Номын сан
Хичээл 44: Иаков 2:12–35


Хичээл 44

Иаков 2:12–35

Оршил

Санваарын удирдагчийн хувьд өөрийн үүрэг хариуцлагын дагуу Иаков өөрийн хүмүүсийг бардамнал ба бэлгийн ёс бус харьцааны нүглүүдээс сэргийлэн, тэднийг наманчлалд дуудсан. Тэр өргөн дэлгэрсэн хоёр нүглийн аюул болоод үр дагавруудын талаар заасан.

Заах зөвлөмж

Иаков 2:12–21

Иаков тэдний бардамналын төлөө өөрийн хүмүүсийг зэмлэсэн.

Дараах зүйлийг самбар дээр бич: мөнгө, оюун ухаан, найз нөхөд, авьяас, сайн мэдээний мэдлэг. Суралцагчдыг эдгээрээс өгсөн Их Эзэний адислалуудын талаар бодоход урь. Тэднийг Иаков 2-оос суралцангаа эдгээр адислалын талаар юу мэдэрч байгаагаа төсөөлөн бодохыг урамшуулан дэмж.

Нэг суралцагчаар Иаков 2:12–13-ыг чангаар уншуул. Ангийнхныг уншиж байгаа шүлгийг даган харж, нифайчуудын ихэнх нь юуг эрэлхийлж байсныг олж мэдэхэд урь.

Суралцагчдыг хариулсны дараа Иаков өөрийн хүмүүст “хангагч ариун мутраар” дамжуулан баялаг олж авсан болохыг нь хэлдгийг онцлон тэмдэглэ. Та нар хангагч гэсэн үг Бурханыг хэлж байгааг тайлбарлаж болно.

  • Бүх адислал Тэнгэрлэг Эцэгээс ирдэг болохыг бид санаж байх нь яагаад чухал вэ?

  • Иаков 2:13 дээр өгүүлсэнчлэн яагаад ийм олон нифайчууд бардамналд автсан бэ?

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг чангаар уншихыг хүс. Ангийнхнаас бардамналд автана гэдэг ямар утгатай болохын гол учгийг олж сонсохыг хүс:

Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф

“Бардамналын бодит шинж нь харьцуулах нүгэл юм. Учир нь энэ ихэнхдээ ‘Хар даа, би ямар гайхамшигтай юм бэ. Би ямар агуу зүйлс хийв ээ’ гэж эхлээд эцэстээ байнга ‘Тэгэхээр би чамаас хамаагүй дээр’ гэж боддог. …

“… Энэ нь “Бурхандаа баярлалаа, би танаас илүү онцгой нэгэн” гэж бодох нүгэл юм. Үүний мөн чанар нь бахдах эсвэл атаархах хүсэл юм. Энэ нь өөрийгөө өргөмжлөх нүгэл мөн” (“Pride and the Priesthood,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 56).

Суралцагчдыг дор бүрнээ ямар нэгэн байдлаар өөрсдийгөө хэн нэгнээс илүү гэж бодож байсан эсэхийнхээ талаар тунгаан бодохыг урамшуулан дэмж.

Нэг суралцагчаар Иаков 2:14–16-г чангаар уншуул. Ангийнхнаас бардамналын үр дагаврыг үзүүлсэн хэллэгүүдийг олохыг хүс. Тэднийг олсон зүйлээ тайлагнахыг хүс.

  • Яагаад бардамнал “бидний бодгалийг устгах” хүчтэй байдаг вэ? (Иаков 2:16)

