Номын сан
70-р хичээл: Алма 3–4


70-р хичээл

Алма 3–4

Оршил

Амлисайчууд леменчүүдийн их цэрэгтэй нэгдсэнийхээ дараа духан дээрээ улаан тэмдэг тавьж, өөрсдийгөө нифайчуудаас ялгарах болгосон. Амлисайчууд болон леменчүүд нифайчуудын эсрэг тулалдахад “мянга мянган мөн хэдэн арван мянган бодгаль” алагдсан ажээ (Алма 3:26-г үзнэ үү). Энэ тулалдааны дараа олон нифайчууд өөрсдийгөө даруусгаж, “тэд үүргийнхээ санамжид сэрээгдсэн болой” (Алма 4:3). Ойролцоогоор 3500 хүн баптисм хүртэж, Сүмд нэгдэв. Гэвч дараа жил нь Сүмийн олон гишүүн бардам болж, бусдыг хавчиж эхэлсэн. Алма энэхүү ёс бус явдалд санаа нь зовон, ерөнхий шүүгчийнхээ үүргээс татгалзаж, Сүмийн дээд үйлчлэлийг үргэлжлүүлжээ. Тэрбээр энэхүү эрх мэдлийнхээ хүрээнд орон нутгаар явж, шударга гэрчлэлээ хуваалцан, хүмүүсийг наманчлалд дуудахаар төлөвлөжээ.

Заах зөвлөмж

Алма 3:1–19

Нифайчууд амлисайчууд болон леменчүүдтэй тулалдсан нь

Ангийг жижиг бүлгүүд болгон хуваарил. Бүлэг бүрд дараах үгсийг бичсэн хуудас цаас өг: хувцас, үсний засалт, ээмэг болон гоёлын үнэт зүйлс, шивээс. Хүмүүс эдгээр зүйлсээр санаатай болон санамсаргүйгээр ямар захиасыг бусдад дамжуулж болох тухай ярилцахыг бүлгүүдээс хүс.

Амлисайчууд нифайчуудаас тусгаарлаж, леменчүүдийн их цэрэгтэй нэгдсэн гэдгийг суралцагчдад сануул (Алма 2-ыг үзнэ үү). Алма 3:4-ийг уншаад амлисайчууд гадаад төрхөө хэрхэн өөрчилснийг олж тогтооход суралцагчдыг урь.

  • Амлисайчууд хэнээс “онцгойрон ялгарахыг” хүссэн бэ?

  • Өнөөдөр зарим хүн зөв шударга хүмүүсээс гадаад байдлаараа хэрхэн онцгойрон ялгардаг вэ? (Суралцагчдыг хариулж байх үед зарим хүн санаатайгаар зөв шударга хүмүүсээс өөрсдийгөө тусгаарлахын тулд гадаад төрхөө өөрчлөх эсвэл Сүмийн жишгүүдийг эсэргүүцдэг гэдгийг тэдэнд сануулахад анхаар. Зарим хүн өөрсдийнхөө талаар бусдад захиас дамжуулж байгаагаа ч анзааралгүй дэлхийн хандлагуудыг дагадаг.

Амлисайчууд өөрсдийгөө нифайчуудаас тусгаарлахын тулд духан дээрээ тэмдэг тавьснаар мөн леменчүүдийн зүхлийг өөрсөд дээр авснаа үзүүлсэн. Цөөн суралцагчаас Алма 3:14–19-ийг ээлж дараалан чанга уншихад урь. Энэ зарчмуудыг илүү сайн ойлгоход нь тэдэнд туслахын тулд дараах асуултуудаас заримыг нь эсвэл бүгдийг нь асуу:

  • Алма 3:18 дахь ямар үг хэллэг амлисайчуудын Бурханд хандсан үйлдэл болон хандлагыг дүрсэлсэн бэ? (“Бурханы эсрэг илэрхий эсэргүүцэл гарсан”)

  • Амлисайчууд “өөрсдийнхөө дээр” зүхлийг хэрхэн авчирсан бэ? (Алма 3:19).

  • Бид энэ шүлгүүдээс ямар үнэнүүдийг сурч болох вэ? (Бурханы эсрэг нээлттэйгээр эсэргүүцэгч тэдгээр хүн өөрсөд дээрээ сөрөг үр дагавруудыг авчирдаг мөн хэрэв бид Бурханаас тусгаарлагдвал энэ нь бид өөрсдийгөө Түүнээс тусгаарласан гэсэн үг юм зэрэг нь хариултууд байж болно.)

