116-р хичээл
3 Нифай 1
Оршил
Лемен үндэстэн Самуелын Аврагчийн төрөлтийн тухай бошиглолын биелэлт тохиох цаг ойртох тусам итгэгчид Самуелын хэлсэн ирэх тэмдгүүдийг ширтсээр байсан. Үл итгэгчид тухайн өдөр бошиглол биелэхгүй бол итгэгчдийг ална хэмээн сүрдүүлэв. Нифайн хүү бөгөөд Хиламаны ач хүү Нифай итгэгчдийн өмнөөс Их Эзэнээс гуйв. Нифайн залбирлын хариу болгон Их Эзэний дуу хоолой түүн дээр ирж, тэмдэг тэр шөнө үзэгдэх болно гэж тунхаглажээ. Наран жаргахад харанхуй болсонгүй, мөн шинэ од бий болов. Хүмүүсийн итгэлийг сүйрүүлэх гэсэн Сатаны оролдлогууд үргэлжилж байсан ч хүмүүсийн ихэнх нь Их Эзэнд хөрвөгдсөн. Гэвч хоёр жилийн дараа Гадиантоны дээрэмчид нифайчууд болон леменчүүдийн олныг ёсон бус руу хөтөлсөн.
Заах зөвлөмж
3 Нифай 1:1–26
Есүс Христийн төрөлтийн тухай бошиглолууд биелж, олон нифай хүн хөрвөгдсөн
Суралцагчдыг сайн мэдээний төлөө амиа золиосолсон хүмүүсийн тухай бодоход урь. (Тэдний зарим нь Есүс Христ, Абинадай, зарим Антай-Нифай-Лихай нар, Иосеф болон Хайрум Смит нар юм.) Суралцагчдаас хүмүүс яагаад ийм золиослолыг хийх хүсэлтэй байдаг гэж бодож байгаагаа тайлбарлахыг хүс. Суралцагчдад хэрэв тэд сайн мэдээний төлөө амиа өгөх үе тэднээс шаардагдсан нөхцөлд байвал тэд хэрхэн хариулах байсан гэдгээ тунгаан бодох хугацаа өг. Лемен үндэстэн Самуел Зарахемлад номлосноос таван жилийн дараа итгэлтэй нифайчуудын бүлэг энэ боломжтой тулгарсан.
Суралцагчдад Хиламаны хүү Нифай нандин бичээсүүдийг өөрийн хүү Нифайд өгөөд уг нутгаас гарч явсан гэдгийг хэлснээр 3 Нифай 1:1–3-ыг нэгтгэн дүгнэ. Түүнийг хаашаа явсныг хэн ч мэдсэнгүй.
Хэд хэдэн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 1:4–9-ийг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, итгэлтэй нифайчуудад тулгарсан сорилтыг олж мэдэхийг хүс.
-
Итгэгчдэд ямар сорилт тулгарсан бэ?
-
Зарим хүнд энэ нөхцөл байдалд итгэлтэй хэвээр үлдэхэд нь яагаад бэрхшээл гарч болох вэ?
-
Ийм нөхцөл байдалд итгэлтэй хэвээр үлдэх хэн хэн байсныг та нар мэдэх вэ? Та нар яагаад энэ хүмүүсийг итгэлтэй хэвээр үлдэнэ гэж бодож байна вэ?
Суралцагчдыг энэ эгзэгтэй цаг үед Нифайн юу хийснийг олж мэдэхийн тулд 3 Нифай 1:10–12-ыг чимээгүй уншихад урь.
-
Энэ нөхцөлд Нифайн үзүүлсэн хариу үйлдлийн юу нь та нарын сэтгэлийг хөдөлгөсөн бэ? Яагаад?
Нэг суралцагчийг 3 Нифай 1:13–14-ийг чангаар уншихад уриад ангийнхнаас Нифайн залбиралд өгсөн Их Эзэний хариултыг онцгойлон анхаарахыг хүс.
