Номын сан
Хичээл 46: Иаков 5:1–51


Хичээл 46

Иаков 5:1–51

Оршил

Өөрийн хүмүүст заахдаа Иаков таримал болон зэрлэг чидун модны тухай бошиглогч Зиносын ёгтлолоос эш татан, гуулин ялтаст оруулсан. Иаков энэ ёгтлолыг Түүнээс холдон явсан ч бай Өөрийн гэрээт бүх хүнд Их Эзэн авралыг авчрахыг эрэлхийлэх болно гэдгийг заахад ашигласан. Иаков 5 нэлээд урт тул энэ нь хоёр хичээл болон хуваагддаг.

Заах зөвлөмж

Иаков 5:1–14

Иаков Израилийн овгийг таримал чидун модтой зүйрлэсэн Зиносоос эш татдаг

Энэ хичээлийн эхэнд тэдний нүглүүдийг уучлах Их Эзэний таалалд эргэлзсэн залуусын тухай дараах жишээнүүдийг уншаарай:

  • Нэгэн залуу санваартан нүгэлгүй байх зуршлыг өөртөө хөгжүүлж байжээ. Тэр бусад хүмүүс уучлагдана гэдэгт итгэдэг ч Их Эзэн түүний наманчлалыг хүлээн авна гэдэгт эргэлздэг байв.

  • Нэгэн залуу эмэгтэй зарлигийг зөрчсөн байв. Тэр алдаа гаргаснаа ойлгож, өөрийгөө буруутган зовж, Их Эзэн түүнд хайртай хэвээр байгаа эсэхэд эргэлзжээ.

Дараах асуултуудын хариуг тунгаан бодож, чангаар хэлэхийг хүс:

  • Та нарын нүглийг Их Эзэн уучилсан эсэхийг мэдэхийг хүсч байсан уу?

Иудейчүүд Есүс Христийг хүлээн авахгүй байх болно гэдгийг Иаков бошиглосон гэдгийг тайлбарла. (Иаков 4:15-г үз). Тэр мөн Түүнийг хүлээн авахгүй байсан ч Өөрийн хүмүүсийн авралын төлөө Есүс Христ үргэлжлүүлэн ажилласаар байх болно гэдгийг заасан юм. (Иаков 4:17–18-г үз). Энэ үнэнийг үзүүлэхийн тулд Иаков бошиглогч Зиносын чидун модны ёгтлолоос эш татсан. Ёгтлолд үнэнийг заахын тулд зан төлөв, эд юмс болон үйлдлүүдийг бэлгэ тэмдгүүдээр илэрхийлдэг. Суралцагчид энэ ёгтлолоос судлах үедээ тэд Түүнээс холдсон хүмүүст туслах Есүс Христийн тааллын тухай чухал хичээлээс суралцах болно.

Суралцагчдаас Иаков 5:1–2-ыг чангаар уншиж, Зинос хэний талаар ярьж байсныг ангийнхнаар олуул. Хуучин Гэрээний бошиглогч Иаков Их Эзэнтэй гэрээнд орох үед түүний нэрийг Израиль гэж сольсныг тайлбарлах шаардлагатай байж болно. “Израилийн овог” гэсэн хэллэг Иаковын үр удам болоод баптисм хүртэж, Их Эзэнтэй гэрээ хийсэн бүх хүнд хамаатай.

  • Энэ ангид хэн Израилийн овгийнх вэ? (Сүмийн баптисм хүртсэн бүх гишүүн Израилийн овогт багтана гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Тэд Иаков 5 дээрх ёгтлолын нэгэн хэсэг мөн.)

Нэг суралцагчаар Иаков 5:3-г чангаар уншуул. Ангийнхнаас энэ ёгтлолд Израилийн овгийг Зинос юугаар төлөөлүүлснийг асуу. Суралцагчид олсон зүйлээ хариулах үед чидун мод Зиносын амьдарч байсан эртний Израильд маш их үнэтэй байсан гэдгийг тайлбарла. Чидуныг хүнсэнд хэрэглэдэг байсан ба оливын тосыг хоол хүнс, эм болон дэнлүүний гэрэлд ашигладаг байсан. Чидуны мод сайн үр жимс гаргахын тулд маш сайн арчилгаа, хөдөлмөр шаарддаг. Энэ ёгтлолд усан үзмийн талбайд байгаа таримал чидун мод нь дэлхийг төлөөлж байгааг хэл.

