Номын сан
Гэрээр судлах 15-р хэсэг


Гэрээр судлах хичээл

Алма 5–10 (15-р хэсэг)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Алма 5–10-ыг (15-р хэсэг) судлах үед суралцагчдын сурч мэдсэн сургаал болон зарчмуудын дараах хураангуйг энэ хичээлийн хэсэг болгон заахаар зориулаагүй болно. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг олж тогтоохдоо Ариун Сүнсний өдөөлтийг дагана уу.

Нэг дэх өдөр (Алма 5:1–36)

Суралцагчид Зарахемлагийн хүмүүст Алмагийн өгсөн номлолыг судлахдаа бид Бурханы үгэнд итгэж, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр зүрх сэтгэлдээ хүчит өөрчлөлтийг мэдэрч чадна гэдгийг мэдсэн. Суралцагчид Алмагийн асуултуудад хариулснаар бид зүрх сэтгэлдээ хүчит өөрчлөлтийг мэдэрснээр тэнгэрийн хаант улсад өөрсдөдөө газар орон хүлээн авахад бэлтгэдгийг мөн сурсан.

2 дахь өдөр (Алма 5:37–62)

Суралцагчид Алма 5-ын хоёр дахь хагасыг судалснаар дараах зарчмуудыг сурсан: Хэрэв бид Их Эзэн (Сайн Хоньчин)-ий дуу хоолойг сонсвол Түүний хаант улсад цуглуулагдах болно. Бид Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христ бол хүн төрөлхтний Гэтэлгэгч гэдгийг өөрсдөө мэдэж чадна.

3 дахь өдөр (Алма 6–7)

Суралцагчид Алма 6-г судалснаар нифайчуудын үед мөн манай өнөө үед Сүм нь бүх хүний сайн сайхны төлөө зохион байгуулагдсаныг мэдсэн. Суралцагчид Гидеон дахь хүмүүст Алмагийн заасан номлолоос Есүс Христ биднийг гэм нүгэл ба үхлээс аврах мөн мөнх бус байдлын сорилтуудыг тэвчихэд туслахын тулд зовсон гэдгийг сурсан. Тэд мөн бид сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар Бурханы хаант улс руу хөтлөх замыг дагадаг гэдгийг сурсан.

4 дэх өдөр (Алма 8–10)

Аммонайхагийн хүмүүс Алмаг эсэргүүцсэний дараа тэрээр тэдэн дээр эргэж очих хүсэлтэй байсныг судалснаар бид Их Эзэний үгэнд хурдан хариулбал Тэрээр бидэнд зарлигуудыг дуулгавартай дагахад тусалдгийг суралцагчид мэдсэн. Алма хүмүүсийг наманчлалд дуудаж, Аврагчийн ирэлтэд бэлтгэх хэрэгтэй байгааг тэдэнд заасан. Амюлек тэнгэр элчтэй уулзсан туршлагаас бид Их Эзэний дуудлагыг сонсож, дуулгавартай дагавал бидэнд болон бусдад адислалууд ирдэг гэдгийг суралцагчид ойлгосон.

Оршил

Энэ хичээл дээр суралцагчдад зүрх сэтгэлийн өөрчлөлт рүү хөтлөх зарчмууд дээр анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслахыг эрэлхийл. Тэдэнд Бурханы үгэнд найдаж, Аврагчийн тухай гэрчлэлээ өсгөхөд нь туслах арга замуудыг хай.

Заах зөвлөмж

Алма 5:1–36

Алма тэнгэрийн хаант улсад ороход зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт шаардагддаг гэдгийг заасан

Өөрчлөлт гэдэг үгийг самбар эсвэл цаасан дээр бич. Суралцагчдаас гадаад төрх, зан төлөв, харьцаа хандлага зэрэг хүмүүсийн өөрчлөгдөж болох зан чанарын жишээнүүдийг хуваалцахыг хүс. Хүмүүсийг чухам юу энэ өөрчлөлтүүдийг хийхэд хүргэж болохыг тайлбарлахад тэднийг урь.

Суралцагчдыг Алма 5:14-ийг уншаад, Алма Зарахемлагийн хүмүүсээс бодож үзэхийг хүссэн гурван асуултыг олж мэдэхийг хүс. Цөөн суралцагчийг “хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ” гэдэг нь юу гэсэн утгатайг дүрслэн хэлэхэд урь.

Суралцагчдыг Алма 5:3–7-г уншаад, Зарахемлагийн хүмүүст зүрх сэтгэлээ өөрчлөхөд бэлтгэхэд тусалсан Алмагийн хэлсэн зүйлийг олоход урь.

