Номын сан
Моронай


ОРШИЛ Моронайн ном

Энэ номыг яагаад судалдаг вэ?

Суралцагчид Моронайн номноос суралцсанаар, Моронай болон түүний аав Мормоны хүчирхэг үлгэр жишээ, сургаалуудаас хүч чадлыг олж авах болно. Тэд Есүс Христийн Сүмийн үндсэн ёслолууд хийгээд үйл явдлуудын талаар; зөв шударга ажлуудыг чин сэтгэлээсээ хийхийн ач холбогдол; сайныг хилэнцтээс ялган мэдэх арга зам; итгэл, найдвар, энэрлийн харилцаа холбоо; бага насны хүүхдүүдийн авралын талаар суралцана. Суралцагчид мөн Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлийг өөрсдөдөө олж авахын тулд залбирахад урьж, (Моронай 10:3–5-ыг үзнэ үү), “Христэд ирэгтүн, түүгээр төгөлдөржигтүн” (Моронай 10:32) хэмээн ухуулсан Моронайн үгийг унших болно.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Моронай уг номыг бичсэн бөгөөд тэрээр үүнд Нифайн арванхоёр төлөөлөгчид Есүс Христийн хэлсэн үгсийг (Моронай 2-ыг үзнэ үү) мөн өөрийн эцэг Мормоны (Моронай 7–9-ийг үзнэ үү) болон өөрийнхөө хэлсэн үгийг багтаасан юм. Нифайчуудыг устгагдахаас өмнө Моронай тэдний дунд цэргийн удирдагч, Сүмийн ахлагчаар үйлчилж байв (Мормон 6:12; Моронай 8:1-ийг үзнэ үү). Моронай нь Мормоны Номын бусад чухал бичээч болон эмхэтгэгчтэй адил Аврагчийн гэрч байсан билээ. Тэрээр “Би Есүсийг харсан, тэрээр надтай нүүр тулан ярьсан” (Ифер 12:39) хэмээн гэрчилсэн. Моронай өөрийн гэрчлэлд итгэлтэй зогсож, Христийг үгүйсгээгүй Нифай үндэстэн болгоныг леменчүүд алж байсан тэр үед Түүнийг үгүйсгэхээс татгалзсан юм (Моронай 1:1–3-ыг үз). Мормоны Номын цэдгийг эмхэтгэж дуусгаснаас хойш ойролцоогоор 1400 жилийн дараа 1823 онд Моронай амилсан биетэйгээр бошиглогч Иосеф Смитэд үзэгдэж, Иосефт гэрийнх нь ойролцоо гүвээнд цэдгийг нуусан гэдгийг хэлжээ (Иосеф Смит—Түүх 1:29–35-ыг үзнэ үү). Тэр мөчид мөн дараах 4 жилийн туршид Моронай Иосеф Смитэд “Их Эзэн юу хийх гэж буй тухай, мөн түүний хаант улсыг хэрхэн бас ямархуу маягаар эцсийн өдрүүдэд удирдахыг” ( Иосеф Смит—Түүх 1:54) зааварласан билээ.

Энэ номыг хэнд зориулж, юуны тулд бичсэн бэ?

Моронай “ирээдүйн нэг өдөр, леменчүүд, ах дүүст минь чухал байж магад хэмээх тул би өөр цөөн хэдэн зүйл бичье” (Моронай 1:4; мөн Моронай 10:1-ийг үзнэ үү) хэмээн хэлжээ. Тэрээр мөн Бурханы шүүлтийн тавцангийн өмнө хүн бүр түүний бичсэн үгсийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулж “дэлхийн бүх хязгааруудад” хандан ярьсан гэдгээ тунхагласан билээ (Моронай 10:24, 27-г үзнэ үү). Энэ үйл явдлын бэлтгэл болгож Моронай бүх хүмүүнийг “Христэд ирэхийг” (Моронай 10:30, 32) урьсан.