  • Иаков 5:3-т хэлсэнчлэн таримал чидун модонд юу тохиолдож эхэлсэн бэ? Модны ялзрал юуг бэлгэдэж байна вэ? (Энэ асуултанд хариулахын тулд суралцагчдыг зүүлт тайлбар 3г ашиглахыг урамшуулан дэмж)

  • Урвалт гэж юу вэ? (Их Эзэн ба Түүний сайн мэдээнээс холдох)

Суралцагчдыг Иаков 5:4–6–г дор бүрнээ чимээгүйхэн уншихыг хүс. Тэднээс хэн талбайн эзэн мөн түүний тайрах, малтах, арчлах үйлдлүүд юуг төлөөлж байгаа талаар бодохыг хүс. Дараа нь эдгээр бэлгэдлийн төлөөлж байгаа зүйлийнх нь талаар юу гэж бодож байгааг тайлбарлуул. (Талбайн эзэн Есүс Христийг төлөөлж байгааг ойлгоход нь тусалж болно. Тайрч, малтан ухаж, арчилж байгаа нь Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад бидэнд туслах Их Эзэн мөн хүмүүсийг наманчлалд ирэхийг заан, дуудах бошиглогчдын хүч чармайлтыг төлөөлж байгаа.)

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг уншихыг хүс:

“Иаковын өгүүлсэн энэ ёгтлол нь эхлэлээс Христийн тухай байхаар зориулагдсан юм. … Усан үзмийн талбайн Их Эзэн, түүний ажилчид өдий хүртэл хүчирхэгжүүлэх, тайрах, цэвэршүүлэхийг хичээн хөдөлмөрлөдөг, тэгэхгүй бол Израилийг тараах мөн цуглуулах нэгэн түүхэн үе мөчид өөрсдийн модыг үр өгөөжтэй байлгасны үр дүн, тэдний хүчин чармайлт, хөдөлмөр, Цагаатгалын гүн гүнзгий утга учир далдлагдан, арчигдах болно (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 165).

Энэ ёгтлол тэднийг гэсэн Их Эзэний анхаарал халамжийг хэрхэн үзүүлж буйг олж харахад нь тусалж, тэд чидун модны төлөөллүүдийн оронд өөрсдийн нэрсийг тавьж болно гэдгийг заа. Үүнийг та нар Иаков 5:7-гоос дараах жишээг өгөн үзүүлж болно: “Би энэ модыг [таны нэр] алдах ёстой болсон нь намайг гонсойлгож байна.” Өөрсдийн нэрийг Иаков 5 дээрх утга учиртай, зохистой газруудад оруулснаар биднийг гэсэн Их Эзэний анхаарал халамжийг бид илүүтэй мэдэж авч чадна.

Дараах жагсаалтыг үзүүл. Энэ нь Зиносын ёгтлолын бэлгэдлүүдийн утгыг үзүүлсэн гэдгийг тайлбарла. (Үүнийг та тараах материал болгон эсвэл суралцагчдаас судрын тэмдэглэлдээ бичиж авахыг хүсч болно.)

Иаков 5: Таримал ба зэрлэг чидун модны ёгтлол

Бэлгэдэл

Боломжит утга

Таримал чидун мод

Израилийн овог нь Бурханы гэрээт хүмүүс

Усан үзмийн талбай

Дэлхий

Ялзрал

Нүгэл ба урвалт

Их Эзэн ба усан үзмийн талбайн эзэн

Есүс Христ

Тайрах, малтах, арчлах

Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад хүмүүст туслах Их Эзэний хүчин чармайлт

Усан үзмийн талбайн эзний үйлчлэгч

Их Эзэний бошиглогчид

Салбар

Бүлэг хүн

Зэрлэг чидун мод

Харийнхан—Их Эзэнтэй гэрээнд ороогүй хүмүүс. Сүүлд ёгтлолд жинхэнэ чидун мод зэрлэг болон хувирдаг. Энэ нь урвалтанд орсон Израилийн овгийнхныг төлөөлнө.

Мөчир залгаж суулгах, тарих

Их Эзэний гэрээт хүмүүсийн тараагдалт ба цугларалт. Нэмэлт болгон, зэрлэг мөчрүүдийг таримал чидун модтой залган суулгах нь Их Эзэний гэрээт хүмүүс болсон хөрвөгчдийг төлөөлнө.

