Номын сан
63-р хичээл: Moзая 21–22


63-р хичээл

Moзая 21–22

Оршил

Леменчүүдийн боолчлолоос өөрсдийгөө чөлөөлөхөөр гурван удаа оролдож, бүтэлгүйтсэний эцэст Лимхайн хүмүүс Их Эзэнд хандав. Үүний дараа Аммон ахан дүүсийнхээ хамт Лихай-Нифайн нутагт ирэв. Их Эзэнд үйлчлэх гэрээ хийсний дараа Лимхайн хүмүүс леменчүүдийн боолчлолоос оргон, Аммон тэднийг Зарахемла руу удирдан авч явав.

Заах зөвлөмж

Moзая 21:1–22

Лимхайн хүмүүс леменчүүдийн эсрэг гурван удаа босч, гурван удаа дийлдсэний дараа тэд өөрсдийгөө Их Эзэний өмнө даруусган, дэгжиж эхлэв

Боолчлол, чөлөөлөлт гэсэн үгсийг самбар дээр бич.

  • Эдгээр үгсийн тухай бодоход та нарт юу төсөөлөгдөж байна вэ?

  • Эдгээр үгс нь ямар сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой гэж та нар бодож байна вэ?

  • Эдгээр үгс нь авралын төлөвлөгөөтэй хэрхэн холбогдох вэ?

Moзая 21–24 дээр леменчүүдэд боолчлогдож байгаад Их Эзэнээр чөлөөлөгдсөн хоёр бүлэг хүмүүсийн тухай өгүүлдэг болохыг тайлбарла. Moзая 21–22-оос бид ёс бус үйлдлээсээ болж, боолчлогдсон Лимхай ба түүний хүмүүсийн тухай уншдаг. Тэдний нүглийн учир тэдний бие махбодын болон сүнслэг байдлын боолчлол нь ижил байв. Хоёр дахь бүлэг хүмүүсийн тухай өгүүлсэн Moзая 23–24-ийг дараагийн хичээл дээр үзэх болно. Энд баптисм хүртсэнийхээ дараа боолчлолд орж, зовж зүдэрсэн Алмагийн хүмүүсийн тухай өгүүлдэг. Энэ хоёр түүх хоёулаа биднийг нүгэл ба зовлон зүдгүүрээс чөлөөлөх Их Эзэний хүч чадлын тухай чухал үнэнүүдийг заадаг юм. Moзая 21–22-оос боолчлол ба чөлөөлөлтийн тухай судлах явцад нь тэднийг нүглээс чөлөөлөх Их Эзэний хүч чадлын тухай тунгаан бодоход нь дэмж.

Moзая 21:2–6-г дор бүрнээ уншихыг суралцагчдаас хүс. Лимхай болон түүний хүмүүст юу тохиолдож мөн тэд юу мэдэрч байсан тухай илэрхийлсэн үгс ба өгүүлбэрийг олохыг тэднээс хүс. Лимхайн хүмүүсийн туулсан бэрхшээлийг онцлон тэмдэглэхийн тулд та тэднээс Moзая 21:5 дээр байгаа “тэд өөрсдийгөө чөлөөлж чадах зам үгүй байв” гэсэн үгсийг тэмдэглэхийг хүс.

  • Хүмүүс өөрсдийгөө даруусгаагүй мөн Их Эзэн рүү хандаагүй байгааг Moзая 21:6-д хэрхэн өгүүлсэн байна вэ?

  • Ёс бус байдлаас ангижрахын тулд Лимхайн хүмүүс ямар шийдэлд хүрсэн бэ?

Лимхайн хүмүүс леменчүүдийн боолчлолоос чөлөөлөгдөхийн тулд гурван удаа дайтсан боловч удаа бүр ялагдан, агуу их хохирол амссан гэдгийг хэлэн, Moзая 21:7–12-ыг тоймлон дүгнэ.

  • Гурван удаагийн бүтэлгүй оролдлогынхоо дараа Лимхайн хүмүүс юу мэдэрсэн байж болох вэ?

Хүмүүс юу хийсэн тухай мэдэхийн тулд цөөн хэдэн суралцагчаас Moзая 21:13–16-г чанга уншихыг урь. Дараах асуултуудын заримыг нь эсвэл бүгдийг нь асуу:

  • Гурван удаа ялагдсаныхаа дараа хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • Moзая 21:15-аас харахад Их Эзэн тэдний залбирлыг сонсохдоо яагаад удаан байсан бэ?

