Номын сан
155-р хичээл: Моронай 7:1–19


155-р хичээл

Моронай 7:1–19

Оршил

Моронай өөрийн аав Мормоны олон жилийн өмнө айлдсан номлолыг цэдэглэсэн юм. Уг хичээл нь тэрхүү номлолын эхний хэсгийг багтаадаг бөгөөд үүнд Мормон зөв шударга ажлыг үнэн сэтгэлээсээ хийх мөн муугаас сайныг хэрхэн ялгаж таних болохыг заасан байдаг. 156-р хичээл нь уг номлолын үлдсэн хэсгийг багтаадаг.

Заах зөвлөмж

Моронай 7:1–11

Мормон Есүс Христийн дагалдагчдад сайн ажлыг үнэн сэтгэлээсээ хийх талаар заасан байдаг

Гадна талаасаа сайхан харагдаж байгаа нэг жимсийг харуул.

  • Та нар гадна талдаа сайн харагдаж байгаа боловч дотор талдаа муудсан жимсийг харж байсан уу? (Цөөхөн хэдэн суралцагчаас жишээ хуваалцахыг хүс. Та мөн өөрийнхөө туршлагын талаар хуваалцаж болно.)

  • Хүн ямар байдлаар гаднаа сайн харагдаж байгаа боловч дотроо муудсан жимстэй адилхан байж болох вэ?

Моронай зүрх сэтгэлдээ зөв шударга байж, зөв шударга ажлыг хийхийн ач холбогдлын талаарх өөрийн аав Мормоны үгсийг бичиглэсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Моронай 7:2–3-ыг чангаар уншиж, ангиас Мормоны хандаж ярьсан бүлэг хүмүүсийг тодорхойлохыг хүс. (Тэрээр Сүмийн гишүүдэд хандаж ярьсан.)

Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцсаны дараа нэг суралцагчаас Моронай 7:4–5-ыг уншихыг хүс. Цааш нь хамтдаа суралцагчдыг шүлгийг дагуулан харж, Мормон эдгээр хүмүүсийг “Христийн амгалан дөлгөөн дагалдагчид” (Моронай 7:3) гэдгийг хэрхэн мэдсэнийг тодотгоход урь.

Самбар дээр үнэн сэтгэлээсээ гэсэн үгсийг бич.

  • Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг уг асуултын талаар ярилцах хооронд та нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн өгсөн дараах тайлбарыг уншихыг хүсч болно:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бид зөвхөн зөв зүйлсийг хийх нь хангалтгүй. Бид зөв шударга учир шалтгааны төлөө үйлдэл хийх ёстой. Орчин үеийн хэллэгээр бол сайн учир шалтгааны төлөө үйлдэх ёстой. Судрууд ихэвчлэн уг оюун ухааны зөв зүйтэй хандлагыг зүрх сэтгэлийн бүрэн зорилго эсвэл үнэн сэтгэл гэх үгсээр илэрхийлдэг.

“Судруудад Бурхан учир шалтгааныг ойлгодог бөгөөд бидний үйлдлийг үүний дагуу шүүнэ гэж тодорхой заадаг” (Pure in Heart [1988], 15).

Суралцагчдыг Моронай 7:6–10-г дотроо уншаад сайн ажлуудыг үнэн сэтгэлээсээ хийдэггүй хүмүүст өгсөн Их Эзэний анхааруулгыг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн сайн ажлуудыг үнэн сэтгэлээсээ хийдэггүй хүмүүст ямар анхааруулга өгсөн бэ? (Тэрээр тэдний ажлууд тэдэнд ашиггүй байх бөгөөд зөв шударгаас илүүтэйгээр хилэнцэт хэмээн тооцогдох болно гэж анхааруулжээ.)

  • Бид эдгээр шүлгээс ямар зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчид хэд хэдэн үнэнийг дурдаж болох ба тэдэнд дараах зарчмыг тодорхойлоход нь тусал: Бид өөрсдийн хийсэн сайн ажлуудын төлөө адислагдахын тулд үнэн сэтгэлээсээ үйлдэх ёстой.)

