Номын сан
13-р хичээл: 1 Нифай 10–11


13-р хичээл

1 Нифай 10–11

Оршил

Нифай өөрийн эцэг Лихайн үзэгдлийн талаар сонсоод эцгийнхээ харж бас сонссон зүйлийг өөрөө харж, сонсож, мэдэхийг хүсдэг (1 Нифай 10:17-г үз). Тэрээр эцгийнхээ заасан зүйлийг тунгаан бодох зуураа “Их Эзэний Сүнсэнд автагдан алс одож” (1 Нифай 11:1), өөрөө үзэгдэл хүлээн авсан байдаг. Энэ үзэгдлийн талаар 1 Нифай 11–14-т өгүүлсэн юм. Бид 1 Нифай 11-ээс амьдралын мод, төмөр бариул, агуу хийгээд нүсэр барилга болон Аврагчийн төрөлт, баптисм, номлол, цовдлолтын талаар уншдаг. Нифай эдгээр зүйлийн талаар гэрчилж, Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрлах хайрыг ухаарсан байдаг.

Заах зөвлөмж

1 Нифай 10:1–16

Лихай Мессиагийн талаар бошиглов

Лихай амьдралын модны үзэгдлийнхээ тухай хэлсний дараа өөр бусад зүйлийн талаар бошиглосон гэдгийг суралцагчдад хэлж, 1 Нифай 10:1–16-г товч дүгнэ. Түүний бошиглолууд Есүс Христ хэзээ дэлхийд ирэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг (1 Нифай 10:4-ийг үз), Иохан Баптистаар хүртээлгэсэн Түүний баптисм (1 Нифай 10:7–102-ыг үз), Түүний Цагаатгал, амилалт (1 Нифай 10:11-ийг үз) болон Израилийн тараагдалт, цугларалтыг (1 Нифай 10:12–14-ийг үз) багтаасан байдаг.

Нэг суралцагчаас 1 Нифай 10:4–6-г чангаар уншихад урь. (Та мөн Мессиа гэдэг нь “‘тослогдсон’ гэсэн утгатай эртний еврей болон арамей хэлнээс гаралтай үг юм. Шинэ Гэрээнд Есүсийг Христ гэж нэрлэдэг. Христ гэдэг нь Мессиа -тай адил утгатай грек үг юм. Энэ нь бошиглогч, прист, xаан буюу иудейчүүдийн маш ихээр хүсэн хүлээж байсан Аврагч гэсэн утгатай юм” [Судруудын удирдамж, “Мессиа”, scriptures.lds.org; мөн Bible Dictionary, “Messiah”-г үз]).

  • Лихайн бошиглолд Аврагч хэзээ ирнэ гэсэн бэ? (1 Нифай 10:4-ийг үз.)

  • Хэрэв хүн төрөлхтөн Аврагчид найдахгүй бол тэдэнд юу тохиолдох бол? (1 Нифай 10:6-г үз.)

1 Нифай 10:17–22; 11:1–6

Нифай эцгийнхээ заасан үнэнийг харж, сонсож, мэдэхийг хүсдэг.

Суралцагчдаас дараах жишээний талаар бодохыг хүс: Гурван залуу эрэгтэй нэг Сүмийн цуглаанд оролцжээ. Гэртээ ирснийхээ дараа тэдний нэг нь уйтгартай, цаг үрсэн цуглаан боллоо гэж бодсон байна. Нөгөөдөх нь цуглаан эгэл жирийн сайхан боллоо гэж боджээ. Гурав дахь нь Ариун Сүнсээр өргөгдөж, өөрийн амьдралд сүнслэг нөлөө, удирдамжийг хүлээн авч, бүр цуглаан дээр заасан зүйлсээс илүүг сурчээ.

  • Гурван залуу эрэгтэй нэг цуглаанд оролцсон боловч хэрхэн өөр өөр мэдрэмж, сэтгэгдэлтэй байна вэ?

