Номын сан
72-р хичээл: Алма 5:37–62


72-р хичээл

Aлмa 5:37–62

Оршил

Алма Зарахемлад номлолоо үргэлжлүүлэхдээ түүний хэлсэн үгийг дагах буюу эсэргүүцэх шийдвэр нь ноцтой үр дагаврыг авчрах болно гэдгийг өөрийн хүмүүст сэрэмжлүүлэв. Алма мөн Есүс Христийг тэднийг араас нь дуудаж, тэднийг эргээд сүрэгтээ авчрахыг хүсдэг сайн хоньчинтой зүйрлэсэн. Тэрээр хүмүүсийг тэнгэрийн хаант улсыг өвлөн авч чадахын тулд нүглээ наманчилж, дэлхийн цэвэр бус зүйлсээс зайлсхийхийг урамшуулан дэмжсэн билээ.

Заах зөвлөмж

Aлмa 5:37–42, 53–62

Алма ёс бусчуудыг сэрэмжлүүлж, хүн бүхнийг Сайн Хоньчны дуу хоолойг сонсоход урьдаг

Есүс төөрсөн хургыг тэврэн яваа нь

“Есүс төөрсөн хургыг тэврэн яваа нь” зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], дугаар 64).

  • Аврагч ямар байдлаар Сайн Хоньчин байдаг вэ?

Цөөн суралцагчийг хариулсны дараа ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг унш:

“Есүсийн үед Палестины хоньчин хонио хамгаалдгаараа нэрд гарсан байжээ. Орчин үеийн хоньчдоос ялгаатай нь хоньчин ямагт сүргийнхээ өмнө явдаг байлаа. Тэр тэднийг удирддаг. Хоньчин хонь бүрээ мэддэг бөгөөд хонь болгондоо нэр өгдөг байв. Хоньд нь түүний дууг мэдэж, түүнд итгэдэг бөгөөд гадны хүнийг дагадаггүй байв. Тиймээс, дуудахад, хонь түүн дээр очдог байлаа (Иохан 10:14, 16-г үзнэ үү). …

“Есүс өөрийн өдрүүдэд энэхүү энгийн зүйрлэлийг Өөрийгөө Сайн Хоньчин, Жинхэнэ Хоньчин гэдгийг тунхаглахад ашиглажээ. Тэрбээр ах, эгч, дүү нартаа хайртай байсан учраас тэдний төлөө өөрийн амийг сайн дураараа, өөрийн хүслээр өгсөн юм” (“A Call to the Priesthood: ‘Feed My Sheep,’” Ensign, 1983 оны 5-р сар, 43; мөн Жон Р.Лазатэр, “Shepherds of Israel,” Ensign, 1988 оны 5-р сар, 74–75-ыг үзнэ үү).

Алма “хоньчингүй хоньд мэт” болсон Зарахемлагийн хүмүүст тунхаглахаар явсныг тайлбарласнаар Алма 5-ын хам сэдвийг санахад нь суралцагчдад тусал (Алма 5:37). Зарахемлагийн хүмүүст учраад байсан бэрхшээлүүд мөн Алма тэднийг юу хийхийг урамшуулан дэмжсэн тухай санахыг суралцагчдаас хүс. Та Алма 5:14–20 зэрэг өмнөх хичээлийн зарим гол шүлгийг товч нэгтгэн дүгнэж, шүлгүүдийн нөхцөл байдлыг санахад нь суралцагчдад тусалж болно. Зарахемлагийн хүмүүс ёс бус байдлаасаа болоод аймшигтай нөхцөл байдалд байсныг суралцагчид ойлгосон эсэхийг анхаар (Алма 7:3-ыг үзнэ үү).

Хоёр, гурван суралцагчийг Алма 5:37-42-ыг ээлж дараалан чанга уншихад урь. Хэн нэгнийг Аврагчийн хонь мөн эсэхийг хэлж болох арга замуудыг олохыг суралцагчаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны эцэст дараах асуултуудыг асуу.

  • Хонинд хоньчин хэрэгтэйн адил хүмүүст удирдагч хэрхэн хэрэгтэй вэ?

