66-р хичээл
Moзая 26
Оршил
Хаан Бенжаминыг сүүлийн үгээ хэлж байх үед бяцхан хүүхдүүд байсан хүмүүс нь Мозаяг хаанчилж байх үед Сүмийн заасан зүйлүүдэд итгэхгүй мөн Их Эзэнийг тоомсорлодоггүй болсон. Эдгээр итгэлгүй өсвөр үеийнхэн сүмийн бусад гишүүдийг ноцтой гэм нүгэл хийхэд нөлөөлж байв. Эдгээр нүгэл үйлдэгчдийн олныг нь сүмийн удирдагч Алмагийн өмнө авчирсан. Эхэндээ Алма тэдэнд яаж хандахаа сайн мэддэггүй байсан ч эцэст нь тэдгээр дуулгаваргүй гишүүдийг хэрхэн шүүх ёстойгоо Их Эзэнээс асуусан юм. Сүмийн гишүүд өөрсдийн хийсэн нүгэлд хариуцлага хүлээх үйл явцыг Их Эзэн Алмад илчилсэн. Алма түүнчлэн Бурханы нигүүлсэл ба Тэрээр наманчилсан хүмүүсийг уучлахад бэлэн байдаг тухай сурдаг. Алма Их Эзэний зөвлөгөөг дагаж, сүмд эмх цэгцийг авчирдаг.
Заах зөвлөмж
Moзая 26:1–6
Өсвөр үеийнхнээс олон нь сайн мэдээнд итгэдэггүй бөгөөд тэд бусдыг нүгэл үйлдэхэд хөтөлдөг
Хичээлээ эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич:
Суралцагчдыг эдгээр асуултад судар судлах тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ хариулан бичихийг хүс. Тэдэнд хангалттай цаг өгсний дараа Moзая 26 дээр өөрсдийн гэрчлэлийг өсгөх хэрэгтэй зүйлсийг хийгээгүй хүмүүсийн тухай өгүүлдэг гэдгийг тайлбарла. Иймээс Бурханд итгэх тэдний итгэл хэзээ ч өсч хөгжөөгүй бөгөөд тэд сүмийн олон гишүүнийг нүгэл ба алдаа руу удирдсан юм. Энэхүү үйл явдлыг судалж байхдаа энэ нь гэрчлэлээ өсгөн хүчирхэгжүүлэх талаар юу зааж байгаа тухай тунгаан бодохыг суралцагчдад сануул.
Нэг суралцагчийг Moзая 26:1–3-ыг чанга уншихад урь. Тэгээд ангийнхнаас асуу:
-
Өсвөр үеийнхнээс олонх нь ямар сонголт хийсэн бэ? (Тэд эцэг эхийнхээ уламжлалд итгэхийг сонгоогүй.)
-
Итгэлгүй байх нь “Бурханы үгсийг ойлгох” чадварыг яагаад бууруулдаг гэж та нар бодож байна вэ? (Moзая 26:3).
Итгэх нь (эсвэл бүр итгэх хүсэлтэй байхад л) биднийг гэрчлэлээ хүчирхэгжүүлэх үйлдэл рүү чиглүүлдэг юм. Харин хүмүүс итгэхгүй байхаар сонгох үедээ бат бөх гэрчлэлтэй болоход нь туслах зүйлсийг хийхгүй байхаар сонгодог. Суралцагчдыг Moзая 26:3–4, 6-г дор бүрнээ чимээгүй уншихад урь. Итгэхгүй байсан учраас өсвөр үеийнхэн юуг хийхгүй байхаар сонгосон тухай олж уншихыг ангийн хэсэг суралцагчаас хүс. Бусад суралцагчаас энэхүү итгэлгүй байдлын үр дүнгийн талаар олж уншихыг хүс.
-
Өсвөр үеийнхэн итгэлгүй байсан учраас юуг хийхээс татгалзсан бэ?
-
Тэдний итгэлгүй байдлын үр дүнд юу болсон бэ?
Суралцагчид энэ асуултуудын талаар ярилцсаны дараа дараах зүйлийг самбар дээр бич: Гэрчлэлтэй болж, гэрчлэлээ хадгалахын тулд бид … хийх хэрэгтэй
Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Самбар дээр бичсэн өгүүлбэрийг гүйцээхийн тулд анхааралтай сонсохыг суралцагчдаас хүс.
“Гэрчлэл нь итгэлийн залбирлаар, судрууд дахь Бурханы үгээр цангах явдлаар түүнчлэн бидний хүлээн авсан үнэнд дуулгавартай байх үйлдлээр тэжээгдэн тэтгэгдэж байх ёстой. Залбирлыг үл тоомсорлох нь аюултай юм. Судруудыг судлах болон уншихдаа хайхрамжгүй хандах нь гэрчлэлд аюул учруулна. Эдгээр нь бидний гэрчлэлийн чухал тэжээл юм. …
“Бурханы үгэн дээр найрлан, чин сэтгэлээсээ залбирч, Их Эзэний зарлигуудад дуулгавартай байснаар та нарын гэрчлэл байнга өсөж хөгжин бэхжих ёстой” (“Амьд гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона 2011 оны 5-р сар, 140).