Энэ жишээ нь эцгийнхээ бошиглол, үзэгдлийг сонсоод өөр өөр сэтгэгдэлтэй байсан Лемен, Лемүел, Нифайн туршлагатай адилхан юм. Лемен, Лемүел хоёр эцгийнхээ үгсийг ойлгоогүй бөгөөд сонссон зүйлдээ эргэлзжээ (1 Нифай 15:2-ыг үз). Харин Нифай ойлголтын төлөө Их Эзэнд ханджээ. Тэрээр илчлэлтийг эрэлхийлж, хүлээн авахын гайхамшигт жишээг үзүүлсэн юм.

Суралцагчид Нифайн туршлагын талаар суралцсанаар тэдэнд илчлэлт эрэлхийлж, хүлээн авахад нь туслах зарчмуудыг олж мэднэ гэдгийг хэл. Лихайн адилаар илчлэлтийг хүлээн авахад өөрт нь тусалсан юуг Нифай хийснийг олохыг суралцагчдаас хүс.

Ангийг гурван бүлэг болгон хуваа. Бүлэг бүрд дараах хүснэгтэн дэх 3 бүлэг асуултын нэгийг нь даалга. (Та хичээл эхлэхээс өмнө хүснэгтийг самбар дээр бичиж болно.) Суралцагчдыг 1 Нифай 10:17 болон 11:1–6-г дотроо уншиж, оноогдсон асуултынхаа хариуг бэлтгэхэд урь.

Хүсэл

Нифай юуг харж, сонсож, мэдэхийг хүссэн бэ?

Бидний хүсэл бидний илчлэлт хүлээн авах чадварт хэрхэн нөлөөлөх вэ?

Би Их Эзэнээс юуг мэдэхийг хүсч байна вэ?

Итгэл

Нифай илчлэлтийг эрэлхийлэхдээ ямар итгэлийг үзүүлсэн бэ?

Эдгээр итгэл илчлэлт хүлээн авах бидний чадварт хэрхэн нөлөөлөх вэ?

Би Есүс Христэд итгэх итгэлээ болон Түүний талаарх гэрчлэлээ хэрхэн өсгөх вэ?

Тунгаан бодох

Нифайг тунгаан бодох зуур юу тохиолдсон бэ?

Тунгаан бодох нь яагаад илчлэлт рүү хөтөлдөг вэ?

Би бошиглогчдын үгсийг илүү хичээнгүйгээр тунгаан бодохын тулд юу хийж болох вэ?

Бүлэг бүрээс хэдэн суралцагчийг урьж, оноогдсон эхний хоёр асуултандаа хариулахыг урь. (Та мөн суралцагчдаас гурав дахь асуултанд хариулахыг урьж болно. Гэхдээ хэтэрхий хувийн шинжтэй хариултуудыг хэлэхгүй байхыг анхааруулах хэрэгтэй.)

Суралцагчдыг 1 Нифай 10:19-г чангаар уншихыг урь.

  • Хэн Бурханы нууцыг мэдэж чадах вэ?

  • Ямар хүчээр Бурханы нууцууд илчлэгддэг вэ?

  • Бид Ариун Сүнсний хүчээр илчлэлт хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?

  • Хичээнгүйлэн эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ?

  • Нифай эцгийнхээ заасан зүйлсийг харж, сонсож, мэдэхийг хичээнгүйлэн эрэлхийлсэн гэдгээ батлах юуг хийсэн бэ?

