Номын сан
Гэрээр судлах 17-р хэсэг


Гэрээр судлах хичээл

Алма 17–24 (17-р хэсэг)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Алма 17–24-ийг (17-р хэсэг) судлах явцад суралцагчдын сурч мэдсэн сургаал болон зарчмуудын дараах товч хураангуйг энэ хичээлийн хэсэг болгон заахад зориулаагүй болно. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг олж тогтоохдоо Ариун Сүнсний өдөөлтийг дагана уу.

Нэг өдөр (Алма 17–18)

Аммон болон түүний ах дүүс леменчүүдэд заасан жишээнээс суралцагчид судар судлан, залбирч, мацаг барьснаар бид Ариун Сүнсийг хүлээн авч, бусдад хүчтэйгээр зааж чадахыг сурсан гэдгийг тайлбарла. Лемонай хаанд өгсөн Аммоны үйлчлэл нь мөн бид сайн үлгэр жишээ үзүүлснээр Их Эзэн биднийг Өөрийн мутар дахь зэмсэг болгоно гэсэн номлогчийн үйлчлэлийн нэгэн чухал талыг заасан юм. Суралцагчид Лемонайд үзүүлсэн Аммоны үйлчлэл леменчүүдийн удирдагч болон бусдыг сайн мэдээг хүлээн авахад нь бэлтгэснийг ойлгосон билээ. Лемонай хааны хөрвүүлэлт бидэнд Аврагчийн хэрэгцээ байгааг ойлгосноор бид нүглээ наманчлах хүсэлтэй болно гэдгийг заасан.

2 дахь өдөр (Алма 19–20)

Суралцагчид Аммоны гэрчлэл болон зөв шударга үлгэр жишээ нь Лемонайн эцгийг Их Эзэн рүү эргүүлэхэд тусалсан гэдгийг мэдсэн. Тэд бас бидний хайрын үйлдлүүд бусдыг зүрх сэтгэлээ зөөлрүүлж, үнэнийг мэдэхээр эрэлхийлэхэд хөтөлдгийг сурсан.

3 дахь өдөр (Алма 21–22)

Аароны номлогчийн ажлын түүх нь хэрэв бид зовлон зүдгүүрийнхээ үед итгэлтэй хэвээр байвал Их Эзэн Түүний ажлыг хийхэд бидэнд туслах болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусалсан. Аарон Лемонай хааны эцэгт тэр зөвхөн Есүс Христийн ач гавьяагаар дамжуулж авралыг хүлээн авч чадна гэдгийг ойлгоход нь тусалсан. Хааны адилаар, бид сүнслэг байдлын хувьд өөрчлөгдөж, Бурханаар төрөхийн тулд бүх гэм нүглээ орхих хүсэлтэй байх ёстой.

4 дэх өдөр (Алма 23–24)

Сайн мэдээг хүлээн авсан олон мянган леменчүүд хөрвөлт нь Бурханы хүчээр шинэ хүн болох сүнслэг байдлын өөрчлөлт юм гэдгийг харуулсан. Антай-нифай-лихайчууд болсон леменчүүдийн жишээгээр хэрэв бид нүглээ наманчилж чадахын тулд бүхнийг хийвэл Бурхан бидний бурууг авч, цэвэр ариун хэвээр үлдэхэд тусалдгийг суралцагчид мэдсэн. Леменчүүдийн хөрвөлт нь бид итгэлтэй байвал бусдыг хөрвөгдөгдөхөд тусалж чаддаг гэдгийг харуулсан.

Оршил

Мозая хааны дөрвөн хөвгүүн леменчүүдийн дунд сайн мэдээг номлохын тулд гэртээ байх боломж болон тав тухтай байдлаас татгалзахыг сонгосон билээ. Энэ дөрвөн номлогчийн түүх нь Есүс Христийн сайн мэдээг бусдад үр ашигтайгаар заахад хэрхэн бэлтгэхийг суралцагчдад харуулдаг.

Заах зөвлөмж

Aлмa 17–22

Аммон болон түүний ах дүүс леменчүүдийн хоёр хаанд заасан нь

Хичээл эхлэхээс өмнө дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр эсвэл хуудас цаасан дээр бич: “[Номлолд] үйлчлэх дуудлагадаа бэлтгэж болох цорын ганц бөгөөд хамгийн чухал зүйл бол …”

Цөөн суралцагчийг гэр бүлийн гишүүн эсвэл найзаа бүрэн цагийн номлолд итгэлтэйгээр үйлчлээд эргэж ирэхийг харах нь ямар байсныг хуваалцахад урь. Тэгээд суралцагчдаас асуу: Тэр хүн номлолынхоо дараа хэрхэн өөрчлөгдсөн байсан бэ? Өөрчлөлт юунаас болсон гэж чи бодож байна?

