ОРШИЛ Хиламаны ном
Энэ номыг яагаад судалдаг вэ?
Суралцагчид Хиламаны номыг судлахдаа Хиламан болон түүний хөвгүүд болох Нифай ба Лихай мөн Их Эзэнээ зоригтойгоор дагаж, Түүнийг гэрчилсэн лемен хүн Самуел зэрэг агуу хүмүүсийн үлгэр жишээ ба сургаалуудаас суралцах болно. Бурханы хүслийг гүйцэлдүүлж байгаа Өөрийн үйлчлэгчдэд Тэрээр хүч өгдөг болохыг мөн зөв шударга хүмүүсийн хичээл зүтгэл олон мянган хүнийг адисалдаг гэдгийг эдгээр гурван эрийн номлол харуулдаг. Суралцагчид бардамнал, сул дорой байдлын сүйтгэгч нөлөө болон нууц хуйвалдаануудын талаар суралцах болно.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Мормон Хиламаны номыг бүтээхийн тулд Нифайн том ялтсуудаас цэдгүүдийг эмхэтгэн хураангуйлжээ. Номыг Хиламаны хүү, Залуу Алмагийн ач хүү Хиламаны нэрээр нэрлэсэн. Хиламан өөрийн авга ах Шиблоноос цэдгүүдийг хүлээн авч, нифайчуудын ерөнхий шүүгчээр шударга үнэнийг баримтлан үйлчилсэн юм. Тэрээр өөрийн хөвгүүд болох Нифай, Лихай хоёрт зарлигуудыг сахин, өөрсдийн Гэтэлгэгчийг санаж, Түүнийг амьдралынхаа үндэс сууриа болгохыг заасан (Хиламан 5:9–14-ийг үзнэ үү). Эдгээр сургаалаар нөлөөлөгдөн сэнхэрч, хүмүүсийн нүгэлт байдлын талаар ухаарч мэдэрсэн Нифай, Лихай хоёр нифайчууд болон леменчүүдэд наманчлалын тухай номлодог. Үүнийг хийхийн тулд Нифай ерөнхий шүүгчийнхээ суудлаас татгалздаг. Олон мянган лемен хүн хөрвөгдсөнийхөө дараа Самуел хэмээх лемен бошиглогч наманчлалыг номлохоор өдөөгдөж, нифайчуудын дунд бошиглож эхэлсэн. Хиламаны ном нь Хиламаны (Хиламан 1–3) болон Нифайн (Хиламан 4–16) хаанчлал болон номлолын үеэр хадгалагдсан цэдгүүдээс бичигдсэн. Нифайн цэдгүүд нь лемен үндэстэн Самуелын бошиглол болоод сургаалуудыг багтаасан байдаг.
Энэ ном хэнд зориулагдан, яагаад бичигдсэн бэ?
Мормон түүний цэдгийг хүлээн авах хожмын үеийн хүмүүст зориулан, Хиламаны номыг бичсэн юм. Нифайн том ялтсуудаас авсан түүний бусад хураангуйллын адил Хиламаны ном Есүс Христийн бурханлаг байдал болоод гэтэлгэлийн номлолыг гэрчилдэг (Хиламан 3:27–30; 5:9–12; 8:13–23; 14:1–29; 16:4–5-ыг үзнэ үү).
Энэ ном хэзээ, хаана бичигдсэн бэ?
Цэдгүүдийн эх хувийг Хиламаны номын эх сурвалж болгон ашигласан бөгөөд МЭӨ 52 оноос МЭӨ 1 оны хооронд бичигдсэн бөгөөд Moрмон цэдгүүдийг ойролцоогоор МЭ 345-аас МЭ 385 оны хооронд хураангуйлан бичсэн байх магадлалтай. Мормон энэ номыг хэзээ, хаана эмхэтгэснээ бичээгүй.
Энэ ном юугаараа онцгой вэ?
