Номын сан
64-р хичээл: Moзая 23–24


64-р хичээл

Moзая 23–24

Оршил

Алма болон түүний хүмүүс хаан Ноагийн цэргүүдээс зугтаасныхаа дараа зөв шударга хотыг үүсгэн байгуулсан юм. Хэдийгээр тэд сайн мэдээнд хөрвөсөн ч гэлээ, зовлон зүдгүүр ба бэрхшээлүүдийг амссаар байлаа. Леменчүүд тэднийг боолчилсон. Алма болон түүний хүмүүс итгэлтэй мөн тэвчээртэй байсан тул Их Эзэн тэдний зовлонг хөнгөлж, эцэст нь тэднийг боолчлолоос чөлөөлсөн билээ. (Moзая 23–24 нь Moзая 19–22-той цаг хугацааны хувьд ойролцоо гэдгийг тэдэнд хэл.)

Заах зөвлөмж

Moзая 23:1–20

Алма болон түүний хүмүүс хаан Ноагийн цэргүүдээс зугтан, зөв шударга хотыг үүсгэн байгуулахад Их Эзэн тусалсан

Алма Мормоны Усанд баптисм хүртээж буй зургийг тэдэнд үзүүл (62332; Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], 76-р зураг). Зурган дээр хүмүүст баптисм хүртээж буй хүний тухай юу мэдэхийг нь суралцагчдаас асуу. (Хэрэв тэд сайн хариулж чадахгүй бол Алма болон түүний хүмүүс Мормоны Усны ойролцоо байгаа тухай Moзая 18-ын бүлгийн тоймыг уншихыг санал болго.)

Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болго. Тэднээс Moзая 23:1–5, 19-ийг ээлж дараалан уншихыг хүс. Алма болон түүний хүмүүсийг наманчилж, зөв шударгаар амьдрахыг сонгох үед Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан тухай олж уншихыг суралцагчдаас хүс. (Та тэднээс судрын эдгээр хэсгийг тэмдэглэхийг хүсч болно.) Тэднээс уншсан зүйлийнхээ тухай тайлагнахыг хүс.

Moзая 7–24 дээр өгүүлсэн аяллуудын тоймыг дүрсэлсэн графикаа харахыг тэднээс хүс. Графикийн тохирох хэсэгт Хиламын нутгийг зурахад нь тэдэнд тусал. Тэднээр мөн Мормоны Уснаас Хиламын нутаг руу сум зуруулж, уг сумаа “Алма ба түүний хүмүүс замд гарсан нь” хэмээн нэрлэ. (Энэхүү гарын авлагын төгсгөлд байгаа хавсралтаас бүрэн графикийг үзнэ үү.)

Moзая 7–24-т өгүүлсэн аяллуудын тойм

Зураг
Moзая 7–24-т өгүүлсэн аялалууд

Moзая 23:6–14 дээр Алмаг хаан болгох гэсэн хүмүүсийн хүсэлтийг тэрээр хүлээн аваагүй тухай гардаг гэдгийг товчхон тайлбарла. Moзая 23:9–10, 12-ыг чанга унших нэг суралцагчийг урь. Хаан Ноа өөрт нь болон түүний хүмүүст хэрхэн нөлөөлсөн тухай Алмагийн тайлбарыг олж уншихыг тэднээс хүс. Уншсан зүйлийнхээ тухай тайлагнахыг суралцагчдаас хүс.

  • “Урхинд орсон” ба “алдсын хүлгээр хүлэгдсэн” гэдэг үгс нь нүглийн үр дагаврын тухай юу зааж байна вэ?

  • Хийсэн нүглийнхээ үр дагавруудыг ухаарах нь яагаад бидэнд тустай вэ?

  • Наманчилсныхаа дараа “зовлонт” наманчлалыг санах нь яагаад чухал вэ?

Moзая 23:13-ыг чанга унших нэг суралцагчийг урь. “Та нар чөлөөлөгдсөн энэ эрх чөлөөндөө бат зогс” гэсэн Алмагийн зөвлөгөөнд анхаарлаа хандуул.

  • Энэ зөвлөгөө нь наманчлалын үйл явцтай хэрхэн холбогдох вэ? (Их Эзэн биднийг нүглээс чөлөөлөн, бид уучлалтын эрх чөлөөг мэдэрсэн бол энэхүү эрх чөлөөгөө хэвээр хадгалахын тулд зөв шударга сонголтуудыг хийх ёстой.)