Суралцагчдыг Иаков 2:17–21–ийг дор бүрнээ чимээгүйхэн уншихыг хүс. Тэднээс бидэнд бардамнал болон хөрөнгө мөнгөнд шунасан зохисгүй зан төлөвийг хэрхэн даван гарахыг заасан хэллэгүүдийг эрж олохыг хүс. Олсон хэллэгүүдээ тэмдэглэхийг санал болгож болно. Эдгээр шүлгийг судалсныхаа дараа олсон нэг хэллэгийг сонгохыг тэднээс хүс. Хэдэн суралцагчид сонгосон хэллэгүүд нь хэрхэн бардамнал эсвэл хөрөнгө мөнгөнд шунасан зан төлөвийг даван гарахад тусалж буйг тайлбарлах боломж олго. (Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон суралцагчдаас дараах судруудыг уншихыг санал болгож болно:  Хаадын дээд 3:11–13; Maрк 10:17–27, тайлбар зүүлт 27a дээрх Жозеф Смитийн орчуулгыг оролцуулан; 2 Нифай 26:31; Aлмa 39:14; C ба Г 6:7.)

  • Бурханы хаант улсыг эрэлхийлнэ гэдэг нь ямар утгатай вэ? Христэд найдварыг олж авна гэдэг юу гэсэн үг вэ?

  • Бурханы хаант улсыг эрэлхийлэх, Христэд найдварыг олж авах нь бидний хөрөнгө болоод материаллаг зүйлсийг хүсэмжлэх зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ?

Суралцагчдаас Иаков 2:12–21-ийн гол санааг өнөөдөр хичээлд ирээгүй хэн нэгэн суралцагчийн төлөө хэрхэн дүгнэж болохыг төсөөлөхийг хүс. Хоёр юм уу гурван суралцагчид юу гэж хэлэх байсныг нь хуваалцах боломжийг олго. Суралцагчид олон янзын үнэн зарчмуудыг мэдэгдэж болно. Бид бусад бүх сонирхлоосоо илүүтэй Бурханы хаант улсыг эрэлхийлэх ёстойг тэд ойлгосон эсэхийг баталгаажуул. Өөрсдийн судрын тэмдэглэл дээр эсвэл хичээлийн дэвтэртээ Их Эзэний тэдэнд Бурханы хаант улсыг байгуулж, бусдын амьдралыг адислахад зориулан өгсөн адислалууд болон боломжуудыг ашиглах нэг арга замыг бичих цаг хугацааг өг.

Иаков 2:22–35

Иаков ариун явдлын хуулийг гуйвуулан завхруулсан хүмүүсийг зэмлэдэг

Самбар дээр ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг бич:

“Энэ үеийнхний нүгэлт тахал бол …”

Ерөнхийлөгч Бэнсон энэ өгүүлбэрийг хэрхэн төгсгөсөн талаар бодохыг суралцагчдаас хүс. Тэгээд дараах мэдэгдлийг унш:

“Энэ үеийнхний нүгэлт тахал бол ёс суртахуунгүй бэлгийн харилцаа юм. Энэ нь аливаа бүхнээс илүүтэйгээр Израилийн ахлагчдад асар их уруу таталт, асар их зөрчил мөн асар их хүндрэлүүдийн эх үүсвэр нь байх болно хэмээн бошиглогч Иосеф Смит хэлсэн (The Teachings of Ezra Taft Benson [1988], 277).

Суралцагчдыг Иаков 2:22–23, 28–г дор бүрнээ Иаковын ёс суртахуунгүй бэлгийн харилцааны ноцтой байдлыг дүрслэхэд ашигласан үгс ба хэллэгүүдийг тодруулангаа, чимээгүйхэн уншихыг хүс. (Магадгүй та нар завхайрагсад гэдэг үг бэлгийн харилцааны нүгэлтэй хамаатай гэдгийг тайлбарлаж болох юм.) Суралцагчдаас өөрсдийн олсон үгс ба хэллэгүүдийг хуваалцахыг хүс.

Суралцагчдад ариун явдлын хуулийг ойлгоход нь туслахын тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос дараах мэдэгдлийг унш. Тэдний зайлсхийх ёстой үйлдлүүдийг сонсохыг хүс.

