124-р хичээл
3 Нифай 14
Оршил
Есүс Христ Өгөөмөр нутаг дахь ариун сүмд хийсэн номлолоо үргэлжлүүлэхдээ Тэрээр хүмүүст бусдыг шүүх талаар анхааруулан, Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэн мөн залбирснаараа Түүний адислалуудыг эрэлхийлэхийг зааварчилсан. Аврагч түүнчлэн тэдэнд хуурамч бошиглогчдын тухай сэрэмжлүүлж мөн Бурханы хүслийг биелүүлэхийн чухлыг цохон тэмдэглэсэн.
Заах зөвлөмж
3 Нифай 14:1–6
Аврагч зөв шударгаар шүүх тухай заадаг
Суралцагчдыг зөв шударга шүүлтүүдийг хийх тал дээр Аврагчийн сургаалыг судлахдаа бэлтгэхэд нь туслах ерөнхийлөгч Томас С.Монсоны ярьсан дараах түүхийг унш:
“Шинэхэн хос Лиза, Жон хоёр шинэ газарт нүүж иржээ. Нэгэн өглөө тэд өглөөний ундаа ууж байхдаа Лиза цонхоороо хөрш айлынхаа нэгэн бэлэвсэн эмэгтэйг угаасан хувцсаа өлгөж байхыг харж гэнэ.
“Энэ угаасан хувцаснууд цэвэрхэн биш байна” хэмээн Лиза дуу алдав. ‘Манай хөрш хувцас яаж угаадгийг мэддэггүй юм байна’
“Жон харсан ч чимээгүй байлаа.
“Хөрш нь угаасан хувцсаа хатаахаар өлгөх бүрд Лиза ямар нэгэн зүйл хэлдэг байлаа.
“Хэдэн долоо хоногийн дараа Лиза цонхоороо хартал хөршийнх нь хашаанд цэвэр хувцаснууд өлгөөтэй байхыг хараад ихэд гайхаж. Тэрээр нөхөртөө ‘Хар даа, Жон—тэр одоо л зөв угааж сурсан бололтой’ гэлээ. Би түүнийг яаж сурсныг нь гайхаж байна’
“Жон хариуд нь, ‘Тэгэхээр хонгор минь би хариулаад өгье Намайг өглөө эрт босоод цонхоо угаасныг чи мэдвэл сонирхолтой байх байх даа!’ гэлээ” (“Charity Never Faileth (Энэрэл хэзээ ч мөхдөггүй),” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 122).
-
Энэ түүхээс бид ямар сургамж авч болох вэ?
3 Нифай 14-т ариун сүм дээр нифайчуудад заасан Аврагчийн сургаалуудын үргэлжлэл байдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 3 Нифай 14:1–2-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, бусдыг шүүмжлэх тухайд Есүс Христийн өгсөн сэрэмжүүлгийг олж тодорхойлохыг хүс. Та 3 Нифай 14:2 дээрх хэмжих гэдэг үг нь хэмжих юм уу шүүх гэсэн утгатай болохыг тайлбарлаж болно. “Ямар шүүлтээр шүүнэ” гэсэн үг нь хүн бусад хүмүүсийг хэмжих юм уу шүүхдээ хэрэглэдэг жишгийг төлөөлдөг.
-
Та нар 3 Нифай 14:2 дээрх үнэнийг өөрийн үгээр хэрхэн илэрхийлэх вэ? (Суралцагчдын хариултууд дараах үнэнүүдийг тусгах ёстой: Бид бусдыг шүүж байгаа байдлаараа өөрсдөө шүүгдэх болно.)
Суралцагчдад 3 Нифай 14:1 дээрх “бүү шүүгтүн” гэсэн зарлигийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас бусдыг шүүхдээ зайлсхийх бидний шүүлтийн төрлүүдийг олж сонсохыг хүс.