-
Их Эзэн юуг “дэлхийд үзүүлнэ” хэмээн хэлсэн бэ? (Суралцагчдын хариултууд Их Эзэн бошиглогчдоороо хэлүүлсэн бүх үгээ гүйцэлдүүлнэ гэснийг тусгасан байх хэрэгтэй.)
-
Их Эзэн дэлхийд ирж, “Эцэгийн мөн Хүүгийн … аль алиных нь тааллыг үйлдэхээр” хэмээн ярихдаа Тэрээр Цагаатгалаа хэлж байжээ. Энэ захиас биднийг “урамтай байхад” хэрхэн туслах вэ?
Суралцагчдыг 3 Нифай 1:4, 14–15, 19–21-ийг уншин, Их Эзэн бошиглогчдын хэлсэн үгсийг биелүүлдгийг онцолсон үг хэллэгийг олж мэдэхэд урь.
-
Тэмдэг ирэхэд хэрэв та нар итгэгчдийн дунд байсан бол та нарт ямар сэтгэгдэл төрнө гэж бодож байна вэ?
-
Их Эзэн бошиглогчдын үгсийг биелүүлэх болно гэдгийг мэдэх нь та нарыг хэн нэгэн жишгийг тань доромжилж эсвэл итгэлийн тань төлөө хавчих үед хэрхэн туслах вэ?
Хоёр, гурван суралцагчийг ээлжээр 3 Нифай 1:16–18-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нүгэлтнүүд бошиглогдсон байсан тэмдгүүдийг хараад ямар хариу үйлдэл үзүүлж байсныг олж мэдэхийг хүс.
-
Тэмдэг өгөгдсөний дараа ёс бусчууд юу мэдэж авсан бэ?
-
Нүгэл болон итгэлгүй байдал нь яагаад айдас руу хөтөлдөг вэ?
Нэг суралцагчийг 3 Нифай 1:22–23-ыг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Сатан хүмүүсийг Их Эзэний төрөлтийн тэмдгүүдэд үл итгэхийг ятгахаар юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Сатан юу хийсэн бэ? (Тэр хүмүүсийн дунд худал хуурмагийг илгээсэн.) Өнөөдөр Сатаны урагш илгээж байгаа худал хуурмагуудын зарим нь юу вэ?
-
Сатаны худал хуурмагт өгч байгаа хүмүүсийн хариултуудаас бид ямар үнэнийг сурч чадах вэ? (Cуралцагчдад дараах зарчмыг тодорхойлоход нь тусал: Бид Сатаны худал хуурмагтай нүүр тулахдаа Есүс Христэд итгэж мөн хөрвөгдөхийг сонгож чадна. Та энэ зарчмыг самбар дээр бичихийг хүсч болно.)
Cуралцагчдад энэ зарчмын үнэн хийгээд ач холбогдлыг мэдрэхэд туслахын тулд Тэргүүлэх бишопын зөвлөлийн бишоп Ричард С.Эдглигийн дараах мэдэгдлийг хуваалц. Cуралцагчдад энэ мэдэгдлийн сударт нь таарсан хэмжээний хуулбарыг өгөхөөр товло.
“Бидэнд өнөөдөр дэлхий дээр учирч буй зөрчилдөөн болон сорилтуудын учир—би амар амгалангийн мөн хамгаалалтын сонголт ба бүгдэд тохиромжтой сонголт болох цорын ганц сонголтыг санал болгохыг хүсч байна. Тэр сонголт бол итгэл. … Эргэлзээнээс илүү итгэлийг сонго, айдсаас илүү итгэлийг сонго, үл мэдэгдэх хийгээд хараагүй зүйлүүдээсээ илүү итгэлийг сонго мөн уруу дорой үзлээс илүү итгэлийг сонго. …
“Шалтаг, шалтгаан, эсвэл хувийн оюун санаа нь нандин заалтууд болон сургаалтай зөрчилдөөд ирвэл, эсвээс зөрчилдөөнтэй захиас нь итгэл рүү тань дайрсан ч итгэлгүй байдлаараа үрийг зүрхнээсээ зайлуулахгүй байхыг … coнго [Aлмa 32:28-ыг үзнэ үү]. Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл бид гэрчийг авахгүй гэдгийг санаарай (Ифер 12:6-г үзнэ үү)” (“Итгэл—Сонголт нь та нарынх юм,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 31, 32–33).