  • Их Эзэнээс адислал хүсэхээс гадна сайн ажлуудыг үнэн сэтгэлээсээ хийх нь яагаад чухал гэж бодож байна вэ?

  • Та сайн ажлуудыг зөв зорилготойгоор хийснээр ямар өөрчлөлтийг мэдэрсэн бэ?

Мормон биднийг үнэн сэтгэлээсээ залбирахад урамшуулсан гэдгийг онцол (Моронай 7:9-г үз). Нэг суралцагчийг ерөнхийлөгч Бригам Янгийн өгсөн дараах зөвлөгөөг уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“Би мөн та, бидний хэн нь ч залбирахыг хүссэн үедээ л биш, залбирах ёстой цаг мөч ирэх бүрд залбирах нь чухал. Хэрэв бид залбирахыг хүсэхгүй байвал хүсэх хүртлээ залбирах хэрэгтэй” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 45).

  • Залбирахыг хүсэхгүй байсан ч залбирахыг сонгох нь үнэн сэтгэлээсээ залбирдаг болоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Ерөнхийлөгч Бригам Янгийн өгсөн уг зөвлөгөө залбирлаас гадна бусад зарлигийг дуулгавартай дагахад хэрхэн туслах вэ? (Хэрэв суралцагчид энэ асуултад хариулж чадахгүй байвал дараах жишээг хуваалц: Зарим хүн сүмд үнэн сэтгэлээсээ явахгүй байж болно. Гэсэн ч хэрэв тэд үргэлжлүүлэн сүмд явж, цуглаануудад оролцож, шүтэн бишрэхийн тулд чадах бүхнээ хийвэл сүмд явснаар баяр баясгаланг олоход тэдэнд туслах туршлагыг хуримтлуулах болно. Сүмд явах тэдний учир шалтгаан өөрчлөгдөх болно. Тэд тэнд байж, Бурханыг шүтэн биширч, гэрээнүүдээ шинэчилж, бусдад үйлчлэхийг хүсч байгаа учраас Сүмд явах болно.

Суралцагчдад сайн ажлыг үнэн сэтгэлээсээ хийх Мормоны сургаалыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд хичээл эхлэхээс өмнө дараах үйл ажиллагааг бэлтгэ: Хэдэн ширхэг жижиг цаас бэлтгэ. Цаас бүр дээр нэг зарлиг бич. Үүнд: мацаг барих, аравны нэг төлөх, бусдад үйлчлэх, судруудыг судлах, эцэг эхээ хүндлэх болон суралцагчдад ярилцахад туслах өөр ямар ч зарлиг байж болно. Цааснуудыг хайрцганд хий.

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Түүнээс хайрцагнаас нэг цаасыг авч, ангид уншиж өгөхийг хүс. Дараа нь ангиас дараах хоёр зүйлийг хоёуланг нь эсвэл нэгийг нь хийхийг хүс:

  1. Тэд уг зарлигийг үнэн сэтгэлээсээ дагасан үедээ адислагдсан гэдгээ хэрхэн мэдэрсэн талаар хуваалц.

  2. Уг зарлигийг үнэн сэтгэлээсээ дагах арга замуудыг санал болго.

Та энэ үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтаж болно.

Энэ үйл ажиллагааны дараа Бурханы зарлигийг үнэн хүсэлтэйгээр дагаад олж авсан туршлагынхаа талаар хуваалц.

Moронай 7:12–19

Мормон хэрхэн сайныг хилэнцтээс ялган мэдэхийг заасан байдаг

Исаиа хожмын өдрүүдэд зарим хүн хилэнцтийг сайн мөн сайныг хилэнцэт хэмээн дуудах болно гэж бошиглосон гэдгийг тайлбарла (Исаиа 5:20; 2 Нифай 15:20-ийг үзнэ үү).

  • Хүмүүс хилэнцтийг сайн, сайныг хилэнцэт хэмээн дууддаг ямар жишээ байна вэ?

