Хичээл 27
2 Нифай 5
Оршил
Нифай болон түүнийг дагалдагчид Их Эзэний сэрэмжлүүлгийг анхааран, Лемен, Лемүел хоёр болон Ишмэйлийн хөвгүүдээс тусгаарлажээ. Тэд зөв шударга байдалд, аз жаргалтай амьдарч байсан бол Лемен, Лемүел хоёрыг дагагсад өөрсдийгөө Их Эзэнээс тусгаарласан юм.
Заах зөвлөмж
2 Нифай 5:1–8
Их Эзэн Нифайн дагалдагчдыг Лемен, Лемүел хоёрын дагагсдаас тусгаарласан ажээ
Өөрсдөд нь тулгарсан хүнд асуудлууд болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Нифай тулгарсан сорилт бэрхшээлүүдэд хэрхэн хариулсныг судлахдаа өөрсдөдөө тохиолддог бэрхшээл сорилтуудыг тунгаан бодоход суралцагчдыг дэмж. Лихайг нас барсны дараа Нифай гэр бүлийнхээ сүнслэг байдлын удирдагч болсныг тэдэнд сануул. Нифайд ямар сорилт тулгарч байсныг харахын тулд 2 Нифай 5:1–4-ийг уншихыг суралцагчдаас хүс
-
2 Нифай 5:1-д өгүүлснээр Нифай өөртөө тулгарсан сорилт бэрхшээлийн шийдлийг олоход туслах юуг хийсэн бэ?
-
Нифайг тусламж гуйж залбирсны дараа Лемен, Лемүел хоёр юу хийхээр завдаж байсан бэ?
Суралцагчид хариултынхаа тухай ярих үед, бидний хариулт үргэлж тэр дороо эсвэл бидний хүсэн хүлээсэн байдлаар хариулагддаггүйг та онцлон хэлж болно.
2 Нифай 5:5–8-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Бусад суралцагчаас судрыг дагаж харахын зэрэгцээ Их Эзэн, Нифай болон түүний дагалдагчдад туслахын тулд юу хийсэн талаар олохыг хүс.
2 Нифай 5:1–8-аас сурч мэдсэн зүйлээ хураангуйлан дүгнэхийг суралцагчдаас хүс. Таны онцлон тэмдэглэх нэг үнэн бол залбирлаар дамжуулан Өөрийг нь эрэлхийлдэг хүмүүсийг Их Эзэн удирддаг гэсэн үнэн юм. Эдгээр шүлэгтэй холбогдуулан дараах асуултуудыг асуу:
-
Бидний залбирал тэр дороо эсвэл бидний хүсэн хүлээсэн байдлаар хариулагдаагүй үед итгэлтэй хэвээр байх нь яагаад чухал вэ?
-
Их Эзэн ямар замаар бидэнд сэрэмжлүүлэг өгдөг вэ?
Суралцагчдаас энэ асуултад хариулах явцад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгсийг уншихыг даалга:
“Бид эхлээд сэрэмжлүүлгийг анхаарсан бол буруу замаар орохгүй” (Кеннет Жонсон, “Yielding to the Enticings of the Holy Spirit,” Ensign, 2002 оны 11-р сар, 90-д эш татжээ).
-
Бид сорилт бэрхшээлтэй тулгарсан үед ямар замаар Нифайн үлгэр жишээг дагаж болох вэ?
2 Нифай 5:1-8-ын тухай ярилцлагын хэсэг болгон нифайчууд леменчүүдээс салан тусгаарлагдсан нь Лемен, Лемүел хоёр Нифайг үзэн яддаг байсны үр дүн болохыг онцлон хэл. Энэхүү салан тусгаарлалт олон зууны туршид үргэлжилсэн бөгөөд Лемен, Лемүел хоёрын үр удмынхан Нифайн үр удмынхныг үзэн яддаг байхыг үр хүүхдэдээ заадаг байлаа (Moзая 10:12–17-г үзнэ үү).
2 Нифай 5:9–18, 26–27
Нифайчууд аз жаргалтай хүмүүсийн ёсоор амьдарч байв
2 Нифай 5:27-г хамтдаа чанга уншихад суралцагчдыг удирд. Энэ шүлэгт судартаа тэмдэглэгээ хийхийг та суралцагчдад зөвлөж болно. Аз жаргал гэдэг үгийг самбар дээр бич.
