6-р хичээл
1 Нифай 1
Оршил
Мормоны Ном бошиглогчийн үүргээ итгэлтэйгээр биелүүлж байгаа Лихайн түүхээр эхэлдэг. Лихай “хүмүүст хандан тэднийг нүглээ наманчлах ёстойг” (1 Нифай 1:4) бошиглож байсан олон бошиглогчийн нэг байлаа. Түүнийг Иерусалимын устгал болон Мессиагаар дамжин ирэх гэтэлгэлийн талаар гэрчилж, бошиглох үед олон хүн түүнийг шоолж, доромжлон, алахыг хүссэн. Гэсэн хэдий ч Лихай Их Эзэний нигүүлсэл болон чөлөөлөлтийн хүчинд баясаж байлаа. Суралцагчид Лихайн номлолын талаар суралцсанаар өнөөдрийн бошиглогчдын үүрэг хариуцлагыг илүү сайн ойлгох болно. Тэд өөрсдийн амьдрал дахь Бурханы нигүүлсэл болон үр нөлөөний баталгааг олж харснаар Бурхан болон тэдний хоорондох харилцаа улам гүнзгийрэх болно.
Заах зөвлөмж
1 Нифай 1:1–3
Нифай өөрийн бичиглэлийг эхлэв
Суралцагчдаас 1 Нифай 1:1–3-ыг дор бүрнээ уншихыг хүс. Нифай яагаад өөрийн бичээсийг бичсэнийг олж мэдэхийг тэднээс хүс.
-
Нифай өөрийн туулсан туршлагыг бичих ямар шалтгаан хэлсэн бэ?
-
Нифай “их зовлон бэрхийг” туулсан хэдий ч яагаад өөрийгөө “Их Эзэний өндөр ивээл хишгийг хүртсэн” гэж мэдэрсэн юм бол?
1 Нифай 1:4–20
Лихай үзэгдэл үзэж, хүмүүст Иерусалим устгагдана гэдгийг анхааруулсан.
Суралцагчдаас эцэг эх нь тэдэнд аюулын талаар анхааруулж байсан тухай бодохыг хүс.
-
Яагаад та нарын эцэг эх та нарт анхааруулдаг вэ?
-
Ямар арга замуудаар Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдэд анхааруулдаг вэ?
Мормоны Номонд гардаг эхний түүх Иерусалимд маш олон хүн ёс бус болсон үед бичигдэж эхэлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас 1 Нифай 1:4-ийг уншихыг хүс. Их Эзэн Иерусалимын хүмүүст анхааруулсан арга замуудыг олохыг суралцагчдаас хүс.
Нифайн эцэг Лихай энэ шүлэг дээр дурдсан “олон бошиглогчидтой” нэгдсэн гэдгийг тайлбарла. Тэр хүмүүст, тэднийг наманчлах ёстой гэдгийг анхааруулсан . Суралцагчдад Лихайн анхааруулга, сургаалыг олж мэдэхэд нь туслахын тулд тэднийг хоёр хоёроор нь бүлэг болгож, 1 Нифайг 1:5–13-ыг уншуул. Тэднээр Лихай үзэгдэлд юу харсныг олуул. Тэднээс судар дээр тэмдэглэл хийх эсвэл цаасан дээр жагсааж бичихийг хүсэж болно. Дараах асуултуудыг ярилцах хэдэн минутыг бүлэг бүрд өг. (Та дараах асуултуудыг самбар дээр бичиж болно.)
-
Танай хот сүйрэх гэж байгааг та үзэгдэлд харсан бол ямар санагдах байсан бэ?
Суралцагчдаас 1 Нифай 1:15-ыг гүйлгэж хараад Лихай үзэгдэл үзсэнийхээ дараа юу мэдэрснийг олж мэдэхийг хүс.
-
Лихай үзсэн зүйлүүдийнхээ талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
Нэг суралцагчийг 1 Нифай 1:14–15-ыг чангаар уншихад урь. Лихай яагаад баярласан шалтгааныг олохыг ангийнхнаас хүс. ( Хэдийгээр Лихай Иерусалим устгагдахыг мэдсэн ч, тэр бас Бурханд итгэсэн тэдгээр хүмүүс устгагдахгүй гэдгийг харсан гэдгийг та тайлбарлаж болно.)
-
Та хэзээ бүр зовлон бэрхшээлтэй үедээ ч Бурханыг магтан алдаршуулж байсан бэ?
-
Хүнд хэцүү цаг үеүдэд Их Эзэний “сайн сайхан мөн нигүүлслийг” санаж чадсанаар ямар адислал ирдэг вэ?
Нэг суралцагчаас дараах өгүүлбэрийг чангаар уншихыг хүс:
“Эртний бошиглогчдын адил өнөөгийн бошиглогчид Есүс Христийн талаар гэрчилж, Түүний сайн мэдээг зааж байна. Тэд Бурханы хүслийг болон зөв зан төлөвийг таниулж байна. Тэд нүглийг шүүмжилж, үүний үр дагаврын талаар анхааруулан итгэлтэйгээр, тодорхой ярьж байна. Тэд бидний тусын тулд ирээдүйн талаар бошиглох сүнслэг илчлэлтийг хүлээн авдаг” (True to the Faith: A Gospel Reference [2004], 129).
