138-р хичээл
Moрмон 3–4
Оршил
Леменчүүдээс өөрсдийн газар нутгийг эргүүлэн авсны дараа нифайчууд дахин тулаанд бэлтгэдэг. Мормон нифайчуудыг наманчлахыг ятган гуйдаг. Харин тэд өөрсдийн хүчинд сагсууран хөөрч, алагдсан ах дүүсийнхээ өшөөг авахыг тангарагладаг. Их Эзэн Өөрийн хүмүүсийг өс хонзон эрэлхийлэхийг зөвшөөрдөггүй учраас Мормон нифайчуудын армийг удирдахаас татгалздаг ба тэд ялагддаг. Нифайчууд ёс бус байсан тул Бурхан тэдний дээр Өөрийн шүүлтийг буулгаж, леменчүүд тэднийг дэлхийгээс арчиж эхэлдэг.
Заах зөвлөмж
Moрмон 3:1–8
Их Эзэн нифайчуудад наманчлах боломж олгохын тулд тэднийг дайнд хэлтрүүлдэг ч нифайчууд зүрх сэтгэлээ хатууруулдаг
Хичээлийн өмнө самбар дээр дараах асуултыг бич: Та нарын амьдралд Их Эзэн анхаарлыг тань татахыг хичээж, ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг өдөөж байсан үе бий юу?
Самбар дээрх асуултын хариултыг хуваалцахыг суралцагчдаас хүсэн хичээлээ эхлүүл. (Тэдэнд хэт хувийн эсвэл өөрсдийнхөө аливаа нууц зүйлийг хуваалцах шаардлагагүйг сануул.) Та мөн туршлагаасаа хуваалцаж болно.
Нифайчуудыг өөрсдийн нүгэлт замыг өөрчилж болохын тулд Их Эзэн нифайчуудын анхаарлыг татахыг хүссэн гэдгийг тайлбарла. Гэвч нифайчууд зүрх сэтгэлээ хатууруулж, леменчүүдтэй хийсэн тулаанд Их Эзэн тэдний адислал байсан гэдгийг ухааралгүй унасан. Нифайчууд леменчүүд ба Гадиантоны бүлэгтэй хэлэлцээр хийсний дараа (Moрмон 2:28-ыг үзнэ үү), тэдэнд 10 жил зөрчил тэмцэлгүй амьдрахыг зөвшөөрч, Их Эзэн тэднийг хамгаалсан. Эдгээр жилүүдийн турш Мормон нифайчуудад ирэх дайралтад бэлтгэхэд нь тусалсан (Moрмон 3:1-ийг үзнэ үү).
Нэг суралцагчийг Moрмон 3:2–3-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Их Эзэн тэдэнд өгсөн амар амгалан цаг хугацааны турш Тэр нифайчуудаас юу хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Мормонд ямар захиасыг нифайчуудад өгөхийг зарлигласан бэ? Нифайчууд энэ захиасыг ойлгосон уу? Нифайчууд уг захиаст хэрхэн хариулсан бэ?
-
Moрмон 3:3 дээр өгүүлсэнчлэн яагаад Их Эзэн нифайчуудын ёс бус байдлыг үл харгалзан, тулаанд тэднийг хэлтрүүлсэн бэ?
-
Moрмон 3:2–3 дээр цэдэглэсэн нифайчуудтай Их Эзэний хийсэн ажлуудаас ямар үнэнийг тодруулж болох вэ? (Суралцагчид янз бүрийн хариулт өгч болно. Тэдний хариултыг товч дүгнэн, дараах үнэнийг самбар дээр бич: Их Эзэн бидэнд нүглүүдээ наманчлах хангалттай боломжуудыг өгдөг. Энэ үнэнийг өөрсдийн судрууд дээр бичихийг санал болгож болно.)
Их Эзэн тэдний гэм нүгэл ба Түүн рүү эргэхийг хүсэхгүй байгааг үл харгалзан нифайчуудыг дахин хоёр дайнд хамгаалсан гэдгийг тайлбарлан, Moрмон 3:4–8-ыг товч дүгнэн ярилц.
-
Нифайчуудыг хамгаалсан Их Эзэний хамгаалалт Түүний зан төлөвийн талаар та нарт юу зааж байна вэ? (Хариултад Их Эзэн нь өгөөмөр бөгөөд тэвчээртэй гэж орж болно.)