  • Сайн, мууг зөв ялгаж таних нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Хэдэн суралцагчийг Моронай 7:12–17-г ээлжлэн чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, бидэнд сайныг муугаас ялгаж танихад туслах зарчмуудыг олж мэдэхийг хүс. Та тэдэнд онцгой утга учиртай санагдсан хэсгээ тэмдэглэхийг зөвлөж болно. Суралцагчдад сурсан зүйлээ хуваалцахад нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:

  • Бид ямар нэгэн зүйл Бурханаас ирсэн гэдгийг хэрхэн мэдэх вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж мэдсэн эсэхийг баталгаажуул: Бурханаас ирсэн аливаа зүйлс биднийг сайн зүйл хийж, Есүс Христэд итгэж, Бурханд үйлчилж, Түүнийг хайрлахад урьдаг.)

  • Бид ямар нэгэн зүйл чөтгөрөөс ирснийг хэрхэн мэдэх вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж мэдсэн эсэхийг баталгаажуул: Биднийг хилэнцтийг хийж, Есүс Христийг үгүйсгэж, Бурханы эсрэг тэмцэхийг ятгадаг аливаа зүйл чөтгөрөөс ирдэг.)

  • Бурхан биднийг сайн зүйлийг үргэлжлүүлэн хийхэд урьдаг ямар арга замууд байна вэ?

  • Чөтгөр хэрхэн биднийг нүгэл үйлдэхэд урьж, ятгадаг вэ?

Суралцагчдыг Мормоны сайныг муугаас ялган таних зааврыг хэрэгжүүлэхэд нь бэлтгэхийн тулд тэднийг өөрсдийн дуртай телевизийн нэвтрүүлэг, кино, дуу, хөгжмийн хамтлаг, интернэт хуудас, видео тоглоом эсвэл хувийн зүйлсээ жагсааж бичихэд урь. (Та энэ жагсаалтыг суралцагчдын хэрэгцээ, сонирхлын дагуу өөрчилж болно.) Суралцагчдад бичих хангалттай цаг өгсний дараа тэднээс жагсаалтаа цааш тавихыг хүс. Хэдэн минутын дараа тэд жагсаалтаа дахин ашиглах болно гэдгийг хэл.

  • Моронай 7:16-д хэлсэнчлэн муугаас сайныг ялгаж танихад туслах юу хүн бүрд өгөгдсөн бэ?

Христийн Сүнсийг мөн Христийн Гэрэл гэж нэрлэдгийг тайлбарла (Моронай 7:18-г үз). Суралцагчдад Христийн Гэрэлийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакерийн хэлсэн дараах үгийг уншиж өг:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакер

“Ариун Сүнс мөн Христийн Гэрэл нь тусдаа зүйлс юм. …

Уг дотоод гэрэл, сайн муугийн мэдлэгийг Христийн Гэрэл эсвэл дотоод ухамсар эсвэл юу гэж нэрлэх нь хамаагүй хэрэв бид үүнийг хязгаарлаж, хориглохгүй л бол—энэ нь биднийг өөрсдийн үйлдлийг хянаж, тэвчээртэй байхад маань удирдах болно. …

Өөр өөр үндэстэн ястан, өөр шүтлэг бишрэлтэй, царай зүстэй, эрэгтэй эмэгтэй, хүүхэд хэн ч гэсэн, хаана амьдарч, юунд итгэж, юу хийж байгаагаасаа үл хамааран тэдний дотор унтаршгүй Христийн Гэрэл байдаг” (“The Light of Christ,” Ensign, 2005 оны 4-р сар, 8–10).

  • Хүн хэрхэн өөрсдийн дотор байгаа Христийн Гэрэлийг унтрааж, хязгаарлаж хориглодог вэ?

Суралцагчдыг Моронай 7:18–19-г дотроо уншаад өөрсдийн дотор байгаа Христийн Гэрэлд хэрхэн хандах тухай Мормоны зөвлөгөөг олж мэдэхэд урь. Суралцагчдаас сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс.