“Бэлгийн харилцааны талаарх Их Эзэний жишиг тодорхой бөгөөд хувирдаггүй. Гэрлэлтээс өмнө ямар ч бэлгийн харилцаанд бүү ор, гэрлэлтийн дараа ч эхнэр нөхөртөө чин үнэнч бай. …

“Бэлгийн харилцааны нүгэлд хөтлөх аливаа зүйлийг бүү хий. Бусдыг хүндэтгэн харьцаж, хэзээ ч битгий тачаангуй хүслийнхээ бай болго. Тачаангуй үнсэлцэх, өөр хүний дээр гарч хэвтэх эсвэл өөр хүний нууцлаг, нандин газруудад хувцастай болон хувцасгүйгээр хүрэх зэрэг зүйлсийг хийж болохгүй. Бэлгийн харилцааны мэдрэмжүүдийг өдөөх зүйлсийг бүү хий. Эдгээр сэтгэл хөдлөлийг өөртөө бүү өдөө” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [pamphlet, 2001], 27).

Иаков 2:23–24-т хэлсэнчлэн Иаковын өдрүүдэд өөрсдийн бэлгийн харилцааны нүгэлт байдлыг зөвтгөх гэсэн зарим хүнийг нэрлэ.

  • Өнөөдөр хүмүүс хэрхэн заримдаа ёс суртахуунгүй бэлгийн харилцааг зөвтгөхийг эрэлхийлж байна вэ?

  • Бэлгийн харилцааны уруу таталтуудаас зайлсхийж, даван туулахын тулд залуучууд юу хийж болох вэ? (Хариултууд хүчтэй байхын төлөө залбирах, сайн найз нөхөдтэй байх, эрүүл сайн сайхан үзвэр зугаа цэнгэлийг сонгох мөн уруу таталт байж болох нөхцөл байдал, газруудаас зайлсхийх зэрэг байж болно.)

Нифайчуудын дунд байсан нүглүүдийн нэг нь зөвшөөрөгдөөгүй олон эхнэртэй байх нүгэл гэдгийг хэл. Суралцагчдыг Иаков 2:27–30–г дор бүрнээ чимээгүйхэн уншихыг хүс. Тэднийг уншихын өмнө магадгүй татвар эм гэсэн үгийн утгыг тухайн эртэй албан ёсоор гэрлэсэн боловч эхнэрээс доод зэрэглэлийн эмэгтэй гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх.

  • Иаков 2:27 дээр бичсэнчлэн нэгээс илүү эхнэртэй байхтай холбоотой “Их Эзэний үг” юу байсан бэ? (Эхлэлээс эхлэн эрэгтэй хүн нэг эмэгтэйтэй гэрлэсэн байх ёстой хэмээн Их Эзэн зарлигласан нь тодорхой болохыг нотол. Мөн C ба Г 49:15–16-г үз.)

Зөвшөөрөгдөөгүй олон эхнэртэй байх нь завхайрлын жишээ буюу бэлгийн харилцааны нүгэл гэдгийг тайлбарла. Бурханы мэлмийд бэлгийн харилцааны нүглүүд нь маш ноцтой нүгэлд тооцогддог.

  • Иаков 2:30 дээр бичсэнчлэн Их Эзэний хүмүүст хэзээ олон эхнэртэй байхыг зөвшөөрөх вэ? (Их Эзэн үүнийг зарлиглах үед)

Дэлхийн түүхийн тодорхой нэг цаг үед Их Эзэн Өөрийн хүмүүсийг олон эхнэртэй байхаар зарлигласан гэдгийг онцлон тэмдэглэ. Жишээлбэл, Хуучин Гэрээний Абрахам ба Сариа нарын үед олон эхнэртэй байсан (Эхлэл 16:1–3; C ба Г 132:34–35, 37-г үз) мөн тэдний ач хүү Иаков (C ба Г 132:37), Иосеф Смитээс эхлэн Сүм сэргээгдсэний дараахан эхэн үед ийм байсан (C ба Г 132:32–33, 53-г үз).