Мөчрүүдийг шатаах

Нүгэлтнүүдийн дээрх Бурханы шүүлт

Жимс

Хүмүүсийн амьдрал ба ажил

Нэг суралцагчаас Иаков 5:7, 9–10-г чангаар уншихыг хүс. Ангийнхнаар усан үзмийн талбайн эзэн таримал чидун модыг хадгалахын тулд юу хийснийг олуул. Олсон зүйлсийг нь хэлүүл. (Мөчир залган суулгах нь нэг модны мөчрийг нөгөө модны мөчирт холбох гэдгийг тайлбарлах шаардлагатай байх. Энэ шүлгүүдэд мөчир залган суулгах нь xарийнхныг баптисм ба хөрвөлтөөр дамжуулан Түүний гэрээт хүмүүс болоход туслах Их Эзэний хүчин чармайлтыг төлөөлж байна. Зарим мөчрийг шатаах нь Израилийн овгийн хамгийн нүгэлт гишүүдийн дээрх Их Эзэний шүүлтийг төлөөлж байна.)

Нэг суралцагчаар Иаков 5:11-г чангаар уншуул. Ангийнхнаас таримал чидун модны үндэсний төлөөх эзний анхаарал халамжийн баталгааг олохыг хүс. Олсон зүйлсээ хуваалцахыг хүс.

Суралцагчдад Иаков 5:6-д таримал чидун мод залуу, сайхан мөчрүүдийг гаргаж эхэлснийг тунхагласан болохыг сануул. Нэг суралцагчаар Иаков 5:8, 13–14-г чанга уншуул. Ангийнхнаас эзэн эдгээр мөчрийг яасан болохыг тодруулахыг хүс. Мөн Лихайн гэр бүлийн аян хэрхэн Иаков 5:8, 13–14 дээрх эзний үйлдлүүдийн үлгэр жишээ болж байгаа талаар эргэцүүлэн бодохыг тэднээс хүс.

Иаков 5:15–40

Усан үзмийн талбайн эзэн ба түүний үйлчлэгч усан үзмийн талбайгаас сайн үр жимс гаргахаар хөдөлмөрлөдөг

Хүүхдүүдийг хоёр бүлэг болгон хуваа. Эхний бүлгийг Иаков 5:15–28, хоёр дахь бүлгийг Иаков 5:29–40-ийг судлахыг хүс. Суралцагчдаас судлангаа дараах зүйлийг хийхийг хүс (эдгээр зааврыг самбар дээр бичиж болно):

  1. Усан үзмийн талбайд юу болсныг болон энэ нь юуг төлөөлж байгааг товч дүгнэ.

  2. Таримал (эсвэл зэрлэг) чидун мод ба түүний мөчрүүдийг хадгалж үлдэх усан үзмийн талбайн эзний хүчин чармайлтыг харуулсан хэллэгүүдийг тодруул.

Суралцагчдад өөрсдийн даалгасан шүлгүүдийг судлах хангалттай хугацаа өгсний дараа усан үзмийн талбайд юу тохиосон болоод юуг төлөөлж буйг тайлбарлахыг хүс. Иаков 5:15–28–г судалсан суралцагчдаас эхэл. Доод талд товч дүгнэлт ба тайлбарын жишээ байна.

Иаков 5:15–28. Болсон үйл явдал: Залгасан бүх мөчир сайн үр жимс өгсөн. Гэхдээ усан үзмийн талбайн сайн хэсэгт суулгасан ч гэсэн нэг мөчир таримал болоод зэрлэг үр жимс аль алийг нь гаргасан байсан. Энэ нь юуг төлөөлж болох вэ: Усан үзмийн талбайн ихэнх сайн буюу таримал үр жимс нь Христ ба Түүний төлөөлөгчдийн цаг үеийн турш дахь дэлхий дээрх зөв шударга байдлыг төлөөлж байна. Зарим сайн ба зарим зэрлэг үр жимс өгсөн мөчир Лихайн зөв шударга ба нүгэлт үр удмыг төлөөлж байна.

Иаков 5:29–40. Болсон үйл явдал: Усан үзмийн талбайн бүх үр жимс ялзарч гэмтсэн. Энэ нь юуг төлөөлж байна вэ? Үр жимсний ялзрал Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал ба Христийн төлөөлөгчдийн дэлхий дээрх номлол дэлхийгээс алдагдсан Их урвалтыг төлөөлж байна.