“Эцсийн шүүлт … гэдэг нь бид бүгд үйлсийнхээ дагуу шүүгдэхээр Христийн шүүлтийн сэнтийний өмнө зогсох ирээдүйн үйл явдал юм. … ‘Бүү шүүгтүн’ гэсэн судрын тушаал нь маш тодорхойгоор энэ эцсийн шүүлтэд хамаатай гэдэгт би итгэдэг. …
“… Аврагч яагаад биднийг эцсийн шүүлтээр шүүхгүй байхыг тушаасан бэ? Энэ зарлиг нь бид аливаа хүнийг тодорхой нэг үйл юм уу тодорхой цаг үеийнх нь төлөө там руу (эсвэл тэнгэр рүү) явна хэмээн тунхаглах бүрдээ эцсийн шүүлт хийх хандлагатай байдаг учраас өгөгдсөн гэдэгт би итгэдэг. Бид үүнийг хийвэл—тийм ээ, үүнийг хийлгэх агуу уруу таталт бий—өөрсдийгөө болон бидний шүүх дүр үзүүлж буй тэр хүнийг шархлуулах болно. …
“… Сайн мэдээ бол найдварын сайн мэдээ бөгөөд бидний хэн нь ч хувийн нүглүүдийг цэвэршүүлэх, өршөөл, зохих нөхцөлд нь амьдралаа өөрчлөхийг авчирдаг Цагаатгалын хүчийг эсэргүүцэх эрх үгүй (“‘Judge Not’ and Judging (‘Бүү шүүгтүн’ ба шүүх нь),” Ensign, 1999 оны 8-р сар, 7, 9).
-
Ахлагч Өүксийн өгсөн мэдэгдэл та нарыг Аврагчийн “бүү шүүгтүн” тушаалыг ойлгоход яаж тусалсан бэ?
Модны жижиг зомгол зэрэг материалын үлдэгдэл хэсгийг үзүүл. Материалын үлдэгдлийг өөр үгээр үртэс гэдгийг тайлбарла. Тэгээд дүнз юм уу модны урт хэрчим үзүүл (эсвэл самбар дээр зур). Бид бусдыг шударга бусаар шүүснээр үүсэх асуудлуудыг ойлгоход туслахын тулд Аврагч үртэс болон дүнзийг ашигласныг тэдэнд мэдээл. Нэг суралцагчийг 3 Нифай 14:3–5-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас үртэс болон дүнз юуг төлөөлж байгааг бодохыг хүс.
-
Үртэс юуг төлөөлдөг вэ? (Бидний хэн нэгнээс харж байгаа алдаа.) Дүнз юуг төлөөлдөг вэ? (Бидний хийсэн алдаанууд.)
Аврагчийн адилтгал нь нүдэнд орсон зүйлс дээр төвлөрснийг цохон тэмдэглэ. Иймэрхүү зүйлс нь хүний хараанд нөлөөлдөг болно.
-
Бидний алдаа эндэгдэл бусдыг харах байдалд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
Суралцагчдыг ер нь бусад хүмүүсийг шүүмжлэх нь зохистой эсэх талаар бодоход урь. Тэдэнд энэ асуултыг эргэцүүлэн бодох хугацаа өг. Тэгээд Матай 7:1-ийн сүнслэг орчуулга дээр бошиглогч Иосеф Смит Аврагчийн бусдыг шүүх тухай сургаалыг тодруулсан гэдгийг тайлбарла. Иосеф Смитийн хэлснээр, Аврагч “Шүүгдэхгүйн тулд чи шударга бусаар бүү шүү. Харин зөв шударга шүүлтээр шүү” гэж хэлсэн (Иосеф Смитийн орчуулга, Maтай 7:1 [Maтай 7:1, зүүвэр тайлбар a]). Нэг суралцагчийг Итгэлдээ үнэнч байх нь дээрх дараах тайлбарыг уншихад урь:
“Бусдыг ямар нэг байдлаар шүүх нь буруу гэж зарим хүн үздэг. Бусдыг шударга бусаар шүүх буюу зэмлэх нь буруу байдаг ч та амьдралынхаа турш бодол санаа, нөхцөл байдал, хүмүүсийн талаар шүүн үзэх хэрэгтэй байдаг. Таныг шүүхийн тулд Их Эзэн олон зарлиг өгсөн билээ (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалтууд [2004], 90).
Аврагч зөв шударга дүгнэлт хийхийн ач холбогдлыг заасныг суралцагчид олж мэдэхэд туслахын тулд тэднийг 3 Нифай 14:6-г чимээгүй уншихад урь. Биднийг хийхийг зааварчилсан Түүний зарим дүгнэлтийг олж тогтоохыг тэднээс хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс.