  • “Христийн гэрлээр шаргуу судлах” гэж юу гэсэн үг вэ?

  • Бид Моронай 7:19-өөс ямар зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчид дараах зарчмуудыг олж мэдэх ёстой: Бид Христийн гэрлээр шаргуу судалснаар сайныг хилэнцтээс ялган мэдэж чадна. Хэрэв бид сайн зүйл болгоноос зууран барих юм бол Христийн хүүхдүүд байх болно. Хэрэв суралцагчдад “Христийн хүүхдүүд” гэдэг хэсгийг ойлгоход тусламж хэрэгтэй бол та энэ гарын авлагын 55-р хичээлээс лавлаж харж болно.)

  • Та хэзээ ямар нэгэн зүйл сайн эсвэл зөв гэдгийг мэдэхийг хүссэн бэ? Та энэ нь сайн эсвэл зөв зүйл гэдгийг мэдэхийг хүсэн, “шаргуу судлахын” тулд юу хийсэн бэ?

Суралцагчдаас бичсэн жагсаалтаа эргэж харахыг хүс. Дараах асуултуудыг харуул эсвэл чангаар уншиж өг. Мөн суралцагчдыг эдгээр асуултад хариулах хооронд тэднийг “Христийн гэрлээр шаргуу судлах”-д (Моронай 7:19) урь. Энэ үйл ажиллагааг яаруулах хэрэггүй. Суралцагчдад тунгаан бодож, бичих хангалттай цаг өг. Суралцагчдад тэднээс бичсэн зүйлээ хуваалцахыг шаардахгүй гэдгийг хэл.

  • Эдгээр зүйлс таныг сайныг хийж, Есүс Христэд итгэж, Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэхийг урьдаг уу?

  • Эдгээр зүйлсээс аль нэг нь таныг хилэнцтийг үйлдэж, Есүс Христэд эргэлзэж, Бурханд үйлчлэхээ болихыг ятгадаг уу?

  • Та эдгээр зүйлсээс аль нэгийг нь амьдралаасаа авч хаях хэрэгтэй гэж боддог уу? Хэрэв тийм бол та үүнийг хэрхэн хийх вэ?

Заримдаа, ингэж хийх нь зөв гэж мэддэг ч гэсэн дуртай зүйлээсээ татгалзан бууж өгөх шаардлага гарах үед маш хэцүү байдгийг онцлон хэл. Суралцагчдад уг хичээл зүтгэлд нэг нэгнээ дэмжихэд нь туслахын тулд дараах асуултыг асуу:

  • Та хэн нэгэнд сайн эсвэл зөв биш зүйлийг орхиход нь туслахын тулд ямар зөвлөгөө өгч болох вэ?

Эцэст нь бид Христийн Гэрэлийг дагаснаар сайн зүйлсийг таньж, Сатаны мэхлэлтээс зайлсхийн, Есүс Христийн дагалдагчдын амьдралаар амьдарч чадна гэдгийг батлан хэл.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Моронай 7:17. Чөтгөр хэнийг ч сайн зүйл хийхийг ятгадаггүй

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заажээ:

“Сатан буюу Люсифер эсвэл худал бүхний эцэг—болох түүнийг та юу гэж ч дууддаг бай— тэр бодит бөгөөд хилэнцтийн жинхэнэ жишээ юм. Тэрээр хорон муу бүхний цаана байдаг. Тэрээр Бурханы хайр, Есүс Христийн Цагаатгал, амар амгалан болон авралын ажлыг үүрд мөнхөд эсэргүүцдэг юм. Тэрээр эдгээр зүйлсийн эсрэг тэмцэхийн тулд хаана ч байсан, хэзээ ч гэсэн чадах бүхнээ хийх болно. Тэрээр эцэстээ ялагдаж, хөөгдөнө гэдгээ мэддэг ч гэсэн аль болох олон хүнийг өөртэйгөө хамт доош устгал руу авчрахыг зорьдог (“We Are All Enlisted,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 44).

Хэвлэх