Зөв шударга арга замаар өөрсдийгөө тусгаарлахын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултыг асуу:

  • Бид Есүс Христийн шавь гэдгээ хувцаслалт болон гадаад төрхөөрөө харуулж болох ямар арга замууд байдаг вэ? (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулах нь хэцүү байвал Залуучуудын бат бөх байдлын төлөө [2011] товхимол, хуудас 6–8 дахь “Хувцаслалт болон гадаад төрх” тайлбарыг тэднээр уншуулж болно. Бидний доторх сайн мэдээний гэрчлэл бидний хувцаслалт болон гадаад төрхөнд нөлөөлөх ёстой гэдгийг онцлон хэл.

Суралцагчдыг хувцаслалт болон гадаад төрхийнхөө талаар хийх сонголт зэрэг өдөр тутмынхаа сонголтуудад Их Эзэнийг дагадаг гэдгээ харуулахад урамшуулан дэмж. Бид хувцаслалт болон гадаад төрхөөрөө өөрсдийгөө Есүс Христийн шавь хэмээн хэлж чадна гэдгийг онцлон тэмдэглэ.

Алма 3:20–27

Нифайчууд, мөн амлисайчууд ба леменчүүдийн хооронд болсон тулалдаанд олон мянган бодгаль мөнхийн оронд илгээгдсэн нь

Нифайчууд леменчүүдийг ухраасан ч хоёр талын аль алинаас нь олон мянган хүн алагдсан тухай өгүүлсэн Алма 3:20–25-ыг товчлон ярь. Нэг суралцагчийг Алма 3:26–27-г чанга уншихад урь. Биднийг ойлгох хэрэгтэй хэмээн Мормоны хүссэн сургамжийг анхааралтай сонсохыг суралцагчаас хүс.

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр Их Эзэнийг дагадаг хүмүүст ямар шагнал ирдэг вэ?

  • Их Эзэнийг дагадаггүй хүмүүст ямар үр дагавар ирдэг вэ?

Та товч дүгнэлт болгон дараах зарчмыг самбар дээр бичихийг хүсч болно: Бид хэнийг дагахыг сонгосноосоо шалтгаалан аз жаргал эсвэл гуниг зовлонг хүлээн авдаг.

Их Эзэнийг дагахыг сонгосноос ирэх адислалуудын тухай бодоход суралцагчдыг урь.

  • Та Их Эзэнийг дагахаар сонгосноороо Түүнээс ямар адислалуудыг хүлээн авсан бэ?

Алма 4:1–14

Сүм дэх өсөлтийн дараа Сүмийн гишүүд бардам болж, бие биетэйгээ маргалдах болсон.

Самбар дээр даруу, бардам гэсэн хоёр үгийг бич.

  • Даруу байх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Даруу байх гэдэг нь бид дуулгавартай бөгөөд Их Эзэнээс хамааралтай байдгаа талархалтайгаар ухаарч ойлгох, Түүний дэмжлэг ямагт хэрэгтэй байдгийг хүлээн зөвшөөрөх гэсэн үг юм.)

Цөөн суралцагчийг ээлж дараалан Алма 4:1–5-ыг чанга уншихад урь. Нифайчууд даруу болсныг харуулсан нотолгоог олохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тайлбарлах үед даруу болохын тулд ямар нэгэн эмгэнэлт зүйлийг тэсч гарах хэрэгтэй байдаггүй харин бид даруу байхыг сонгож болно гэдгийг онцлох нь тустай байж болно.

Алма 4:6-д нифайчуудын талаар дүрслэн өгүүлсэн нь Алма 4:3–5 дээрхээс маш их өөр байгааг онцлон хэл. Самбар дээр бичсэн бардам гэдэг үгийг заа.

  • Бардам байна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Бардам гэдэг нь даруу байдлын эсрэг утгатай юм. Бардам хүмүүс өөрсдийгөө бусдын болон Бурханы эсрэг тавьдаг. Тэд өөрсдийгөө эргэн тойрныхоо хүмүүсээс дээгүүр тавьж, Бурханы хүслийг биш харин өөрийнхөө хүслийг дагадаг.)