-
Ариун зүйлсийг нохдод бүү өг эсвэл гахайн өмнө сувд бүү хая гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Ариун болох зарим нэг зүйлийг үнэлдэггүй эсвэл ариун байдлыг нь хүндэлдэггүй нэгэнтэй хуваалцах.)
-
3 Нифай 14:6 дахь Аврагчийн зөвлөгөө нь бусдыг шүүхдээ биднийг яах ёстой гэж шаардсан бэ?
Суралцагчдыг хариулсны дараа бидний зөв шударга шүүлт хийж байх ёстой бусад нөхцөл байдлын тухай ахлагч Даллин Х.Өүксийн хийсэн дараах мэдэгдлийг унш:
“Бид бүгд найз нөхдөө сонгох, цаг болон мөнгөө хэрхэн зарцуулахаа шийдэх мөн мэдээж мөнхийн ханиа сонгоход шүүлт хийдэг. …
“… Зөв шударга шүүлт нь уур хилэн, өс хонзон, атаархал эсвэл хувиа бодсон байдлаар бус харин Их Эзэний Сүнсээр удирдагдах ёстой” (“‘Judge Not’ and Judging (‘Бүү шүүгтүн’ ба шүүх нь),” 9).
-
Найз нөхдөө сонгох, цаг болон мөнгөө хэрхэн зарцуулахаа шийдэх, мөнхийн ханиа сонгох зэрэгт зөв шударга шүүлт хийх нь яагаад чухал вэ?
-
Бид бусдын талаар зөв шударга шүүлт хийж болох өөр ямар нөхцөл байдаг вэ? (Суралцагчид боломжтой ажил олгогчдын аль нэгийг сонгох эсвэл болзоонд явах урилгыг хүлээн авах эсэхээ шийдэх зэргийг дурдаж болно.)
3 Нифай 14:7–11
Аврагч Тэнгэрлэг Эцэгээс адислал эрэлхийлэх тухай заадаг
Суралцагчдыг 3 Нифай 14:7–11-ийг чимээгүй уншаад Тэнгэрлэг Эцэгийн бидний залбирлуудад хариулах хүслийн талаарх Аврагчийн сургаалуудыг олж мэдэхийг хүс. Төгс биш ч сайхан сэтгэлтэй дэлхийн хайрт эцгүүд маань хүүхдүүддээ чулуу ба могойнуудын оронд талх ба загас өгдөг бол бидний төгс сайхан сэтгэлтэй, хайрт Тэнгэрлэг Эцэг тусламж гуйсан хүүхдүүдийнхээ залбиралд зайлшгүй хариулна гэдгийг тайлбарла.
-
3 Нифай 14:7–11-т бид ямар зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчид янз бүрийн зарчмуудыг тодорхойлж болно. Таны цохон тэмдэглэж болох нэгэн зарчим бол Тэнгэрлэг Эцэг биднийг Түүнээс тусламж эрэн залбирахад адисалдаг.)
-
Тэнгэрлэг Эцэг та нарын залбиралд хариулах болно гэдгийг мэдэх нь та нарт яагаад чухал вэ?
-
Тэнгэрлэг Эцэг та нарын залбиралд хариулсан байдлаар нь Түүний та нарыг гэсэн хайрыг хэзээ та нар мэдэрсэн бэ? (Та суралцагчдад энэ асуултад хариулахаасаа өмнө эргэцүүлэн бодох хугацаа өгч болно…Мөн туршлагаасаа хуваалцаж болно.)
3 Нифай 14:12–27
Аврагч Тэнгэрлэг Эцэгийн хүслийг дагахын ач холбогдлыг заадаг
Суралцагчдыг 3 Нифай 14:12-ыг чимээгүй уншихад уриад энэ шүлгэн дэх Аврагчийн сургаал тэдэнд Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход хэрхэн тусалж чадах тухай бодохыг хүс.
-
3 Нифай 14:12 дахь зөвлөгөөг дуулгавартай дагах нь биднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болоход хэрхэн тусалж чадах вэ?