Ёс суртахуунгүй бэлгийн харилцаа гэр бүлүүдийг хөнөөх нөлөөтэй гэдгийг тодотгохын тулд Иаков 2:31–35-г чангаар унш. Суралцагчдаас дор бүрнээ уншиж, ёс суртахуунгүй байдлын үр дагавруудыг олохыг хүс. Хэдийгээр Иаков зөвхөн эрчүүдэд хандан хэлж байгаа ч ариун явдлын хууль нь эмэгтэйчүүдэд мөн чухал ач холбогдолтой гэдгийг онцлон хэл.

  • Иаковын сургаалын дагуу гэр бүлийн гишүүн ариун явдлын хуулийг зөрчихөд гэр бүлд хэрхэн нөлөөлөх вэ? Ариун явдлын хуулийг зөрчих нь яагаад ийм ноцтой нүгэл гэдгийг тайлбарлахад энэ нь хэрхэн тусалж байна вэ?

  • Тэдний үйлдэл хэнийг ч гэмтээхгүй тул ариун явдлын хуулийг зөрчиж болно гэж зарим залуу хүн учирладаг. Хэн нэгэн хүний ёс суртахуунгүй байдал бусдад хэрхэн нөлөөлж болох вэ?

Бэлгийн харилцааны нүглийн үр дагавруудын талаарх хэлэлцүүлгийн төгсгөлд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг уншингаа цэгнэн бодоорой. Суралцагчдыг ёс суртахуунгүй бэлгийн харилцааны үр дагавруудыг сонсоход урь.

Ахлагч Ричард Г.Скотт

“Гэрлэлтийн мөнхийн амлалтуудаас гадуурх иймэрхүү ойртон дотносох үйлдлүүд нь Түүний зорилгыг сүйтгэдэг тул Их Эзэн үүнийг цээрлэдэг. Гэрлэлтийн нандин гэрээн дэх ийм харилцаан нь зөвхөн Түүний төлөвлөгөөний дагуу л байдаг. Аливаа бусад арга зам нь Түүний тааллын эсрэг зүйл юм. Тэдгээр нь ноцтой сэтгэл санааны болоод сүнслэг гэмтлийн шалтаг нь болдог. Хэдийгээр одоо болж байгаа зүйлийг үйлдэгч нь ойлгохгүй байсан ч дараа нь тэд ойлгох болно. Ёс суртахуунгүй бэлгийн харилцаа Ариун Сүнсний хамаг өөдрөг, гэгээлэг мөн хүчирхэг байдлын нөлөөнд саад болдог. Энэ нь бие болон сэтгэл санаанд асар ихээр нөлөөлдөг. Барагдашгүй дур хүсэл зөрчил гаргагчийг улам ноцтой нүгэл рүү хөтөлдөг. Амин хувиа хичээсэн байдал, харгислал, үр хөндөлт, бэлгийн дарангуйлал ба хүчирхийлэл зэрэг түрэмгий үйлдлүүдийг бий болгодог. Иймэрхүү өдөөлт ижил хүйстэн болох үйлдлүүдэд хөтөлдөг ба тэд бүгд хилэнцэт мөн үнэхээр буруу юм” (“Making the Right Choices,” Ensign, 1994 оны 11-р сар, 38).

Суралцагчдаас Иаков 2:28 –ын эхэн хэсгийг дахин уншиж, Их Эзэн үүн дээр юунд баясаж буйг тодруул. (Олсон зүйлээ тэмдэглэхийг тэднээс хүсч болно. Суралцагчид Их Эзэн ариун явдалд баясдаг-ийг ойлгосон эсэхийг тодотго.)

  • Өнөөдрийн хэлэлцсэн зүйл дээр үндэслэн, Их Эзэн яагаад ариун явдалд баясдаг гэж бодож байна вэ?

Гэр бүлийн зураг үзүүлэнгээ энэ талаар тунгаан бод. Их Эзэний өгсөн ариун явдлын хуулийн дагуу амьдарснаар танд болон гэр бүлд тань ирсэн адислалуудаас гэрчил. Хүүхэдтэй болох хүч нь Түүний тогтоосон хүрээнд ашиглах үед энэ нь Тэнгэрлэг Эцэгийн гайхамшигтай бэлэг гэдгийг онцлон хэл. Суралцагчдыг Их Эзэн “[өөрсдийн] ариун явдалд баясдаг” (Иаков 2:28) байхын тулд ариухан, цэвэр байхыг урамшуулан дэмж.

