Номын сан
89-р хичээл: Алма 31


89-р хичээл

Aлмa 31

Оршил

Алма зорамчууд хэмээх нифайчуудаас урвасан бүлэг хүмүүс сайн мэдээний үнэнээс гуйвж, хуурамч дадал зуршилд унасныг олж мэдсэн. Ёс бус явдлын эдгээр мэдээнд сэтгэл нь гонсойсон Алма зорамчуудад Бурханы үгийг заахаар номлогчдын хэсгийг авч явдаг. Алма хамтрагчидтайгаа зорамчуудын урвасан шүтлэг, материализм болон бардамналыг ажигласан. Алма Их Эзэн өөрийг нь болон хамтрагчдыг нь энэ сорилттой учрахад тайвшруулж өгөхийг, зорамчуудыг Их Эзэнд эргүүлэн авчрахад амжилт олохыг чухалчлан залбирсан.

Заах зөвлөмж

Алма 31:1–7

Алма ба түүний хамтрагчид урвасан зорамчуудад Бурханы үгийг номлохоор Зарахемлаг орхин явсан

Хэрэв найз нь эсвэл гэр бүлийн аль нэг гишүүн нь сайн мэдээний амьдралаас гажиж эхэлбэл суралцагчдыг юу хийхээ бодохыг хүс.

  • Энэ хүнд сүмдээ эргэж ирэхэд нь туслахын тулд та юу хийж болох вэ? Та зарлигуудыг сахих энэ хүний хүслийг хэрхэн сэргээж чадах вэ? Та найз эсвэл гэр бүлийн аль нэг гишүүнтэй ажиллахдаа хэнд хандан, тусламж хүсэх вэ?

Алма болон бусад хэдэн хүмүүс сайн мэдээнээс нүүр буруулсан бүлэг хүмүүст туслахыг хэрхэн хичээж байсан нь өнөөдрийн хичээлийн гол сэдэв мөн гэдгийг суралцагчдад хэл. Нэг суралцагчийг Алма 31:1–4-ийг чанга уншихад урь. Алма болон бусдад байсан зорамчуудын асуудлуудыг олохыг суралцагчдаас хүс.

  • Зорамчуудын алдсын тухай сонсох нь Алмад ямар санагдсан бэ?

  • Нифайчууд яагаад зорамчуудын төлөө айж эхэлсэн бэ?

Зорамчуудын төлөө санаа зовсон асуудлуудыг шийдэхэд нь Алмад зөвлөх боломж олдлоо гэж төсөөлөхийг суралцагчдаас хүс. Юу хийхээр түүнд санал болгохыг суралцагчдаас асуу. Нэг суралцагчийг Алма 31:5-ыг чанга уншихад урь. Зорамчуудад туслах хамгийн үр өгөөжтэй арга юу болохыг Алма хэрхэн мэдсэнийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Алма зорамчуудад туслахын тулд юу хийхээр шийдсэн бэ?

  • Хүмүүсийг өөрчлөхөд туслах хүчин чармайлтад Бурханы үг яагаад албадах эсвэл өөр бусад аргаас илүү хүчтэй байдаг гэж та боддог вэ?

Бид Алма 31:5 дээр үндэслэн, бидний амьдрал дахь Бурханы үгийн хүчийн тухай юу сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Бид Бурханы үгийг судалснаар энэ нь биднийг зөв зүйлсийг хийхэд хөтлөх болно. Та энэ үнэнийг самбар дээр бичихийг хүсч болно.)

Зөв зүйлийг хийхэд бидэнд тусалдаг Бурханы үгийн хүчийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг хуваалц: (Та энэ үгийг самбар дээр бичих эсвэл тараах материал болгон бэлтгэхийг хүсч болно.)

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Үнэн сургаал ойлгомжтой байх юм бол хүмүүсийн зан төлөв, харьцаа хандлагыг өөрчилж чадна.

“Сайн мэдээний сургаалуудыг судлах нь зан төлөвийг судлах замаар үүнийг сайжруулахаас илүү түргэнээр зан төлөвийг сайжруулна.” … Ийм учраас бид сайн мэдээний сургаалыг судлахад онцгой анхаарал хандуулдаг” (“Little Children,” Ensign, 1986 оны 11-р сар, 17).

