Бурханы өмнө хариуцлага хүлээх болно гэдгийг тэрбээр гэрчилжээ (2 Нифай 33:10–15-ыг үзнэ үү).

Заах зөвлөмж

2 Нифай 33:1–2

Бидний зүрх сэтгэлд үнэнийг хүргэдэг Ариун Сүнсний хүчний тухай Нифай заасан нь

Дараах зургийг самбар дээр зур:

Зураг
Heart
  • Хүний зүрх сэтгэл рүү хандаж байгаа захиас хүний зүрх сэтгэлд хүрсэн захиас хоорондоо ямар ялгаатай вэ?

2 Нифай 33:1-ийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Тэгээд дараах асуултыг чимээгүй тунгаан бодохыг суралцагчдаас хүс.

  • Ариун Сүнс үнэнийг бидний зүрх сэтгэл рүү хандуулах биш, харин бидний зүрх сэтгэлд хүргэх нь яагаад чухал гэж та боддог вэ?

Суралцагчид энэ асуултыг тунгаан бодох үеэр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг чанга унш. Ахлагч Бэднар энэ үгэндээ 2 Нифай 33:1-ийн тухай ярьсныг тайлбарла.

Зураг
Ахлагч Давид А.Бэднар

Сүнсний хүч захиасыг зүрх сэтгэл рүү хандуулах биш харин зүрх сэтгэлд хэрхэн хүргэдгийг ажиглагтун. Багш сүнсний агуу хүч хийгээд үр нөлөөтэйгөөр тайлбарлаж, үзүүлэн, итгүүлж, гэрчлэн, үйлдэж чадна. Гэвч хүлээн авагч нь эдгээрийг зүрх сэтгэлдээ нэвтрэн орох боломж олгосон үед л зөвхөн захиасын агуулга хийгээд Ариун Сүнсний гэрчлэл хүний зүрх сэтгэлд хүрдэг” (“Seek Learning by Faith” [address to CES religious educators, 2006 оны 2-р сарын 3], 1, si.lds.org).

Далын ахлагч Жэралд Н.Лундын дараах үгийг чанга уншихад нэг суралцагчийг урь.

“Яагаад зүрх сэтгэл рүү гэж? Хувь хүний сонгох эрх маш ариун учраас Тэнгэрлэг Эцэг хязгааргүй их хүчтэй ч гэсэн хүмүүний зүрх сэтгэлийг ямар нэг зүйлд хэзээ ч албаддаггүй, албадах ч үгүй. … Бурхан бидэнд зүрх сэтгэлийнхээ харуул манаач буюу хаалганы сахиул байхыг зөвшөөрдөг. Бид өөрийн чөлөөт хүслээр Сүнсэнд зүрх сэтгэлээ нээж өгдөг” (“Opening Our Hearts,” Ensign, Лиахона, 2008 оны 5-р сар, 33).

  • Аль нэг захиас хүний зүрх сэтгэлд хүрсэн эсэхийг хэрхэн тодорхойлох вэ?

  • Сайн мэдээний захиас зүрх сэтгэлд тань нэвтрэн орсныг та хэзээ мэдэрсэн бэ? Энэ нь тэр үед зүрх сэтгэлийн тань тухай танд юу өгүүлсэн бэ?

2 Нифай 33:2-ыг чимээгүй уншихдаа, хүмүүс зүрх сэтгэлээ хатууруулсан үед Ариун Сүнсэнд хэрхэн хандаж байсныг олохыг суралцагчдаас хүс. “Хоосон зүйлүүд” гэдэг нь “юу ч биш” гэсэн утгатайг та тайлбарлаж болно. “[Бичигдсэн үгсийг] хоосон зүйлүүд мэт үнэлдэг” гэсэн нь тэдгээрийг үнэ цэнэгүй зүйл гэж бодох гэсэн утгатай юм.

  • Хатуу зүрх сэтгэлтэй хүмүүс ямар зан авир, харьцаатай байдаг вэ?

  • Таны бодлоор 2 Нифай 33:2-ын захиас юу вэ? (Бид Ариун Сүнсний удирдамжинд нэг бол зүрх сэтгэлээ нээж өгөхөөр эсвэл хаахаар сонгодог гэж суралцагчид хариулж болно.) Бид зүрх сэтгэлээ нээж өгсөн үед Ариун Сүнсний захиасууд бидний зүрх сэтгэлд нэвтрэн ордгийг тэд ойлгосон байх ёстойг анхаар.

Хичээлийг цааш үргэлжлүүлэхээс өмнө зүрх сэтгэлийнхээ байдлыг дотроо шинжин тэд үнэний тухай захиасуудыг зүрх сэтгэлдээ нэвтрэн орох боломжийг олгодог уу гэдгийг бодож үзэх цагийг суралцагчдад гаргаж өг.

2 Нифай 33:3–15

Түүний цэдгийн зорилго болон түүний найдвар бол уншигчид нь Христэд итгэдэг болох явдал мөн хэмээн Нифай тайлбарлажээ

Дараах өгүүлбэрүүдийг самбар дээр бич:

2 Нифай 33:3—Би … төлөө үргэлж залбирдаг.

2 Нифай 33:4—Би … мэднэ.

2 Нифай 33:6—Би … алдаршуулна.

2 Нифай 33:7—Надад … бий.

2 Нифай 33:3–7-г чимээгүй уншихдаа өөрийнх нь үгсийг унших хүмүүсийн төлөөх Нифайн найдварыг олоход суралцагчдыг урь. Хэдэн суралцагчийг самбарт гарч ирэн, өөрийнхөө үгийг бас Нифайн үгсийг ашиглан өгүүлбэрүүдийг гүйцээхэд урь. (Самбар дээрх өгүүлбэрүүдээс зарим нь нэгээс илүү хариутай байж болно.)

