78-р хичээл
Aлмa 13
Оршил
Алма Аммонайхагийн дуулгаваргүй хүмүүст эхэлж заахад тэд түүнтэй маргаж, түүнээс “Та хэн билээ?” гэж түүний эрх мэдэлд эргэлзэн асуудаг байв (Aлма 9:1–6-г үзнэ үү). Тэд санваарыг урвуулан ашиглаж хувьдаа баялаг хуримтлуулах зорилготой Нихорын жаягийг хүлээн авснаар уналтын байдалд орсон юм (Aлма 1:2–15; 15:15; 16:11-ийг үзнэ үү). Алма Нихорын сургаалыг эсэргүүцэж, тэдэнд “Бурханы ариун жаягийн дээд санваарт томилогдсон” тухайгаа болон наманчилж, Их Эзэний амралтад ороход нь бусдад туслах зорилгын хамт заасан (Aлмa 13:6-г үзнэ үү). Тэрээр итгэл болон наманчлалыг тунхаглаж, амар амгалан амьдрахад нь өөрийн хүмүүст тусалсан Мелкизедекийн жишээг эш татжээ. Алма бас мөнх бус байдлын өмнөх оршихуй болон урьдчилсан томилолтын тухай заасан юм. Тэрээр хүмүүсийг Их Эзэний амралтад орохоор бэлтгэхийн тулд түүний үгсийг сонсохыг урьснаар номлолоо дуусгасан ажээ.
Заах зөвлөмж
Алма 13:1–12
Алма Аммонайхагийн хүмүүст дээд санваартнуудын дуудлагын тухай заасан нь
Алма 13-т Сүмд агуу ашиг тус болсон бүлэг хүмүүсийн тухай Алмагийн сургаал байдгийг тайлбарла. Үнэндээ, Сүмийн бүх гишүүн энэ хүмүүсийн үйлчлэлээр дамжуулан адислагдсан билээ.
Суралцагчдад тэд энэ бүлгийн нэг хэсэг болох хүмүүсийг таньдаг гэдгийг хэл. Тэгээд суралцагчдаас Алма 13:1-ийг дор бүрнээ чимээгүй уншихдаа энэ хүмүүс нь хэн болохыг тодорхойлохыг хүс. Тэд энэ шүлгийг амжиж унших цагтай байсны дараа тэднийг Алма 13:10, 14 болон Сургаал ба Гэрээ 107:1–3-ыг уншихыг санал болго. Та тэдэнд эдгээр судрын эшлэлийг Алма 13:1-ийн дэргэд судрын хуудасны захад бичихийг санал болгож болно.
Алма Мелкизедек санваар болох Бурханы Хүүгийн жаягийн дагуух санваартнуудын тухай ярьсныг онцлон хэл. Өөрөөр хэлбэл, тэр Мелкизедек санваар дахь дээд санваарын албан тушаалыг атгадаг эрчүүдийг хэлсэн. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Мосегийн хуулийг дагахдаа итгэлтэй бөгөөд үнэнч байсан нифайчууд Мелкизедек санваартай байснаас үзэхэд тэдэнд мөн сайн мэдээний бүрэн байдал байсан ажээ. … Мелкизедек санваарын тухай зарим чухал мэдээлэл Алма 13-т байдаг” (The Promised Messiah [1978], 421).
-
Та Мелкизедек санваараар дамжуулан амьдралдаа ямар адислалууд хүлээн авсан бэ? (Суралцагчид Ариун Сүнсний бэлэг, патриархын болон санваарын бусад адислал, Ерөнхий эрх мэдэлтний удирдлага, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч зэрэг орон нутгийн удирдагчдын удирдлага болон ариун сүмд хийсэн эцэг эхийнхээ гэрээнүүдээр дамжуулан хүлээн авсан адислалуудыг дурдаж болно. Тэд бас Мелкизедек санваарын удирдагчдын удирдлаган дор Аароны санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг баптисм ба ариун ёслолыг дурдаж болно.)
Дараах асуултуудыг самбар дээр бичих буюу тарааж өгөх материалд оруул. Суралцагчдад Алма 13:2–10-ыг уншин, асуултуудын хариултыг олох цаг гаргаж өг.
