ОРШИЛ Мормоны ном
Энэ номыг яагаад судалдаг вэ?
Суралцагчид энэ номоос амьдралынхаа туршид “ёс бус хийгээд жигшүүрт хэргүүдийн үргэлжийн дүр зураг” (Moрмон 2:18) эргэн тойронд байсныг үл харгалзан, итгэлтэйгээр амьдарсан Есүс Христийн шавь Мормоны үнэт сургамжуудаас суралцах болно. Суралцагчид мөн хожмын үеийн уншигчдад “Есүс Христ та нарыг надад үзүүлсэн, мөн би та нарын үйлийг мэднэ” (Moрмон 8:35) хэмээн гэрчилсэн Моронайн үгсээс суралцах болно. Нифайчуудын гэм нүглийн үр дүнд ирсэн устгалын талаар уншсанаар тэд Есүс Христийн сайн мэдээний зарлигууд болон гэрээнүүдийн дагуу амьдрахын чухал ач холбогдлыг суралцана.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Энэ номын эхний долоон бүлэгт Мормон өөрийн өдрүүд дэх хүмүүсийн гэм нүгэл болоод нифайчууд, леменчүүдийн дундах дайн тулааны тухай бичсэн. Тэр мөн Нифайн их ялтсууд дээр өөрийн амьдралын үйл явдлуудын бүрэн шастирыг бичсэн (Moрмон 2:18; 5:9-ийг үзнэ үү). Мормоныг 10 орчим настай байхад цэдэг хадгалагч Аммарон нас өндөр болсон учир ариун нандин цэдгүүдийг өөртөө авах үүргийг түүнд өгсөн. Тэр хүмүүсийн талаар өөрийн ажигласан бүх зүйлийг сийлбэрлэх болно (Moрмон 1:4-ийг үзнэ үү). 15 настайдаа Мормон “Их Эзэнээр зочлогдон, мөн Есүсийн сайн сайхныг амталж мөн мэдэв” (Moрмон 1:15). Яг тэр жил, нифайчууд Мормоныг өөрсдийн их цэргийн удирдагчаар томилсон (Moрмон 2:1-ийг үзнэ үү). Аммароны зөвлөгөөг дуулгавартай дагадаг байсан тэр хожим нь Нифайн их ялтсуудыг олж авсан ба өөрийн цэдгийг бичиж эхэлсэн. Тэр мөн бошиглогчид болоод Лихайгаас Аммарон хүртэлх цэдэг хадгалагчдын бичээсүүдийг багтаасан Нифайн их ялтсуудыг товчлон хураангуйлсан. Амьдралынхаа төгсгөл ойртох үед Мормон цөөхөн цэдгийг өөрийн хүү Моронайд өгч үлдсэн бүх цэдгийг Кумора гүвээнд нуусан (Moрмон 6:6-г үзнэ үү). Дараа нь тэр леменчүүдийн эсрэг өөрсдийн сүүлийн агуу тулаанд нифайчуудыг удирдсан. Мормон нас барахынхаа өмнө түүний цэдгийг дуусгахыг Моронайд даалгасан. Моронай энэ номын 8–9-р бүлгүүдийг нэмж бичсэн.
Энэ ном хэнд зориулагдан, яагаад бичигдсэн бэ?
Мормон хожмын өдрүүдийн харийнхан ба Израилийн овгийн гишүүд “дэлхийн бүх хязгаарууд та нар наманчилж мөн Христийн шүүлтийн суудлын өмнө зогсохоор бэлтгэхийг ятгахыг” (Moрмон 3:22) хүсч байгаагаа бичсэн. Моронай эцгийнхээ номыг төгсгөхдөө түүний үгсийг унших хүмүүст шууд хандсан байдаг. Тэр тэдэнд нүглүүдийнх нь үр дагавруудыг анхааруулж, тэднийг “бүх зүрх сэтгэлээрээ Их Эзэнд ирэхийг” (Moрмон 9:27) урьсан.
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Мормон энэ номын 1–7-р бүлгийг МЭ 345 ба МЭ 401 оны хооронд (Moрмон 2:15–17; 8:5–6-г үзнэ үү) бичсэн байж болох юм. Тэр өөрийн бичээсүүдийг МЭ 385 онд Кумора гүвээн дээр (Moрмон 6:10–15; 7:1-ийг үзнэ үү) болсон нифайчууд ба леменчүүдийн хоорондох сүүлчийн тулааны дараа төгсгөсөн. Моронай 8–9-р бүлэг дэх материалыг МЭ 401 ба МЭ 421 оны хооронд, тэр “амь насныхаа аюулгүй байдлын төлөө” (Moрмон 8:4–6; Moронай 1:1–3-ыг үзнэ үү) санаа зовнин явахдаа бичсэн байж магадгүй.