Хиламаны ном нь нифайчуудын зөв шударга болон нүгэлт байдал нь түүхэндээ хэзээ ч байгаагүйгээр тогтворгүй, түргэн өөрчлөгдөж байсныг дүрслэн харуулдаг. Ном олон янзын сөргөлдөөн, дайн дажин, аллага ба нууц хуйвалдаануудын талаар өгүүлдэг. Номонд мөн харанхуйн ажил үйлс нь эцэстээ нифайчуудыг устгалд хүргэсэн Гадиантоны дээрэмчдийн үйл ажиллагааг танилцуулан тайлбарладаг (Хиламан 2:13–14). Леменчүүдийн “ихэнх хэсэг нь” хөрвөгдөж, “тэдний зөв шударга нь нифайчуудынхаас ч илүү болсон” (Хиламан 6:1) үеийг тодорхой бичсэнээрээ Хиламаны ном онцгой юм. Нэмэлт болгон энэ нь Нифай ерөнхий шүүгчийг алсан алуурчныг илрүүлж, шүүгчийн ахын нүглийн наманчлалыг бошиглосон (Хиламан 8–9-ийг үзнэ үү) ба Нифай Их Эзэнээс лацдан холболтын хүчийг хүлээн авч, дараа нь өлсгөлөн, тарчиг байдал эхлэх мөн төгсөхийг мэдэх хүчийг Өөрийн бошиглогчдод өгдөг Бурханы хүчийг харуулдаг (Хиламан 10–11-ийг үзнэ үү). Нэн ялангуяа Самуелын үгсийг хадгалан үлдсэн энэ ном зөвхөн нифайчууд руу илгээгдсэн Лемен бошиглогчийн номлолын цэдгийг багтаасан байдаг (Хиламан 13–15-ыг үзнэ үү). Энэ номлолдоо Самуел Есүс Христийн төрөлт ба үхлийн тэмдгүүдийг бошиглосон.
Тойм
Хиламан 1–3 Хоёр ерөнхий шүүгч Пахоран ба Пекүменай нар алагдсан. Кориантумрын удирдсан леменчүүдийн довтолгоонд Моронайха няцаагддаг. Шинэхэн томилогдсон ерөнхий шүүгч Хиламаныг хороохыг хичээж байх үедээ Кишкуменд алагддаг. Хэдийгээр Гадиантон болон түүний дээрэмчид нууц хуйвалдаануудыг тарааж байсан ч хэдэн арван мянган хүн сүмд баптисм хүртдэг. Хиламаныг алагдсаны дараа Нифай ерөнхий шүүгч болдог.
Хиламан 4–6 Нифайн тэрслэгч арми ба леменчүүд Зарахемлаг оруулан, нифайчуудын өмнөд нутгийг эзэлдэг. Өөрсдийн нүглийн учир нифайчууд сул дорой болдог. Нифай шүүгчийн суудлыг Сизромд шилжүүлдэг. Нифай болон Лихай өөрсдийн эцэг Хиламаны үгсийг санаж, өөрсдийгөө сайн мэдээ номлоход зориулдаг. Олон тэрслэгч наманчилж, нифайчууд руу эргэн ирдэг. Их Эзэн Нифай, Лихай хоёрыг шоронд гайхамшигтайгаар хамгаалсны дараа леменчүүдийн ихэнх нь хөрвөгдөн, булаан эзэлсэн нутгуудаа нифайчуудад буцаан өгдөг. Хөгжин цэцэглэлтийн үеэр Гадиантоны дээрэмчид үржин нэмэгддэг. Нифайчуудын олонх нь нүгэлт байдалдаа нэгдэн, Нифайн засаглалыг завхралд оруулдаг.
Хиламан 7–12 Нифай өөрийн цэцэрлэгийн цамхаг дээр залбирч, хүмүүсийг наманчлалд ирэхийг сануулан сэрэмжлүүлдэг. Христийг бошиглосон олон гэрчлэлийг тэрээр эш татдаг. Тэр мөн ерөнхий шүүгч Зиезром өөрийн ах Кеантумаар алагдах болно гэдгийг илчилдэг. Нифай лацдан холболтын хүчийг хүлээн авч, наманчлалыг үргэлжлүүлэн номлодог. Тэрээр Их Эзэнээс нифайчуудын дайныг өлсгөлөнгөөр солихыг гуйдаг. Хүмүүсийг наманчилсны дараа түүний залбирлууд өлсгөлөнгийн төгсгөлийг зарлан, бороо авчирдаг. Богино хугацааны хөгжил дэвшил болоод амар амгалангийн дараа хүмүүсийн дунд маргаан сөргөлдөөн, нүгэлт байдал түгж эхэлсэн. Мормон хүмүүсийн тогтворгүй, мунхаг байдлыг хараад харамсан гашууддаг.
Хиламан 13–16 Лемен хүн Самуел нифайчуудад наманчлахыг сануулан, тэдний ирээдүйн устгалын талаар бошиглож, Есүс Христийн төрөлт ба үхлийн тэмдгүүдийг урьдчилан хэлдэг. Түүний үгэнд итгэгчид баптисм хүртсэн. Гэвч хүмүүсийн ихэнх нь Самуелыг хүлээн авалгүй, өгөгдсөн тэмдгүүд болон гайхамшгуудыг үгүйсгэдэг.