Дараах үгсийг самбар дээр бич:

Бурхан … үнэнийг илчилдэг

Суралцагчдаас самбар дээрх өгүүлбэрийг бүрэн болгож, Нифайн туршлагаас сурсан зүйлээ дүгнэхийг хүс. Суралцагчид өөр өөр үгийг хэлж болох ч тэдний хариулт Бурхан Өөрийг нь хичээнгүйлэн эрэлхийсэн хүн бүрд үнэнийг илчилдэг болохыг харуулах ёстой. (Та мөн энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

Суралцагчдаас Бурханыг хичээнгүйлэн эрэлхийлснээр Түүний Сүнсийг мэдэрч, илчлэлт хүлээн авсан туршлагаа хуваалцахыг урь. (Илчлэлт нь шийдвэр гаргахдаа удирдамж хүлээн авах, ойлголтоо дээшлүүлэх, тайтгарал хүлээн авах, ямар нэгэн зүйл үнэн гэсэн баталгааг хүлээн авах болно гэдгийг сануулах хэрэгтэй.) Суралцагчдыг бусад суралцагчид туршлагаа хуваалцахыг урь. Та мөн Их Эзэнийг хичээнгүйлэн эрэлхийлэхийн тулд хичээснээр хүлээн авсан гэрчлэлээ хуваалцаж болно.

1 Нифай 11:7–36

Нифай Бурханы хүлцлийн талаар гэрчлэв

Нифай үзэгдлийнхээ үеэр үргэлжлүүлэн тунгаан бодож, бурханлаг удирдамжийг эрэлхийлсэн гэдгийг тайлбарла. Нифай өөрийнхөө болон эцгийнхээ харсан мөнөөх модны учир утгыг ойлгохыг хүсэх үед тэнгэр элч түүнд үзэгдсэн юм. Тэнгэр элч “Эцгийнхээ харсан тэр мод ямар утгатайг мэдэв үү” гэж асуусан юм. (1 Нифай 11:21). Хэсэг суралцагчаас 1 Нифай 11:18–23-г ээлжлэн чангаар уншуулснаар модны утгыг дүгнэ.

  • Нифай модны талаар ямар утгатай гэж хэлсэн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа та Нифай бяцхан Есүсийг тэврэн зогсч буй Мариаг харсан бөгөөд тэнгэр элч бяцхан хүүг “Мөнхийн Эцэгийн Хүү” хэмээн таниулсан гэдгийг онцолж болно. Дараа нь тэнгэр элч Нифайгаас мод Есүс Христийг төлөөлж байгааг мэдэхэд нь туслахын тулд модны утга нь юу болохыг асуудаг. Нифай энэ нь “Бурханы хайрыг” төлөөлж байгаа гэж хариулахдаа Бурханы хайрыг Түүний Хүүгийн бэлгээр дүрслэн хэлдэг. Бид Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг хүртсэнээр Бурханы хайраас хүртдэг.)

  • Нифай болон тэнгэр элч Бурханы хайрыг хэрхэн дүрсэлсэн бэ?

Нэг суралцагчаас 1 Нифай 11:16-г уншихыг хүс. (Хүлцэл гэдэг үг нь нэр хүнд, сүр жавхлангаас өөрийн хүслээр татгалзах гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Та мөн суралцагчдыг уг тайлбарыг судар дээрээ 1 Нифай 11:16-н хажууд бичихэд урьж болно.)

Суралцагчдыг 1 Нифай 11:17-г чанга уншсанаар Нифайн тэнгэр элчид хариулсан хариултыг олохыг урь.

  • Нифай юуг мэдэж байсан бэ?

  • Нифай юуг мэдээгүй вэ?

Нифайг хариулсны дараа тэнгэр элч түүнд Бурханы хайрыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Бурханы хүлцлийн зарим жишээг үзүүлсэн юм. Суралцагчдад “Бурханы хүлцэл” нь Бурхан Эцэг болон Есүс Христийг хоёуланг нь төлөөлдөг гэдгийг тайлбарла.

Бурхан, бидний Тэнгэрлэг Эцэгийн хүлцлийн талаар тайлбарласан Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн үгийг хуваалц.