-
Бид эргэлзээ, айдас болон уруу дорой үзлээс илүү итгэлийг сонгохын тулд юу хийж чадах вэ? (Хариултууд нь бид залбирч, Их Эзэний тусламжийг эрэлхийлж, судруудаас суралцан, зарлигуудыг сахиж, сүмийн цуглаануудад оролцон мөн бусдад үйлчлэхийг сонгож чадна гэх зэрэг орж болно.)
Суралцагчдыг 3 Нифай 1:24–25-ыг дотроо чимээгүй уншин, итгэгчдийн заримд нь тулгарсан нэмэлт сорилтуудыг тогтооход урь.
-
Зарим хүн Мосегийн хуулийн талаар юуг батлахыг хичээсэн бэ?
-
Тэдгээр хүмүүсийн буруу гэдгээ мэдээд хийсэн хариуны юу нь та нарын сэтгэлийг хөдөлгөсөн бэ?
Дараах асуултыг самбар дээр бич: Cатан намайг эргэлзүүлэхийг хичээвэл би хэрхэн Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэлтэй хэвээр үлдэх вэ? Cуралцагчдыг энэ асуултыг дэвтэр юмуу судар судлах тэмдэглэлдээ хуулж бичихийг хүс. Тэдэнд хариугаа бичих цөөн хэдэн минутыг өг.
3 Нифай 1:27–30
Нифайчуудын урвагчид болон леменчүүдийн өсвөр үеийнхэн Гадиантоны дээрэмчидтэй нэгддэг
Хоёр суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд урь. Нэг суралцагчаас нүдээ аниад өрөөсөн хөл дээрээ зогсохыг хүс. Энэ суралцагч үнэнийг мэддэг ч Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлдэггүй мөн сайн мэдээгээр амьдрахдаа хичээл зүтгэл гаргадаггүй нэгнийг төлөөлсөн гэдгийг тайлбарла.
Энэ үзүүлбэр дээр хоёр дахь суралцагч хэн нэгнийг үнэнээс гажуудуулах нөлөөллүүдийг төлөөлдөг гэдгийг тайлбарла. Хоёр дахь суралцагчийг нэгдүгээр суралцагчийг тэнцвэрээ алдаж эсвэл тогтвороо алдтал гарыг нь зөөлнөөр түлхэхийг хүс. Хүмүүн нь сайн мэдээгээр амьдрахыг хичээхгүй бол тэрээр Сатаны худал хуурмаг хийгээд уруу таталтуудад автах талтай гэдгийг онцол.
-
Тогтвортой үлдэхийн тулд эхний суралцагч юу хийх ёстой вэ? (Уг суралцагч нүдээ нээгээд, хоёр хөл дээрээ зогсох ёстой.)
Эхний суралцагчийг нүдээ нээгээд хоёр хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсохыг зааварла. Энэ суралцагч одоо “сүсэг бишрэлдээ … чанд гуйвшгүй” (Хиламан 15:8) хэн нэгнийг төлөөлж байгааг тайлбарла. Тэгээд хоёр дахь суралцагчаас эхний суралцагчийн гарыг дахин зөөлхнөөр түлхэхийг хүс. Хэрэв хүн сайн мэдээнээс суралцахыг эрмэлзэж, Бурханы зарлигуудыг сахивал тэрээр эсэргүүцэл ирж байсан ч тогтвортой байж чадна гэдгийг онцол.
Хоёр суралцагчийг суудалд нь эргэн суулга. Есүс Христийн төрөлтийн тэмдэг үзэгдсэнээс хойш хэдэн жилийн дараагаас Сатан хүмүүсийг сайн мэдээний үнэнд эргэлзүүлэхийг оролдохоо үргэлжлүүлсэн.