-
Юу хийвэл биднийг гэрчлэлээ хөгжүүлэхэд тусална гэж ерөнхийлөгч Айринг хэлсэн бэ? (Суралцагчид үүнд хариулах үед тэдний хариултыг самбар дээрх өгүүлбэрт оруулан бич: Гэрчлэлээ хөгжүүлж, тордохын тулд бид Бурханы үгэн дээр найрлаж, итгэлтэйгээр залбирч мөн Их Эзэний тушаалуудыг дагах ёстой.)
-
Эдгээр үйлдэл нь таны гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ?
Суралцагчдыг Moзая 26:5–6-г дор бүрнээ чимээгүй уншаад шашин шүтлэггүй өсвөр үеийнхэн Сүмийн зарим гишүүнд хэрхэн нөлөөлдөг тухай олж мэдэхэд урь.
-
Дараах хэлсэн үгийн тухай тунгаан бод: “Тиймийн тул сүмд байж нүгэл үйлдсэн тэд сүмээр зэмлэгдэх ёстой нь зайлшгүй болов” (Moзая 26:6). Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна? (Нүгэл үйлдсэн Сүмийн гишүүдийг шүүж мөн хариуцлага хүлээлгэх шаардлагатай байсан.)
Moзая 26:7–14
Алма нүгэл үйлдсэн хүмүүсийг хэрхэн шүүх тухай Их Эзэнээс удирдамж хүсдэг
Ноцтой гэм нүгэл үйлдсэн ба наманчлахгүй байгаа гишүүдтэй тойргийн бишоп байх нь ямар байдаг бол? гэдгийг төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Энэ тохиолдолд яах байсан тухай чимээгүй дор бүрнээ бодохыг тэднээс хүс. Тэд гишүүдийг хийсэн гэм нүглийнхээ төлөө хариуцлага хүлээхэд мөн тэдэнд наманчлахад нь туслах өөрсдийн үүргийг хэрхэн биелүүлж болох вэ? Сүмийн удирдагч байсан Алмад үүнтэй ижил төстэй зүйлс тохиолдсон билээ.
Гэм нүгэл үйлдсэн хүмүүсийг Алмагийн өмнө авчирсан гэдгийг тайлбарлаж, Moзая 26:7–12-ыг товчхон дүгнэ. Сүмд үүнтэй ижил зүйл урьд нь тохиолдож байгаагүй тул Алма юу хийхээ сайн мэдэхгүй байлаа. Тэрээр нүгэл үйлдэгсдийг шүүлгэхээр хаан Мозая руу илгээхээр шийдсэн. Харин хаан Мозая нүгэл үйлдсэн Сүмийн гишүүдийг Бурханаас өгөгдсөн шүүх эрх мэдэл бүхий Алма руу буцаан явуулсан.
Суралцагчдыг Moзая 26:13–14-ийг чанга уншихад урь. Алма нүгэл үйлдсэн хүмүүсийг шүүх өөрийн үүрэг хариуцлагын тухай юу гэж бодож байсныг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
-
Нүгэл үйлдэгсдийг шүүх өөрийн үүрэг хариуцлагынхаа талаар сэтгэл зовниж байхдаа Алма юу хийсэн бэ?
-
Бишоп ба салбарын ерөнхийлөгчид нүгэл үйлдсэн хүмүүст туслахдаа Их Эзэний удирдамжийг эрэлхийлж, хүлээн авдаг гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?
Moзая 26:15–32
Их Эзэн Алмад Сүмийн гишүүдийг хийсэн нүгэлд нь хэрхэн хариуцлага хүлээлгэж мөн наманчлах нөхцөлүүдийг илчилсэн
Moзая 26:15–32-ын агуулгыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд энэ хэсгүүд нь нүгэл үйлдэгчдэд хэрхэн хандах тухай Алмагийн асуултад өгсөн Их Эзэний хариултыг агуулсан гэдгийг онцлон хэл. Суралцагчдыг Их Эзэний өгсөн хариултыг судлахдаа бишоп, салбарын ерөнхийлөгч (мөн Мелкизедек санваартан, гадас, дүүрэг, номлолын ерөнхийлөгчид) зэрэг санваарын шүүгчийн үүргийг ойлгоход нь туслах зарчмууд ба сургаалуудыг олж уншихыг дэмж. Мөн тэднийг уучлал эрэлхийлэх тухай сургаал, зарчмуудыг олж уншихыг хүс.
Суралцагчдыг Moзая 26:17–28-ыг дор бүрнээ чимээгүй уншаад Их Эзэн миний эсвэл Би гэдэг үгсийг хэрэглэсэн тохиолдол бүрийг анхааран үзэхэд урь. Та тэдэнд эдгээр үгсийг гарч ирэх бүр тэмдэглэхийг санал болгож болно. Дараа нь суралцагчдаас асуу:
-
Moзая 26:17–28 дээр гарах Би мөн миний гэдэг үгс нь наманчлах үйл явцын талаарх Их Эзэний байр суурийг хэрхэн илэрхийлж байна вэ? (Та тэднийг өөрсдийнх нь хариултыг дэмжих хэсэг эсвэл хэллэгүүдээс хуваалцахад урьж болно.)