Суралцагчдаас самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж болохыг асуу. Суралцагчдыг хариулсны дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгийг хэрхэн дуусгасныг хуваалц: “[Номлолд] үйлчлэх дуудлагадаа бэлтгэж болох цорын ганц бөгөөд хамгийн чухал зүйл бол номлолд явахаасаа бүр өмнө номлогч болох явдал юм” (“Becoming a Missionary,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 45).

Асуулт: Залуу эрэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүд ямар замаар ахлагч Бэднарын зөвлөгөөг дагаж бүрэн цагийн номлолд дуудагдахаасаа өмнө номлогч болж чадах вэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах үгсийг хуваалц:

“Номлолын үйлчлэл нь санваарын үүрэг бөгөөд бидэнд хэмжээлшгүй ихийг өгсөн Их Эзэний өмнө хүлээсэн бидний хариуцлага билээ. Залуу эрэгтэйчүүд ээ, би та нарыг номлолд үйлчлэхээр бэлтгэхэд уриалж байна. Их Эзэнийг төлөөлөхүйцээр өөрсдийгөө цэвэр ариун, зохистой байлга. Эрүүл мэнд болон бат бөх байдлаа сахь. Судраас суралц. Семинар, институтэд яв. Миний сайн мэдээг номло номлогчийн гарын авлагаас суралцаж, авлагыг мэддэг бол.

“Залуу эгч нарт хандан хэлэхэд: Залуу эрэгтэйчүүдийн адилаар бүрэн цагийн номлолд үйлчлэх санваарын үүрэг хариуцлага та нарт байхгүй ч та нар бүрэн цагийн номлолд үйлчлэн, агуу хувь нэмэр оруулдаг бөгөөд бид та нарыг үйлчлэлийг дуртай хүлээн авна” (“Бид дахин уулзлаа,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 3-4).

Самбар дээр дараах бүрэн бус өгүүлбэрийг бич: Их Эзэн биднийг Ариун Сүнс болон Түүний үгийг заах хүчээр адислах учраас бид …

Суралцагчдыг дөрвөн хэсэгт хуваарил. Хэсэг бүрд дараах судрын хэсгүүдээс нэгийг даалга: Aлмa 17:1–4; Aлмa 17:9–13; Aлмa 17:19–25; 18:1–9; Aлмa 17:26–30. (Хэрэв та цөөн суралцагчтай бол энэ үйл ажиллагааг тохируулан өөрчил.)

Мозаягийн хөвгүүд сайн мэдээг заахдаа Сүнс болон хүчээр адислагдахаар юу хийснийг олж мэдэхийг хичээн, даалгасан судрын хэсгийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Суралцагчдыг дууссаны дараа та тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцаж, самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээхийг асуух болно гэдгээ тайлбарла.

Хангалттай хугацаа өгсний дараа хэсэг бүрээс нэг хүнийг Мозаягийн хөвгүүдийн юу хийсэн болон хэсгийн гишүүд самбар дээрх зарчмыг хэрхэн гүйцээхийг тайлбарлахад урь. Суралцагчдын хариултууд нь: судар судлах, мацаг барьж залбирах, тэвчээртэй байх, сайн үлгэр жишээ үзүүлэх, Их Эзэнд найдах, бусдад үнэн сэтгэлээсээ үйлчлэх, бусдыг өөрийн ах, эгч шиг хайрлах зэрэг нь байж болно. Суралцагчдыг хариултаа хуваалцах үед хариултуудыг самбар дээр жагсаан бич. Суралцагчдыг үйлдэл эсвэл зан чанар бүр нь сайн мэдээг илүү үр өгөөжтэй хуваалцахад хувь хүмүүст хэрхэн тусална гэж бодож байгаагаа тайлбарлахыг хүс.

Суралцагчдын хэн нэг нь бүрэн цагийн номлогчдоор заалгасныхаа дараа сайн мэдээнд хөрвөсөн бол та тэднээс сайн мэдээнээс суралцах үед ямар санагдаж байснаа хуваалцахыг хүсч болно.