Алма Зарахемлагийн хүмүүст эцгийнхээ болон бусдын хөрвөлтийн тухай, мөн тэдний боолчлолоос чөлөөлөгдсөн талаар ярьсан. Асуулт: Эдгээр тохиолдлын тухай сурах нь хүмүүсийг зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэхэд хэрхэн бэлтгэнэ гэж та бодож байна вэ? (Та суралцагчдад энэ асуултын хариултыг суралцагчийн судлах удирдамж дахь 1 дэх өдрийн хичээл дээр бичсэнийг сануулж болно.)

Суралцагчаас зүрх сэтгэлийг нь өөрчлөлтөд удирдсан туршлагаа хуваалцахыг хүсч байгаа эсэхийг асуу. Та өөрийн туршлагаас хуваалцаж болно. Та мөн суралцагчдад ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн үгсийг (суралцагчийн судлах удирдамж дахь эхний өдрийн хичээл дээр) сануулж болно. Ихэнх хүнд зүрх сэтгэлийн өөрчлөлт нь сайн мэдээг судалж, үүнд өсч хөгжих үед аажмаар хийгддэг гэдгийг тайлбарла.

Суралцагчийн судлах удирдамж дахь эхний өдрийн хичээл дээр үзсэн хүснэгт “Алма 5 дахь Сүнслэг зүрхний бичлэг”-ийг эргэж харахыг суралцагчдаас хүс. Тэднийг Алма 5 дээрх хүснэгтэд бичигдсэн зарим судрыг дахин уншихад урь. Түүний дараа доорх асуултуудыг асуу:

  • Алмагийн асуултуудын аль нь танд илүү хамаатай байна вэ?

  • Эдгээр асуулт зүрх сэтгэлдээ өөрчлөлт гарсныг мэдрэхэд хүнд хэрхэн тусалдаг вэ?

Аврагч бүх хүнийг мөнх амьдралыг хүлээж авахын тулд Түүн дээр ирж, зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрээсэй хэмээн маш ихээр хүсдэгийг суралцагчдад тайлбарла. Aлма 5:33–36-г чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Асуу:

  • Их Эзэн биднийг юу хийхэд урьж байна вэ?

  • Түүний урилгыг хүлээн авсны шагнал юу байх вэ?

Aлма 5:43–52

Алма хэрхэн гэрчлэлтэй болсноо хэлж, наманчлалын тухай заасан нь

Зарахемлагийн хүмүүсийг зүрх сэтгэлээ өөрчлөхөд урамшуулан дэмжихийн тулд Алма гэрчлэлээ ярьж, мөн үүнийг хэрхэн хүлээн авснаа тайлбарласан гэдгийг хэл. Бид түүний зөвлөгөөнөөс гэрчлэлээ хэрхэн олж авч, улам хүчтэй болгохыг сурдаг. Суралцагчдыг Aлма 5:45–48-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Тэднийг Алма юу мэддэг гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Мөн Алмагийн “Би эдгээрийн гарцаагүйг хэрхэн мэднэ гэж та нар бодож байна вэ?” асуултын хариултуудыг олж мэдэхийг тэднээс хүс.

Суралцагчдаас сурсан зүйлээ хуваалцаад, хариултаа самбар дээр бичихийг хүс. Мөн дараах зарчмыг бич: Бид Есүс Христ бол хүн төрөлхтний Гэтэлгэгч гэдгийг Ариун Сүнсээр дамжуулан өөрсдөө мэдэж чадна.

Суралцагчдад хэзээ нэгэн өдөр тэдний гэрчлэлүүд хэн нэгнээр эсвэл ямар нэгэн зүйлээр соригдох болно гэдгийг ойлгоход нь тусал. Энэ нь аль хэдийн тохиолдсон ч байж болно. Алмагийн зөвлөгөө нь биднийг гэрчлэлийнхээ сорилтоос үл хамааран бат бэх, хүчтэй зогсох арга замыг санал болгодог. Гэрчлэлд тань сорилт учирч мөн үүнийгээ давж гарсан эсвэл таны мэддэг хэн нэгэн ийм сорилттой учирсан үеийн тухай ярихыг бодож үзнэ үү. Та бас Ерөнхий чуулган дээр хэлсэн үг эсвэл Сүмийн сэтгүүлийн нийтлэлээс туршлага хуваалцаж болно. Нэг суралцагчийг иймэрхүү туршлагаасаа хуваалцахад урьж болно.