“Бурханы хүлцэл нь өргөмжлөгдсөн Бие болох Тэрбээр мөнхийн суудлаасаа мөнх бус Хүүгийн Эцэг болохоор бууж ирсэн гэдэг үнэн дээр тулгуурладаг” (The Mortal Messiah [1979], 1:314).

Есүс мэндэлсэн нь

Суралцагчдад “Бурханы хүлцэл” нь хэрхэн Есүс Христийг мөн дурдаж байгааг ойлгоход нь туслахын тулд Есүс мэндэлсэн нь зургийг үзүүл (62116; Сайн мэдээний зургийн ном [2009], дугаар 30). Нэг суралцагчаас 1 Нифай 11:13–21 -ийг чангаар уншихад урь. Өөр нэг суралцагчаас эдгээр шүлгүүд энэ зурагтай хэрхэн холбогдож байгааг асуу. Далын ахлагч асан Гералд Н.Ландын дараах үгсийг нэг суралцагчаар уншуул. Суралцагчдаас Аврагч бидний төлөөх Өөрийн хайрыг гэрчилсэн арга замуудыг олж сонсохыг урь.

“Бурхан Тэргүүтний гишүүн, Эцэгийн Ууган Хүү, Бүтээгч, Хуучин Гэрээний Иехова болох Есүс Өөрийн тэнгэрлэг, ариун сэнтийг орхиж, энэ бүх алдар суу, сүр хүчнээс татгалзаж, бяцхан хүүгийн биенд орсон бөгөөд Өөрийн дэлхийн эцэг, эхээс бүрэн хамааралтай болж, тэдний гарт даатгагдсан юм. Тэр дэлхийн хамгийн тансаг орд харшид төрж, үнэт эрдэнэсээр даруулах бус харин энгийн нэг малын тэвшинд төрөх ёстой байлаа. Тэнгэр элч Нифайд “Бурханы хүлцэлийг болгоогтун!” хэмээн хэлсэнд гайхах юун.” (Jesus Christ, Key to the Plan of Salvation [1991], 16).

  • Аврагчийн төрөлт биднийг хайрладаг Түүний хайрыг хэрхэн харуулж байна вэ?

Мөнх бус амьдралаар амьдрах Аврагчийн бэлэн байдал Түүний хайрыг харуулж байгаа нь тодорхой гэдгийг баталгаажуул.

Христ Бетзада цөөрөмд өвчтөнийг эдгээсэн нь

Есүс Иайрын охиныг амилуулсан нь (62231; Сайн мэдээний зургийн ном, дугаар 41) мөн Христ Бетзада цөөрөмд өвчтөнийг эдгээсэн нь (Сайн мэдээний зургийн ном, дугаар 42) зургийг үзүүл. Нэг суралцагчийг 1 Нифай 11:28 болон 31-ийг чангаар уншихыг урь. Суралцагчдыг зураг хэрхэн эдгээр шүлгүүдийг илэрхийлж байгааг олохыг урь.

  • Аврагч хэнд номлож, хэнийг эдгээж байгааг Нифай харсан бэ?

  • Аврагчийн үйлдэл Түүний хайрыг хэрхэн харуулж байна вэ?

Нэг суралцагчийг 1 Нифай 11:32–33-г чангаар уншихыг урь. Суралцагчдаас Аврагчийн хайрын агуу жишээг олж сонсохыг хүс.

Цовдлолт

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа Цовдлолт зургийг үзүүл (62505; Сайн мэдээний зургийн ном, дугаар 57).

Есүс Христийн хүлцэл Бурханы бидний төлөөх хайрыг нотолдог гэдгийг гэрчил. Бид Тэнгэрлэг Эцэгийн оршихуй руу гэртээ эргэж очиж болохын тулд Аврагч мөнх бус амьдралаар амьдарч, өвчтэй болон зовлонтой хүмүүст номлож, тэднийг эдгээж, бидний нүглийн төлөө нас барахыг хүлцсэн юм.