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Моронай уг номыг МЭ 401-ээс МЭ 421 оны хооронд бичиж, хураангуйлсан юм (Мормон 8:4–6; Моронай 10:1-ийг үзнэ үү). Тэрээр уг номыг бичихдээ хаана байснаа хэлээгүй бөгөөд зөвхөн амь насныхаа аюулгүй байдлын төлөө боломжтой хаана ч болов бэдрэн явснаа дурдсан юм (Моронай 1:1–3-ыг үзнэ үү).

Энэ номын онцлог юу вэ?

Уг ном нь Есүс Христ Өөрийн Арванхоёр Нифайн төлөөлөгчдөд Ариун Сүнсний бэлгийг хүртээх хүчийг өгч байхдаа тэдэнд өгсөн зааврын тухай нарийн мэдээллийг багтаасан байдаг (Моронай 2 мөн 3 Нифай 18:36–37-г үзнэ үү). Энэ ном л зөвхөн санваарын ёслолууд болон ариун ёслол дээрх залбирлын тухай Мормоны Номон дээрх зааврыг агуулсан байдаг (Моронай 3–5-ыг үзнэ үү). Уг номын бусад онцлог талуудад сайныг муугаас ялгаж таних Мормоны заавар (Моронай 7:12–19-ийг үзнэ үү), тэнгэр элчүүдийн тохинуулал (Моронай 7:29–39-ийг үзнэ үү), Христийн цэвэр хайр болох энэрэл (Моронай 7:44–48-ыг үзнэ үү) мөн бага насны хүүхдүүдийн авралын (Моронай 8-ыг үзнэ үү) тухай сургаалууд ордог. Энэ нь Кумора дээрх эцсийн тулааны өмнөх нифайчууд болон леменчүүдийн ёс бус байдал, доройтлын тухай Мормоны тэмдэглэлийг багтаадаг (Моронай 9-ийг үзнэ үү). Моронай Сүнсний бэлгүүдийн талаарх өөрийн сургаалыг багтаасан (Моронай 10:8–26-г үзнэ үү). Мөн тэрээр Моронай 10:3–5 дээр Мормоны Номонд чухал үүрэг гүйцэтгэсэн урилгыг оруулсан байна. Энэ судрын хэсгийн талаар ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хэлэхдээ Мормоны Ном бол “уншигчид бурханлаг хүчээр үүний үнэнийг гарцаагүй мэдэх амлалтын тухай багтаасан цорын ганц ном” (“A Testimony Vibrant and True,” Ensign, 2005 оны 8-р сарын 4) хэмээн тайлбарласан байдаг.

Тойм

Моронай 1–6 Моронай амь насныхаа аюулгүй байдлын төлөө бэдрэн явахдаа Есүс Христийн Сүмийн ёслол, үйл ажиллагаануудын талаар бичиглэжээ. Эдгээрт Ариун Сүнсний бэлгийг хүртээх, санваарын ёслолуудыг гүйцэтгэх, ариун ёслолыг гүйцэтгэх мөн баптисм хүртэхэд бэлтгэх орно. Мөн Моронай Сүмийн гишүүдийг сүнслэгээр тэжээх мөн Сүмийн цуглаануудын зорилго, эдгээрийг хэрхэн хөтлөн явуулах тухай хэлэлцсэн байдаг.

Моронай 7 Моронай, Христийн гэрлийн тухай, чин хүсэлтэйгээр зөв шударга үйлсийг хийхийн ач холбогдол, сайнаас мууг ялган таних, бүх сайн зүйлээс зууран барих болон итгэл, найдвар, энэрлийн хоорондын уялдаа холбооны талаар заасан Мормоны номлолыг бичиглэсэн юм.

Моронай 8–9 Моронай мөн бага насны хүүхдүүдэд яагаад баптисм шаардлагагүй тухай тайлбарлаж, нифайчууд болон леменчүүдийн дундах агуу ёс бусыг тодорхойлсон Мормоны захиасуудыг бичиглэсэн.

Моронай 10 Моронай Мормоны Номыг унших тэд бүгдийг үүний үнэнийг мэдэхийн төлөө залбирч, Бурханы хүч болон бэлгүүдийг үгүйсгэхгүй байж, Христэд ирж, түүгээр төгөлдөржихийг ухуулсан.