  • Moзая 11:23–25 дээр чөлөөлөгдөхийг хүссэн залбирлаа Их Эзэнд сонсгохын тулд хүмүүсийг юу хий хэмээн Абинадай хэлсэн бэ?

  • Тэд боолчлолоос тэр даруй чөлөөлөгдөөгүй ч тэднийг наманчилж эхлэнгүүт Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан бэ? (Тэднийг хариулах үед Moзая 21:16 дээрх “бага багаар дэгжиж” гэдэг үгсийг судар дээр нь тэмдэглүүл.)

  • Энэ түүх нь хүмүүс өөрсдийгөө даруусган, наманчилж мөн Түүнээс тусламж хүсэх үед Их Эзэн юуг хийх тухай зааж байна вэ?

Лимхайн хүмүүс леменчүүдэд боолчлогдож байсан үлдсэн хугацаанд нь Их Эзэн тэднийг өлсгөхгүйн тулд дэгжүүлсэн гэдгийг хэлж Moзая 21:16–22-ыг тоймло. Тэр үед “леменчүүд болон Лимхайн хүмүүсийн дунд дахин зөрчил гарсангүй” (Moзая 21:22).

Лимхайн хүмүүсийн түүхээс сурсан зарчмаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Тэд өөр өөр зарчим сурсан байж болох ч “бид өөрсдийгөө даруусган, Их Эзэнээс тусламж эрэн, нүглээ наманчлах аваас Тэр бидний залбирлыг сонсон, Өөрийн тогтоосон цагт бидний нүглийн ачааг хөнгөлөх болно” гэдэг зарчмыг ойлгосон байх ёстой.(Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно. Та мөн энэ зарчмыг судар дээрээ Moзая 21:15–16-гийн хажууд эсвэл судар судлах тэмдэглэл юм уу хичээлийн дэвтэртээ бичихийг тэдэнд санал болгож болно.)

  • Их Эзэн бидний нүглийн ачааг хөнгөлөхийг хүлээх нь ямар ач холбогдолтой гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад сурсан зарчмаа амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах асуултын талаар тунгаан бодож мөн хариултаа судар судлах тэмдэглэлдээ бичих хэдэн минутыг олго. (Та асуултаа самбар дээр бичиж болно.)

  • Их Эзэний та нарыг нүглээс чөлөөлөх хүчийг эрэлхийлэх юуг та нар хийж байна вэ?

  • Их Эзэний тусламжийг эрэлхийлэх үедээ та нар хэрхэн “бага багаар дэгжсэн” бэ?

Moзая 21:23–22:16

Лимхай, Аммон, Гидеон нар хүмүүсийг боолчлолоос оргуулахын тулд хамтдаа чармайж мөн Зарахемла руу буцдаг

Тэмдэглэл: Та суралцагчдад Moзая 7, 8-д Аммон болон түүний ах дүүс хаан Лимхай ба түүний хүмүүсийг олсон тухай гардаг гэдгийг сануул. Дараагийн 14 бүлэг буюу Moзая 9–22 нь Аммон Лимхайн хүмүүсийг олохоос 80 орчим жилийн өмнөөс эхэлсэн түүхийг агуулсан. Энэхүү түүхийн төгсгөлд өмнөх бүлгүүдэд өгүүлсэн зарим үйл явдлыг давтсан байдаг. Тийм учраас Moзая 21:23–30-ийн ихэнх агуулга нь Moзая 7–8 болон Moзая 18-д гардаг. Суралцагчдад Moзая 21:23–30 дээр өгүүлсэн үйл явдлуудыг санахад нь туслахын тулд энэхүү гарын авлагын төгсгөл дэх хавсралтад байгаа Moзая 7–24-ийн түүхүүдийн товч дүгнэлтийг харах хэрэгтэй.

