16-р хичээл
1 Нифай 15
Оршил
Нифай эцгийнхтэйгээ адил үзэгдлийг хүлээн авсны дараа эцгийнхээ майхан руу эргэж ирэв. Тэнд түүний ах нар Лихайн заасан зүйлсийн талаар маргалдаж байгааг анзаарчээ. Нифай ах нарыгаа зүрх сэтгэлээ хатууруулсанд нь зэмлэж, өөрсдөдөө хэрхэн илчлэлт хүлээн авахыг сануулжээ. Тэрээр чидуны модны унаган мөчрийн талаарх Лихайн зарим заасан зүйлсийг болон Лихайн амьдралын модны үзэгдлийн утгыг тайлбарлажээ. 1 Нифай 15 нь Нифайн үнэнийг эрэлхийлэх хичээнгүй байдал болон түүний ах нарын хичээнгүй бус байдлыг харьцуулсан байдаг (1 Нифай 15:9–11-г үз).
Заах зөвлөмж
1 Нифай 15:1–11
Нифайн ах нар Лихайн үзэгдлийг ойлгож чадахгүй байгаадаа гомдоллодог.
Суралцагчдаас үр дүн нь бидэнд ирэхээс өмнө биднээс хичээл зүтгэл шаарддаг зарим үйл ажиллагааг жагсааж үзэхийг асуу. Тэдний хариултыг самбар дээр жагсаан бичиж болно. (Хариултууд нь хичээл, цэцэрлэгжүүлэлт, хөгжмийн зэмсгээр тоглох, спортоор хичээллэх, биеийн тамирын дасгал хийх байж болно. Суралцагчдаас өөрсдөд нь тохиолдсон жишээг хуваалцахыг хүс.)
-
Та өөрийнхөө гаргасан хичээл зүтгэл болон үүнээс ирсэн үр дүнгийн хооронд ямар уялдаа холбоог харж байна вэ?
Суралцагчдыг хариулсны дараа тэднийг энэ хичээлээр 1 Нифай 15-г судлахдаа үүнтэй адил уялдаа холбоог олохыг урь.
Суралцагчдад 1 Нифай 15 нь эцэг Лихайтай адил үзэгдлийг хүлээн авсныхаа дараа эцгийнхээ майхан руу буцаж байгаа Нифайн түүхээр эхэлдэг гэдгийг хэл. Нэг суралцагчаас 1 Нифай 15:1–2, 7-г чангаар уншихыг хүс. Нифайг эцгийнхээ майхан руу буцах замд түүнд юу тохиолдсоныг суралцагчдаас асуу.
-
Нифай эцгийнхээ майханд очоод юу харсан бэ?
-
Нифайн ах нар юун тухай маргалдаж байсан бэ? Яагаад?
Нэг суралцагчийг 1 Нифай 15:3-г чангаар уншихыг урь. Яагаад Нифайн ах нар Лихайн заасан зүйлсийг ойлгохгүй байсан шалтгааныг суралцагчдаас асуу.
-
1 Нифай 15:3-т гарсанчлан Нифайн ах нарт Лихайн заасан зүйлсийг ойлгоход яагаад хэцүү байсан бэ?
-
Нифай сүнслэг үнэнүүдээс суралцахын тулд юу хийсэн бэ? (Суралцагчдад уг асуултанд хариулахад нь туслахын тулд та тэднийг 1 Нифай 10:17-г уншихыг урьж болно.)
Нэг суралцагчийг 1 Нифай 15:8-г чангаар уншихыг урь.
-
Нифай асуултынхаа хариуд тэнгэрлэг үзэгдлийг хүлээн авснаас харахад (1 Нифай 11–14-г үз) Их Эзэнээс асуусан эсэхийг ах нараасаа асуух нь түүний хувьд яагаад энгийн үзэгдэл байсан бэ?
Нэг суралцагчийг 1 Нифай 15:9-г чангаар уншихыг урь. Дараа нь өөр нэг суралцагчаас Нифайн ах нарын хариултыг самбар дээр бичихийг хүс:
Самбар дээр бичсэн “бид тэгсэнгүй” гэдэг үгийн доогуур зур.
-
Нифайн ах нар юуг хийгээгүй вэ?