  • Алма 5:37–38-д өгүүлснээр Сайн Хоньчин хонио хайрлаж халамжилдгаа хэрхэн харуулдаг вэ? (Тэр Өөрийн нэрээр хониныхоо араас байнга дууддаг.)

  • Алма 5:41-д өгүүлснээр бид Сайн Хоньчны дууг сонсож байгаа эсэхээ хэрхэн хэлж чадах вэ?

  • Тухайн хүн Сайн Хоньчныг дагаж байгааг харуулсан ямар ажлууд байдаг вэ?

Суралцагчдыг хариулсны дараа нэг суралцагчаас Есүс Христийг дагах амлалт хийсэн эрэгтэй, эмэгтэй хүнийг дүрсэлсэн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг уншихыг хүс. (Та суралцагч бүрд энэ үгсийн хуулбарыг бэлтгэн өгч болно.)

“Та Христийг дагахаар сонгохдоо бас өөрөө өөрчлөгдөхөөр сонгодог. …

“Христийн төлөө өөрчлөгдсөн эрэгтэй [болон эмэгтэй хүмүүс] Христээр удирдуулдаг. …

“Тэдний хүсэл Түүний хүсэлд шингэдэг. (Иохан 5:30-ыг үзнэ үү.)

“Тэд Их Эзэнд тааламжтай зүйлсийг үйлддэг. (Иохан 8:29-ийг үзнэ үү.)

“Тэд зөвхөн Их Эзэний төлөө үхээд зогсохгүй, харин бүр ч илүү чухал зүйл бол тэд Түүний төлөө амьдрахыг хүсдэг.

“Тэдний гэрт ороход ханан дээрх зураг, тавиур дээрх ном, тэнд сонсогдох хөгжим, тэдний үг яриа, үйлдэл бүр нь тэд бол Христэд итгэгч гэдгийг харуулдаг.

“Тэд бүх цаг мөч, бүх зүйлс, бүх газарт Бурханы гэрч болон зогсох ёстой. (Мозая 18:9-ийг үзнэ үү.)

“Тэд бодол санаа бүрдээ Христ рүү харснаар тэдний оюун санаанд Тэрээр оршдог. (С ба Г 6:36-г үзнэ үү.)

“Тэд хайраа үүрд Христ дээр байрлуулснаар тэдний зүрх сэтгэлд Тэрээр оршдог. (Aлмa 37:36-г үзнэ үү.)

“Бараг долоо хоног бүр тэд ариун ёслолоос хүртсэнээр өөрсдөдөө Түүний Хүүгийн нэрийг авч, үргэлж түүнийг санаж, мөн өөрсдөд нь өгсөн Түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ Мөнхийн Эцэгтээ шинээр гэрчилдэг (Моронай 4:3-ыг үзнэ үү).” (“Born of God,” Ensign, 1985 оны 11-р сар, 5, 6–7).

Алма 5:53–56-г дор бүрнээ чимээгүй уншихдаа хэн нэгэнд Аврагчийн дуу хоолойг сонсохыг нь хүндрэлтэй болгож байгаа зан авир, үйлдлийг эрж олоход суралцагчдыг урь. Цөөн минутын дараа хэдэн суралцагчийг олж мэдсэн зүйлсээ самбар дээр бичихэд урь. Тэд самбарын зайг боломжийнхоо хэрээр бүрэн ашиглах замаар хариултыг нь бичүүл. Аврагчийн дуу хоолойг анхааралтай сонсохыг нь хүндрэлтэй болгодог тэдний эргэн тойрон дахь аливаа зүйлс болон үйлдлүүдийг нэмж хэлэхийг тэднээс хүс. (Суралцагчдын хариултууд нь Бурханы сургаалыг хойш тавих [үл ойшоох], бардамнал, хувиа хичээх, зүрх сэтгэлээ баялаг болон дэлхийн зүйлс дээр тавих, өөрсдийгөө бусдаас илүү гэж бодох, зөв шударга хүмүүсийг хавчих, эсвэл ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсээс нүүр буруулах явдал байж болно. Та суралцагчдын анхаарлыг Зарахемлагийн хүмүүс нүгэлт зан авир болон хандлагаасаа салж чадахгүй зууралдсаар байсныг онцлон тэмдэглэхдээ Алмагийн дахин давтан хэрэглэсэн шаргуу тэмцэх гэдэг үгэнд хандуулж болно.)

