Номын сан
148-р хичээл: Ифер 7–11


148-р хичээл

Ифер 7–11

Оршил

Хааныг сонгож, түүгээр удирдуулах гэсэн өөрийн хүмүүсийн хүсэлтэд Жаредын ах харамссан. Тэрээр, “Энэ нь лав боолчлол руу хөтөлнө” (Ифер 6:23) хэмээн хэлжээ. Түүний энэ бошиглол хоёр үеийнхний дараа биелэгдсэн билээ. Жаредчууд олон хааны хаанчлалын үед бошиглогчдыг сонсон, зөв шударга амьдардаг байснаа дараа нь тэднийг эсэргүүцэн ёс бус байдалтай болж байв.

Заах зөвлөмж

Ифер 7

Ораиха, Киб нар зөв шударгаар засаглав; Корихор бослого гарган хаант улсыг булаан эзэлсэн ч түүний ах Шуле хаант улсыг эргүүлэн авчээ; Бошиглогчид хүмүүсийн ёс бус байдлыг буруушаав

Самбарт гяндан (шоронгийн ганцаар хорих давчуу өрөө) зур.

гяндан

Хүмүүс боолчлолд байх үед ямар мэдрэмжтэй байдгийг суралцагчдаас асууж ярилц. Гэм нүгэлт зан авир хүмүүсийг сүнсний болон бие махбодын боолчлол руу хөтөлдгийг сануул.

  • Гэм нүгэлт зан авир боолчлол руу хэрхэн хөтөлдөг вэ?

Суралцагчид дараах санаануудыг гаргаж болно: Мэргэн ухааны үгийг дагахгүй байх эсвэл порнограф үзэх нь донтолтын боолчлол руу хөтөлнө. Нүглийн бүх хэлбэрүүд Ариун Сүнсийг бидний амьдралаас зайлуулна. Энэ хичээл нь боолчлолоос хэрхэн сэрэмжлэхийг зааж, бидэнд тусална гэдгийг суралцагчдад тайлбарла.

Жаредын ах, хаан сонгож түүгээр удирдуулах гэсэн өөрийнх нь хүмүүсийн хүсэлт боолчлол руу хөтөлнө гэдгийг сэрэмжлүүлсэн (Ифер 6:22–23-ыг үз). Гэсэн ч Жаредын хүмүүс сэрэмжлүүлгийг үл хайхран хааныг сонгожээ. Тэдний анхны хаанаар Жаредын хөвгүүдийн нэг Ораиха болов. Хоёр дахь хаан нь Ораихагийн хүү Киб болжээ.

Суралцагчдыг Ифер 7:1–2-г чимээгүй уншин Ораихагийн үед Жаредын ахын бошиглол биелсэн эсэхийг мэдэхийг хүс. Юу мэдсэнийг нь тэднээс асуу.

  • Ораиха хааны үед амьдарч байсан хэн нэгэн Жаредын ахын бошиглол биелнэ гэдэгт итгэхгүй байлаа, та нар түүнд юу гэж хэлэх вэ?

Ифер 7:3–7-г чимээгүй уншихдаа, Жаредын ахын бошиглол биелж эхэлсэн арга замуудыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Тэднийг олсон зүйлээ хуваалцахыг хүс. Киб хаан болон түүний хүмүүс боолчлолд авчрагдсаныг суралцагчид ойлгосон эсэхийг анхаар. “Киб болон түүний хүмүүс боолчлолд байв” (Ифер 7:7).

  • Ифер 7-д та нар ямар зарчмуудыг олж харсан бэ? (Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах үед дараах зарчмыг олсон эсэхэд анхаар: Бошиглогчдын үгийг эсэргүүцэх нь боолчлол руу хөтөлдөг.)

Суралцагчдыг Ифер 7:8–13-ыг уншиж, Кибийг боолчлолд байхад түүний төрсөн хүү Шулегийн тухай мэдэхэд урь. Тэднийг уншихын өмнө, Ифер 7:8–13 дахь цэдгийг тайлбарлах үүргийг авсан сонины сурвалжлагч хэмээн өөрсдийгөө төсөөлөхийг хүс. Дараа нь суралцагч бүрийг ангийн өөр нэг гишүүнд цэдгээс аль хэсгийг нь тодруулахыг хэлж өгөхөд урь.

Ифер 7:14–22-г хураангуйлан дүгнэхдээ, Шуле хаан болж, Корихор хийсэн зүйлсээ наманчилсан, Корихорын хүү Ноа Шуле, Корихор нарын эсрэг үймээн гаргасан тухай тайлбарла. Шулег олзлон аваачсан бөгөөд хөвгүүд нь түүнийг чөлөөлөхийн тулд Ноаг алахыг оролдсон байна, Шуле хаант улсынхаа хаан болж эргэн иржээ. Гэвч Ноагийн хүү Кохор, Ноагийн удирдсан хаант улсыг хамгаалсан. Гэсэн ч улс гүрэн хуваагдан хоёр хаант улс болсон бөгөөд энэ хоёр хаант улсын тулалдаанд Шуле Кохорыг хөнөөжээ. Кохорын хүү Нимрод Шулегийн хаант улсын нэг хэсгийг Шулед өгсөн ажээ.