Нэг хэсгийг Алма 4:6–8-ыг, нөгөө хэсгийг Алма 4:9–12-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Хэсэг бүрээс зарим нифайчуудын бардамналын үйлдлүүд болон эдгээр нь бусдад хэрхэн нөлөөлснийг олж тогтоохыг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа хоёр хэсгээр юу олж мэдсэнийг нь хуваалцуул.

  • Бусдад хандах бидний хандлагад бардамнал хэрхэн нөлөөлдөг тухай энэ шүлгүүд юу зааж байна вэ?

  • Алма 4:10-аас та ямар сэрэмжлүүлгийг харж байна вэ? (Хэрэв бид шударга бус үлгэр жишээ үзүүлбэл бидний үйлдэл сайн мэдээ хүлээн авахад нь бусдад саад болно гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг анхаар.

Нэг суралцагчийг Алма 4:13–14-ийг чанга уншихад урь. Хэдийгээр зарим нифайчууд бардам байсан ч бусад нь хэрхэн даруу байж чадсан жишээнүүдийг олохыг суралцагчдаас хүс.

  • Энэ шүлгүүд бусадтай харилцах бидний харилцаа, хандлагад даруу зан хэрхэн нөлөөлдөг тухай юу зааж байна вэ?

Даруу эсвэл бардам байх талаар гаргадаг бидний шийдвэрүүд бидэнд болон бусдад хэрхэн нөлөөлдгийг онцлон тэмдэглэ. Цаг гарвал суралцагчдыг эдгээр үгсийн үнэнийг харуулсан жишээнүүдээс дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд урь.

Алма 4:15–20

Алма хүмүүсийг наманчлалд дуудахад цаг заваа зориулахын тулд ерөнхий шүүгчийн суудлаа шилжүүлэн өгсөн

Суралцагчдыг өөрсдийгөө Алмагийн оронд тавин төсөөлөн бодоход урь. Тэд ерөнхий шүүгчид бөгөөд олон хүн бардам болж, даруу хэвээр үлдсэн бусдыгаа гадуурхаж байна.

  • Хүмүүсийг өөрчлөгдөхөд туслахын тулд та юу хийж болох вэ?

Нэг суралцагчийг Алма 4:15–19-ийг чанга уншихад урь. Алма юу хийхээр сонгосныг олохыг суралцагчдаас хүс.

  • Алма юу хийхээр шийдсэн бэ? (Тэр хүмүүст заахад цаг заваа зориулахын тулд ерөнхий шүүгчийн албан тушаалаа шилжүүлэн өгөхөөр шийдсэн.)

  • Алма “Шударга гэрчлэлийг үзүүлэх” (Алма 4:19) гэсэн хэллэгээр юуг санал болгож байна вэ?

  • Та хүмүүс “шударга гэрчлэлээ” хуваалцахыг хэзээ сонссон бэ? Эдгээр туршлага танд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Алма 4:19 дэх Алмагийн жишээнээс та ямар үнэнүүдийг сурч болох вэ?

Суралцагчид энэ асуултад дараах байдлаар хариулж болно:

Сүнсний үүрэг хариуцлагуудаа биелүүлэх нь биднээс золиослол шаардаж болно.

Шударга гэрчлэлээ хуваалцах нь Бурханд ойртоход бусдад тусална.

Алма 5–16-г хувийнхаа суралцах цаг дээр уншиж мөн дараагийн хичээл дээр энэ бүлгүүдийг ярилцахдаа Алмагийн шударга гэрчлэлүүдийг хайж олоход суралцагчдыг урамшуулан дэмж. Тэднийг Алмагийн гэрчлэл хүмүүст ямар нөлөө үзүүлсэнд анхаарлаа хандуулахад урамшуулан дэмж.

Төгс эзэмших судрын дүгнэлт

Суралцагчдад цөөн тооны шинээр төгс эзэмших судрын хэсгийг танилцуулах буюу тэдний мэдэх цөөн шүлгийг нэгтгэн дүгнэ. Судрын хэсэг дэх зарчмуудыг олж мэдэхэд нь туслах асуултуудыг бэлтгэ. Энэ зарчмуудын аль нэгээр илүү сайн амьдрахын тулд юу хийх тухайгаа дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд тэднийг урь. Тэдэнд зорилгоо биелүүлэх тодорхой цаг өгөөд, уг зорилгыг биелүүлсний дараа хэрхэн биелүүлсэн тухай тайлан бичихийг ангийн аль нэг гишүүнд эсвэл нийт суралцагчдад танилцуулахыг тэднээс хүс.