(Их Эзэнээс эрээгүй, залбираагүй эсвэл Их Эзэнээс асуугаагүй) гэж өгүүлбэрт нэмж бичсэнээр өгүүлбэрийг доорхтой адил уншиж болно:
(Өөрөөр хэлбэл, “Их Эзэн бидэнтэй яриагүй учраас бид асуугаагүй”.)
-
Яагаад Лемен, Лемүел хоёрын бодол буруу вэ?
Суралцагчид Нифайн ах нарын бодол буруу байсныг ойлгож байгаа эсэхийг баталгаажуул. Тэднийг самбар дээрх өгүүлбэрийг дахин шинэчилж, бичихийг урь. Тэгснээр тухайн өгүүлбэр яагаад Нифайн ах нар Лихайн заасан зүйлийг ойлгоход Их Эзэний тусламжийг хүлээн аваагүйг тодорхой болгоно. Хариултууд нь “Бид Их Эзэнээс эрээгүй учраас Тэр тийм ямар ч зүйлийг бидэнд мэдүүлсэн нь үгүй” мөн “Бид Их Эзэнээс асуугаагүй учраас Тэр тийм ямар ч зүйлийг бидэнд мэдүүлээгүй” байж болно.
Нэг суралцагчаас 1 Нифай 15:10–11-г чангаар уншихыг хүс. Нифайн хэрхэн Бурханаас хариултыг авахыг мэдэхэд нь туслахын тулд ах нартаа заасан үнэнүүдийг олохыг суралцагчдаас хүс.
-
Нифай ах нартаа эцгийнхээ үгсийг ойлгож, Бурханаас хариулт хүлээн авахад нь туслахын тулд ямар зөвлөгөөг өгсөн бэ? (Нифай ах нартаа зүрх сэтгэлээ хатууруулахгүй байж, итгэлтэйгээр асууж, хариулт хүлээн авна гэдэгтээ итгэж, зарлигуудыг хичээнгүйлэн дагахыг зөвлөдөг. Нифай эдгээр зарчмыг дагасны үр дүнд илчлэлт хүлээн авсан учраас эдгээрийн үнэ цэнийг мэдэж байсан гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)
Суралцагчдад эдгээр шүлгээс зарчмуудыг олоход нь туслахын тулд самбар дээр дараах үгсийг бич:
-
Бид 1 Нифай 15:10–11-ээс уншсан зүйл дээрээ тулгуурлан энэ өгүүлбэрийг хэрхэн бөглөх вэ?
Суралцагчид өөр өөр үгсийг ашиглаж болох ч тэдний хариулт дараах ойлголтыг харуулах ёстой. Хэрэв бид Их Эзэнээс итгэлтэйгээр асууж, Түүний зарлигуудыг дагах юм бол Түүнээс илчлэлт, удирдамж хүлээн авахад бэлтгэгдэх болно. (Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич эсвэл тараах материал болго:
-
Та хэн нэгэнд Их Эзэнээс удирдамж хүлээн авч, сүнслэг үнэнүүдийг ойлгоход нь туслахын тулд уг зарчмыг хэрхэн тайлбарлах вэ?
-
Таны хувийн хичээл зүтгэл Их Эзэний удирдамжийг хүлээн авч, сайн мэдээг ойлгох чадварт тань хэрхэн нөлөөлсөн бэ?
Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болго. Нэг суралцагчаас нь эхний асуултыг, нөгөө суралцагчаас нь хоёрдахь асуултыг тунгаан бодохыг хүс. Тэднээс хариултаа бие биетэйгээ хуваалцахыг хүс. Суралцагчдад ярилцах хангалттай цаг өгсний дараа хэдэн суралцагчаас санал бодлоо ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Сүнслэг удирдамж хүлээн авах бидний хичээл зүтгэл, хүсэл бидний гэрчлэлд нөлөөлж, Их Эзэнд ойртоход туслах болно гэдгийг онцол.