Хоёр бүлэг эдгээр дүгнэлтийг хуваалцсаны дараа дараах асуултуудыг асуу:

  • Ямар хэллэгүүд таримал чидун мод ба түүний мөчрүүдийг хадгалах эзний хүчин чармайлтыг үзүүлж байна вэ? Энэ нь Өөрийн гэрээт хүмүүсийн төлөөх Их Эзэний сэтгэлийн талаар юу үзүүлж байна вэ?

  • Бид энэ ёгтлолын талаар хэлэлцсэн болохоор та нар усан үзмийн талбайн эзэн Есүс Христийн талаар юу сурч мэдсэн бэ? (Эдгээр шүлэгт заагдсан олон үнэн дотроос суралцагчид Их Эзэн бидэнд хайртай бөгөөд бидний авралын төлөө шаргуу хөдөлмөрлөдөг гэдгийг ойлгох ёстой.)

  • Энэ ёгтлол хичээлийн эхэн дэх тэдний нүглийг уучлах Их Эзэний тааллын талаар эргэлзэж байсан хоёр залуугийн жишээнүүдтэй хэрхэн холбогдож байна вэ?

Иаков 5:41–51

Өөрийн усан үзмийн талбай дээр эзэн харамсан шаналдаг

Хэдэн суралцагчийг Иаков 5:41–42, 46–50-аас ээлжлэн чангаар уншихыг урь. (Та нар Иаков 5:48 дээрх “талбайн модод өмхөрч” гэсэн хэллэгийг бардамналд хамааруулж болно гэдгийг онцлон хэлж болох юм.) Ангийнхнаас эзний хайр ба түүний талбайнхаа төлөөх анхаарал халамж болоод модод сайн үр жимс гаргахгүй байгаад түүний харамсан шаналж байгааг үзүүлсэн хэллэгүүдийг олохыг хүс. Суралцагчдаас эдгээр шүлгийн ялангуяа тэдэнд утга учиртай санагдсан хэллэгээс хуваалцаж, яагаад энэ нь чухал ач холбогдолтой санагдсанаа тайлбарлахыг хүс. Суралцагчдыг хуваалцсаны дараа, дараах асуултуудыг асуу:

  • Өөрийн талбайн төлөөх эзний халамж нь Их Эзэний биднийг гэсэн хайрыг хэрхэн төлөөлж байна вэ?

  • Судруудад эсвэл өөрийн тань амьдралд тэд хэдийгээр Түүнээс нүүрээ буруулсан ч Их Эзэн хүмүүсийг үргэлжлүүлэн хайрласаар байдаг Түүний хайр ба халамжийг үзүүлсэн ямар жишээ байдаг вэ?

Төгсгөлд нь суралцагчдад тэдний үр жимс түүний хийсэн бүхнээс үл хамааран өмхөрсөн байдгийн учир эзэн бүх модыг цавчин хаядаг болохыг сануул (Иаков 5:49-ийг үз).

  • Эзэн өөрийн талбайг орхино гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

Суралцагчдыг өөрсдийн хариултыг хуваалцсаны дараа Иаков 5:51-ийг унш. Их Эзэн бидэнд хайртай бөгөөд биднийг Түүнд ирж, сайн ажлуудыг авчрахад маань туслахын тулд агуу нигүүлсэл үзүүлж, тэвчээртэйгээр шаргуу хөдөлмөрлөдөг гэдгийг гэрчил. Дараагийн хичээлээр өөрийн талбайг хадгалах эзний сүүлийн хүчин чармайлтын талаар хэлэлцэх болно гэдгийг хэл.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Иаков 5:1 Зинос гэж хэн бэ?

Зинос нь Хуучин Гэрээн дээр дурдагддаггүй ч гуулин ялтсууд дээр бичээсүүд нь орсон Еврей бошиглогч байсан. Тэр бошиглогч Абрахамын дараа, бошиглогч Исаиагийн өмнө амьдарч байсан (Хиламан 8:19–20-г үз). Тэр Есүс Христийн талаар бошиглон, гэрчилсэн (1 Нифай 19:10–12; Хиламан 8:19-г үз). Зиносыг чидун модны ёгтлолоор нь сайн мэднэ. Хэрэв суралцагсад Зиносын бошиглолуудын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл тэд гурвалсан судрын Мормоны Номны судрын удирдамж хэсгээс үзэж болно.

Хэвлэх