Шуле хаант улсыг буцаан авсны дараа, бошиглогчид хүмүүсийн дунд гарч ирсэн байна. Суралцагчдыг Ифер 7:23–25-ыг чимээгүй уншин бошиглогчид юу хэлсэн, хүмүүс хариуд нь юу хийснийг олж мэдэхэд урь. Тэдний олж мэдсэн зүйлсийг сонссоны дараа, асуу:

  • Бошиглогчдод хүмүүс хэрхэн хариулсан бэ? Шуле хэрхэн хандсан бэ?

  • Шуле бошиглогчдыг хамгаалсан нь түүний хүмүүсийг хэрхэн адисалсан бэ?

Нэг суралцагчийг Ифер 7:26–27-г чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, бошиглогчдын үгийг дагаснаар хүмүүст юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс. Суралцагчид олсон зүйлсээ хуваалцах үед дараах зарчмыг олж мэдсэн эсэхийг нягтал: Бид бошиглогчдын зөвлөмжийг дагаж, Их Эзэнийг санах юм бол, цэцэглэн хөгжих болно.

  • Та нар бошиглогчдын зөвлөгөөг дуулгавартай дагаснаар хэрхэн адислагдсан бэ?

Бошиглогчийн үгийг илүү дуулгавартай дагах нэг арга замын талаар бодоход суралцагчдыг урь.

Ифер 8:1–9:13

Нууц хуйвалдаанаар дамжуулан Жаред, дараа нь Акиш жаредчуудын хаан болсон нь

Ифер 8:1–14-ийг дүгнэхдээ, Шуле нас барсны дараа Омер хаан болсныг тайлбарла. Омерын хүү Жаред аавынхаа эсрэг бослого гарган, зүрх сэтгэлдээ хаан болох хүсэлд автжээ. Тэр хаант улсын талыг хэсэг хугацаанд булаан авсан ч, дараа нь эзлэгдэн бууж өгч, улсын талыг буцаан өгсөн байна. Дараа нь Жаредын охин түүнийг хаан болгохын тулд төлөвлөгөө зохиожээ. Тэр эцэгтээ эртний нууц хуйвалдааны тухай сануулав. Тэгээд тэр мөн Акиш хэмээх өөртэй нь гэрлэхийг хүсдэг эрийн өмнө бүжиглэхийг хүссэн ажээ. Акиш түүнтэй гэрлэхийг гуйхад, Жаред Акишт, тэгвэл Омер хааныг алах ёстойг сануулав. Энэ төлөвлөгөөг Жаред, түүний охин хоёр сэдсэн юм. Акиш Жаредын охиноос гэрлэхийг гуйснаар нөхдийнхөө хамт Омер хааныг алах нууц хуйвалдаанд оролцсон ажээ.

Энэ төлөвлөгөөний улмаас жаредчуудын дунд нууц хуйвалдаан гарч тэднийг устгалд хүргэх шалтгаан болсон юм. Нууц хуйвалдаан гэдэг нь “бүлгийн хилэнцэт зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тангаргаар холбогдсон хүмүүсийн байгууллага” гэдгийг тайлбарла. (Судруудын Удирдамж, ”Нууц хуйвалдаан,” scriptures.lds.org). Мормоны Номон дахь Гадиантоны дээрэмчдийн бүлэг нь хилэнцэт зорилгын улмаас нууц хуйвалдаануудыг зохион байгуулсны жишээ юм.

Суралцагчдыг 8:15–19-ийг чимээгүй уншин, Акиш нууц хуйвалдааныг зохион байгуулахын тулд юу хийснийг олж мэдэхэд урь. Эдгээр шүлэг нууц хуйвалдааны тухай юу зааж буйг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Нууц хуйвалдаанд нэгдэгсэд ямар учир үндэслэлийг баримталдаг вэ? (Ёс бус үйлдлүүдээрээ нэгдэн хүчийг олж авах.)

  • Нууц хуйвалдааны ар талд хэний хүч байдаг вэ? (Чөтгөрийн)

  • Ифер 8:18 дахь ямар хэллэг нууц хуйвалдааны тухай Их Эзэний бодлыг илэрхийлсэн байна вэ? (“Хамгийн жигшүүрт мөн ёс бус.”)

Нэг суралцагчийг Ифер 8:20–22, 25-ыг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нууц хуйвалдааны талаар нэмж юу олж мэдсэнийг нь асуу. Нууц хуйвалдаанууд нь байгууллагуудад хэрхэн нөлөөлдөг талаар онцгой анхаарч мэдэж авахыг хүс. ( Ифер 8:25-ын эхэнд “үүнийг бий болгох” гэдэг нь нууц хуйвалдаануудыг бий болгох гэсэн утгатайг тайлбарла. )

  • Та нар уншсан зүйлээсээ харахад, нууц хуйвалдаанууд нь байгууллагад ямар нөлөө үзүүлж байна вэ? (Суралцагчид санаа бодлоо хуваалцах үед, тэд дараах үнэнийг ойлгосон эсэхийг нягтал: Нууц хуйвалдаануудыг дэмжих нь нийгмийг устгал руу хөтөлдөг.)