-
Наманчлах явцад Их Эзэний үйлчлэгчдийн оролцох үүргийн талаар ямар үнэнүүдийг бид Moзая 26:20–21-ээс мэдэж болох вэ? (Санваарын удирдагчид Их Эзэнийг төлөөлдөг бөгөөд биднийг ноцтой гэм нүгэл хийсэн үед бишоп, салбарын ерөнхийлөгчид бидэнд нүглээ наманчлан, уучлалыг хүлээн авахад тусалдаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)
-
Нүгэл ба уруу таталтад автагдсан хүмүүст бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч хэрхэн тусалж болох вэ?
Уучлал хүлээн авахыг эрэлхийлж байгаа хүмүүс наманчлахын тулд хийх ёстой зүйлийн талаар Их Эзэн Алмад заасан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хоёр хоёроор нь болгоод Moзая 26:29–32-оос Их Эзэн биднийг нүглээ наманчлахын тулд юу хийхийг шаарддаг болохыг ойлгоход туслах зарчмуудыг олж мэдэхийг хүс.
Тэдэнд энэ хэсгүүдийг унших хугацаа өгсний дараа хэдэн суралцагчийг олж нээсэн зарчмуудаа өөрсдийн үгээр самбар дээр бичихэд урь. Тэд дараах байдлаар хариулж болно:
Нүгэл хийснээ хүлээх нь уучлал руу хөтлөх болно.
Чин сэтгэлээсээ наманчилдаг хүмүүсийг Их Эзэн уучлах болно.
Бид Их Эзэний уучлалыг хүлээн авахын тулд бусдыг уучлах ёстой.
Энэ зарчмуудыг илүү сайн ойлгоход нь тэдэнд туслахын тулд дараах асуултуудаас заримыг нь эсвэл бүгдийг нь асуу:
-
Moзая 26:29 дээр “тэр чиний мөн миний өмнө нүглүүдээ тоочиж” гэсэн үг нь ямар утгатай вэ? (Та тэдэнд энэ хэсэгт чиний гэсэн үг нь Алмаг хэлж байгааг онцлон хэлж болно.)
-
Хэн нэгэн нь ноцтой гэм нүгэл үйлдвэл тэр хүн яагаад Их Эзэнд мөн Сүмийн зохих удирдагчдад хандан, нүглээ наманчлах ёстой гэж та нар бодож байна вэ? (Ариун явдлын хуулийг зөрчих гэх мэтийн ноцтой гэм нүгэл нь тухайн хүний Сүмийн гишүүнчлэлд хор учруулдаг. Тийм учраас ийм нүгэл хийсэн хүн Их Эзэн болон Сүм дэх Түүний төлөөлөгч хоёуланд нь нүглээ наманчлах ёстой. Бишоп болон салбарын ерөнхийлөгч нь хийсэн нүгэлдээ уучлал авахыг эрэлхийлж буй хүмүүст туслах санваарын түлхүүрүүдийг атгадаг. Зөвхөн Их Эзэн нүглүүдийг уучилж чадах хэдий ч санваарын удирдагчид нь хүмүүст тэрхүү уучлалыг хүлээн авахад нь дэмжин туслах үүрэгтэй байдаг. Тэд нүглийн наманчлалын нууцыг хадгалан мөн нүглээ наманчлах үйл явцын туршид хүмүүст тусалдаг.)
-
“Зүрх сэтгэлийнхээ угаас” наманчилна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар боддог вэ? (Moзая 26:29).
-
Их Эзэн яагаад биднээс бусдыг уучлаасай хэмээн хүсдэг гэж та нар боддог вэ? Нүглээ наманчлах ба бусдыг уучлах хоёр хоорондоо ямар холбоотой вэ? (3 Нифай 13:14–15; С ба Г 64:8–11-ийг үзнэ үү.)
-
Эдгээр хэсгийн ямар хэллэгүүд нүглээ наманчлах хүсэлтэй ч уучлагдана гэдэгтээ итгэхгүй байгаа хүмүүст урам зориг эсвэл тайтгарал өгч чадах вэ?
Moзая 26:33–39
Алма нүгэл үйлдэгсдийг шүүж, Сүмд дэг журам тогтоон, Их Эзэний зөвлөгөөг дагадаг
Moзая 26:33–37 дээр Алма Их Эзэний зааврыг даган, нүгэл үйлдсэн Сүмийн гишүүдийг шүүж, мөн Сүмд дэг журам тогтоосон тухай өгүүлсэн болохыг тайлбарла. Moзая 26:34–37-г дор бүрнээ чимээгүй уншин, Их Эзэний зөвлөгөөг дагахаар Алмагийн гаргасан хүчин чармайлтын үр дүнгийн талаар олж мэдэхэд урь. Бид наманчлан, зөв шударга амьдарснаар зүрх сэтгэлдээ амар амгаланг олж, сүнсээр хөгжин дэгжих болно гэсэн өөрийн гэрчлэлийг хуваалцаарай.