Суралцагчдад асуултуудад хариулт олох цаг гаргаж өгсний дараа хариултаа хэлэхийг тэднээс хүс. Та тэдний хариултыг самбар дээр жагсаан бичихийг хүсч болно.
Суралцагчдад уншсан зүйлээ ойлгож, ярилцахад туслахын тулд дараах асуултуудыг асууж болно:
-
Санваартнуудын үйлчлэл нь гэтэлгэлийн төлөө Есүс Христэд найдвар тавихыг мэдэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ? (Aлмa 13:2, 8, 16-г үзнэ үү.) Тэд өөрсдийн үлгэр жишээ, сургаал, гүйцэтгэдэг ёслолуудаар дамжуулан биднийг Аврагч руу хандуулдаг.)
-
Алма дээд санваартнууд нь “дэлхийн үүслээс дуудагдсан мөн бэлтгэгдсэн” гэж хэлснээрээ юуг илэрхийлсэн бэ? (Алма 13:3). (Тэрээр зарим эрэгтэй санваарын тодорхой албыг хүлээн авахдаа урьдчилан томилогдсон байдгийг хэлсэн.)
Суралцагчдад урьдчилсан томилолт болон энэ нь тэдний амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг ойлгоход нь туслахын тулд дараах үгсийг уншихыг тэднээс хүсч болно.
“Дэлхийн оршин суугчдад үйлчлэхээр дуудагдсан хүн бүр энэ дэлхий бий болохоос өмнө тэнгэрийн Их Зөвлөгөөн дээр шийдэгдсэн тэрхүү зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө томилогдсон юм. Миний бие тэрхүү Их Зөвлөгөөн дээр одоогийнхоо энэ албан тушаалд томилогдсон гэж боддог” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 511).).
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Дэлхийн үүслээс өмнө итгэлтэй эмэгтэйчүүдэд тодорхой хэдэн даалгавар өгч, итгэлтэй эрэгтэйчүүдийг санваарын тодорхой үүргүүдэд урьдчилан томилсон юм. Бид эдүгээ нарийн ширийн зүйлийг нь санадаггүй ч энэ нь тэр үед бидний зөвшөөрсөн зүйлийн агуу бодит үнэнийг өөрчлөхгүй” хэмээн хэлжээ (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 215–16).
-
Алма 13:3 бидэнд урьдчилан томилогдсон үүргүүдээ биелүүлэх хэрэгтэй байгаа талаар юу заадаг вэ?
-
Эрэгтэй хүн санваарын албанд томилогдоход уг томилолт түүний хувьд ямар утга учиртай байх ёстой вэ? (Алма 13:8-ыг үзнэ үү. Энэ асуултад залуу эрэгтэйчүүдийн адил залуу эмэгтэйчүүд ч хариулж болно гэдгийг хэл. Залуу эмэгтэйчүүдийн хариултыг сонсох нь залуу эрэгтэйчүүдэд хэрэгтэй байж болно.)
Суралцагчдыг Алма 13:11–12-ыг дор бүрнээ чимээгүй уншихдаа Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Мелкизедекийн санваартнууд өөрчлөгдсөн хэмээн Алмагийн дурдсан арга замуудыг олж мэдэхийг тэднээс хүс.
-
Хүний “өмсгөлүүд Хурганы цусаар угаагдан цагаан [болсон]” гэсэн нь юу гэсэн үг вэ?
-
Та яагаад Мелкизедек санваартнууд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдөх хэрэгтэй гэж бодож байна вэ? Бид ямар байдлаар тэдний үлгэр жишээг дагаж болох вэ?
Алма энэ үнэнүүдийг Аммонайхагийн хүмүүст заасныг суралцагчдад сануул. Энэ хүмүүсийн олон нь “Нихорын адил бодолтой байсан” (Aлма 14:18; 15:15) гэдэг нь тэд Нихорын сургаалыг хүлээн авсан гэсэн үг юм. Нихор нь Алмагийн нэрлэснээр “санваараар мэргэших” гэгддэг хуурамч жаягийг бий болгосон хүн юм (Aлма 1:12–15-ыг үзнэ үү).
-
Итгэлтэй Мелкизедек санваартнууд Нихорын сургаалыг дагагчдаас ямар ялгаатай вэ? (Та суралцагчдыг Алма 1:2–6-г давтсанаар Нихорын санваараар мэргэшигчид болон Мелкизедек санваартнуудын хоорондох ялгааг олоход урьж болно.)