  • Бид Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухай хувийн гэрчлэлээ хэрхэн бэхжүүлж болох вэ?

2 Нифай 33:10–14-өөс таван суралцагчаар ээлжээр чанга уншуул. Тэднийг унших явцад судраасаа дагаж харан, Нифайн салах ёс гүйцэтгэж хэлсэн үгнээс өөрсдөд нь хамаатай өгүүлбэрүүдийг олохыг ангийнхнаас хүс. Эдгээр өгүүлбэрт тэмдэглэгээ хийхийг та суралцагчдад зөвлөж болно.

  • Ямар ямар өгүүлбэр нь танд хамаатай байна вэ? Яагаад?

  • Хэрэв хүмүүс Христэд итгэвэл Мормоны Номын талаар ямар бодолтой байх вэ? (2 Нифай 33:10-ыг үзнэ үү.)

  • Түүнийг үгсийг эсэргүүцэх хүмүүст юу тохиолдох болно хэмээн Нифай сэрэмжлүүлсэн бэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах явцад хэрэв тэд Нифай болон бусад бошиглогчийн үгсэд итгэж, тэднийг дагасан бол Их Эзэний дэргэд очсон үедээ сэтгэл санаа нь ямар байх тухай бодохыг тэдэнд зөвлөж болно.)

2 Нифай 33:15-ыг чимээгүй уншиж, Нифайн сүүлчийн үгсийг тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Дараа нь Нифай 1-2-ыг эргэн харж, нэгтгэн дүгнэхдээ Нифайн дуулгавартай байдлын жишээнүүдийг олоход суралцагчдад хэдэн минут гаргаж өг. Хэдэн минутын дараа, олж мэдсэн зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Иерусалимыг орхин явсан, гуулин ялтсуудыг авахын тулд Иерусалимд эргэж ирсэн, Ишмэйлийн гэр бүлийг өөрсөдтэйгөө нэгдэхийг хүсэхээр Иерусалимд буцаж ирсэн, Лиахонагийн удирдамжийг дагасан, усан онгоц барьсан, амлагдсан нутаг руу аялсан, лемен, лемүелчүүдээс салан тусгаарласан, өөрийн хүмүүсийг зөв шударга байдлаар удирдсан зэрэг нь хариулт байж болно. Суралцагчдын гаргасан жишээг самбар дээр жагсаан бичиж болно.

Дараах дутуу өгүүлбэрийг самбар дээр бич: Би … ёстой

Энэ өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ эсвэл хичээлийн дэвтэртээ гүйцээн бичихэд суралцагчдыг урь. Тэд дуулгавартай байхаар сонгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл. Нифайн үгс Есүс Христэд итгэх суралцагчдын итгэлийг бэхжүүлж, сайныг үйлдэх чадварыг нь дээшлүүлэх болно гэсэн бодлоо хуваалц.

2 Нифайн тойм

2 Нифайг хураангуйлан дүгнэхэд суралцагчдад туслахын тулд цаг гаргаж өг. Энэ номоос семинараар болон хувиараа судар судалж юу сурч мэдсэн тухайгаа тунгаан бодохыг тэднээс хүс. Хэрэгтэй гэж үзвэл, агуулгыг нь санахын тулд 2 Нифайг гүйлгэн уншихад тэднийг дэмж. Сайныг үйлдэх болон Есүс Христэд итгэх итгэлтэй байхад нь тэдэнд сүнслэгээр нөлөөлсөн ямар нэг зүйлийг 2 Нифайгаас хуваалцахаар бэлтгэхийг тэднээс хүс (2 Нифай 33:4 -ийг үзнэ үү). Хангалттай цаг гаргаж өгсний дараа бодол санаагаа хуваалцахад хэдэн суралцагчийг урь.

Мормоны Номыг унших нь бидний үүрэг хариуцлага болох тухай мөн энэхүү үүргээ биелүүлсэн үед бидний амьдралд ирдэг адислалуудын тухай дараах үгсийг хуваалц:

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит хэлсэн нь: “… Энэ Сүмийн аль ч гишүүн Мормоны Номыг олон дахин уншиж, тал бүрээс нь тунгаан бодож, энэ ном бол үнэхээр Бүхнийг Чадагчийн Сүнсний нөлөөгөөр бичигдсэн цэдэг бөгөөд үүний түүх нь үнэн гэдгийг гэрчлэх хүртлээ хэзээ ч санаа нь амардаггүй юм шиг надад санагддаг” (Conference Report, 1961 оны 10-р сар, 18).

Хэрэв Сүмийн гишүүд Мормоны Номыг уншвал [тэдний] амьдралд бас гэр оронд нь Их Эзэний Сүнс өмнөхөөсөө илүү ихээр ирж, Түүний зарлигуудад дуулгавартай амьдрах шийдвэр төгс байдал нь нэмэгдэн, тэд Бурханы Хүүгийн үнэн бодит байдлын тухай илүү бат бөх гэрчлэлтэй болно” хэмээн ерөнхийлөгч Гордон Б.Хинкли сургасан юм (“A Testimony Vibrant and True,” Ensign, 2005 оны 8-р сар, 6).

Хичээлээ дүгнэхийн тулд, энэ бүлэг дэх Нифайн үгс амьдралд тань хэрхэн биелэгдсэн тухай хувийн гэрчлэлээ хуваалцаж болно.

Хэвлэх