Гэрээр судлах хичээл
Хиламан 1–9 (22-р хэсэг)
Оршил
Зөрчилдөөн, гэм нүгэл өсөн нэмэгдэх зуур Нифай хөвгүүддээ тэдний итгэлийн суурь Есүс Христ дээр байх ёстойг заасан. Наманчлал болон Их Эзэний бошиглогчдын үгсийг сонсох тухай Нифайн сургаалууд нь хүмүүсийн аз жаргалд нэн чухал зүйл болсон билээ.
Заах зөвлөмж
Хиламан 1–5
Зөрчилдөөн, гэм нүглүүдийн учир нифайчууд зовж шаналж байсан; олон лемен хүн Нифай, Лихай хоёрын номлосон сайн мэдээнд хөрвөгдсөн
Суралцагчдаас яагаад бусад нь нурж унаж байхад зарим барилга байгууламж урт удаан хугацаа өнгөрсөн ч байсаар байдгийг асуу. Дараа нь дараах асуултыг асуу: Барилга байгууламж яагаад бат бөх суурьтай байх нь чухал вэ?
Нэг суралцагчаас Хиламан 5:12-ыг чангаар уншихыг хүс. Энэ нь төгс эзэмших судар учир хэсэг суралцагчаас чээжээр хэлэхэд урь. Тэд үүнийг бүрэн чээжлээгүй байсан ч тэдний хичээхийг урамшуулан дэмж. Дараа нь дараах асуултуудыг асуу:
-
Хэрэв бид амьдралаа Есүс Христийн суурин дээр тавих юм бол энэ шүлэгт юу амлагдсан бэ? (Суралцагчдын хариултад хэрэв бид өөрсдийн суурийг Есүс Христ дээр барих аваас Сатан бидний дээр хүчгүй байх болно гэсэн санаа орсон байх ёстой.)
-
Та нар өөрсдийнхөө амьдралыг Есүс Христийн суурин дээр барихын тулд юу хийсэн бэ?
Суралцагчдыг Аврагчийн тухай тэдний гэрчлэл уруу таталтуудыг сөрөн зогсох эсвэл зовлон зүдгүүрийг даван туулахад нь хэрхэн тусалсан талаар хуваалцахад урь. Амьдралаа Есүс Христийн суурин дээр барьсан учраас сүнслэг хүчийг хүлээн авсан тухай гэрчлэлээ хуваалц. Өөрсдийнхөө амьдралыг Христийн хадан дээр илүү сайн барих нэг буюу түүнээс олон арга замын талаар бодоход урамшуулан дэмж.
Хиламан 6–7
Нифайчууд илүү их гэм нүгэлтэй болсон үед леменчүүд илүү зөв шударга болсон; Нифай гэм нүгэлтэй нифайчуудад номлож, тэдэнд наманчлахыг зарлигладаг
Суралцагчдад леменчүүд наманчилж, сайн мэдээнд хүчтэйгээр өсч хөгжиж байхад нифайчууд гэм нүгэлд амьдарч байсан ба тэднээс Ариун Сүнс холдон зайлсныг сануул. Суралцагчдаас сонголтуудынх нь учир Сүнс тэднээс холдсоныг мэдэрсэн мөчийнхээ талаар бодохыг хүс.
Нифай өөрийн хүмүүсийн байдлыг хараад “зүрх нь цээжин дотроо харамслаар тэлэв” гэснийг тайлбарла (Хиламан 7:6). Тэр өөрийн цэцэрлэгийн цамхаг дээр гарч, хүмүүсийн гэм нүгэлд харамсан залбирсан. Олон түмэн Нифайг тойрон цугларахад тэрээр боломжийг ашиглан тэдэнд заадаг.
Нэг суралцагчийг цамхаг дээрх Нифайг төлөөлөн самбарын өмнө гарахад урь. Түүнийг Хиламан 7:15–22, 26–28-ыг чангаар унших үед ангийнхнаас шүлгүүдийг даган гүйлгэн харахыг хүс. Шүлгийг уншихын өмнө ангийнхныг хоёр хэсэг болгон хуваарил. Нэг хэсгийг нифайчуудын нүглүүдийн талаар Нифай юу заасан, нөгөө хэсгийг хэрэв нифайчууд наманчлахгүй бол ямар үр дагаврууд ирэхийг Нифай гэрчилсэн болохыг олж тодруулахыг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ мэдээлэхийг хүс.