Тайлбар: Хэрэв танд энэ үйл ажиллагааг энэ хичээлийн хэсэг болгон ашиглах цаг байхгүй бол, үүнийг өөр өдөр ашигла. Нэгтгэн дүгнэх бусад давтах үйл ажиллагааг энэ гарын авлагын төгсгөл дэх хавсралтаас үзнэ үү.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Алма 3:4. Шивээс ба биеийн эрхтнүүдээ цоолох нь

Амлисайчууд “нифайчуудаас онцлогдохын” (Алма 3:4) тулд өөрсөд дээрээ тэмдэг тавьсан. Өнөө үед бошиглогчид залуу эрэгтэй болон эмэгтэйчүүдийг бие дээрээ шивээс хийлгэх буюу биеийн эрхтнүүдээ цоолж тэмдэг тавилгүйгээр бие махбодоо ариунаар нь явч явахыг зөвлөдөг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн хэлжээ:

“Залуу эрэгтэй—эсвэл залуу эмэгтэй ямар учир шалтгаанаар, асар их өвдөлтийг шүд зуун тэвчиж, биен дээрээ олон янзын өнгөөр хүн, амьтны дүрс болон бусад олон төрлийн бэлгэдлүүдийг бие махбодоо зэрэмдэглүүлэн зуруулдгийг би ойлгодоггүй. Тэсэхийн аргагүй өвдөлтийг дахин шүд зуун тэсвэрлэж, шивээсийг өндөр үнээр арилгахгүй л бол энэ нь хүний бие дээр байнга байх болно. Эцгүүд ээ, хөвгүүддээ бие дээрээ шивээс хийлгүүлэхгүй байхад анхаар. Тэд одоогоор та нарын хэлснийг эсэргүүцэж мэдэх ч цаг нь ирэхээр та нарт талархах болно. Шивээс бол ариун сүм болох бие дээр сараачсан зураг юм. Чихэндээ, хамрандаа, бүр хэлэндээ олон ээмэг зүүхийн тулд биеийн эрхтнээ цоолох нь үүнтэй адил юм.

“Тэд үүнийг гоо үзэсгэлэнтэй болох гэж хийдэг юм гэж үү? Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын чуулга шивээс болон ”эрүүл мэндийн зорилгоос өөрөөр биеийн эрхтнээ цоолохыг” дэмжихгүй гэдгээ тунхагласан билээ. Гэхдээ бид ‘эмэгтэйчүүдийг зөвхөн нэг хос—ээмэг зүүхийн тулд чихээ хамгийн цөөн цоолох’ талаар ямар нэгэн байр суурийг илэрхийлдэггүй” (“Great Shall Be the Peace of Thy Children,” Ensign, 2000 оны 11-р сар, 52).

Aлмa 3:5. Хувцасны загварын чиг хандлагыг дагах нь

Амлисайчууд леменчүүдтэй илүү адилхан болохын тулд гадаад төрхөө өөрчилсөн. Өнөөдөр Хожмын үеийн олон гэгээнтнүүд дэлхийд алдартай хүмүүстэй илүү адилхан харагдахын тулд хувцасны загвараар хөөцөлдөх хэрэгтэй гэсэн дарамт шахалтыг мэдрэх болсон. Гэвч зарим чиг хандлага нь хүмүүсийг “бошиглогчоо үл даган, оронд нь дэлхийн маягийг дагахад” удирддаг (“Questions and Answers,” New Era, 2006 оны 3-р сар, 14; мөн Залуучуудын бат бөх байдлын төлөө [2011], товхимол, 6–8).

Ахлагч М. Рассэлл Баллард санваарыг атгадаг залуу эрэгтэйчүүдэд хувцасны загварын зарим чиг хандлага нь үнэний төлөө зогсох тэдний чадварыг бууруулдаг гэдгийг заасан билээ.

“Орчин үеийн бүлэг гэмт хэрэгтнүүд болон тэдний гэмт хэргийн шинжтэй хөгжим, хувцасны загвар, хэл яриа, харилцаа хандлага болон зан байдлыг дэвэргэн, түүгээр бахархах нь холгүй байдаг бүхэл бүтэн бүлгийн соёл оршиж байна. Та нараас олон нь хувцасны загвар шохоорхдог найз нараа “хувцасны загварын өндөр мэдрэмжтэй,” “дэгжнээс” нь болоод нийгмийн энэхүү гаж бүлэгт татагдаж орохын өмнө тэдний хувцасны загварыг хүлээн зөвшөөрдөг.