Лимхайн хүмүүс Их Эзэний наманчлах уриалгыг эсэргүүцсэн учраас ёс бус байдалд орсон гэдгээ ухаарсан гэдгийг суралцагчдад сануул (Moзая 12:1–2; 20:21-ийг үзнэ үү). Лимхайн хүмүүс өөрсдийн нүглийг ухаарснаар наманчлал ба хөрвөлтийн үйл явцаа эхэлсэн. Наманчлалын дараах тодорхойлолтыг хуваалц:

“Таныг энэ амьдрал болон мөнх амьдралын туршид аз жаргалтай байхад [наманчлал] зайлшгүй шаардлагатай. Наманчлал нь буруу зүйл хийснээ ухаарахаас илүү зүйлийг шаарддаг. Энэ нь оюун ухаан, зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. … Нүглийг орхиж, уучлалын төлөө Бурхан руу эргэх нь наманчлал юм. Энэ нь Бурханыг хайрлах хайр ба Түүний зарлигуудыг дагах чин сэтгэлийн хүслээр өдөөгддөг” (True to the Faith: A Gospel Reference [2004], 132).

Moзая 21:32–35-ыг дор бүрнээ уншихыг суралцагчдаас хүс. Лимхайн хүмүүс наманчлан мөн Их Эзэн рүү зүрх сэтгэлээ хандуулсан тухай өгүүлсэн үгс ба өгүүлбэрүүдийг олохыг тэднээс хүс. Та тэднээс эдгээр үгс ба өгүүлбэрүүдийг тэмдэглэж авахыг хүсч болно. Олсон хэсгийнхээ тухай хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс. (Лимхай ба түүний хүмүүсийн олон нь Бурханд үйлчлэн мөн баптисм хүртэж, Бурханд бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэх хүсэлтэй байж, Түүний зарлигуудыг дагах гэрээнд орсон гэдгийг тэд хариултдаа багтаах ёстой.)

Лимхайн хүмүүс Түүний гэрээ болон зарлигуудыг хүндлэн сахиснаар Их Эзэн тэднийг боолчлолоос чөлөөлөхөд тусалсан болохыг ойлгоход нь суралцагчдад тусал. Хичээл эхлэхээс өмнө дараах асуултууд ба судрын эшлэлүүдийг самбар дээр бич:

Аммон ах дүүстэйгээ ирснээр Лимхайн хүмүүсийн залбирлын хариу хэрхэн хариулагдсан бэ? (Moзая 7:14–15, 18–20; 21:14–15, 22–24-ийг үзнэ үү.)

Тэд Их Эзэний тусламжийг эрэлхийлэн залбирахаас гадна, Лимхайн хүмүүс чөлөөлөгдөхийн тулд Гидеоны удирдлагаар юу хийсэн бэ? (Moзая 21:36; 22:1–10-ыг үзнэ үү.)

Лимхайн хүмүүс аюулгүй оргоход Их Эзэн тусалсан тухай эдгээр шүлэгт хэрхэн өгүүлсэн байна вэ? (Moзая 22:11–16; 25:15–16-г үзнэ үү.)

Суралцагчдыг гурван бүлэгт хуваа. Самбар дээрх асуултуудын холбогдох судрын хэсгийг судлан, нэг нэг асуултад хариулахад бэлтгэхийг тэднээс хүс. Хэдэн минутын дараа бүлэг бүрээс нэг нэг суралцагчийг гарч ирэн бэлдсэн хариултаа хэлэхийг хүс. Moзая 7–24 дээр өгүүлсэн аяллуудын тоймыг дүрсэлсэн график дээр нь “Лимхайн хүмүүсийн орголт”-ыг нэмж зуруулбал сайн. (Энэхүү гарын авлагын төгсгөлд байгаа хавсралтаас бүрэн графикийг үзнэ үү.) Та суралцагчдад Лимхайн хүмүүст юу тохиолдсон болохыг Мормоны Номын хавчуургаас олж харахыг санал болгож болно (Moзая 22:13–14-ийг үзнэ үү).

Зураг
Moзая 7–24-т өгүүлсэн аялалууд

Бидэнд Лимхайн хүмүүсийн адилаар бие махбодоороо боолчлолоос чөлөөлөгдөх шаардлагагүй ч бид бүгдээрээ нүглээсээ чөлөөлөгдөх хэрэгтэй байдаг.

  • Moзая 21–22-оос та нар биднийг нүглээс ангижруулах Их Эзэний хүч чадлын тухай юу сурсан бэ?