Суралцагчдад ариун явдлын хуулийн дагуу амьдарч байгаа талаар гэрчлэлээ хуваалцахад нь туслах зорилгоор та нар дараах асуултуудыг асууж болно:

  • Ариун явдлын хууль нь үеэ өнгөрөөсөн, шаардлагагүй хууль гэж үзэж байгаа хэн нэгэнд та юу гэж хэлэх вэ? (Суралцагчид энэ асуултанд хариулахдаа зөвхөн энэ хуулинд дуулгаваргүй байсны аюулыг тоочоод зогсохгүй ариун явдлын хуулийг сахиснаар ирсэн адислалуудаасаа гэрчлэхийг сануулж болно.)

Ёс суртахууны хувьд цэвэр байж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэдэнд хэл. Хэрэв тэд ариун явдлын хуулийн эсрэг нүгэл үйлдсэн бол тэдэнд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчилж, цэвэр ариун болоход туслах өөрсдийн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөс тусламж эрэлхийлэх ёстой.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Иаков 2:17 “Хөрөнгөөрөө өгөөмөр сэтгэлтэй бай”

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бид гачигдалд байгаа хүмүүст туслах мацгийн өргөлийг өргөдөг. Сүмийн удирдагчид биднийг өргөлөө өгөөмөр сэтгэлээр өгөхийг урамшуулан дэмждэг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жозеф Б.Вөртлин хэр зэрэг өргөл өргөх талаар зөвлөсөн:

“Бид мацгийн өргөлд хэдийг төлөх ёстой вэ? Хайрт ах эгч нар минь, ядуусыг адислах өргөлийн хэмжүүр тань Тэнгэрлэг Эцэгийнхээ талархлыг хэмжих хэмжүүр юм. Ийм элбэг дэлбэгээр адислагдсан бид тусламж хэрэгтэй хүмүүст нуруугаа харуулна гэж үү? Өгөөмрөөр мацгийн өргөлөө төлөх нь бусдын зовлон зүдгүүрийг хөнгөлөх гэсэн бидний бэлэн байдал юм.

“Намайг бүрэн цагийн номлолд дуудагдахад манай тойргийн бишоп байсан, дараа нь Сүмийн Тэргүүн Зөвлөлийн гишүүнээр үйлчилсэн Марион Г.Ромни ах: “Өөрсдийгөө өсгөхийн тулд өгөхдөө өгөөмөр бай. Зөвхөн ядуусын тусын тулд өгөх бус, харин өөрийн сайн сайхны төлөө өг. Өөрийн баялаг, цаг завыг Бурханы хаант улсад өөрийгөө зориулж болохын тулд хангалттай өг” (“The Law of the Fast,” Ensign, 2001 оны 5-р сар, 75; Maрион Г.Ромни, “The Blessings of the Fast,” Ensign, 1982 оны 7-р сар, 4 эшлэл) хэмээн сануулсан.

Иаков 2:23–30. Олон эхнэртэй байх

Иаковын өдрүүдэд зарим Нифайчууд Давид, Соломон нарын үлгэр жишээг дагаж байна гэж хэлээд олон эхнэртэй байхыг хэрэгжүүлж эхэлсэн. Иаков үүнийг дор хаяж хоёр шалтгааны учир буруушаасан:

  1. Их Эзэн бошиглогч Лихайгаар дамжуулан хүмүүс олон эхнэртэй байж болохгүй хэмээн зарлигласан (Иаков 2:27, 34-г үз).

  2. Давид ба Соломон нар зохистой үлгэр жишээ байгаагүй. Хэдийгээр тэдний өдрүүдэд Их Эзэний зарлигуудтай зөрчилдөн тэд олон эхнэртэй гэрлэсэн ч тэд мөн бэлгийн харилцааны нүгэл үйлдсэн (Иаков 2:24; C ба Г 132:38–39-г үз).