Суралцагчид эсвэл тэдний таньдаг хэн нэгэн судрууд болон Сүмийн удирдагчдын сургаалын үр дүнд зөв зүйл хийхийг маш их хүссэн туршлагын талаар ярихад тэднийг урь.

Алмагийн Бурханы үгийн хүчинд итгэх итгэлийн үр дүнд тэр бусад долоон хүний хамт зорамчуудад номлохоор явсныг суралцагчдад ярьж, Алма 31:6–7-г хураангуйлан дүгнэ.

Алма 31:8–23

Зорамчууд хуурамч маягаар залбирч, бишрэн шүтдэг байв

Алма болон түүний хамтрагчид зорамчуудын дунд очоод хүмүүс Бурханыг гайхалтай сонин байдлаар шүтэж байгааг ажигласныг суралцагчдад хэл.

Зорамчуудын шүтлэг бишрэлийг дүрсэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг олохыг хичээн, Алма 31:8–11-ийг дор бүрнээ дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. 10а зүүвэр тайлбар дахь “сүмийн үйлүүдийг” гэсэн хэллэг нь ёслолуудад хамаатайн адил “Бурханд хандан өдөр бүрийн залбирал болоод гуйлтанд” бас хамаатай юм гэдгийг хэл.

  • Шүлэг 10-т өгүүлснээр зорамчуудыг уруу таталтад илүү өртөмтгий болгосон юуг тэд хийж байсан бэ?

  • Зорамчууд “Бурханд хандан өдөр бүрийн залбирал болоод гуйлтаа үргэлжлүүлэхэд” хойрго байснаас бид юу сурч болох вэ? (Суралцагчдын хариулт олон янз байж болох ч тэд залбирах, зарлигуудыг сахих бидний өдөр тутмын хүч чармайлт уруу таталтаас биднийг хамгаалдгийг хэлэх ёстой. Та энэ зарчмыг самбар дээр бичихийг хүсч болно.) Та суралцагчдад үүнийг Aлмa 31:9–11-ийн дэргэд судартаа тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Өдөр бүрийн залбирал бидэнд уруу таталтыг эсэргүүцэхэд тусалдгийг та хэзээ харсан бэ?

Энэ асуултын талаарх суралцагчдын ярилцлагын хэсэг болгон Далын ахлагч Рулон Г.Кравэны хэлсэн дараах үгсийг унш:

“Сүүлийн жилүүдэд ах нар надаас нүглээ наманчилдаг сүмийн гишүүдтэй уулзаж, ариун сүмийн адислалуудыг нь сэргээхийн тулд ярилцлага хийхийг хааяа хүсдэг байв. Нүглээ наманчилсан гайхамшигтай хүмүүсийн адислалуудыг сэргээх нь сүнслэг байдлын хувьд үргэлж сэтгэл догдлуулсан туршлага байдаг. Би тэдний заримаас нь ‘Таныг Сүмийн гишүүнчлэлээ түр хугацаагаар алдахад хүргэсэн юу амьдралд тань тохиолдсон юм бэ?’ гэж асуудаг байлаа. Тэд нүд дүүрэн нулимстайгаар: ‘Би сайн мэдээний үндсэн зарчмууд болох залбирал, сүмдээ тогтмол явах, сүмд үйлчлэх, сайн мэдээнээс үргэлж суралцах зарчмуудыг дагаагүй. Би тэгээд уруу татагдаж, Ариун Сүнсний удирдамжийг алдсан’” гэж хариулдаг байсан (“Temptation,” Ensign, 1996 оны 5-р сар, 76).

Нэг суралцагчийг Алма 31:12–14-ийг чанга уншихад урь. Өөр нэг суралцагчийг Алма 31:15–18-ыг чанга уншихад урь. Хоёр дахь суралцагчийг уншихаас өмнө хэрэв хэн нэгэн ийм маягаар залбирч байгааг сонсвол тэд хэрхэн хариулахаа бодохыг суралцагчаас хүс.

  • Хэн нэгэн иймэрхүү байдлаар залбирдаг бол та нарын санааг юу зовоох вэ?

  • Зорамчууд залбиралдаа ямар хуурамч сургаалуудыг хэлдэг байсан бэ?

  • Зорамчуудын бусдад ханддаг хандлага ямар байсан бэ? (Та суралцагчдын анхаарлыг зорамчуудын залбиралд гарч байгаа бид болон биднийг гэсэн үгсийг гарах болгонд хандуулахыг хүсч болно.)