1 Нифай 15:12–20
Нифай Израилийн тараагдалт, цугларалтыг тайлбарлажээ
1 Нифай 15:12–20-г товч дүгнэ. Ах нарынхаа маргааныг шийдвэрлэхийн тулд Нифай “чидуны модны унаган мөчрүүд” болон харийнханы тухай Лихайн бошиглолын утгыг тэдэнд заадаг (1 Нифай 10:12–14; 15:7-г үз). Тэрээр чидуны мод Израилийн угсааг төлөөлснийг тайлбарласан юм. Лихайн гэр бүл Иерусалимыг орхиж, Израилийн угсааны үлдэгдлээс тусгаарлагдсан учраас энэ нь чидуны модноос хугарч унасан мөчиртэй адилхан юм (1 Нифай 15:12-г үз). Тэрээр мөн олон жилийн дараа хожмын өдрүүдэд Лихайн үр удам “итгэлгүйдээ доройтсон байх болно” (1 Нифай 15:13) мөн сайн мэдээний бүрэн байдал харийнханд очих болно гэж тайлбарлажээ. Харийнхан Лихайн үр удамд сайн мэдээг авчирч, тэднийг Гэтэлгэгчийнх нь мэдлэгт болон эцгүүдийнх нь гэрээний адислалуудад сэргээх болно. Энэ нь тэдний мөчрүүдийг эргээд чидуны модонд нь залгахтай адил байх болно (1 Нифай 15:13–17-г үз). Энэ сэргээлт нь зөвхөн Лихайн үр удамд бус Израилийн бүх угсаанд ирэх болно (1 Нифай 15:18–20-г үз; мөн 1 Нифай 10:12–14-г үз).
Их Эзэн Өөрийн амлалтыг биелүүлж, Өөрийн хүүхдүүдтэй хийсэн гэрээгээ санадаг гэдгийг гэрчил. Тэрээр бүх хүмүүсийг сайн мэдээний адислалуудыг хүртээсэй гэж хүсдэг.
1 Нифай 15:21–36
Нифай Лихайн үзэгдлийн талаарх ах нарынхаа асуултанд хариулав
1 Нифай 15-ын үлдсэн хэсгээс бид Лихайн үзэгдлийн талаарх ах нарынхаа асуултанд Нифай хэрхэн хариулсныг унших болно гэдгийг тайлбарла. Нифай өөрийнхөө үзэгдлээс сурсан зүйлээ тэдэнд заахад ашигладаг.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах өгүүлбэрийг самбар дээр бич эсвэл тараах материал болго. Суралцагчдыг өгүүлбэр бүрд бичих ёстой нэг үг эсвэл үгсийг таахыг урь.
-
“…-нд бид уруу таталтыг эсэргүүцэх хүчийг олж авч чадна.”
-
“ …-нд гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлж, тэднийг Сүнсээр зэвсэглэх хүч байдаг.”
-
“Түүний … бол Түүний бидэнд өгсөн хамгийн үнэ цэнэтэй бэлгүүдийн нэг.”
Хэдэн суралцагчийг хариултаа хуваалцсаны дараа нэг суралцагчаас 1 Нифай 15:23–24-г чангаар уншихыг хүс. Суралцагчдыг ерөнхийлөгч Бэнсоны өгүүлбэрийг бөглөх үг эсвэл үгсийг эдгээр шүлгээс хайж олохыг урь. Шүлгүүдийг уншсаны дараа суралцагчдаас өгүүлбэр бүрийг бөглөх үг эсвэл үгсийг дахин таахыг хүс. Ангийнхантай хамт зөв өгүүлбэрийг шалга. (Хариултууд: 1—Бурханы үг; 2—Бурханы үг; 3—үг. [“The Power of the Word,” Ensign, 1986 оны 5-р сар, 80, 82-г үз.])
Суралцагчдаас 1 Нифай 15:24–25-г олохыг хүс. Ангийг хоёр бүлэг болгон хувааж, эхний бүлгээс Бурханы үгийг дагаснаар ирдэг адислалуудыг эдгээр шүлгээс олохыг хүс. Нөгөө бүлгээс эдгээр адислалыг авахын тулд бид хэрхэн Бурханы үгийг дагах ёстой зөвлөгөөг олохыг хүс. Бүлэг бүрээс хариултаа хуваалцахыг хүс.
-
Бид Бурханы үгийг “анхааран сонсож”, “зууран барьж”, “анхаарал тавих”-ын тулд юу хийх хэрэгтэй вэ? (Хариултууд нь өдөр бүр судар суралцах, Сүнслэг Сүмийн удирдагчдын зөвлөгөөг сонсож, дагах болон залбирлаар дамжуулан хувийн илчлэлтийг эрэлхийлж, дагах байж болно.)