Олон эхнэртэй байхтай холбогдуулан Их Эзэн “Хэрэв би … надад үр удмыг өсгөхийг хүсвэл, би өөрийн хүмүүст зарлиглах болно; өөрөөр бол тэд эдгээр зүйлийг анхааран сонсох болно” (Иаков 2:30) гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Их Эзэний гол зарлиг бол олон эхнэртэй бүү бай гэсэн юм. Гэвч өөрөөр хэлбэл богино хугацаанд, гэрээнд төрж, сайн мэдээн дээр төвлөрсөн орон гэрт өсч хүмүүжих илүү олон хүүхдүүдийг дэлхийд авчрахыг Тэрээр хүсч, Түүнд “үр удмыг өсгөх” шаардлагатай гэж үзсэн үедээ Өөрийн хүмүүст олон эхнэртэй байхыг зарлиглах болно. Бошиглогч Иосеф Смитийн илчлэлтээр дамжуулан Бурханы удирдамжинд дуулгавартай байхаар зарим Хожмын Үеийн Гэгээнтнүүд 1800-гаад оны үеэр хэдэн жил энэ ёсыг дагасан байдаг(C ба Г 132-г үз). 1890 онд Сүмийн нөхцөл байдал болон Нэгдсэн Улсын хуулиуд өөрчлөгдсөн тул Их Эзэн дараа нь Сүмийн Ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Ерөнхийлөгч Вилфорд Вудраффт илчлэлтээр ёсыг дагах Өөрийн зөвшөөрлийг буцаан авсан (С ба Г, Албан Тунхаг 1-г үз). Тэр үеэс хойш олон эхнэртэй байх ёсыг Их Эзэн зөвшөөрөөгүй буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээр зөвшөөрөгддөггүй. Энэ ёсыг үйлдсэн аливаа хожмын үеийн гэгээнтэн Сүм дэх өөрийн гишүүнчлэлийг алдах шалтаг болно. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хэлэхдээ:

“Энэ Сүм олон эхнэртэй байх ёсыг огт хэрэгжүүлдэггүй гэдгийг би хариуцлагатайгаар тунхаглаж байна. Тийм хүмүүс байгаа бол тэд энэ Сүмийн гишүүд биш. Тэдний ихэнх нь хэзээ ч энэ сүмийн гишүүд байгаагүй байдаг. Тэд иргэний хуулийг зөрчигчид мөн. Тэд хуулийг зөрчигчид гэдгээ ч мэддэг. Тэд шийтгэл хүлээх ёстой.

“Хэрэв манай гишүүдээс олон эхнэртэй байх тохиолдол гарвал тэд Сүмийн хамгийн хатуу шийтгэлийг хүлээх буюу гишүүнчлэлээс хасагдана. Тэд зөвхөн иргэний хуулийг зөрчөөд зогсохгүй энэ Сүмийн хуулийг мөн зөрчдөг. Бидэнд итгэлийн тунхаг байдаг. Үүн дээр “Хаад, ерөнхийлөгчид, удирдагчид, мөн шүүгчдэд захирагдаж хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж, мөн дэмжих ёстой гэдэгт бид итгэдэг” (ИТ 1:12). … гэж тунхагладаг.

“Зуу гаруй жилийн өмнө Бурхан Өөрийн бошиглогч Вилфорд Вудраффт олон эхнэртэй байх ёс халагдах ёстой буюу нэг үгээр одоо энэ нь Бурханы хуулийн эсрэг болох болно гэдгийг тодорхой илчилсэн. Иргэний болон шашны хуулийн ёсоор олон эхнэртэй байх нь зөвшөөрөгдсөн улс орнуудад ч гэрлэлт нь ганц байх ёстой бөгөөд олон эхнэртэй байх ёсыг хэрэгжүүлэх явдлыг хүлээн авах ёсгүй гэдгийг Сүм заадаг” (“What Are People Asking about Us?” Ensign, 1998 оны 11-р сар, 71–72.