Биднийг нүглээс чөлөөлж чадах Их Эзэний хүч чадлын тухай гэрчлэлээ хуваалц. Бид өөрсдийгөө даруусган, Их Эзэнийг дуудан мөн нүглээ наманчлах аваас Тэр бидний залбирлыг сонсон, Өөрийн тогтоосон цагт бидний нүглийн ачааг хөнгөлөх болно гэдгийг онцлон хэл.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moзая 21:15, 29–30. Нүгэл үйлдсэнээр ирэх зовлон шаналал нь зорилгыг агуулсан байдаг.

Бид хаан Лимхайн хүмүүсийн адил нүгэл үйлдчихээд, наманчлахгүй аваас өөрсөд дээрээ—сүнслэг байдлын мөн заримдаа бие махбодын шаналалыг авчирдаг. Далын ахлагч Кэнт Ф.Ричардс бидний сүнслэг байдлын эдгэрэлт ба өсөлтөд нүглээс ирэх зовлон шаналал яагаад чухал байж болох тухай ийн тайлбарласан:

“Зовлон шаналал нь эдгэрэлтийн үйл явцыг хянахад тусалдаг. Энэ нь бидэнд тэвчээртэй байхад сургадаг.

“Ахлагч Орсон Ф.Витни бичихдээ: “Бидний туулсан зовлон шаналал, бэрхшээл бүр үр дүнгүй өнгөрдөг зүйл биш юм. Энэ нь биднийг тэвчээр, итгэл, хүч чадалтай байж бас даруу төлөв зан чанаруудаа хөгжүүлэхэд мөн бидний боловсрол олж авахад тусалдаг. Зовлон шаналал ба шаргуу хөдөлмөрөөр дамжуулан бид энэ дэлхий дээр өсөж хөгждөг юм” гэжээ.

“Үүнтэй ижил төстэй зүйлийг Ахлагч Робэрт Д.Хэйлс хэлсэн байдаг:

“Зовиур та нарыг бодож тунгаахад хүргэдэг даруу зан руу хөтөлдөг. Би өөрөө үүнийг даван туулсандаа баяртай байдаг юм.

Бие махбодын зовиур болон эдгэрэх … наманчлахад сүнсний зовиур эдгэрэхтэй нэн ойролцоо болохыг би олж мэдсэн” (“Цагаатгал бүх өвчнийг эдгээдэг,” Ensign эсвэл Лиахона 2011 оны 5-р сар, 15).

Moзая 21:15–16. Зовлон шаналалтай үед та нарын зан ааш ямар байдаг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Ж.Скотт зовлон шаналалтай үедээ бид ямар зан аашаас зайлсхийж, ямар болохыг хичээх хэрэгтэй тухай ийн заасан:

“Та нүглээсээ чөлөөлөгдөхийн тулд даруухнаар, Есүс Христэд итгэлтэйгээрэрэлхийлэх аваас Их Эзэн танд тэнгэрлэг хүчтэй тайвшралыг өгөх болно.

Намайг хэн ч ойлгохгүй байна, би үүний учрыг олж чадахгүй байна эсвэл хэрэгтэй тусламжаа авч чадахгүй байна гэх мэтээр хэзээ ч бүү ярь. Эдгээр үгс нь таныг өөртөө бууж өгөхөд хүргэх болно. Та өөртөө итгэж найдан, хичээл зүтгэл гаргахгүй юм бол танд хэн ч тусалж чадахгүй. Таны хувийн өсөлт хөгжилт үүнийг шаарддаг. Таагүй байдал, өвчин зовлон, бэрхшээл, гашуудалгүйгээр амьдрахыг бүү хичээ. Учир нь эдгээрийг хайрт Эцэг маань бидний хувийн өсөлт хөгжилт ба ойлголтыг хөгжүүлэхэд ашигладаг юм. Есүс Христэд итгэлтэй байх аваас танд туслах болно гэдгийг судруудад дахин дахин баталсан байдаг. Христэд итгэлтэй байна гэдэг нь Түүнд болон Түүний сургаалуудад итгэлтэй байна гэсэн үг юм. Итгэл нь найдвар руу хөтөлдөг ба найдвар нь Түүний анхаарал, хайр ба биднийг эдгээх, зовлонг маань хөнгөлөх Түүний хүчийг мэдрэхэд, Христийн цэвэр хайр буюу энэрэлээр ирдэг юм” (“To Be Healed,” Ensign 1994 оны 5-р сар, 8).

Хэвлэх