Moзая 23:14–18-ыг дор бүрнээ уншаад өөрсдийн эрх чөлөөг хадгалах тухай Алма хүмүүстээ юу заасан тухай олохыг хүс. Цөөн хэдэн суралцагчаас уншсан зүйлийнхээ талаар тайлагнахыг хүс.

Moзая 23:19–20-ийг чанга унших нэг суралцагчийг урь. Зөв шударгаар амьдрахыг сонгосон хүмүүсийг Их Эзэн адисалсан тухай өгүүлбэрийг олохыг тэднээс хүс (“үлэмж дэгжиж”).

  • Алма болон түүний хүмүүсийн туршлагаас сурсан зүйлээ та нар хэрхэн тоймлох вэ? (Суралцагчид бид зөв шударгаар амьдрахыг сонгох үед Их Эзэн биднийг адисалж мөн нүглийн хүлээснээс чөлөөлдөг гэсэн хариултыг өгөх ёстой.)

  • Энэ зарчим та нарын эсвэл та нарын найз, гэр бүлийн гишүүний тань амьдралд биеллээ олохыг та нар харж байсан уу? (Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд анхааруул.)

Зураг
Alma Baptizes in the Waters of Mormon

Moзая 23:21–29

Леменчүүдийн арми ба Ноагийн ёс бус санваартнууд Алма болон түүний хүмүүсийг боолчлолд оруулсан нь

Зөв шударга хүмүүст ч бэрхшээл тулгардаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгсийг уншиж, өөрсдийн амьдралд нь үүнтэй төстэй зүйл тохиолдож байсан тэр үеэ бодохыг суралцагчдаас хүс:

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Бид хэдий зохистой, зөв шударга, [Бурханы] зарлигуудад дуулгавартай амьдарсан ч … сорилт шаардлагатай байдаг. Бүх юм хэвийн, болж бүтэж байгаа мэт санагдаж эхлэнгүүт бидэнд өч төчнөөн сорилт нэг зэрэг ирэх нь олонтоо тохиолддог” (“Trust in the Lord,” Ensign 1995 оны 11-р сар, 16).

Moзая 23:21–22-ыг уншаад яагаад Их Эзэн зөв шударга хүмүүст сорилт, бэрхшээлүүдийг өгдөг тухай олж мэдэхийг суралцагчдаас хүс. Тэднийг уншсан зүйлийнхээ тухай ярьсны дараа Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд маань бидэнд туслахын тулд Их Эзэн бидний тэвчээрийг сорьдог гэдгийг ойлгоход нь тусал.

Судар судлах тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ дараах асуултуудыг бичихийг тэднээс хүс. Moзая 23-ын үлдсэн хэсгийг судлах үедээ эдгээр асуултуудын тухай тунгаан бодохыг тэднээс хүс. Тэд хариултуудаа шууд бичихгүй харин хичээлийн төгсгөл үед таныг бич гэхэд бичих ёстой.

  • Та одоо ямар бэрхшээл сорилттой тулгарч байгаа вэ?

  • Бэрхшээл сорилттой тулгарсан үедээ та Бурханд итгэх итгэлээ хэрхэн ашиглаж болох вэ?

Moзая 23:23–29-ийг уншихыг суралцагчдаас хүс. Алма болон түүний хүмүүс хэрхэн соригдож мөн тэд Бурханд итгэх итгэлээ хэрхэн үзүүлсэн тухай олж уншихыг суралцагчдаас хүс.

  • Сорилт бэрхшээлтэй тулгарсан үедээ бошиглогчдын зөвлөгөөг дагаж мөн залбирах нь бидэнд яаж тусалдаг вэ? (Эдгээр нь биднийг итгэл ба тэвчээрээ нэмэгдүүлэхэд тусалж чадна. Эдгээр нь мөн биднийг хүч чадал, хувийн илчлэлт, амар амгаланг хүлээн авч, сорилт бэрхшээлээ даван туулах итгэлтэй байхад тусалдаг.)