Суралцагчдын хариултуудын зарим хэсгийг арилган, самбарын голд бичих зай гарга. Уг зайнд Сайн Хоньчны дуу хоолойг дагах гэж бич.

Нэг суралцагчийг Алма 5:57-г чанга уншихад урь. Бид хилэнцэт нөлөөнд хэрхэн хариулах ёстойг заасан өгүүлбэрүүдийг олохыг суралцагчдаас хүс (“Ёс бусыг үйлдэгчдийн дундаас гарч ирцгээ”, “та нар тусдаа байгтун”, мөн “тэдний цэвэр бус зүйлүүдэд бүү хүрэгтүн.”) Та суралцагчдад энэ өгүүлбэрүүдийг судрынхаа хажууд тэмдэглэхийг санал болгож болно. Эдгээр өгүүлбэр нь бидний сүнслэг байдалд муугаар нөлөөлөх аливаа зүйлсээс бид зайлсхийх ёстойг онцлон тэмдэглэж байгааг суралцагчдад анхааруул. Суралцагчид анхаарлыг нь сарниулах зүйлс, муу нөлөөнөөс хэрхэн зайлсхийж, Сайн Хоньчны дуу хоолойг дагах талаар ярилцахад нь тэдэнд туслахын тулд дараах асуултууд эсвэл эдгээртэй адил асуултуудыг асуу:

  • Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн ёс бус зүйлсээс хол байхын тулд юу хийж болох вэ? (Суралцагчдын хариултыг бататгахын тулд та суралцагчдын хэн нэгнээс өөрийн олж харсан сайн үлгэр жишээг хуваалцахаар төлөвлөж болно. Та мөн суралцагчдыг бие биенээсээ олж харсан сайн жишээнүүдээс хуваалцахад урьж болно.)

  • Алма 5:56–57-д өгүүлснээр, ёс бус явдлаасаа салж чадахгүй зууралдсаар байхын үр дагаврууд юу вэ? Хэрэв бид ёс бус явдлаасаа салж чадахгүй зууралдсаар байвал бид Сайн Хоньчны дуу хоолойг сонсож чадахгүй, мөн зөв шударга хүмүүсийн дунд тоологдохгүй.

Хэрэв цаг гарвал дараах асуултыг эргэцүүлэн бодох цөөн минутыг суралцагчдад гаргаж өг. Та тэднээс асуултын хариултаа дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихийг хүсч болно.

  • Түүнд ирэгтүн гэсэн урилгыг нь илүү сайн хүлээж авахын тулд Их Эзэн та нараар юу хийлгэхийг хүсэх бол? (Хариултууд нь тэдний сайжруулах хэрэгтэй эсвэл тэдний хийхээ болих ёстой ямар нэгэн зүйл байж болно гэдгийг та суралцагчдад хэлж болно.)

Алма 5:58–62-ыг чимээгүй уншихдаа Их Эзэн болон Түүний хүмүүстэй хамт цугларах хүмүүст амласан адислалуудыг хайж олоход суралцагчдыг урь. (Та суралцагчдад эдгээр адислалыг судрынхаа хажууд тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Их Эзэний дуу хоолойг анхааран сонсдог хүмүүст өгсөн Түүний амлалтуудыг та хэрхэн хураангуйлан дүгнэх вэ? (Хэдийгээр суралцагчид өөр зарчмыг санал болгосон ч хэрэв бид [Сайн Хоньчин] болох Их Эзэний дуу хоолойг дагавал бид Түүний хаант улсад цугларна гэдгийг ойлгосон байх ёстойг анхаар . Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Та Сайн Хоньчны дуу хоолойг сонсоход туслах ямар дадал хэвшлүүдийг өөртөө хөгжүүлсэн бэ?

  • Самбар дээр жагсаасан муу нөлөөнүүдэд автахгүй байхад эдгээр дадал хэвшил танд хэрхэн тусалсан бэ?