Эдгээр шүлгийн судруудыг судалж, уншсанаар ирдэг адислалуудын талаар зааж байгаа зарчмыг өөрсдийн үгээр тодорхойлохыг суралцагчдаас хүс. Хариулт нь Бурханы үгийг өдөр бүр судалж, дагах нь биднийг Сатаны уруу таталтын эсрэг хүчирхэгжүүлдэг байж болно. Суралцагчдад уг зарчмын талаар гэрчлэлээ хуваалцах боломж олгохын тулд дараах асуултыг асуу:
-
Хэзээ өдөр бүр судраас суралцах нь таныг уруу таталтын эсрэг хүчирхэгжүүлж байсан бэ? (Суралцагчдад тэд хэт хувийн шинжтэй хариултууд хэлэхгүй байхыг сануул.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах эшлэлийг уншиж өг:
“Тэнгэрлэг Эцэг Лихай, Нифай хоёрт хоёуланд нь Бурханы үгийг төмөр бариулаар дүрсэлсэн үзэгдлийг тод томруунаар харуулсан гэдэг нь үнэхээр чухал үнэн юм. Эцэг, хүү хоёр хоёулаа уг хүчирхэг, гуйвшгүй, итгэл дүүрэн удирдамжаас зууран барих нь Аврагчид хүргэх нарийн бөгөөд шулуун зам дээр үлдэх цорын ганц зам гэдгийг ойлгосон” (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign мөн Лиахона, 2006 оны 11-р сар, 25).
Лихайн үзэгдэлд гардаг төмөр бариулаас тууштай зууран барьсан хүмүүс чөтгөрийн уруу таталтыг төлөөлөх харанхуйлах манан дундуур аюулгүй удирдагдсан гэдгийг суралцагчдад сануул (1 Нифай 12:17-г үз).
1 Нифай 15:26–29-г товч дүгнэ. Нифайн ах нар түүнээс эцгийнхээ үзэгдэлд харсан голын утгыг тайлбарлаж өгөхийг хүссэн гэдгийг хэл. Тэр энэ нь Түүний хүмүүсийг Бурханаас салгах ёс бусчуудад зориулагдсан тамын ёроол гэж тайлбарласан юм.
-
Нифай уст голын тухай эцгийнхээ анзаараагүй юуг анзаарсан бэ? (Гол нь буртаглагдсан байсан.)
1 Нифай 15:33–36-д Нифай Бурханы шударга ёсны талаар болон яагаад ёс бус хүмүүс зөв шударга хүмүүсээс тусгаарлагдахыг заадаг гэдгийг тайлбарла. Хэдэн суралцагчийг 1 Нифай 15:33–36-г ээлжлэн чангаар уншихыг урь.
-
Яагаад ёс бусчууд зөв шударга хүмүүсээс тусгаарлагдах вэ?
-
Ямар ч цэвэр бус хүмүүс Бурханы хаант улсад орж чадахгүй гэдгийг мэдэх нь Лемен, Лемүелд хэрхэн тусалсан бэ?
Суралцагчдыг дараах асуултуудыг дотроо тунгаан бодсоноор 1 Нифай 15-аас сурсан зарчмуудаа дүгнэхэд урь.
-
Лихай, Нифай хоёрын үзэгдэл Бурхан Лемен, Лемүел хоёрт санаа тавьж байгааг хэрхэн харуулж байна вэ? Тэдгээр нь Бурхан танд санаа тавьдгийг хэрхэн харуулж байна вэ?
-
Та энэ бүлгийг судлахдаа сурсан зарчмуудаа хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ? (Та мөн суралцагчдыг хариултуудаа судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ бичихэд урьж болно.)
Энэ хичээлийг 1 Нифай 15:25-г ангид дахин уншиж өгсний дараа төгсгө. Бид Бурханы үгийг анхааран сонсож, Түүний зарлигуудыг дагасан үед ирдэг адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц. Бидний төлөөх Бурханы агуу хайрын талаар болон Тэрээр бидний зөв шударга хичээл зүтгэлийг адисална гэдгийг батал.