Moзая 23:30–24:25

Алма болон түүний хүмүүс дарамт хавчлаганд орж зовдог боловч Их Эзэн зовлонг нь хөнгөлж, тэднийг гайхамшигтайгаар чөлөөлдөг

Леменчүүд болон леменчүүдийн хаантай Амюлон ямар харилцаатай байсныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Moзая 23:30–39 ба 24:1–7-г нэгтгэн дүгнэ. Амюлон бол хаан Ноагийн ёс бус санваартнуудын удирдагч (Абинадайг дэмжсэнийх нь төлөө Алмаг хөөн зайлуулсан) байсан гэдгийг тайлбарла. Амюлон болон бусад бусармаг санваартнууд өөрсдийн лемен эхнэрүүдийнхээ хамтаар леменчүүдтэй нэгдсэн юм. Амюлон леменчүүдийн хааны тааллыг олж, Хилам нутаг дахь нифайчууд түүний дотор Алмагийн хүмүүсийг удирдахаар томилогдсон ажээ.

Нэг суралцагчийг гарч ирэхийг уриад, түүнд хоосон үүргэвч үүрүүл. (Тэр судраа ашиглах хэрэгтэй болно.) Өдөржин хоосон үүргэвч үүрэх амархан уу гэж суралцагчдаас асуу. Moзая 24:8–11-ийг чанга унших нэг суралцагчийг урь. Уг суралцагчийг уншиж байх хооронд Алма болон түүний хүмүүст тулгарсан бэрхшээл бүрийн тоогоор чулуу мэтийн ямар нэг хүнд зүйлийг нөгөө суралцагчийн хоосон үүргэвчинд хий. Суралцагчийг уншиж дууссаны дараа өдөржин хүнд үүргэвч үүрч явах нь амархан байх болов уу гэж асуу. (Түүнийг суу гэж хэлтэл уг суралцагч хүнд үүргэвчээ үүрээд, самбарын өмнө зогсч байх ёстой.) Суралцагчдаас дараах асуултыг асуу:

  • Бидний амьдралд тэдгээр чулуу буюу хүнд зүйлс нь юуг төлөөлж байна вэ?

  • Ийм ачаа дарамт нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Moзая 24:10–12-ыг чанга унших нэг суралцагчийг урь. Алмагийн хүмүүс өөрсдийн зовлон зүдгүүрийг давах тусламжийг авахын тулд юу хийсэн талаар олохыг ангийнхнаас хүс. Уншсан зүйлийнхээ тухай хуваалцахыг тэднээс хүс.

  • Хүнд хэцүү цагт залбирал бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Бурхан “[бидний] зүрх сэтгэл дэх бодлуудыг” мэддэг гэдгийг мэддэг байх нь яагаад бидэнд тайвшралыг өгдөг вэ?

Алмагийн хүмүүс тусламж хүсэн үргэлжлүүлэн залбирсаар байсан учир тэдэнд юу тохиолдсон тухай Moзая 24:13–15-аас уншихыг тэднээс хүс.

  • Их Эзэн Алмагийн хүмүүст юу амласан бэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд та—Их Эзэн бидний зовлон зүдгүүрийг хөнгөлдөг болохыг үзүүлэхийн тулд нэг эсвэл хоёр суралцагчаар хүнд үүргэвч үүрсэн суралцагчийн үүргэвчийг доороос нь өргүүлэн туслуул.) Уг амлалт нь Мормоны Усанд хийсэн тэдний гэрээтэй хэрхэн холбогдох вэ? (Мозая 18: 8–10-ыг үзнэ үү.)

  • Их Эзэн биднийг зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлүүдээс тэр даруй ангижруулдаггүй гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Алма болон түүний хүмүүс өөрсдийн зовлон зүдгүүрт хэрхэн хандсан байдлаас бид юу сурч болох вэ?

  • Их Эзэн танд сорилт бэрхшээл эсвэл зовлон зүдгүүрээ давах хүч өгснийг та хэзээ мэдэрч байсан бэ?

Moзая 24:16–17, 21-ийг дор бүрнээ уншихыг суралцагчдаас хүс. Хүмүүс зовлон зүдгүүртээ хэрхэн хандсан мөн Их Эзэн тэдэнд яаж тусалсан тухай өгүүлсэн үгс ба өгүүлбэрийг олж уншихыг тэднээс хүс. Нэг юм уу хоёр суралцагчаас хүмүүсийн үйлдэл ба Их Эзэний үйлдлийн хоорондын холбоог өөрсдийн үгээр тайлбарлахыг хүс. Самбар дээр дараах зарчмыг бич: Бид Их Эзэний хүслийг тэвчээртэй дагах аваас Тэрээр бидэнд хүч чадал өгч мөн Өөрийн тогтоосон цагт биднийг зовлон зүдгүүрээс маань чөлөөлөх болно.

Самбарын өмнө зогсож байгаа суралцагчаас үүргэвчээ буулгахыг хүс. Хүнд ачаагүй байх нь ямар санагдаж байгааг түүнээс асуу. Уг суралцагчаас Moзая 24:21–22-ыг уншихыг хүс. Эдгээр хэсэгт өгүүлсэн хүмүүстэй тэр суралцагч юугаараа төстэй байгааг та түүнээс асууж болно.

Их Эзэн леменчүүдийг гүн нойронд автуулсан учраас Алма болон түүний хүмүүс зугтаах боломжтой болсон Moзая 24:18–25-ыг товчхон дүгнэ. Их Эзэн Алма болон түүний хүмүүсийг Зарахемла руу чиглүүлсэн бөгөөд тэнд тэднийг хаан Мозая баяртайгаар хүлээн авчээ. Алма болон түүний хүмүүс “Их Эзэн Бурханаас нь өөр хэн ч тэднийг чөлөөлж чадахгүй байсан” гэдгийг мэдэж байсан тул “Бурханд талархлаа уудлан илэрхийлэв” (Moзая 24:21; мөн Moзая 25:16).

Moзая 7–24 дээр өгүүлсэн аяллуудыг дүрсэлсэн график дээр нь Хиламын нутгаас Зарахемлагийн нутаг руу чиглэсэн нэг сум зуруул. Энэ сумаа “Алмагийн хүмүүсийн орголт” хэмээн нэрлүүл.

Зураг
Moзая 7–24-т өгүүлсэн аялалууд

Хичээлийн эхэнд бичсэн судрын тэмдэглэл дэх хоёр асуултад хариулахыг хичээлийн төгсгөлд хүс. Зовлон бэрхшээлээ мөн тэдгээрийг даван туулахад Бурхан тэдэнд туслах болно гэсэн итгэлээ хэрхэн хөгжүүлж болох тухай тунгаан бодохыг тэднээс хүс. Хэрэв бид Их Эзэний хүслийг тэвчээртэйгээр гүйцэлдүүлэх юм бол Тэрээр биднийг хүчирхэгжүүлж мөн Өөрийн тогтоосон цагт биднийг зовлон зүдгүүрээс маань чөлөөлөх болно гэсэн өөрийн гэрчлэлийг хуваалц. Та тэднээс Их Эзэн тэднийг зовлон зүдгүүрээ даван туулахад хэрхэн хүчирхэгжүүлсэн тухай туршлагаасаа хуваалцахыг хүсч болно.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moзая 21–24. Лимхайн болон Алмагийн хүмүүсийн боолчлолд байсан үеүдийн хоорондын харьцуулалт

Лимхайн хүмүүс

Алмагийн хүмүүс

Маш их цус урсгасны дараа тэд боолчлолд орсон (Moзая 21:5–13-ыг үзнэ үү).

Тэд ямар ч цус урсгалгүйгээр боолчлолд орсон (Moзая 23:35–38-ыг үзнэ үү).

Их Эзэн тэдний алдсуудын учир тэдний гуйлтыг сонсохдоо удаан байв (Moзая 21:15-ыг үзнэ үү).

Их Эзэн тэдний залбиралд түргэн хариулсан (Moзая 23:10–13-ыг үзнэ үү).

Их Эзэн леменчүүдийн зүрх сэтгэлийг уяраасан тул тэдний зовлон зүдгүүр хөнгөрсөн (Moзая 21:15-ыг үзнэ үү).

Ачаагаа төвөггүйхэн даван туулах хүчийг тэдэнд Их Эзэн өгчээ (Moзая 23:14–15-ыг үзнэ үү).

Гидеон оргох төлөвлөгөө гаргав (Moзая 21:36; 22:1–9-ийг үзнэ үү).

Их Эзэн тэдэнд “Тайтгарагтун, учир нь маргааш би та нарыг боолчлолоос чөлөөлөх болно” хэмээн хэлэв (Moзая 24:16).

Тэд харуулуудыг согтоов (Moзая 22:10-ыг үзнэ үү).

Их Эзэн харуулуудыг унтуулав (Moзая 24:18-ыг үзнэ үү).

Мозая 23:21. Бидэнд ирдэг зовлон зүдгүүрээс бид юу сурч болох вэ?

Алмаг дагасан хүмүүс наманчилж мөн итгэлтэй байсан ч Их Эзэн тэднийг хэсэг зуур леменчүүдээр дарлуулж итгэл ба тэвчээрийг нь шалгасан юм.

Бидний туулж өнгөрүүлдэг бүхэн бидэнд үнэтэй зүйлсийг заадаг талаар Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Орсон Ф.Витни ийн заасан:

“Бидний туулдаг зовлон зүдгүүр, сорилт бэрхшээл бүр хий дэмий өнгөрдөггүй. Энэ нь биднийг тэвчээр, итгэл, хүч чадалтай байж бас даруу төлөв зан чанаруудаа хөгжүүлэхэд мөн бидний боловсрол олж авахад тусалдаг. Зовлон бэрхшээл бүхэн, ялангуяа бидний тэвчээртэй даван туулдаг зовлон бүр бидний зан аашийг төлөвшүүлж, зүрх сэтгэлийг цэвэршүүлэн нээж, биднийг илүү зөөлөн, сайхан сэтгэлтэй, Бурханы хүүхдүүд хэмээн дуудагдахад илүү зохистой болгодог. Зовлон бэрхшээл, амьдралын хүнд хэцүүг даван туулснаар бид мэдлэгтэй болж Тэнгэр дэх Эцэг, Эхтэйгээ илүү адилхан болдог (Спэнсэр В.Кимбалл, Faith Precedes the Miracle [1972], 98).

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт зовлон бэрхшээлийн зорилго ба үнэ цэнийг тайлбарлахдаа:

“Тэрхүү хүнд сорилтууд чиний дуулгаваргүй байдлын үр дагавар биш л бол Их Эзэн чамайг улам хатуужуулан, өсч хөгжихөд чинь бэлтгэж байгаагийн нотолгоо мөн. (Сургаалт Үгс 3:11–12-г үзнэ үү). Тиймээс Тэрбээр өөрт чинь үүрдийн ашиг тусыг авчрах өсөлт хөгжилт, ойлголт ба өрөвч сэтгэлийг хөхиүлэн дэмжих туршлагыг төлөвшүүлж байгаа юм. Тэрбээр чамайг байгаа түвшингээс чинь Өөрийнхөө хүсдэг түвшинд хүртэл өсгөн хатуужуулахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг эсвээс сэтгэл санааны зовлон, эмзэглэлийг чинь арилгадаг” (Ensign, 1995 оны 11-р сар, 16–17) гэжээ.

Moзая 24:15–16. Сорилт бэрхшээл тулгарсан үед бидний хандлага хувийн өсөлт хөгжилтөд маань хэрхэн нөлөөлж чадах вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт бидэнд сорилт бэрхшээл тулгарах үед Их Эзэнд найдахыг урамшуулсан.

“Таны өсөлт хөгжилт бол Их Эзэний зорилго юм. Та өсөлт хөгжилтөд хөтлөх туршлага бүрээ Их Эзэнээр удирдуулахыг хүссэн үед энэхүү үйл явц эхлээд өөрт чинь таалагддаг байсан эсэхээс үл хамааран түргэсдэг. Та Их Эзэнд итгэж, зүрх сэтгэл, оюун ухаанаа Түүний хүсэлд төвлөрүүлсэн үед, Түүний хүслийг биелүүлэхийн төлөө Сүнсээр удирдагдахыг хүссэн үед мөнх бус байдлын энэхүү оршихуйгаас хамгийн дээд аз жаргалыг амьдралдаа эдэлнэ гэдэгт бат итгэлтэй байж болно. Хэрэв та өөрөөс тань хийхийг хүссэн юм бүхэнд эргэлздэг бол эсвээс таагүй сорилт учрах болгонд зориг мохож шантардаг бол Их Эзэн таныг адислахад улам хэцүү болно” (“Finding Joy in Life,” Ensign, 1996 оны 5-р сар, 25).

Хэвлэх