Нэг суралцагчийг Алма 31:19–23-ыг чанга уншихад урь. Ангийг зорамчуудын шүтэн бишрэх загварт байгаа өөр асуудлуудыг олохыг хичээн, дагаж уншихыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс.

  • Зорамчууд шүтлэг бишрэлээ илүү хүндэтгэлтэй, Их Эзэнд тааламжтай байлгахын тулд ямар өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж та бодож байна вэ?

Бид Бурханд хайр, хүндэтгэл, чин сэтгэлээ зориулснаар Түүнийг шүтдэг гэдгийг тайлбарла. (Та шүтлэг бишрэлийн эдгээр бүрэлдэхүүн хэсгийг самбар дээр бичиж болно.) Бид зөвхөн залбирал, мацаг барилт, мөн Сүмд явахдаа төдийгүй өөрийн харьцаа хандлага, үйлдлүүдээрээ өдөр бүр бишрэлтэй байх ёстой. Суралцагчдыг өөрсдийн шүтлэг бишрэлд байр суурь эзэлдэг зүйл болон шүтэн биширдэг зүйлдээ хэрхэн чин сэтгэлээсээ ханддагтаа үнэлэлт дүгнэлт өгөхөд урамшуулан дэмж.

Бид Бурханыг зохих ёсоор шүтэн бишрэх олон арга замыг олж тогтоохыг суралцагчдаас хүс. Тэдэнд санаануудаа хуваалцах хангалттай хугацаа өг. Та тэдний санаануудыг самбар дээр бичихийг нэг суралцагчаас хүсч болно.

  • Бид шүтэн бишрэхдээ биеэ хэрхэн авч явах ёстой вэ? Бид биеэ авч явах энэхүү хандлагаа хэрхэн өдөр бүр хадгалж чадах вэ?

Бидний биеэ авч явах байдал, харьцаа хандлага бидний шүтлэг бишрэлд хэрхэн нөлөөлдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Шүтлэг бишрэл ихэнхдээ үйлдлээр илэрдэг. Харин жинхэнэ шүтлэг бишрэл нь үргэлж оюун санааны онцгой чанар байдаг.

“Шүтлэг бишрэл нь бишрэх, дээдлэн хүндлэх гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг. Шүтлэг бишрэл нь хайр болон бидний сэтгэл санааг Бурханд улам ойртуулж, дээдлэн шүтэх хүндэтгэлийн цогц юм” (Pure in Heart [1988], 125).

Суралцагчдыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ өөрсдийн одоогийн хувийн шүтлэг бишрэлийн загвар болон дараах төрлүүд дэх бишрэлийн хандлагаа товч дүгнэн бичихэд урь: өдөр тутмын хувийн залбирал, өдөр тутмын хувиараа судраас суралцах, зарлигуудад дуулгавартай байх, долоо хоног бүр сүмдээ ирж, ариун ёслолоос хүртэх. Суралцагчдаас өдөр тутмын хувийн шүтлэгээ сайжруулах зорилго тавихыг хүс.

Алма 31:24–38

Алма зорамчуудыг Их Эзэнд эргүүлж авчрахын төлөө хүч болон амжилтыг гуйн залбирсан нь

Суралцагчдыг урвалтын улмаас зорамчуудад бий болсон харьцаа хандлага, зан авирын шинжүүдийг олж мэдэхийг хичээн, Алма 31:24–25-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахыг хүс.

Алма зорамчуудын ёс бус явдлыг хараад залбирсныг тайлбарла. Суралцагчдаас хоёр хоёроороо бүлэг болон хуваагдахыг хүс. Бүлгүүдээр Алма 31:26–35-ыг судлуулан, дараах асуултуудыг ярилцуул. (Та асуултуудыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичих эсвэл тараах материал болгон бэлтгэж болно.)

  • Зорамчуудын залбирал юун дээр төвлөрч байсан бэ? (Тэд залбирлаа өөрсөд дээр төвлөрүүлдэг байсан.)

  • Алмагийн залбирал юун дээр төвлөрдөг байсан бэ? (Тэр бусдад туслахад анхаарлаа төвлөрүүлдэг байлаа. Тэр өөрийнхөө болон хамтрагчдынхаа төлөө залбирахдаа ч гэсэн зорамчуудад үйлчлэх хүч чадлыг гуйдаг байв.)