“… Би та нарыг Бурханы санваарыг атгадаг нэгэн болгохгүй байх ямар нэгэн зүйл өмсчихөөд үнэн ба зөвийн төлөө зогсож чадна гэдэгт итгэхгүй байна” (“Standing for Truth and Right,” Ensign, 1997 оны 11-р сар, 38–39).

Алма 3:6–17. Тэмдэг ба зүхэл

Суралцагчид Алма 3-ыг судлах явцдаа леменчүүд дээрх тэмдэг ба зүхлийн тухай асуултуудыг асууж болох юм. Та тэмдэг ба зүхэл хоорондоо ялгаатайг тайлбарлаж болно. Леменчүүд дээр тавьсан тэмдэг нь бараан арьс юм (Алма 3:6-г үзнэ үү). Энэ тэмдгийн зорилго нь леменчүүдийг нифайчуудаас ялгах болон тусгаарлах явдал байлаа (Алма 3:8-ыг үзнэ үү). Зүхэл нь илүү ноцтой бөгөөд үүгээр тэд “Их Эзэний дэргэдээс тусгаарлагдсан” 2 Нифай 5:20) юм. Леменчүүд болон амлисайчууд Бурханы эсрэг боссон учир өөрсдийн дээр энэ зүхлийг авчирсан юм (2 Нифай 5:20; Алма 3:18–19-ийг үзнэ үү). Хэдийгээр бараан арьс нь энэ тохиолдолд леменчүүд дээр тавьсан зүхлийн тэмдэг боловч Их Эзэн “мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; …мөн Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33) хэмээн Мормоны Ном заадаг. Есүс Христийн сайн мэдээ бүх хүнд зориулагдсан юм. Сүм арьсны үзлээр ялгаварлан гадуурхахыг тухайлбал сүмийн доторх болон гаднах хувь хүмүүсээс ямар ч үед, түүний дотор өнгөрсөн үед гаргасан арьсны үзлээр ялгаварлан гадуурхах аливаа илрэлийг эрс буруушаадаг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн тунхагласан билээ:

“Арьсны өнгө нь өөр хүмүүсийн талаар гутаан доромжилсон үг хэлсэн хэн ч, өөрийгөө Христийн үнэн дагалдагч хэмээн бодох ёсгүй. Тэр өөрийгөө Сүмийн сургаалтай санал нэг байна ч гэж хэлэх хэрэггүй.

“Бид бүгдээрээ Өөрийн бүх хүүхдийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгийн хөвгүүд, охид гэдгээ хүлээн зөвшөөрцгөөе” (“The Need for Greater Kindness,” Ensign эсвэлЛиахона,2006 оны 5-р сар, 58). Энэ сэдвээр нэмэлт тусламж хэрэгтэй бол 27-р хичээлийг үзнэ үү.

Алма 4:9–12. “Агуу тээглэх чулуу”

Нифай үндэстний Сүмийн зарим гишүүд бардам болсноор тэдний муу үлгэр жишээ нь Сүмийн гишүүн бус хүмүүст тээглэх чулуу болсон юм (Алма 4:9–12-ыг үзнэ үү; мөн Алма 39:11-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли муу ба сайн үлгэр жишээний үр дагаврыг харуулсан дараах түүхийг ярьжээ:

“Тэр хүн Сүмийн гишүүн биш. Тэр эцэг эхтэйгээ өөр шашинд итгэдэг байв.

“Түүнийг өсөж том болоход ХҮГ зарим нөхөд нь түүнийг дорд үзэж, тэдний дунд байх хүн биш гэдэг мэдрэмжийг түүнд төрүүлж, түүгээр доог тохуу хийдэг байсныг тэр эргэн санадаг ажээ.

“Тиймээс тэр энэ Сүмийг, мөн энэ сүмийн хүмүүсийг шууд үзэн ядах болсон гэнэ. Тэр тэдний хэнээс нь ч сайн зүйл олж хараагүй.

“Тэгээд эцэг нь ажилгүй болж, тэднийх нүүх хэрэгтэй болжээ. Тэр шинэ газар очоод 17-тойдоо коллежид элсэн орсон байна. Тэнд тэр амьдралдаа анх удаа найз нарын элгэн халуун сэтгэлийг мэдэрчээ. Тэдний нэг болох Ричард өөрөө ерөнхийлөгч нь байсан клубтээ нэгдэхийг түүнээс хүсэв. Тэр энэ тухайгаа ийн бичжээ: “Амьдралд минь анх удаа хэн нэгэн намайг өөртөө ойр байлгахыг хүслээ. Би юу гэж хариулахаа мэдэхгүй байсан ч аз болоход би тэр клубт нэгдсэн. Энэ бол бусдын хайрыг мэдэрсэн мэдрэмж, найзтай байх нь хэчнээн чухал болохыг мэдэрсэн мэдрэмж байлаа. Би тэр найзын төлөө насан туршдаа залбирсан. Одоо, 17 жил хүлээлгэсний дараа Бурхан миний залбиралд хариуллаа.

“Тэр 19 настай байхдаа нэг зун Ричардтай хамт ажил хийж, тэр зуныг майханд түүнтэй хамт өнгөрүүлжээ. Ричард нэг номыг шөнө болгон уншиж байхыг тэр анзаарсан гэнэ. Тэр түүнээс юу уншиж байгааг нь асуув. Ричард түүнд Мормоны Номыг уншиж байгаагаа хэлжээ. Тэр цааш нь ингэж бичжээ: ‘Би ярианы сэдвээ бушуухан өөрчлөөд унтахаар хэвтэв. Эцсийн эцэст энэ ном миний хүүхэд насыг сүйтгэсэн шүү дээ. Би үүнийг мартахыг оролдсон ч, бүтэн долоо хоног өнгөрөөд байхад би унтаж чадахгүй л байв. Ричард энэ номыг яагаад шөнө болгон уншдаг юм бол? Би толгойдоо энэхүү хариулагдаагүй асуулттай байхыг цаашид тэвчсэнгүй. Тиймээс би нэг шөнө, энэ номын юу нь түүнд ийм их чухал байгааг түүнээс асуув. Энэ номон дотор юу байгаа юм бол? Тэр зогссон газраасаа цааш нь уншиж эхэллээ. Тэр Есүсийн тухай, Тэрбээр Америкт хэрхэн хүрч ирсэн тухай уншлаа. Би цочирдон гайхав. Би Мормончуудыг Есүст итгэдэггүй гэж боддог байсан юм.

“Дараа нь нэг удаа энэ залуу нэг найзтайгаа хамт явж байлаа. Ричард түүнд Мормоны Номоо өгч чанга уншихыг хүсэв. Тэр уншлаа, тэгтэл гэнэт Ариун Сүнсний өдөөлт түүнд мэдрэгдэв.

“Цаг хугацаа өнгөрч, түүний итгэл өссөөр байлаа. Тэр баптисм хүртэхийг зөвшөөрчээ.

“Тэр нь түүхийн төгсгөл боловч тэр түүхэнд агуу үгс бий. Эхнийх нь залуу Мормон нөхдийнх нь түүнд хандсан харамсалтай хандлага юм.

“Дараагийнх нь түүний шинэ найз Ричардын түүнд хандсан хандлага юм. Энэ нь түүний өмнөх туршлагаас огт өөр байлаа. Энэ нь түүнийг эсрэг тэсрэг байдал дунд хөрвөгдөж, баптисм хүртэхэд хөтөлсөн ажээ” (“The Need for Greater Kindness,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 59–60).

Алма 4:19. “Шударга гэрчлэл”

Алма “тэдний эсрэг шударга гэрчлэлийг үзүүлснээр” тэднийг засаж авах хэрэгтэй юм гэдгийг хараад (Алма 4:19), тэр хүмүүсийг наманчлалд дуудсан юм. Хэдий тийм боловч бидний мацаг болон гэрчлэлийн цуглаанууд дээрх бидний гэрчлэл уриалга бус бидний итгэлийн энгийн тунхаглал байх ёстой. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ийн хэлжээ:

“Бусдад хэрхэн амьдрахыг бүү заа. Зүгээр л дотроо юу мэдэрч байгаагаа хэл. Энэ чинь гэрчлэл. Та нарыг бусдад номлох мөчид та нарын гэрчлэл дуусдаг” (The Teachings of Spencer W.Kimball, ed. Edward L.Kimball [1982], 138).

Хэвлэх