Бид Аврагчийн дуу хоолойг сонссоноороо Их Эзэний хаант улсад цугларах зөв шударга хүмүүсийн дунд байх болно гэдгийг гэрчил.

Алма 5:43–52

Алма наманчлалыг номлох үүргээ биелүүлсэн нь

Бие махбодын таван мэдрэх эрхтний нэрийг жагсаан бичихийг суралцагчдаас хүс (харах, сонсох, хүртэх, үнэрлэх ба амтлах). Таван мэдрэхүйгээ ашиглах боломжийг суралцагчдад олгодог зарим зүйлийг авчрахыг бодоорой.

  • Мэдрэхүй тус бүрийн талаар таны сурч мэдсэн зүйлс юу вэ?

  • Эдгээр таван мэдрэхүйг ашиглалгүйгээр ямар нэгэн зүйлийг мэдэх эсвэл сурах арга зам байдаг уу?

Алма 5:44–48-ыг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Алма юу мэддэг болон үүнийгээ хэрхэн мэддэг талаар юу хэлснийг хайж олохыг суралцагчдаас хүс.

  • Алма 5:48-д өгүүлснээр Алма юу мэдсэн бэ?

  • Алма гэрчлэлийнхээ эх сурвалжийг юу байсан гэж хэлсэн бэ?

  • Алма энэхүү гэрчлэлийг Ариун Сүнснээс хүлээн авахын тулд юу хийсэн бэ?

  • Залбирал болон мацаг барих нь сайн мэдээний гэрчлэлтэй болох эсвэл уг гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Та залбирал ба мацаг барилтын үр дүнд гэрчлэл тань хүчтэй болсныг хэзээ мэдэрсэн бэ?

Бид Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христ бол хүн төрөлхтний Гэтэлгэгч гэдгийг өөрсдөө мэдэж чадна гэдгийг гэрчил. Есүс Христ бол хүн төрөлхтний Гэтэлгэгч гэсэн хувийн гэрчлэлийг эрэлхийлж, үүнийг хүлээн авахын чухлыг онцлон тэмдэглээд, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М. Рассэлл Баллардын дараах үгсийг унш:

Ахлагч М.Рассэлл Баллард

“Сайн мэдээ үнэн болох тухай, ялангуяа Их Эзэн Есүс Христийн тэнгэрлэг амьдрал ба үүрэг зорилгын тухай хувь хүний гэрчлэл бидний мөнх амьдралд туйлын чухал юм. … Өөрөөр хэлбэл, мөнх амьдрал Тэнгэр дэх Эцэг болон Түүний Ариун Хүүгийн тухай бидний хүн бүрийн хувийн мэдлэгээр нотлогддог. Тэдний тухай зүгээр л мэдэх нь хангалттай бус юм. Бидний гэрчлэлийг улам бат бөх болгодог хувийн сүнслэг туршлага бидэнд байх ёстой. Эдгээр туршлага нь өлсгөлөн хүн хоол хайж байгаатай адил нэг зүйлд санаа төвлөрсөн, хүчтэй арга замаар тэдгээрийг эрж хайснаас ирдэг” (“Feasting at the Lord’s Table,” Ensign, 1996 оны 5-р сар, 80).

Суралцагчдад дараах асуултын хариултыг бичих хугацаа олго. Есүс Христийн тухай гэрчлэлтэй болох буюу энэхүү гэрчлэлээ улам хүчтэй болгохын тулд тэд юу хийхээр төлөвлөж байгаагаа бичихэд суралцагчдыг урамшуулан дэмж. Хэдийгээр үүнд “олон өдөр”-ийг (Алма 5:46) зориулах хэрэгтэй ч тэднийг зорилгуудаа биелүүлэхэд нь урамшуулан дэмж.

  • Ариун Сүнс танд Есүс Христ бол дэлхийн Гэтэлгэгч гэдгийг гэрчилснийг та хэзээ мэдэрсэн бэ?

Алма 5:49–52-ыг дор бүрнээ чимээгүй уншихдаа Алма хүмүүст, тэд тэнгэрийн хаант улсыг өвлөн авахын тулд юу хийх ёстой гэж хэлснийг хайж олоход суралцагчдыг урь.