  • Аврагчийн хүлцэл, хайрын тухай мэдэх нь Түүний талаарх таны сэтгэгдэлд хэрхэн нөлөөлж байна вэ?

Суралцагчдыг Бурханы хайр хэрхэн тэдэнд “хамгийн ихээр хүслийг татагч”, “хамгийн их баясгалант” байдгийг хуваалцахыг урьж дараа нь хичээлээ төгсгө (1 Нифай 11:22–23-ыг үз). Бид Нифайн жишээг дагаж, Бурханыг хичээнгүйлэн эрэлхийлснээр Түүний хайрыг мэдэрч, Христийн Цагаатгалаар боломжтой болсон адислалуудыг хүртсэнээр ирэх баяр баясгаланг мэдэрнэ гэдгийг гэрчил.

Суралцагчдыг илчлэлт эрэлхийлэхдээ Нифайн жишээг дагахыг урь. Семинарын ангийн суралцагчдын хувьд тэдний үүргийг болон өдөр тутам судрыг итгэл, зүтгэлтэйгээр уншиж, ангидаа идэвхтэй хамрагдах нь Сүнсээр сурах тэдний чадварт нөлөөлнө гэдгийг сануул.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

1 Нифай 10:17–19. Ариун Сүнсний хүчээр сурах нь

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Расселл М.Нелсон Ариун Сүнсний хүчээр сайн мэдээний үнэнийг сурах бидний хэрэгцээг онцолсон юм.

“Их Эзэний жишгээр амьдрах нь биднийг Ариун Сүнсний бэлгийг дэмжиж, тэтгэхийг шаарддаг. Энэхүү бэлэг нь бидэнд сургаалыг ойлгож, хувийн амьдралдаа хэрэгжүүлэхэд тусалдаг. Илчлэлтээр ирдэг үнэнийг зөвхөн илчлэлтээр л ойлгож болдог учраас бид залбиралтайгаар суралцах ёстой (“Living by Scriptural Guidance,” Ensign, 2000 оны 11-р сар, 17).

1 Нифай 11:1. Тунгаан бодохын ач холбогдол

Далын Ахлагч Гералд Н.Ланд илчлэлтийг эрэлхийлэх явцдаа тунгаан бодохын ач холбогдлыг заасан юм:

“Тунгаан бодож, бясалгахад цаг гарга. Амьдралын хөл үймээн, чимээ шуугианаас хол бай. Өөрийнхөө бодол, мэдрэмжийг сонсож, өөрийгөө Сүнсний өдөөлтөнд нээж өгөхийн тулд чимээгүй газар хайж олон суугаад, тунгаан бодох цаг гарга. Дараах бошиглогчид чухал илчлэлтүүдийг хүлээн авахынхаа өмнө юу хийж байсныг анхаар. Нифай: ‘Би ийн дотроо тунгаан суух зуур’ (1 Нифай 11:1). Иосеф Смит болон Сидней Ригдон: ‘Бид эдгээр зүйлийг бясалгаж байх үед’ (С ба Г 76:19). Иосеф Ф.Смит: ‘Бибээр судруудын талаар тунгаан бодсоор өрөөндөө сууж байлаа; мөн бясалган байсан буюу’ (С ба Г 138:1–2). Иосеф Смит: ‘Миний оюун ухаан буурь суурьтай бясалгалд ороод байв. Би … [Иаковын үгсийн талаар] ахин дахин тунгаан бодсон’ (ИС—Т 1:8, 12).

Заримдаа бид дэлхийн анхаарлын төвөөс холдож, өдөр тутмын амьдралын асуудлуудыг хойш тавин, анир чимээгүй газрыг хайж олон суугаад, тунгаан бодож, бясалган намуухан, зөөлөн дуу хоолойн шивнээг сонсох цаг гаргах ёстой” (“The Voice of the Lord” [Brigham Young University devotional address, 1997 оны 12-р сарын 2], 9–10, speeches.byu.edu).