Алма хүмүүст наманчлалын тухай заахаар цааш явсныг тайлбарла. Та нэг суралцагчаар Алма 5:50 болон суралцагчийн судлах удирдамж дээрх 2 дахь өдрийн хичээлийн 15-р хэсэг дээр дурдагдсан ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн үгсийг уншуулж болно. Бид Их Эзэнтэй уулзахаар бэлтгэж байна гэсэн бодлоор яагаад өдөр бүр амьдрах ёстой талаар бодол санаагаа хуваалцахыг суралцагчдаас хүс.

Aлмa 7–10

Алма Гидеон болон Аммонайхад заасан нь

Дараах нөхцөлүүдийг танилцуулаад суралцагчдаас Алмагийн Гидеоны хүмүүст өгсөн сургаалуудыг дахин ярилцах үедээ энэ талаар бодохыг хүс:

  1. Нэгэн залуу эмэгтэй Цагаатгал түүнд нүглээсээ ангижрахад тусалж чадна гэдгийг ойлгосон ч маш хүнд өвчтэй гэдэг нь оношлогдсон учраас Цагаатгал үүнд нь тусална гэж бодохгүй байгаа.

  2. Нэгэн залуу эрэгтэй эцэг эх нь салсанд маш их шаналж байгаа ч Аврагчийн тусламжийг эрэлхийлэхгүй байгаа.

  3. Нэгэн залуу эмэгтэй уураа хянаж сурах гэж зовж байгаа. Тэрээр үүнд нь Цагаатгал хэрхэн тусалж чадах талаар бодоогүй.

Суралцагчдыг Алма 7:11–13-ыг уншаад Аврагч бидний тусын тулд Өөр дээрээ “авах” хүсэлтэй байгаа нөхцөлүүдийг нэгтгэн дүгнэхэд урь. Цөөн суралцагчийг энэ шүлгүүд нь Есүс Христийн Цагаатгалын тухай юу зааж байгааг товчхон дүгнэж ярихад урь. Суралцагчдыг мөн мөнх бус байдалд бидний зовж зүдэрдэг (суралцагчийн судлах удирдамжийн 3 дах өдрийн хичээл дээрх) нөхцөлүүдээс заримыг нь үзүүлсэн хүснэгтийг эргэж харахад урамшуулан дэмж.

Амьдралын зовлон зүдгүүр, уй гашуу нь Цагаатгалын хүчээр биднээс авагдана гэдгийг суралцагчдад тайлбарла. Суралцагчид дараах зарчмыг ойлгосон эсэхийг анхаар: Есүс Христ биднийг нүгэл, үхэл хоёроос аварч, мөнх бус байдлын сорилтуудаар дамжуулан бидэнд туслахын тулд зовон шаналсан юм.

Өмнө танилцуулсан гурван нөхцөл дэх залуу эмэгтэй болон эрэгтэйд суралцагчид юу хэлэхийг хүсч байгаагаа хуваалцахад тэднийг урь. Асуулт: Цагаатгалын тухай Алмагийн сургаалууд эдгээр нөхцөлд хэрхэн холбогдох вэ?

Суралцагчдад тэдний судалж, тайлбар бичсэн (суралцагчийн судлах удирдамжийн 4 дэх өдрийн хичээл дээрх) Алма Аммонайхад байсан талаарх гурван зураг, судрын эшлэлүүдийг сануул. Та цөөн суралцагчаас Алма тэнгэр элчтэй уулзсан тухай бичсэн өөрсдийн тайлбарыг хуваалцахыг хүсч болно. Суралцагчдаас энэ туршлага нь дараах зарчимтай хэрхэн холбогдож байгаа талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүс: Бид Их Эзэний үгэнд хурдан хариулбал Тэрээр зарлигуудыг дуулгавартай дагахад бидэнд тусалдаг.

Дараагийн хэсэг (Алма 11–16)

Суралцагчдаас дараагийн долоо хоногийн даалгаврыг судлахад бэлтгэхээр дараах асуултуудын тухай бодохыг хүс: Хэрэв та гэм зэмгүй хүмүүс Есүс Христ болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээсээ болоод алуулахыг харахаар албадуулагдвал танд ямар санагдах вэ? Алма, Амюлек хоёр үүнийг харсан нь тэдэнд ямар санагдсан гэж та бодож байна вэ? Тэд ийм зүйл тохиолдож байхад бие биедээ юу гэж хэлсэн бэ? Тэд юу хийсэн бэ?