Их Эзэн бидэнд “наманчлалын боломж” (Moрмон 3:3) өгдөг гэдгийг онцлон тэмдэглэ. Дараа нь суралцагчдыг дараах асуултуудын талаар дотроо тунгаан бодохыг хүс:
-
Та нар Бурханы хүслийн дагуу наманчлан мөн өөрчлөлт хийхийг хүсч байсан уу? Бурханы хүссэн хүн болохын тулд одоо та нарын хийж чадах ямар өөрчлөлтүүд байгаа вэ?
Бидэнд наманчлах боломжийг олгодог Бурханы нинжин сэтгэл ба тэвчээрийн талаар гэрчил. Суралцагчдыг өөрчлөлт хийх боломж ба урилгуудыг ажиглаж, тэр даруй өөрчлөлт хийдэг болоход нь урамшуулан дэмж.
Moрмон 3:9–22
Нифайчууд гэм нүгэлдээ улам автсаар байсан ба Мормон тэдний армийг удирдахаас татгалздаг
Нифайчууд Их Эзэний наманчлах урилгуудад хариулаагүй харин түүний оронд өөрсдийн зүрх сэтгэлийг хатууруулсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Moрмон 3:9–10-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нифайчууд леменчүүдийн дээр байгуулсан олон ялалтдаа хэрхэн хандсан тухай олж мэдэхийг хүс (Та нар суралцагчдад 9-р шүлэг дээрх өшөө гэдэг үг өс хонзонг эрэлхийлэх гэдгийг хэлэх хэрэгтэй).
-
Леменчүүдийг ялсан ялалтуудынхаа дараа нифайчууд хэрхэн хандсан бэ?
-
Нифайчууд өөрсдийн хүч чадлаар сайрхах нь яагаад буруу вэ? Энэ сайрхал тэдний Бурхантай харьцах харьцааны талаар юуг үзүүлж байна вэ?
Нэг суралцагчаас Moрмон 3:11–13-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас нифайчууд өс хонзонг эрэлхийлэхийг тангараглах үед Мормоныг юу хийсэн тухай олж мэдэхийг хүс.
-
Нифайчууд леменчүүдээс өс хонзон авахыг хүсэх үед Мормон юу хийсэн бэ?
-
Хэн нэгнээс өс хонзон авахаар тангараглаж байсан уу? Яагаад зарим хүний хувьд өс хонзон санах нь төрөлх араншин нь байдаг вэ?
-
Нифайчууд ёс бус байсан ч Мормон тэдний армийг 30 гаруй жил удирдсан. Мормоны армийг удирдахаас татгалзсан нь өс хонзон санахын ноцтой байдлын тухай юу зааж байна вэ?
Нэг суралцагчаас Moрмон 3:14–16-г уншихыг урьж, ангийнхныг Их Эзэн Мормонд өс хонзон санах талаар юу заасныг олоход урамшуулан дэмж.
-
Их Эзэн өс хонзонд хэрхэн ханддаг вэ? (Суралцагчид олон янзын хариулт өгч болно. Дараах үнэнийг самбар дээр бичингээ, тэдний хариултыг нэгтгэн дүгнэ: Их Эзэн биднийг өс хонзон санахыг хориглодог.)
Суралцагчдыг шүлэг 14–16 дээрх Их Эзэний зөвлөмжийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд тэднээс Moрмон 3:15-ын эхний хэсгийг өөрсдийн үгээр тайлбарлахыг хүс (“Өшөө авалт бол Минийх, мөн би хариу төлөх болно”).
-
Өс хонзон санахгүй байх нь яагаад чухал вэ? Өс хонзон санах хүслээ хэрхэн даван туулах вэ?
Суралцагчдад өс санадгаа хэрхэн даван туулахыг суралцахад нь туслахын тулд нэг суралцагчийг урьж, Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын өгсөн дараах зөвлөмжийг уншихыг хүс. Хэрэв боломжтой бол суралцагч бүрд уг эшлэлийн хувийг өг.
“Бид уур хилэнгээ ухамсарлаж, хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Даруу байдал үүнийг хийлгэх болно. Харин хэрэв бид өвдөг сөхрөн, Тэнгэрлэг Эцэгээс уучлал гуйх аваас Тэр бидэнд туслах болно. ‘Үзэн ядалт сүнслэг өсөлтийг маань сааруулдаг’ тул Их Эзэн биднийг өөрсдийн сайн сайхны төлөө ‘бүх хүмүүнийг уучлах’-ыг [C ба Г 64:10] шаарддаг. [Oорсон Ф.Витнэй, Gospel Themes (1914), 144.] Зөвхөн бид өөрсдийгөө үзэн ядалт ба гай зовлонгоос чөлөөлж байж л Их Эзэн зүрх сэтгэлд маань тайвшрал өгч чадна. …
“… Эмгэнэлтэй байдал тулгарах үед бид үзэн ядалтаар хариулах бус харин түүний оронд шударга ёсонд даатган, орхих ёстой. Үүнийг ингэж орхих нь амаргүй, хоосорсон зүрх сэтгэл маань улам бүр эгдүүцлээр дүүрдэг. Аврагч бид бүгдэд Түүний Цагаатгалаар дамжуулан ирэх үнэт амар амгаланг өгсөн ч энэ нь зөвхөн бид уур хилэн, өс хонзон эсвэл өшөө авалтын сөрөг санаа бодлоо хөөх хүсэлтэй байснаар л ирэх болно” (“The Healing Power of Forgiveness,” Ensign ба Лиахонa 2007 оны 5-р сар, 69).
Нэг суралцагчаас Moрмон 3:17, 20–22-ыг чангаар уншихыг урьж, ангийнхныг Мормон биднийг юу мэдээсэй гэж хүссэнийг олохыг хүс. Нэг суралцагчийг урьж, “наманчилж мөн Христийн шүүлтийн суудлын өмнө зогсохоор бэлтгэх” (Moрмон 3:22) хэмээх зөвлөмжийг тэмдэглэхийг хүс.
Moрмон 4
Леменчүүд нифайчуудыг газрын хөрснөөс арчиж эхэлдэг
Суралцагчдаас ямар нэгэн буруу зүйл хийсэн ч хараахан баригдаагүй эсвэл буруу зүйлийнхээ үр дагаврыг амсаагүй хэн нэгнийг мэддэг бол гараа өргөхийг хүс. Суралцагчдыг дараах асуултын талаар тунгаан бодохыг хүс:
-
Мэдсээр байж буруу сонголтуудыг сонгож байгаа хэн нэгэн сонголтуудынхаа үр дагаврыг хэзээ амсдаг бол хэмээн та нар бодож байсан уу?
Суралцагчдыг Moрмон 4:1–2-ыг дор бүрнээ уншиж, тэд леменчүүдэд өс хонзон санаснаар нифайн армитай юу тохиосныг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдыг Moрмон 4:4-ийг дор бүрнээ уншиж, нифайчуудын их цэрэг яагаад амжилт олоогүй болохыг мэдэн, тайлагнахыг хүс.
Нэг суралцагчаас Moрмон 4:5-ыг чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, гэм нүгэлдээ шаргуу байхын үр дагаврын талаар энэ шүлэгт зааж буй үнэнүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд самбар дээр Moрмон 4:5: “Бурханы шүүлтүүд ёс бусыг үйлдэгчдийг дийлэх болно” хэмээх үнэнийг самбар дээр бич. Энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.
Суралцагчдыг Moрмон 4:10–12-ыг дотроо уншиж, нифайчуудын гэм нүглийн тодорхойлолтыг олж, тайлагнахыг хүс.
Хэдэн суралцагчийг Moрмон 4:13–14, 18, 21–22-ыг ээлж дараалан чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Бурханы шүүлтүүд нифайчуудын дээр хэрхэн буусан тухай олж мэдэхийг хүс.
-
Та нарын хувьд энэ түүхийн хамгийн гунигтай харамсалтай хэсэг нь аль вэ?
Суралцагчдаас самбар дээр бичсэн зарчмуудыг лавлан асуу. Амьдралдаа эдгээр үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тунгаан бодохыг хүс. Тэднийг тунгаан бодсоны үр дүнд хүлээн авсан Ариун Сүнсний өдөөлтийн дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.
Бидэнд наманчлах хангалттай олон янзын боломжийг өгдөг Их Эзэний энэрэнгүй сэтгэл ба хайрын талаар гэрчил. Мөн нүгэлдээ шаргуу хүмүүст үр дагаврууд нь заавал ирнэ гэдгийг гэрчил.