Суралцагчдыг Ифер 8:23–24, 26-г чимээгүй уншин, Моронай бидэнд нууц хуйвалдаануудын тухай сэрэмжлүүлэн юу хэлэхийг хүссэнийг эрж олоход урь.

  • Моронай бидэнд юу хий гэж хэлсэн бэ? (Нууц хуйвалдаануудаас сэрэмжлэх болон манай нийгэмд нууц хуйвалдаанууд байхгүй байхын төлөө анхаарах)

  • Ифер 8:26-д Моронай эцсийн өдрүүдэд амьдрах бидэнд хэрхэн найдлага тавьж байсан бэ?

Акиш болон түүний нөхөд нууц хуйвалдааны үр дүнд Омерын хаант улсыг түлхэн унагаж чаджээ. Бурхан хэдийгээр Омерыг гэр бүлээ аван зугтаж, амь гарахыг сэрэмжлүүлсэн ч Омерын ёс бус хүү Жаред хаан болж, охиноо Акиштай гэрлүүлсэн ажээ. Акиш болон түүний нөхөд цаашид Жаред болон бүр Акишийн хүүг алах чөтгөрийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлсэн байна. Эдгээр үйл явдал Акиш болон түүний хүүхдүүдийн дунд дайныг өдөөж, бараг бүх жаредчуудыг устгалд хүргэж, Омерыг хаан ширээнд дахин суулгасныг тайлбарлан Ифер 9:1–13-ыг хураангуйлан дүгнэ. Нууц хуйвалдаанууд нийгмийг устгал руу хөтөлдгийг эдгээр үйл явдал харуулж байгааг онцлон хэл.

Ифер 9:14–11:23

Нэг хаан нөгөөгөө залгамжлан, зарим нь зөв шударгаар, зарим нь ёс бусаар хаанчилж байв

Иферийн цэдгийн 9–11-р бүлгүүд нь Жаредын дараа жаредчуудыг дахиад 24 хаан удирдсан бөгөөд зарим нь зөв шударгаар, зарим нь ёс бусаар хаанчилсныг тайлбарла. Өмнө ярилцсан дараах зарчмыг суралцагчдад сануул: Бошиглогчдын үгийг эсэргүүцэх нь боолчлол руу хөтөлдөг. Ангийн хагасаас Ифер 9:26–35-ыг (Хет хааны засаглалын үе), харин нөгөө хэсгээс Ифер 11:1–8-ыг (Ком болон Шибломын хаанчлалын үе) тус тус судлахыг хүс. Хоёр бүлгээс хоёулангаас нь энэ зарчмыг гэрчлэх нотолгоо олохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ товч ярихыг хүс.

Бошиглогчдын зөвлөгөөг дагахын ач холбогдлын талаар өөрийн гэрчлэлийг хуваалц. Бошиглогчдын зөвлөгөөг дагахын чухлыг өөрт тань заасан амьдралын туршлагаасаа та хуваалцахыг хүсч болно.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Ифер 7:23–27; 9:28–31. Бошиглогчид болон тэдний захиасуудыг байнга эсэргүүцэж байв

Яагаад бошиглогчид дэлхийн олон хүнд танил бус захиасуудыг тунхагладаг вэ? Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс тайлбарласан нь

“Бошиглогчид Бурханы хуулийг зөрчсөнөөр ирэх үр дагавруудын талаар үргэлж сануулах ёстой. Тэд дэлхийд мэдэгдсэн зүйлсийг тунхагладаггүй. Бошиглогчид яагаад нийтэд дэлгэрээгүй зарлигуудыг тунхаглаж, зарлигуудыг эсэргүүцэгчдийг болон нийгмийг наманчлалд урьдаг вэ? Шалтгаан нь маш энгийн юм. Бошиглогчид илчлэлт хүлээн аваад, Бурханаас дэлхийд хэлэх ёстой зүйлсийг батлан тунхаглахаас өөр сонголт тэдэнд байдаггүй.” (“If Thou Wilt Enter into Life, Keep the Commandments,” Ensign, 1996 оны 5-р сар, 37).

Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн ахлагч Л. Алдин Портер ингэж заажээ:

”Зарим хүн бошиглогчдын тод томруун, чанга дуу хоолой бидний сонгох эрхийг хязгаарладаг хэмээн гомдоллодог. Бид сонгох эрх чөлөөтэй. Гэвч бид бас гаргасан шийдвэрүүдийнхээ үр дагавруудыг хүлээн авах ёстой. Бошиглогчид бидний сонгох эрх чөлөөг үгүйсгэдэггүй. Тэд зүгээр л бидний сонголтын улмаас ямар үр дагаврууд ирэхийг сэрэмжлүүлдэг. Бошиглогчдыг сэрэмжлүүлснийх нь төлөө буруутгах нь тэнэг хэрэг юм” (“Our Destiny,” 699} Ensign, 1999 оны 11-р сар, 66).