  • Алмагийн залбирлын юуг нь та хувийн залбиралдаа оруулахыг хүсч байна вэ?

Дараах дутуу өгүүлбэрийг самбар дээр бич:

Хэрэв бид залбираад итгэлээрээ үйлдвэл …

Алма зорамчуудтай тулж ажиллахад тусламж гуйсны дараа хамтрагчидтайгаа хамт “өөрсдийгөө хичээсэн бодолгүйгээр” (Aлмa 31:37) үйлчилж эхэлснийг тайлбарла. Алма ба түүний хамтрагчид санваарын адислалуудыг хүлээн авч, сайн мэдээг номлосноор тэдэнд ирсэн адислалуудыг олохыг хичээн Алма 31:36–38-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. (Та Алма 31:36 дахь “тэд бүгдийн дээр гараа хавсрав” гэсэн өгүүлбэр нь гар тавилтыг хэлж байгааг тайлбарлахыг хүсч болно. Зүүвэр тайлбар 36 б.-г үзнэ үү).

  • Алма болон түүний хамтрагчдын залбирал болон үйлдлүүдийн ачаар тэдэнд ямар адислалууд ирсэн бэ?

Алма болон түүний хамтрагчдын жишээнээс сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн та нар энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж болох вэ? (Суралцагчид хэд хэдэн өөр зөв хариултыг өгч болно. Самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж, тэдний хариултуудыг нэгтгэн дүгнэ: Хэрэв бид залбирч, итгэлтэйгээр үйлдвэл Их Эзэн биднийг хүнд сорилт бэрхшээлүүдээр дамжуулан хүчирхэгжүүлэх болно.)

Алмаг залбирсны дараа тэрээр хамтрагчдынхаа хамт ажиллахаар явж, Түүнд үйлчилснээрээ Их Эзэнд итгэх итгэлээ харуулсныг тайлбарла. Итгэлээр залбирах Алмагийн үлгэр жишээг дагахад суралцагчдыг урь.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Aлмa 31:22. “Адилхан залбирлаа”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Иосеф Б.Вөртлин чин сэтгэлийн залбирлын ач холбогдлын тухай ийн хэлжээ:

“Таны залбирал хоорондоо адилхан юм шиг сонсогдож, адилхан юм шиг мэдрэгддэг үү? Залбирлын тань үгс яг л машинаас автоматаар гарч байгаа юм шиг санагддаг уу? Зарим үед залбирал өөрт чинь уйтгартай юм шиг санагддаг уу?

“Таны сайн бодож төлөвлөөгүй залбирал Тэнгэрлэг Эцэгийн анхаарлыг нэг их татах болов уу даа? Хэрэв таны залбирал хэвшмэл загварт орчихсон нь мэдэгдвэл залбирлаа орхиод бод. Өөрийнхөө үнэхээр баярлан талархаж явдаг зүйлсийн талаар түр зуур тунгаан бод. Тэдгээр зүйлсийг эрж ол. Тэдгээр нь заавал их том эсвэл сүр дуулиантай байх албагүй. Бид заримдаа борооны үнэр, дуртай хоолныхоо амт, эсвэл хайртай нэгнийхээ дууны өнгө зэрэг жижиг бөгөөд энгийн зүйлст талархлаа илэрхийлдэг байх ёстой” (“Improving Our Prayers,” Ensign, 2004 оны 3-р сар, 26).

Aлмa 31:26–35. Бусдын төлөө залбирах нь

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бусдын төлөө залбирснаар ирэх адислалуудыг ийн гэрчилжээ:

“Бид хувийнхаа амьдралд хүсэж байгаа адислалуудын төлөө Тэнгэрлэг Эцэгээсээ гуйх нь сайн бөгөөд зүй ёсны юм. Хэдий тийм ч, бид бусдын төлөө, өөрсдийн хайрладаг болон биднийг буруугаар ашигладаг хүмүүс аль алиных нь төлөө чин сэтгэлээсээ залбирах нь үр өгөөжтэй залбирлын чухал хэсэг юм. … Бусдын төлөө бодгалийнхаа бүх эрч хүчээр залбирах нь Их Эзэний дуу хоолойг анхааралтай сонсох бидний чадварыг нэмэгдүүлдэг” (“Үргэлж залбир,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 43).

Хэвлэх