  • Бурханы хаант улсад ороход наманчлал яагаад чухал вэ?

Бурханы хаант улсад орохоор бэлтгэх тухай Алмагийн сургаалыг амьдралд хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгсийг уншихыг нэг суралцагчаас хүс.

“Хэрэв Түүний ирэх өдөр маргааш байсан бол яах байсан бэ? Хэрэв бид Их Эзэнтэй—цаг нь болоогүй үхлээр эсвэл Түүний гэнэтийн ирэлтээр—маргааш уулзана гэдгээ мэдсэн бол та өнөөдөр юу хийх вэ? Бид ямар гэм буруугаа хүлээх байсан бэ? Бид ямар зүйлсийг хийхээ болих байсан бэ? Бид ямар тайлан тавих байсан бол? Бид ямар уучлалыг үзүүлэх байсан бол? Бид ямар гэрчлэл хуваалцах байсан бол?

“Хэрэв бид эдгээр зүйлийг хийх ёстой юм бол яагаад одоо хийж болохгүй гэж? Амар амгаланг хүлээн авах боломжтой үедээ яагаад түүнийг эрж хайгаагүй билээ?” (“Preparation for the Second Coming,” Ensign эсвэлЛиахона, 2004 оны 5-р сар, 9).

Аврагчтай уулзаж, Түүний хаант улсад орохоор бэлтгэхийн тулд амьдралдаа хийх хэрэгтэй өөрчлөлтүүдийн талаар тунгаан бодох хугацааг суралцагчдад олгож, хичээлээ дуусга. Хожим нь уншаад хүлээн авсан өдөөлтөөрөө дамжуулан дагахаа санахын тулд бодол санаа, мэдрэмжүүдээ бичихэд тэднийг урь.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Алма 5:46–47. “Илчлэлтийн сүнс”

Алма тэнгэр элчийг харсан ч Алма 5:46–47дахь Есүс Христийн гэтэлгэлийн үүргийн тухай гэрчлэл нь их мацаг барилт, залбирлын дараа Ариун Сүнсээр дамжин хүчтэй болсон хэмээн гэрчилжээ. Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант хэлсэн нь, “Олон хүмүүс ингэж хэлдэг: ‘Хэрэв би ердөө л тэнгэр элчийг харсан бол, хэрэв би тэнгэр элчийн тунхаглàсан ямар нэгэн зүйлийг сонссон бол би амьдралынхаа бүх л өдрүүдэд итгэлтэй байх байсан!’ Энэ нь Их Эзэнд үйлчилж байгаагүй [Лемен, Лемүел] зэрэг эрчүүдэд ямар ч нөлөө үзүүлээгүй шиг өнөөдөр ч ямар ч нөлөө үзүүлэхгүй” (Conference Report , 1924 оны 4-р сар, 159).

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Ариун Сүнсний гэрчлэл яагаад тэнгэр элчийн айлчлалаас илүү хүчтэй байдгийг ийн тайлбарлажээ:

“Амилуулагдсан бөгөөд мэдэгдэхүйц биетэй хүмүүн болох тэнгэр элчийн айлчлалтаас бидний хүлээн авч болох илэрхийлэлтүүд нь … Ариун Сүнсний илэрхийлэлтээр дамжуулан бидний хүлээн авдаг сэтгэгдэлтэй адилхан мэдрэмжийг бидэнд үлдээхгүй байж болно хэмээн Христ … тунхагласан билээ. Хувийн айлчлалт нь цаг хугацаа өнгөрөх тусам бүдгэрдэг бол харин Ариун Сүнсний удирдамж нь зөвхөн бид зохистой байж чадвал өдрөөс өдөрт, жилээс жилд шинэчлэгдэж, үргэлжилсээр байдаг” (Doctrines of Salvation, Брүс Р.Макконки, 3-р боть. [1954–56], 1:44).

Итгэлдээ үнэнч байх нь номоос авсан дараах үгс жинхэнэ хөрвөлт хэрхэн ирдэг тухай тайлбарлажээ.

“Хөрвөлт нь үйл явдал биш, харин үйл явц юм. Та Аврагчийг дагах зөв шударга хүч чармайлтынхаа ачаар хөрвөсөн билээ. Эдгээр хүч чармайлтуудад Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх, нүглээ наманчлах, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах болон эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих зэрэг нь орно.

“Хөрвөлт нь гайхалтай бөгөөд амьдралыг өөрчилдөг анир чимээгүй гайхамшиг юм. Тэнгэр элчийн айлчлал болон бусад онцгой үйл явдлууд хөрвөлтийг авчирдаггүй. Тэр ч байтугай тэнгэр элчийг харсан Алма, “олон хоног мацаг барьж, залбирсны” (Алма 5:46) дараа л үнэний гэрч болохоор хөрвөсөн билээ. Амилсан Аврагчийг харсан Паул ‘Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч Есүс бол Эзэн гэж хэлж чадахгүй’ гэдгийг заасан билээ (1 Коринт 12:3)” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын эшлэлүүд [2004], 41).

Aлмa 5:57. “Та нар бүгд, ёс бусыг үйлдэгчдийн дундаас гарч ирцгээ, мөн та нар тусдаа байгтун”

Далын ахлагч Дэвид Р.Стөүн Нью-Йоркийн Манхаттан Ариун сүмийг барихад ашигласан арга техник нь хүн өөрөөсөө дэлхийн нөлөөг хэрхэн зайлуулахын үлгэр жишээ болдгийг тайлбарлажээ:

“Дэлхийн маш олон хүмүүс өөрсдийн замаар алхаж, ‘дэлхийнхтэй адил дүр төрх бүхий өөрийнхөө [С ба Г 1:16] бурхныг дагаснаар эртний Вавилонтай адил болсон юм.

“Бидэнд тулгардаг хамгийн хүнд сорилтуудын нэг бол бид дэлхийд амьдардаг мөртлөө дэлхийнх биш байх явдал юм. Бид Вавилоны дунд Сионыг бүтээн босгох ёстой.

“Би Манхаттаны ариун сүмийг барихад оролцсоны хувьд уг ариун сүмийг адислахаас нь өмнө түүн дотор олон удаа орох боломжтой байсан. Ариун сүмийн селестиел өрөөнд орж, бум бужигнаж, түм түжигнэсэн Нью-Йоркийн гудамжуудаас ирэх ямар ч дуу чимээг сонсолгүйгээр, анир чимээгүй нам гүм байдалд суух нь үнэхээр гайхамшиг байдаг байсан. Том хотын толгой эргэм хөл үймээнээс хэдхэн метрийн зайд ариун сүм ийнхүү хүмүүсийн бишрэл хүлээн нам гүмхэн сүндэрлэн байгаа нь гайхамшигтай биш гэж үү?

“Хариулт нь ариун сүмийн барилгад байсан юм. Энэ ариун сүмийг нэг хуучин барилгын хананууд дотор барьсан бөгөөд ариун сүмийн дотор талын хананууд нь гаднах ханануудтайгаа маш цөөн цэгүүдээр холбогддог. Энэ нь ариун сүмийг (Сион) Вавилоны буюу гаднах дэлхийн нөлөөнөөс хязгаарладаг юм.

“Бид үүнээс нэг сургамж авч болно. Бид өөрсдийн амьдралд Вавилоны үзүүлдэг нөлөөг хязгаарласан тэр хэмжээгээр өөрсдийнхөө дунд жинхэнэ Сионыг байгуулж чадна.

“Бид хаана ч байлаа гэсэн, ямар ч хотод амьдардаг байсан, селестиел хаант улсын зарчмаар өөрсдийн Сионыг барьж, зүрх сэтгэлдээ цэвэр байхыг эрэлхийлж чадна.

“Бид амьдардаг газрынхаа эсвэл амьдарч байгаа цаг үеийнхээ соёл заншилд уусч, тэдний гараар хөдөлдөг хүүхэлдэйнүүд болох ёсгүй. Бид зоригтой байж Их Эзэний замаар алхлан, Түүний зам мөрийг дагаж чадна” (“Zion in the Midst of Babylon,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 90–93).