Аврагч үргэлжлүүлэн заахдаа Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэхийн ач холбогдлыг суралцагчид ойлгоход нь туслах хүчирхэг зүйрлэлийг Тэрээр хэрэглэсэн гэдгийг мэдээл.
Суралцагчдыг 3 Нифай 14 дээрх Аврагчийн адилтгалуудыг судлахдаа бэлтгэхэд нь тусалж дараах үйл ажиллагааг удирд:
Суралцагчдыг 2–4 бүлэгт хуваарил. Суралцагч бүрд хуудас цаас өг. Дараах судрын заалтуудыг самбар дээр бичээд бүлэг бүрд тэдгээрийн нэгийг даатга: 3 Нифай 14:13–14; 3 Нифай 14:15–20; 3 Нифай 14:24–27. (Хэрэв танай анги олон сурагчтай бол тодорхой судрын хэсгүүдийг нэгээс илүү бүлэгт даалган өг.) Суралцагчдыг дааж авсан судруудаа уншин, Аврагчийн ашигласан зүйрлэлүүдийн зургуудыг зурахыг хүс. Тэднээр мөн зүйрлэлээс сурсан зүйлийг нь бичүүл.
Хангалттай хугацааны дараа суралцагчдаар зургуудаа ангийнхандаа үзүүлснийхээ дараа сурсан зүйлийг нь тайлбарлуул. Суралцагчдыг юу сурснаа үзүүлж байх хооронд дараах маягаар асуултуудыг тавь:
-
Есүс Христийн сургаалуудыг дуулгавартай дагах нь нарийн замаар явахтай хэр адил вэ? Есүс Христийн сургаалуудыг эсэргүүцэх нь өргөн замаар явахтай хэр адил вэ? (3 Нифай 14:13–14-ийг үзнэ үү.) Аврагчийн сургаал зарим ямар арга замуудаар дэлхийн сургаалаас ялгаатай байдаг вэ?
-
Чоно яагаад хонины арьс нөмөрдөг вэ? (3 Нифай 14:15-ыг үзнэ үү.) Энэ харьцуулалт нь бидэнд хуурамч бошиглогчдын хүсэл болон үйлүүдийн талаар юу хэлж байна?
-
Хэрэв 3 Нифай 14:16–20 дээрх модод хүмүүсийг төлөөлж байгаа бол үр жимс нь юуг төлөөлж байна вэ? (Хариултууд нь хүмүүсийн бодол, үгс, үйл хөдлөл болон бусдад нөлөөлөх зэрэг байж болно.)
-
Бид Аврагчийн үгсийг сонсоод тэдгээрийг дагаснаар байшингаа хадан дээр барьсан хүнтэй хэрхэн адил байна вэ? (3 Нифай 14:24–25-ыг үзнэ үү.) Хэрэв бид Аврагчийн үгсийг дагахгүй байхаар шийдвэл байшингаа элсэн дээр барьсан хүнтэй хэрхэн адил байх вэ? (3 Нифай 14:26–27-г үзнэ үү.)
Суралцагчдыг үзүүлж, ярилцсаны дараа нэг суралцагчийг 3 Нифай 14:21–23-ыг чанга уншихад урь.
-
3 Нифай 14:21-ээс бид юу сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байх ёстой [энэ үнэнийг самбар дээр бич]: Бид тэнгэрийн хаант улсад орохын тулд Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэх ёстой.)
-
Энэ үнэн нь өргөн ба нарийн замууд, сайн болон муу модод мөн мэргэн хүн болон мунхаг хүний харьцуулалтыг хэрхэн өгүүлдэг вэ?
Суралцагчдад 3 Нифай 14-өөс сурсан зүйлээ эргэцүүлэн бодож мөн хэрэгжүүлэх хугацаа өг. Тэднийг 3 Нифай 14 дээрх Аврагчийн сургаалыг дагах хичээл зүтгэлээ хэрхэн сайжруулах тухай дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд урь. Цаг гарвал цөөн хэдэн суралцагчийг сурсан зүйлийнхээ талаар товч өгүүлэн, сурсан зүйлээ болон тэд юу хийх талаараа хуваалцахад урь. Та хичээлээ Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагаснаар хүлээн авсан адислалуудаа гэрчилснээр дуусгаж болно.