Суралцагчдын хариултыг сонссоны дараа үүнээс суралцаж болох зарчмуудыг мэдэгдэхийг тэднээс хүс. Суралцагчид олон зарчмыг хуваалцаж болох ч тэд хэрэв бид нүглээ наманчлахаас татгалзах юм бол Их Эзэний хамгаалалт ба мөнх амьдралын адислалуудаа алдах болно гэдгийг илэрхийлэх ёстой.
Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд тэднийг дараах нөхцөл байдлууд дахь хүмүүс ямар үр дагаварт хүрэхийг тайлбарла: (1) Нэгэн залуу эрэгтэй порнографын донтолтод автсанаа наманчлахаас татгалзсан. (2) Нэгэн залуу эмэгтэйн хамгийн дээд хүсэл нь эцэг эхийнхээ үгээс зөрж олонд нэртэй, алдар цуутай хүн болохыг хүсэх явдал юм. (3) Нэгэн залуу эрэгтэй судруудаас суралцаж, залбирч, бошиглогчдын удирдамжийг сонссон ч түүнийг үйлдэхээс татгалзжээ.
Суралцагчид Их Эзэний хүчийг амьдралдаа улам бүрэн бүтнээр нь байлгаж болохын тулд ямар нэгэн наманчлах шаардлагатай зүйл байгаа эсэхийн талаар нухацтай бодохыг тэднээс хүс.
Хиламан 8
Бүх бошиглогч Есүс Христийг гэрчилдэг болохыг Нифай заадаг
Самбар дээр хүлээн авах бa үгүйсгэх гэсэн үгсийг бич. Суралцагчдаас энэ хоёр үгийн ялгааг тайлбарлахыг хүс. Нэг суралцагчийг Хиламан 8:13-ыг уншихад урьж, хүмүүс юуг үгүйсгэсэн гэж Нифай хэлснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг тэднээс хүсч болно.
Мосе ба гуулин могой зургийг үзүүл (62202; Сайн мэдээний зургийн ном [2009], дугаар 16). Тэднийг Хиламан 8:14–15-ыг уншиж, Мосе Аврагчийн талаар юу заасныг олуул. Олж мэдсэн зүйлээ танилцуулахыг тэднээс хүс. Дараа нь дараах асуултыг асуу:
-
Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлэх ямар арга замууд байдаг вэ?
-
“Гэмшсэн сэтгэлтэй” байх гэдэг юу гэсэн утгатай вэ? (Даруу номхон, наманчлалтай, Их Эзэний тааллыг хүлээн авдаг.) Аврагчийг эрэлхийлэхэд маань энэ зан төлөв яагаад чухал вэ?
-
Аврагчийн Цагаатгалын талаар мэдэх нь хилэнцтийг эсэргүүцэх мөн нүглээ наманчлахад маань хэрхэн туслах вэ?
Суралцагчдаас энэ шүлгүүдээс суралцаж болох зарчмыг хэлэхийг хүс. Суралцагчид янз бүрийн үгсийг ашиглаж болох ч хэрэв бид Есүс Христ дээр төвлөрч, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх аваас мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг илэрхийлэх ёстой.
Нэг суралцагчаас Хиламан 8:16-г чангаар уншихад урьж, ангийнхныг Аврагчийн номлолын талаар өөр хэн заасныг олж тодруулахыг хүс. Суралцагчдаар Хиламан 8:17–22 дээрээс Есүс Христийг гэрчилсэн бусад бошиглогчийн нэрсийг олуул. Суралцагчдыг эртний болоод өнөөгийн бошиглогчид Аврагчийн номлол ба Цагаатгалын золиослолыг хэрхэн гэрчилсэн талаар бодоход урь.
Суралцагчдыг Аврагчийн Цагаатгал тэдний амьдралд ямар утга учиртай болох талаарх гэрчлэлээ хуваалцахад урь. Мөн гэрчлэлээ хуваалц.
Дараагийн хэсэг (Хиламан 10–16)
Суралцагчдаас Их Эзэнээс хүссэн тэдний аливаа зүйлийг Тэрээр биелүүлнэ гэж амласан хэмээн төсөөлөхийг хүс. Нифай маш их итгэлтэй байсан тул Их Эзэн энэ амлалтыг түүнтэй хийж, түүнд лацдан холбох хүчийг өгсөн. Суралцагчдыг Хиламан 10–11-ийг энэ долоо хоногт судалж, Нифай Их Эзэний өгсөн хүчийг өөрийн хүмүүст туслахад ашигласан арга замуудыг олохыг урамшуулан дэмж. Мөн тэднийг Хиламан 13–16 дээрх Лемен хүн Самуелын бошиглолоос Есүс Христийн төрөлтийн хэчнээн бэлгэ тэмдэг байгааг олж тогтоохыг хүс.