-
Аммонайхагийн хүмүүс урьд нь Мелкизедек санваарын тухай заалгаж, мөн Мелкизедек санваараар дамжуулан адислал хүртсэн (Aлмa 9:21; 13:1-ийг үзнэ үү). Та нар Аммонайхагийн хүмүүст Мелкизедек санваарын тухай урьд нь сурсан зүйлээ сануулах нь яагаад чухал байсан гэж бодож байна вэ?
-
Та энэ хичээлээс өмнө санваарын тухай юу мэддэг байсан бэ? (Суралцагчид хэд хэдэн үнэнийг санал болгож болох ч тэдний хариулт нь санваарын ёслолууд болон санваарын үйлчлэл нь бидэнд гэтэлгэлийн төлөө Есүс Христэд хэрхэн найдвар тавихыг мэдэхэд тусалдаг гэдгийг багтаах ёстой.)
Та мөн суралцагчдад өөрсдийн олсон энэ зарчим болон бусад зарчмыг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихийг санал болгож болно. Хэрэв цаг гарвал эдгээр зарчим нь тэдний санваарын хүч болон адислалуудыг харахад хэрхэн нөлөөлж болох тухай бичихийг тэднээс хүс.
Алма 13:13–20
Алма өөрийн хүмүүсийн дунд амар амгаланг тогтоосон дээд санваартан Мелкизедекийн тухай заасан нь
Самбар дээр дараах үгс болон өгүүлбэрүүдийг бич: дээд санваартан, хаад, хүчит итгэлийг хөгжүүлэх, наманчлалыг тунхаглах, амар амгаланг тогтоох, энх амгалангийн хунтайж, эцгийнхээ удирдлага дор захирсан. Үг буюу өгүүлбэр бүрийн дараа хэсэг азнан, суралцагчдыг судраа харалгүйгээр Алма энэ үгс болон өгүүлбэрүүдээр хэнийг дүрсэлснийг тэднээр таалга. (Тэр Мелкизедекийг дүрсэлсэн.) Хэрэв суралцагчид таныг бүх үгс болон өгүүлбэрүүдийг самбар дээр бичсэний дараа ч таахгүй байвал тэднээр Алма 13:14-ийг уншуул.
Хэрэв зарим суралцагч Алма Есүс Христийн тухай ярьж байна гэж таавал зөв шударга дээд санваартны тодорхойлолт нь яагаад Аврагчийг тэдэнд сануулж байгааг асуу. Тэдэнд “Эцэгийн Төрсөн Ганц болох Хүүгийн жаягийн дагуу” Мелкизедек санваартнууд болдгийг ойлгоход нь тусал (Aлма 13:9; мөн С ба Г 107:2–4-ийг үзнэ үү). Мелкизедек санваартнууд үйлчлэл болон сургаалдаа Есүс Христийн үлгэр жишээг дагахаар хичээх ёстойг онцлон хэл. Мөн суралцагчдад Мелкизедек санваарын эрх мэдлээр гүйцэтгэгдсэн ёслолууд нь Аврагчид ойртоход бидэнд тусалдгийг сануул.
Нэг суралцагчаас Алма 13:14–19-ийг чанга уншихыг хүс. Аммонайхагийн ёс бус хүмүүс Мелкизедекийн тухай сурснаар ямар ашиг тусыг олж болох тухай бодоход суралцагчдыг урамшуулан дэмж.
-
Алма 13:17 дээр ямар үгс Мелкизедекийн хүмүүсийг дүрсэлж байна вэ? Энэ хүмүүс Аммонайхагийн хүмүүстэй юугаараа төстэй байсан бэ? (Aлма 8:9; 9:8-ыг үзнэ үү.)
-
Мелкизедек өөрийн хүмүүсийн удирдагчийн хувьд юу хийсэн бэ? Түүний удирдлага хүмүүст нь хэрхэн нөлөөлсөн бэ? Энэхүү нөлөө нь Нихорын сургаалыг дагасан Аммонайха дахь хүмүүсийн нөлөөнөөс ямар ялгаатай байсан бэ? (Aлма 8:17; 10:27, 32-ыг үзнэ үү.)