Энэ номын онцлог талууд юу вэ?
Энэ ном Нифай, Алма, лемен хүн Самуел ба Есүс Христийн нифайчуудын устгалтай холбоотой бошиглолуудын бүрэн байдлыг дүрсэлсэн байдаг (1 Нифай 12:19; Aлмa 45:9–14; Хиламан 13:8–10; 3 Нифай 27:32-ыг үзнэ үү). Moрмон өөрийн зарим бичээсийг “өөрийн хүмүүс, нифайчуудын устгалын талаарх цэдэг” (Moрмон 6:1) хэмээн тайлбарладаг. Тэр тэдний гэм нүгэлтэй байдлын үр дагавар байсан нифайчуудын сүйрлийг үзүүлсэн (Moрмон 4:12; 6:15–18-ыг үзнэ үү).
Тойм
Moрмон 1 Aммарон Мормоныг өөрийн өдрүүд дэх хүмүүсийн цэдгийг хөтлөхийг даалгасан. Нифайчууд леменчүүдийг дайнд ялдаг. Газар нутаг даяар ёс бус байдал тархаж, шавь нар болох гурван нифай хүн хүмүүсийн дунд номлохоо түр зогсоодог ба Сүнсний бэлгүүд ерөнхийдөө буцаан авагддаг. Гэвч Мормон “Их Эзэнээр зочлогддог.”
Moрмон 2–3 Нифайчууд өөрсдийн армийг Мормоноор удирдуулахаар томилдог. Тэр тэднийг леменчүүдийн эсрэг тулаанд 30 гаруй жил удирддаг. Агуу устгал ба зовлон зүдгүүрийг үл харгалзан нифайчууд наманчлахаас татгалздаг. Мормон Нифайн ялтсуудыг Шим хэмээх толгодоос буцаан авч, өөрийн цэдгийг эхлүүлдэг. Хэдэн ялалтын дараа хүмүүс өөрсдийн хүч чадалд сагсууран хөөрч, леменчүүдийн эсрэг өс хонзонгийн тангараг тавьж эхэлдэг. Мормон тэднийг дахин удирдахаас татгалздаг. Тэр хожмын үеийн хүмүүсийг Христийн шүүлтийн суудлын өмнө бэлтгэлтэй байхыг ятган бичдэг.
Moрмон 4 Мормоноор удирдуулахаа больсон нифайчуудын арми леменчүүдийн эсрэг дайтсаар байдаг. Хоёр талын хэдэн мянган хүн амь эрсэддэг. Лихайн үр удмынхан өөрсдийн түүхэнд байсан аливаа үеэс илүүтэй гэм нүгэлтэй болж, леменчүүд нифайчуудыг газрын хөрснөөс арчиж эхэлдэг. Мормон бүх нифайчуудын цэдгүүдийг хамгаалан, Шим толгодоос авч, Кумора хэмээх гүвээнд аваачдаг.
Moрмон 5–7 Mормон тэднийг устгагдах болно гэдгийг мэдсэн учир нифайчуудын армийн удирдлагыг өөрчилдөг. Тэрээр Мормоны Номын ирэлтийг бошиглосон. Тэр леменчүүдийн эсрэг сүүлийн тулаанд нифайчуудыг Куморад цуглуулдаг. Тулалдааны дараа тэр өөрийн хүмүүсийн устгалыг харан уйлан гашууддаг. Мормон леменчүүдийн үр удмынхан Есүс Христэд итгэж, баптисм хүртэхийг ятган бичдэг.
Moрмон 8–9 Мормоныг нас барсны дараа Моронай цэдгийг үргэлжлүүлэн бичсэн. Тэр Мормоны Ном үл итгэгч болоод гэм нүгэлтнүүдийн өдрүүдэд Бурханы хүчээр урагш авчрагдахыг бошиглосон. Тэр Есүс Христийг болон гайхамшгууд ба тэмдгүүд Түүнд итгэх итгэлийн хамт ирдгийг гэрчилдэг. Түүний үгсийг унших хэн боловч Их Эзэнд ирж, аврагдсан байхыг тэр ятган гуйдаг.