Цөөн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 27–29-ийг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, леменчүүдийн өсвөр үеийнхэнд үзүүлсэн зөв шударга бус хүмүүсийн нөлөөг олж мэдэхийг хүс.
-
Лемен үндэстний өсвөр үеийнхний заримд юу тохиолдсон бэ? (Тэд “зорамчууд болох зарим хүмүүсээр … зайлуулан удирдагдсан” мөн Гадиантоны дээрэмчидтэй нэгдсэн.)
-
3 Нифай 1:29-ийн дагуу леменчүүдийн өсвөр үеийнхний зарим нь яагаад зорамчуудын “худал хуурмаг” болон “зусар үгсэд” итгэсэн бэ? (Хэрэв суралцагчид өсвөр үеийнхэн “биеэ даах болсон” гэсэн Мормоны мэдэгдлийг дурдахгүй бол, үүнийг тэдэнд онцол.)
-
“Биеэ даах болсон” гэсэн үг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ?
Суралцагчдыг энэ асуултын талаар ярилцаж байхад Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Катлийн Х.Хьюс уг үгийн талаар юу хэлснийг унш.
“Энэ нь надад тэд эхлээд өөрсөд рүүгээ хараад, бошиглогчдын зайлсхийхийг анхааруулсан хүслүүдээ хангаж эхэлдэг гэсэн үг мэт. Тэд Сатаны өгөөш болон уруу таталтад бууж өгсөн” (“Их Эзэнд өсөн хөгжих (Grow Up unto the Lord,)” Ensign, 2010 оны 2-р сар, 18).
Нэг суралцагчийг 3 Нифай 1:30-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, бусдад “өсвөр үеийнхэн” (өсөж буй үеийнхэн) хэрхэн нөлөө үзүүлж байгааг олж мэдэхийг хүс.
-
Өсвөр үеийнхэн өөрсдийнхөө хүрээлэн буй тэдгээрийн итгэлд ямар нөлөө үзүүлсэн бэ?
Суралцагчдад туслахын тулд энэ түүхийг өнөөгийн нөхцөл байдалд оруулаад дараах асуултуудыг асуу:
-
Өнөөдөр өсвөр үеийнхнийг зөв шударга бус бүлгүүдтэй холбогдохыг уруу татдаг зарим нэг ямар “худал хуурмаг” болон “зусар үгс” байна вэ?
-
Өсвөр үеийнхэн бусдын итгэлд сөрөг нөлөө үзүүлж байгааг та нар хэзээ харж байсан бэ?
Суралцагчдаас 3 Нифай 1:29–30-ийг уншин, юу сурснаа товчлон өгүүлэхийн тулд нэг зарчмыг хэлэхийг хүс. Тэд хариулахдаа өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгах ёстой: Xэрэв бид уруу татагдвал бидний жишээ бусдын итгэл болон зөв шударга байдалд сөрөг нөлөө үзүүлнэ. Та суралцагчдаа энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхэд урамшуулж болно.
Хэдийгээр 3 Нифай 1:30-д өсвөр үеийнхэн бусдын итгэлд сөрөг нөлөө үзүүлж байгааг дурдсан ч тэд эргэн тойрондоо байгаа хүмүүст зөв шударга нөлөө үзүүлж чадна гэдгийг онцол. Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд ангийн бичээч болон жүжиглэхэд урь. Бичээчийг суралцагчдын дараах асуултын хариултуудыг бичихийг хүс:
-
Та нарт гэр бүл, тойрог буюу салбар болон олон нийтийн итгэлд эерэг нөлөө үзүүлэх ямар арга замууд байна вэ?
Суралцагчдыг самбар дээрээс нэн даруй үйлдэх нэг, хоёр санааг сонгоход урамшуул. Тэднийг зөв шударга үлгэр жишээнүүдийнхээ хүчээр бусдын итгэлийг хүчирхэгжүүлж чадна гэдгийг тэдэнд батал.