Суралцагчдыг Алма 13:16–18-ыг товчлон дүгнэн, эдгээр шүлэгт заасан санваарын удирдагчдын үүргийн тухай үнэнүүдийг илэрхийлэхэд урь. Суралцагчдыг дүгнэлтээ санал болгох үед биднийг Есүс Христэд найдвар тавьж, наманчлан, амар амгалан амьдрахад санваарын удирдагчид тусалдгийг тэд илэрхийлсэн эсэхийг магадал. (Та суралцагчдыг санал дүгнэлтээ Алма 13:16–18-ын дэргэд бичихэд урамшуулан дэмжиж болно). Халамжийн Нийгэмлэг болон Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид зэрэг Сүмийн бусад удирдагч энэхүү ажлын чухал оролцогчид гэдгийг онцлон хэл. Тэд санваарын удирдагчидтай хамт үйлчилснээр хувь хүмүүс болон гэр бүлүүдийг Христэд ирэхэд нь удирдахад тусалж чадна.
-
Та Сүмийн удирдагчдын үйлчлэлээр хэрхэн адислагдсан бэ?
Алма 13:21–31
Алма хүмүүсийг Их Эзэний дуу хоолойг сонсож, Түүний амралтад орохыг урьсан нь
Суралцагчдыг Aлмa 13:12, 13, 16, 29 дээр давтагдсан санааг олоход урь. Тэд амралт болон “Их Эзэний амралт” гэдэг хэллэгийг олох ёстой. Та энэ санааг шүлэг бүрд нь тэмдэглэхэд суралцагчдыг урамшуулан дэмжиж болно. Энэ амьдрал болон үхлийн дараа Их Эзэний амралтад орох нь юу гэсэн утгатайг ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах үгсийг унш:
“Эртний бошиглогчид ‘Бурханыхаа амралтад орсон’ [Aлмa 12:34; С ба Г 84:23–24] гэж хэлсэн нь юу гэсэн утгатай вэ? Миний бодлоор энэ нь Бурханыг хайрлах хайр ба Түүний тухай мэдлэгтэй болж, түүний зорилго, төлөвлөгөөнд итгэн, ямар нэгэн өөр зүйлийг шохоорхохгүй байж, бидний зөв гэдэгт итгэлтэй болохыг хэлнэ” (Joseph F.Smith, Teachings of Presidents of the Church: Joseph F.Smith [1998], 56).
“Жинхэнэ гэгээнтнүүд энэ амьдралд Их Эзэний амралтад ордог бөгөөд тэд үнэнийг дагаснаар энэхүү адислалаа Их Эзэнтэй хамт тэнгэрт амартлаа үргэлжлүүлэх болно. … Их Эзэний амралтад үүрд мөнх байна гэдэг нь мөнх амьдралыг өвлөж, Их Эзэний алдар суугийн бүрэн байдлыг авна гэсэн үг юм” (Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2 дахь хэвлэл. [1966], 633).
Алма Аммонайхагийн хүмүүсийг гэм нүглээ наманчилж, Христийн ирэлтэд бэлтгэхийг уриалсныг тайлбарла (Aлмa 13:21–26-г үзнэ үү). Дараа нь тэр Их Эзэний амралтад орохын тулд дагах ёстой зарчмуудыг хуваалцсан.
Алма 13:27-г дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс.
-
Алма 13:27 дээрх ямар үгс Алмаг энэ хүмүүсийн тухай мөн өөрийн захиасын тухай хэрхэн мэдэрч байсныг үзүүлсэн бэ?
Алма 13:27–29-ийг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Хүмүүсийг дагаасай хэмээн Алмагийн найдсан зарчмуудыг олохыг суралцагчдаас хүс. Тэгээд суралцагчдаас олсон зарчмуудаа жагсаахыг хүс. Жишээлбэл: Бид наманчлах урилгад даруухан хариулснаар Сүнс биднийг Их Эзэний амралт руу удирддаг гэж тэд хэлж болно.
Суралцагчдыг Алма 13:27–29 дэх зөвлөгөөг хэрхэн дагах талаарх зорилгуудаа бичихэд урь. Бид Алмагийн заасан зарчмуудыг дагаснаар энэ амьдралд болон ирэх амьдралд Их Эзэний амралтад орж чадна гэдгийг гэрчил.