ОРШИЛ Иносын ном
Яагаад энэ номыг судалдаг вэ?
Иносын ном нь Есүс Христийн Цагаатгалын хүч хүмүүсийг нүглээс ариусган цэвэрлэж, тэднийг эдгээдэг болохыг үзүүлдэг. Тэрээр нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авахын өмнө Инос Бурханы өмнө өөртэйгөө тэмцэлддэг. Дараа нь тэр нифайчууд болон леменчүүдийн сүнслэг байдлын төлөө залбирсан. Мөн тэр үлдсэн амьдралаа тэдний авралын төлөө зориулсан. Иносын номыг судлахдаа тэд залбирал, наманчлал ба илчлэлтийн тухай чухал хичээлүүдийг олж мэдэх болно. Тэд мөн хувь хүмүүс Цагаатгалын адислалуудыг хүлээн авч, адислалуудаа бусадтай хуваалцахыг хүсэх болно гэдэгт суралцана.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Иаковын хүү бөгөөд Лихай, Сариа нарын ач хүү Инос энэ номыг бичсэн. Түүний эцэг түүнд “Их Эзэний халамж хийгээд зөвлөгөөнд” (Инос 1:1) заасныг Инос цэдэглэсэн. Амьдралынхаа төгсгөлийн мөчид өөрийн бүх өдрүүдийн турш “Христ дэх тэрхүү үнэнийг” (Инос 1:26) тунхагласан болохоо Инос бичсэн. Нас барахынхаа өмнө Инос Нифайн жижиг ялтсуудыг өөрийн хүү Жеромд дамжуулан өгсөн (Жером 1:1-г үз). Өөрийн Гэтэлгэгчийн өмнө зогсох өдөрт баясаж буйгаа хэлээд Инос өөрийн цэдгийг төгсгөдөг. Тэрээр “Тэгээд түүний царайг тааламжтайгаар харж, мөн Тэрээр надад: Надад ирэгтүн, адислагдсан болой чи, миний Эцэгийн харшуудад чамд зориулан бэлтгэгдсэн байр буй гэж хэлэх болно” (Инос 1:27) хэмээн тунхагласан.
Энэ ном хэнд зориулан, яагаад бичигдсэн бэ?
Инос өөрийн эцгээс жижиг ялтсуудыг хүлээн авахдаа нандин бичээсүүд, илчлэлт ба бошиглолыг (Иаков 1:1–4; 7:27-г үз) багтаасан зөвхөн хамгийн үнэт гэж бодсон зүйлээ сийлбэрлэх болно гэж тэр амласан. Түүний хүмүүс болох нифайчууд яваандаа устгагдах болно гэдгийг Инос мэдэж байсан. Тэр Их Эзэндээ хандан нифайчуудын цэдэг “энэ нь хэзээ нэгэн ирээдүйн өдөр леменчүүдэд, тэд авралд авчрагдаж болохын тулд” (Инос 1:13) хадгалагдан үлдэх болоосой хэмээн залбирсан.
Энэ нь хэзээ, хаана бичигдсэн бэ?
Инос өөрийн цэдгийг Лихай Иерасулимыг орхин гарснаас хойш 179 жил өнгөрснийг (Инос 1:25-г үз) тунхаглан төгсгөдөг. Энэ ялтсуудыг МЭӨ 544 (Иаков өөрийн цэдгийг дуусгах үед) ба МЭӨ 421 оны хооронд Инос Лихайн нутаг дээр амьдарч байхдаа бичсэн.
Энэ номны онцлог нь юу вэ?
Иносын ном нь хувь хүмүүс хэрхэн Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авах болон эдгээр адислалыг бусадтай хэрхэн хуваалцахыг үзүүлж, арга замыг нь танилцуулдаг. Нэгдүгээрт, Инос Есүс Христийн сайн мэдээг заалгасан байсан (Инос 1:1, 3-г үз). Дараа нь тэр Аврагч өөрт нь хэрэгтэйг ойлгож, уучлалын төлөө залбирсан (Инос 1:2–4-г үз). Тэгээд өөрийн нүглүүдийн ангижралыг хүлээн авсны дараа тэр бусдын авралын төлөө залбирч, шаргуу хөдөлмөрлөсөн (Инос 1:5–27-г үз). Энэхүү арга зам нь Мормоны Номонд байнга гардаг. Жишээ нь: Алма (Moзая 17:1–2; 18:1–2-г үз), залуу Алма ба Мозаягийн хөвгүүд (Moзая 27–28-г үз), Лемонай ба түүний хүмүүс (Aлмa 18–19-г үз).
Нэмэлт болгон, Иносын ном нь Лемен болон Лемүелийн үр удмын урвалтын нөхцөл байдлыг анх удаа нарийн тодорхойлсон (Инос 1:20-г үз). Мөн хэдийгээр Нифайчуудын олонх нь “Их Эзэнээс эмээх айдаст байлгахын тулд” үргэлжлүүлэн ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй “зөрүүд хүмүүс” байсан ч нифайчуудын дунд “үлэмж олон бошиглогчид” (Инос 1:22–23) байсныг дурдсан байдаг.
Тойм
Инос 1:1–8 Инос өөрийн нүглүүдийн ангижралын төлөө залбирч, Есүс Христэд итгэх итгэлийнхээ учир уучлал хүлээн авдаг.
Инос 1:9–18 Инос нифайчууд болон леменчүүдийн төлөө залбирч, Их Эзэнээс нифайчуудын цэдгийг хадгалж үлдээхийг гуйдаг.
Инос 1:19–24 Инос леменчүүдийн ёс бус явдал болоод нифайчуудын зөрүүд шинжийг дүрслэн бичсэн. Тэр болон бусад бошиглогч өөрсдийн авралын төлөө ажилласаар байсан.
Инос 1:25–27 Инос өөрийн Гэтэлгэгчээр дамжуулан хүлээн авсан мөнх амьдралын баталгааг бичиж, өөрийн цэдгийг өндөрлөсөн.