Хааны сүргийг Аммон хамгаалсны дараа Лемонай хаан Аммоны хүч чадал болон хааны тушаалуудыг биелүүлэхдээ дуулгавартай бөгөөд итгэлтэй байсанд гайхан биширснийг суралцагчдад сануул (Aлмa 18:8–10-ыг үзнэ үү). Лемонай Аммоныг өөртэй нь хуваалцахаар авчирсан захиасыг сонсоход бэлтгэгдсэн байсан. Алма 18:24–29-ийг ээлж дараалан чанга уншихад суралцагчдыг урь. Суралцагчдаас Аммон Лемонайг үнэн сургаалыг ойлгоход бэлтгэхийн тулд Бурханы тухай Лемонайн ойлголт дээр хэрхэн тулгуурласныг олохыг хүс.

Суралцагчдаас дараах асуултуудыг асуу:

  • Та өөр сүмд явдаг найзтайгаа Бурханы талаар ярилцвал Аммон шиг хоёулангийнхаа итгэлийг хэрхэн ашиглах вэ? Энэхүү хүч чармайлт найзад чинь хэрхэн тусалж болох вэ?

  • Сайн мэдээг найз нартайгаа хуваалцах боломжуудыг нээхийн тулд сайн мэдээний өөр ямар сэдвүүдийг та тэдэнтэй ярилцаж болох вэ?

Лемонай хаан Есүс Христийн сайн мэдээний тухай сонсоод дуртай хүлээн авдаг болсон шиг эцэг нь ч мөн тийм байсныг суралцагчдад сануул. Алма 18:39–41 дээрх Есүс Христийн тухай сурч мэдсэн Лемонайн хариултыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Өөр нэг суралцагчаас Алма 22:14–18 дахь Лемонайн эцгийн хариултыг чанга уншихыг хүс. Эдгээр эрэгтэйн хариулт дахь адил төстэй зүйлийг олохыг хичээн судар дээрээ дагаж уншихыг суралцагчдаас хүс.

Асуулт: Хоёр эрэгтэй Есүс Христийн тухай мэдээд хоёулаа юу хийхийг хүссэн бэ?

Лемонай болон түүний эцэг номлогчдын сургаалын дагуу Сүнсээр өдөөгдсөнийг тайлбарла. Үүний үр дүнд тэд сайн мэдээний адислалуудыг хүсч, гэм нүглээ орхиж наманчлах хүсэлтэй болсон. Суралцагчдад энэ долоо хоногт сурсан үнэнийг нь сануул: Бид сүнслэгээр өөрчлөгдөж мөн Бурханаар төрөхийн тулд бүх гэм нүглээ орхих хүсэлтэй байх ёстой.

Нэг суралцагчийг өөрсдийн суралцах удирдамж дахь ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь: “Есүс Христийн сайн мэдээ биднийг өөрчлөгдөхийг уриалдаг. ‘Наманчил’ гэдэг нь хамгийн их тохиолддог захиас бөгөөд наманчлах гэдэг нь Бурханы зарлигуудад харш—хувийн, гэр бүлийн, үндэстэн ястны болон улс орны бүх ёс заншлыг орхино гэсэн үг. Сайн мэдээний зорилго нь ердийн бүтээлүүдийг селестиел иргэд болгон хувиргадаг бөгөөд энэ нь өөрчлөлтийг шаарддаг” (“Repentance and Change,” Ensign ба Лиахона, 2003 оны 11-р сар, 37).

Суралцагчдыг өөрсдийн амьдралын тухай бодоод Лемонай болон түүний эцэг шиг хаях хэрэгтэй ямар нэгэн гэм нүгэл тэдэнд байгаа эсэхийг бодоход урь. Бид гэм нүглээ орхих хүсэлтэй байвал Их Эзэн бидэнд өөрчлөгдөж, өсч хөгжихөд тусалдаг гэсэн урамшуулал болон гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.

Дараагийн хэсэг (Алма 25–32)

Суралцагчдаас Христийг эсэргүүцэгч хэн нэгэнд та юу гэж хэлэх вэ? гэсэн асуултыг бодохыг хүс. Дараагийн хэсэгт суралцагчид Алма Христийг эсэргүүцэгч Корихорын асуултууд болон доромжлолыг хэрхэн зохицуулсныг мэдэх болно. Түүнээс гадна, тэд Алма болон бусад хүмүүсийг Их Эзэний замыг гажуудуулж байгаа урвасан зорамчуудад заахаар хэрхэн ажилласан тухай уншихдаа итгэлийн талаар илүү ихийг сурна.

Хэвлэх