-
“Аз жаргалтай хүмүүсийн ёсоор” амьдрах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ?
Далын ахлагч Марлин К.Жэнсэний хэлсэн дараах үгсийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.
“Өөрчлөгддөггүй тодорхой зарчмууд болон үнэнүүд бидний амьдралд аз жаргал авчирдаг. Би арвин их адислагдсаны сацуу аз жаргалтай байх олон шалтгаан надад байлаа. Гэсэн ч би заримдаа эргэлзэж, аз жаргал, баяр баясгалангийн тухай зарим хүний боддогтой адилаар боддоггүй байлаа.
“Энэ шалтгааны улмаас Мормоны Номын нэгэн хэсэг хэдэн жилийн өмнө миний анхаарлыг онцгой татсан юм. … Нифай сайн мэдээний үнэнүүд дээр суурилсан нийгмийг байгуулсан билээ. Тэрбээр энэ нийгмийн тухай, ‘Мөнхүү улиран тохиох дор бид аз жаргалтай хүмүүсийн ёсоор амьдарч байлаа’ (2 Нифай 5:27) хэмээн хэлжээ. Энэ хэсэг надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. … Жинхэнэ аз жаргалтай нийгэм, аз жаргалтай амьдралын бүрэлдэхүүн хэсгүүд нь юу байж болох вэ гэдгийг би … бодоод Нифайн судруудаас хариуг эрж эхэлсэн билээ. Би … та бүхнийг мөн ийнхүү өөрийнхөө судалгааг хийхэд урьж байна. Энэ нь насан туршийн үнэ цэнэтэй туршлага болж чадна. …
“… Христээс өмнө 560 жил аз жаргалтай амьдрах боломжийг Нифай болон түүний хүмүүст олгосон тэрхүү өдөр тутмын амьдралын загвар болон бүрэлдэхүүн хэсгүүд өнөөдөр ч гэсэн хүчин төгөлдөр хэвээр байна” (“Living after the Manner of Happiness,” Ensign, 2002 оны 12-р сар, 56, 61).
Ахлагч Жэнсэний урилгыг хүлээн авахад суралцагчдыг урамшуулан дэмж. 2 Нифай 5:6, 10–18, 26–27-г чимээгүй уншихдаа, “жинхэнэ аз жаргалтай нийгэм, аз жаргалтай амьдралын бүрэлдэхүүн хэсгүүд”-ийг олохыг тэднээс хүс. Нифайн аз жаргалд чухал хувь нэмэр оруулсан зарчмуудад судартаа тэмдэглэгээ хийхийг та зөвлөж болно. Хэдэн минутын дараа, олж мэдсэн зүйлээ самбар дээр бичихийг цөөн суралцагчаас хүс. (Нифай болон түүнийг дагалдагчид гэр бүлийнхээ хамт явсан [шүлэг 6-г үзнэ үү]; тэд Их Эзэнийг дуулгавартай дагасан [шүлэг 10-ыг үзнэ үү]; амьдрал ахуйгаа авч явахын тулд шаргуу ажилладаг байсан [шүлэг 11, 15–17-г үзнэ үү]; судруудыг авч явсан [шүлэг 12-ыг үзнэ үү]; ариун сүм барьсан [шүлэг 16-г үзнэ үү]; зөв шударга удирдагчдаа дагадаг байсан нь [шүлэг 18, 26-г үзнэ үү] хариултууд нь байж болно.)
Самбар дээрх зарчмуудаас нэг, хоёрыг сонгож, эдгээр зарчим тэдэнд “аз жаргалтай хүмүүсийн ёсоор амьдрахад нь” хэрхэн тусалсныг хуваалцахад суралцагчдыг урь.
Суралцагчид юунд онцгой анхаарал хандуулбал зохих ёстойг харгалзан та дараах эсвэл үүнтэй ижил төстэй асуултууд тавин шалгаж болно:
-
2 Нифай 5:10–11, 16-д өгүүлснээр, хүмүүс Их Эзэний зарлигуудыг сахисны ачаар ямар ямар адислал авсан бэ? Их Эзэн тантай хамт байдгийг та хэзээ мэдэрсэн бэ? Таны амьдралд үзүүлсэн Их Эзэний нөлөө таныг аз жаргалтай байхад хэрхэн хувь нэмрээ оруулсан бэ?