Лихай нь бошиглогчид нүглийн эсрэг анхааруулж, Есүс Христээр дамжин ирэх авралын тухай заадаг хэмээх үнэний бодит жишээ болохыг онцол. (Та энэхүү үнэнийг самбар дээр бичиж болно.)
Суралцагчдаас 1 Нифай 1:19–20-ыг уншихыг хүс.
-
Лихай юу заасан бэ?
-
Хүмүүс Лихайн заасан зүйлсийг хэрхэн хүлээж авсан бэ?
-
Өнөө үед яагаад зарим хүн Их Эзэний бошиглогчдын захиасыг эсэргүүцдэг вэ?
-
Та бошиглогчийн зөвлөгөөг дагаснаараа хэзээ адислагдаж, хамгаалагдсан бэ?
1 Нифай 1:20
Нифай Их Эзэний нигүүлслийн талаар гэрчилдэг
1 Нифай 1:20-ийн хоёр дахь өгүүлбэр дээр Нифай өөрийнх нь үгсийг уншдаг хүмүүст захиасаа хэлэхээр яриагаа таслан онцолсныг тэмдэглэ. Суралцагчдаас 1 Нифай 1:20-ыг бие даан уншиж, Нифай биднийг уншаасай гэж хүссэн захиасыг олохыг хүс. Хэрэв шаардлагатай бол тэдний анхаарлыг Нифай захиасаа танилцуулахад ашигласан хэсэгт төвлөрүүл (“… би, Нифай та нарт үзүүлэх болно”).
-
Эдгээр түлхүүр хэллэгт анхааралтай хандах нь Мормоны Номыг бие даан судлахад тань хэрхэн туслах вэ?
-
Нифай бидэнд юу үзүүлэхийг хүссэн бэ?
Нэг суралцагчаас 1 Нифай 1:20-ыг чангаар уншихыг хүс. Өөр нэг суралцагчаас Моронай 10:3-ыг уншихыг хүс. Суралцагчдаас хоёр шүлгийг унших явцдаа адил төстэй санааг олж уншихыг хүс.
-
Нифай, Моронай хоёр Мормоны Номын уншигчдаас ямар адил төстэй санааг олж харахыг хүссэн бэ?
Суралцагчдад дараах зарчмыг олоход нь тусал: Их Эзэний нигүүлсэл Түүнд итгэдэг хэн бүхэнд нээлттэй байдаг. (Та зарчмыг самбар дээр бичиж болно.)
Суралцагчдад Их Эзэний нигүүлсэл нь юу болохыг мөн өөрсдийн амьдралд тэрхүү нигүүлслийг хэрхэн олж мэдэхэд нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын үгсийг хуваалц.
“Их Эзэний нигүүлсэл нь нэн хувийн шинжтэй, хүн нэг бүрд зориулсан адислал, хүч чадал, хамгаалалт, баталгаа, удирдамж, хайр өршөөл, тайтгарал, дэмжлэг болон Түүгээр дамжин ирдэг сүнслэг бэлгүүд юм. …
… Их Эзэний нигүүлсэл нь аз завшаанаар, тохиолдлоор ирдэг зүйл биш юм. Итгэлтэй, дуулгавартай байдал нь бидэнд тэдгээр чухал бэлгийг хүлээн авах боломжийг олгодог төдийгүй Их Эзэний товлосон цаг хугацаа тэдгээрийг танихад бидэнд тусалдаг.
Бид Их Эзэний нигүүлслийн хүчийг дорд үзэж, дутуу үнэлж болохгүй” (“Их Эзэний нигүүлсэл”, Ensign мөн Лиахона, 2005 оны 5-р сар, 99–100).
-
Ахлагч Бэднар “Их Эзэний нигүүлсэл” гэдэг түлхүүр хэллэгийг хэрхэн тайлбарласан байна вэ?
-
Их Эзэний нигүүлсэл таны амьдралд эсвэл таны таньдаг хэн нэгний амьдралд ирсэн ямар жишээ байгаа вэ?
Суралцагчдад асуултанд хариулах цаг гаргаж өгсний дараа хэрхэн Их Эзэний нигүүлслийг өөрсдийн амьдралд илүү сайн таньж мэдэх талаар бодохыг хүс. Их Эзэний тэдэнд үзүүлсэн нигүүлсэлд илүү анхааралтай хандахыг хүс. Мөн та тэднээс нигүүлслийн талаар өөрсдийн олж авсан туршлагыг хувийн тэмдэглэлдээ бичихийг хүсч болно. Ойрын үед Их Эзэн тэдэнд нигүүлсэл үзүүлсэн нэг юм уу хоёр арга замыг хувийн тэмдэглэлдээ эсвэл хичээлийн дэвтэртээ бичих цаг гаргаж өг.
Эцэст нь Их Эзэний нигүүлслийн талаарх Нифайн гэрчлэл буюу 1 Нифай 1:20-ыг дахин давт. Их Эзэний хүн бүрд зориулсан адислал, хайр халамжийн талаар гэрчлэлээ хуваалц. Мөн суралцагчдыг өөрсдийн амьдралаас болон Мормоны Номоос Их Эзэний үзүүлсэн нигүүлслийн жишээг олж харахад урь.