-
Ариун сүм бидэнд “аз жаргалтай хүмүүсийн ёсоор амьдрахад” хэрхэн тусалж болох вэ?” Ариун сүм танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд хэрхэн агуу аз жаргал авчирсан бэ?
-
Шаргуу ажил хөдөлмөр ямар арга замаар аз жаргалд хувь нэмрээ оруулдаг вэ?
Аз жаргалтай байдлаа хэрхэн дээшлүүлэх талаар сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэхэд суралцагчдыг урь. Суралцагчид өөр өөр зарчмыг хуваалцаж болох ч, Есүс Христийн сайн мэдээ бидний амьдралын хэв маяг болсон цагт бид улам аз жаргалтай амьдрах болно гэдгийг тэд ойлгосон байх ёстойг анхаар. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.
Амьдралаа шалгаж, “аз жаргалтай хүмүүсийн ёсоор” илүү бүрэн дүүрэн амьдрахын тулд юу хийх хэрэгтэй байгаагаа тодорхойлоход суралцагчдыг урь. Энэ тухайгаа судрын тэмдэглэлдээ эсвэл хичээлийн дэвтэртээ бичихэд нь суралцагчдыг дэмж. Таны амьдралд аз жаргал авчирсан зарчим болон практик үйл ажиллагааны тухай гэрчлэлээ хуваалц.
2 Нифай 5:19–25
Леменчүүд дуулгаваргүй байдлынхаа улмаас зүхэгдсэн юм
2 Нифай 5:19-24-ийг чимээгүй уншихдаа леменчүүд болон нифайчуудын амьдралын хэв маягийн хоорондох ялгааг олоход суралцагчдыг урь.
-
2 Нифай 5:20-д өгүүлснээр, леменчүүдийн дуулгаваргүй байдлын үр дагаврууд нь юу байсан бэ?
-
Леменчүүд яагаад Их Эзэнээс тусгаарлагдсаныг ойлгоход 2 Нифай 5:21 та нарт хэрхэн тусалж болох вэ? (Цахиур гэдэг бол маш хатуу чулуу гэдгийг та тайлбарлаж болно. Леменчүүд “цахиур чулуу лугаа адил болсон” гэсэн хэллэгээр Нифай, леменчүүдийн зүрх сэтгэл чулуу шиг хатуу болсныг онцлон тэмдэглэжээ.)
-
Сайн мэдээг эсэргүүцсэн леменчүүдтэй гэрлэсэн нифайчуудын талаар Их Эзэн ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? (2 Нифай 5:23-ыг үзнэ үү.)
-
Их Эзэний үгийг анхааралтай сонсож, дагадаггүй хүмүүстэй болзож, гэрлэхээс зайлсхийх нь яагаад чухал вэ? Таны болзож уулзан эцэстээ гэрлэх хүн сайн мэдээгээр амьдрах хүч чармайлтад тань хэрхэн нөлөөлнө гэж та боддог вэ? (“Ёс суртахууны өндөр жишгүүдтэй бөгөөд тэдэнтэй хамт байхад өөрийн тань жишгүүдийг сахиж чаддаг зөвхөн тийм л хүмүүстэй болзож бай” [Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 4] гэсэн Тэргүүн Зөвлөлийн зөвлөгөөг дагах нь ашиг тустайг суралцагчдад сануул.)
-
Бид 2 Нифай 5:20–24-өөс ямар зарчмуудыг сурч мэдэв? (Суралцагчид зарчмуудыг хуваалцах үед хүмүүс Их Эзэний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсан үед тэд өөрсдийгөө Түүнээс тусгаарладаг болохыг ойлгосон байх ёстойг анхаар.
2 Нифай 5 нь нифайчууд, леменчүүдийн хоорондох маш их ялгааг харуулдаг гэдгийг онцлон тэмдэглэ. Бид ямар үлгэр жишээг дагавал зохихоо сонгож чадна. Суралцагчид “аз жаргалтай хүмүүсийн ёсоор” илүү бүрэн дүүрэн амьдрахын тулд юу хийхээр шийдсэнээ санахад тэднийг урамшуулан дэмж. Тэд нифайчуудын үлгэр жишээг дагаснаар аз жаргалтай байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл.