Номын сан
39-р хичээл: 2 Нифай 29–30


39-р хичээл:

2 Нифай 29–30

Оршил

Нифай хожмын үед сайн мэдээ сэргээгдэх тухай бошиглосон юм. Их Эзэн энэхүү Сэргээлтийг “гайхамшигт ажил” (2 Нифай 29:1) байх болно хэмээн хэлжээ. Бурхан хүүхдүүдээ санадаг болохыг, олон хүн Мормоны Номыг эсэргүүцэх хэдий ч харин үүнд итгэсэн хүмүүс Сүмд цугларах болно гэдгийг Нифай гэрчилсэн билээ. Түүнээс гадна, Бурханы Хүүд итгэж, наманчилдаг хүмүүс бол Бурханы гэрээт хүмүүс мөн гэж тэр заасан юм.

Заах зөвлөмж

2 Нифай 29

Олон хүн эцсийн өдрүүдэд Мормоны Номыг эсэргүүцэх болно хэмээн Нифай бошигложээ

Сургууль дээр нэг найз нь “Яагаад мормончуудад өөр Библи байдаг юм бэ?” гэж асуусан хэмээн төсөөлөн бодоход суралцагчдыг урь. Ийм асуултыг тэднээс асуусан тохиолдол байгаа бол гараа өргөхийг та суралцагчдаас хүсч болно. Хэрэв байгаа бол уг асуултад хэрхэн хариулсан тухайгаа хуваалцахад цөөн суралцагчийг урь.

Хожмын өдрүүд дэх сайн мэдээний сэргээлтэд Мормоны Ном ямар үүрэг гүйцэтгэх тухай Нифай Их Эзэний үгийг цэдэглэснээр энэ асуултад хариулсныг тайлбарла. Их Эзэн сайн мэдээний сэргээлтийг “гайхамшигт ажил” гэж нэрлэсэн юм. 2 Нифай 29:1–2-ыг чимээгүй уншихдаа эцсийн өдрүүдэд Их Эзэний үгс ямар үүрэг гүйцэтгэхийг олоход суралцагчдыг урь. (Их Эзэний үгс Нифайн үр удмынхныг “зорьж,” мөн “дэлхийн өнцөг булан бүрд исгэрэх болно.” ) “”Сүмийн гишүүд бид, ялангуяа номлогчид Мормоны Номыг дэлхийн өнцөг булан бүрд ‘исгэрэгчид’ байх ёстой гэж ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон мэдэгджээ (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, 1975 оны 5-р сар, 65).

2 Нифай 29:2 дахь далбаа гэдэг үг хүмүүсийг цуглуулж, нэгтгэхэд ашигладаг зүйлийг зааж байгааг тайлбарла. Далбааг ихэвчлэн туг гэж нэрлэдэг. (32-р хичээл дэх далбаа гэдэг үгийн тайлбарыг унш.)

  • 2 Нифай 29:2-т өгүүлснээр Их Эзэний хүмүүсийг цуглуулахын тулд “дэлхийн өнцөг булан бүрд” очих “далбаа” юу вэ? (Мормоны Ном бол Нифайн үрс буюу түүний үр удмынхны үгс юм.)

  • 2 Нифай 29:1–2-т өгүүлснээр, Мормоны Ном зэрэг нэмэлт судраар хангах Их Эзэний зорилго юу вэ? (Их Эзэн хүмүүсийг Өөрийн гэрээнд цуглуулахын тулд хоёр дахь гэрчлэгч болох судруудаар хангадгийг ойлгоход суралцагчдад тусал.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгсийг самбар дээр бич (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 4-өөс авав):

“Мормоны Ном бол дэлхий дээрх Өөрийн хүүхдүүдтэй хийсэн гэрээний тухай болон тэднийг хайрлах Түүний хайрын тухай Бурханы эрхмээс эрхэм үг мөн. Ахлагч Жэффри Р.Холланд

2 Нифай 29 дэх Харийнхан гэдэг үг бол Израилийн удмынхны биш хүмүүсийг хэлж байна. Иудейчүүд гэдэг үг Израилийн удмынхны хүмүүс түүний дотор Лихайн гэр бүл болон түүний үр удмынхныг хэлдэг. 2 Нифай 29:3–6-г суралцагчдаар чимээгүй уншуулахдаа нэмэлт сударт харийнхан ямар байдалтай хандахыг олуул.

  • Зарим хүн нэмэлт сударт хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ?

  • Ийм байдлаар хариу үйлдэл үзүүлэх хүмүүсийн талаар Их Эзэн юу гэж хэлсэн бэ?

Мормоны Номонд хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг Нифай бошиглолдоо дүрсэлснийг тайлбарла. Хүмүүс өөрсдөд нь Библи байгаа учраас өнөөдөр Мормоны Номын тухайд эргэлзэх нь олонтоо тохиолддог.

2 Нифай 29:7–11-ийг хосоор унших даалгаврыг суралцагчдад өг. Библи дээр нэмж судар өгсөн Их Эзэний зорилгыг олоход тэднийг урь. Хэдэн минутын дараа олж мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Байж болох хариултууд нь (1) Их Эзэн бүх хүнийг санаж, Өөрийн үгийг бүх үндэстэнд илгээдэг (шүлэг 7-г үзнэ үү); (2) Их Эзэн яг адил захиасыг бүх үндэстэнд хандан өгдөг бөгөөд Мормоны Ном бол Библи дэх үнэнүүдийн хоёр дахь гэрчлэгч юм (шүлэг 8-ыг үзнэ үү); (3) Их Эзэн ямагт хувиршгүй нэгэн бөгөөд Тэр тааллынхаа дагуу ярьдаг (шүлэг 9-ийг үзнэ үү); (4) Бурханы ажил дуусахгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд цаашид ярьсаар байх болно (шүлэг 9-ийг үзнэ үү); (5) Библи Их Эзэний бүх үгийг агуулдаг эсвээс дахиад Өөрийн үгсийг бичүүлэх шаардлага Их Эзэнд байхгүй гэж хүмүүс үздэг байх ёсгүй (шүлэг 10-ыг үзнэ үү); (6) Их Эзэн бүх үндэстний хүмүүст Өөрийн үгсийг цэдэглэхийг зарлиг болгосон юм (мөн шүлэг 11-ийг үзнэ үү). Хичээлийн энэ хэсгээс сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэж, амьдралдаа хэрэгжүүлэхэд суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг бүгдийг нь эсвэл заримыг нь асуу:

  • Мормоны Ном нэмэлт судар мөн эсэх тухай эргэлзээг арилгахад 2 Нифай 29-ийг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Эдгээр шүлэг Мормоны Номонд талархах талархлыг тань хэрхэн дээшлүүлсэн бэ?

Суралцагчдыг дахин бүлгүүд болгон хуваарил. “Мормончуудад яагаад өөр Библи байдаг юм бэ?” гэсэн асуултад хариулах дадлага хийхийг тэднээс хүс. Нэг нь энэ асуултыг асуухад, нөгөө нь хариулах дадлага хийхийг суралцагчдаас хүс. Дараа нь жүжигчилсэн тоглолт зохион байгуулж, ярилцлагыг давтан хий. Энэ үйл ажиллагааны эцэст, эдгээр зарчмын тухай ярилцлагаас ашиг тусыг олж болох таньдаг хүмүүсийнхээ тухай бодож, тэдэнтэй хэрхэн ярилцах тухай удирдамжийг Ариун Сүнснээс хүсэхэд суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.

Та хичээлийн энэ хэсэгт дүгнэлт хийхдээ Их Эзэн бүх хүнийг санадаг бөгөөд Өөрийн үгсийг тэдэнд илгээх болно гэдгийг суралцагчид ойлгосон байх ёстойг анхаар.

2 Нифай 30:1–8

Эцсийн өдрүүдэд Мормоны Номын гүйцэтгэх үүргийн тухай Нифай бошиглосон нь

Бурхан Израилийн угсааг санах болно гэдгийг заасныхаа дараа Нифай өөрийн хүмүүст тэд өөрсдийгөө Харийнхнаас илүү зөв шударга гэж бодохгүй байхыг сануулжээ. Тэр бас тэдэнд бүх хүн Бурханы гэрээт хүмүүс болж чадна гэдгийг сануулжээ. 2 Нифай 30:2-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүсэхдээ Бурханы гэрээт хүмүүс болохын тулд бидний хийх ёстой хоёр зүйлийг олоход ангийг урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Бид наманчилж, Есүс Христэд итгэснээр Бурханы гэрээт хүмүүсийн хэсэг болдог гэдгийг тэд ойлгосон байх ёстойг анхаар.

2 Нифай 30:3-т Их Эзэн эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг гэрээнд цуглуулах нэг арга замыг Нифай дүрсэлснийг тайлбарла. 2 Нифай 30:3-ыг чимээгүй унших үед энэхүү үйл явцыг олоход суралцагчдыг урь. (Их Эзэн Мормоны Номыг илгээнэ. Олон хүн энэ номонд итгэж, бусадтай хуваалцана.) Мормоны Номын үгсийг “манай үр удмын үлдэгдэлд” буюу Лихайн үр удмынханд хүргэх болно гэдгийг Нифай онцгойлон тэмдэглэснийг та хэлж болно.

2 Нифай 30:4–8-ыг чимээгүй уншихдаа хүмүүс Мормоны Номыг хүлээж авснаараа хэрхэн адислагдахыг харуулсан өгүүлбэрүүдийг олоход суралцагчдыг урамшуулан дэмж.

  • Лихайн үр удмынхан өвөг дээдсийнхээ тухай мэдсэнээрээ ямар замаар адислагдах вэ?

  • Бүх хүнд Мормоны Ном нөлөөлөх тухай эдгээр шүлэг юу зааж байна вэ?

Мормоны Ном Есүс Христийг мэдэж, Түүний сайн мэдээгээр амьдрахад бүх хүнд тусалж чадна гэдгийг суралцагчид ойлгосон байх ёстойг анхаар. Энэ өгүүлбэрийг та самбар дээр бичиж болно.

  • Мормоны Номоор дамжуулан Есүс Христийг мэдэхэд бусад хүнд туслахын тулд бид юу хийж болох вэ?

  • Аврагчийн тухай мэдэхэд тань Мормоны Ном хэрхэн тусалсан бэ?

Мормоны Номыг бусадтай хуваалцсан туршлагынхаа тухай ярихад суралцагчдыг урь. Мормоны Номыг бусадтай хуваалцах боломжийн төлөө залбирахад суралцагчдад урам дэм өг.

2 Нифай 30:9–18

Мянган жилийн үед дэлхий ямар байдалтай байхыг Нифай бошиглосон нь

Мянган жил гэдэг бол Аврагчийн Хоёр дахь ирэлтээс хойш үргэлжлэх 1000 жилийн хугацаа байх болно хэмээн Нифай бас бошиглосныг тайлбарла.

Их Эзэний Хоёр дахь ирэлт болон ёс бусчууд устгагдах тухай тайлбарлаж, 2 Нифай 30:9–10-ыг хураангуйлан дүгнэ. 2 Нифай 30:12–18-ыг чимээгүй уншихдаа Мянган жилийн үед амьдрал ямар байхыг дүрсэлсэн өгүүлбэрүүдийг олохыг суралцагчдаас хүс. Мянган жилийн үе дэх нөхцөл байдлын тухай олж мэдсэн зүйлээ ашиглан сонины өгүүлэл бичих боллоо гэдгийг дүрслэн бодоход суралцагчдыг урь. Өгүүллийн гарчиг буюу нэрийг бичиж, үүнийг бие биентэйгээ хуваалцахыг тэднээс хүс.

  • 2 Нифайд судалсан мянган жилийн нөхцөл байдлуудаас та нар алийг нь хамгийн ихээр хүсэн хүлээдэг вэ? Яагаад?

2 Нифай 30:18 дахь: “Сатан хүмүүний үрсийн зүрхийг давах хүчийг удаан хугацааны турш эзэмшихгүй байх болно” гэсэн өгүүлбэрт суралцагчдын анхаарлыг хандуул. Суралцагчид энэ өгүүлбэрийг судартаа тэмдэглэхийг та зөвлөж болно.

  • Эцсийн эцэст зөв шударга хүмүүс ёс бусчуудыг ялах болно гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг хариулсны дараа Мянган жилийн үед хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмших хүч Сатанд байхгүй болох бөгөөд зөв шударга ёс амар амгалан ноёрхох болно гэдгийг гэрчил. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жорж К.Канноны хэлсэн дараах үгийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Мянган жилийн үед Сатан хүчгүй болох шалтгаануудыг анхааралтай сонсохыг ангийнхнаас хүс.

“Бид Сатан хүлэгдэх тухай ярьдаг. Сатан Бурханы хүчээр хүлэгдэх болно. Гэвч тэр бас Бурханы хүмүүс түүнийг сонсохгүй, түүгээр удирдуулахгүй байхаар хатуу шийдсэнээр хүлэгдэх болно. Түүгээр удирдуулах хүсэлтэй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд байгаа цагт Их Эзэн түүнийг хүлж, дэлхий дээрээс түүний хүчийг зайлуулахгүй. Энэ нь авралын төлөвлөгөөний эсрэг юм. Хүмүүсээс сонгох эрхийг нь салгах нь бидний Бурханы зорилгын эсрэг зүйл юм. Хүмүүс маш зөв шударга байсан учраас Сатан тэдний дунд хүчгүй байсан тийм үе энэ тивд байсан юм. Энэ тухай шастир бидэнд байдаг. Бараг дөрвөн үеийнхэн зөв шударга байдалд амьдралаа өнгөрүүлсэн юм. Тэд цэвэр ариун амьдарч, нүгэл хилэнцгүй нас барж байлаа. Энэ бол тэд Сатанаар удирдуулахаас татгалзсаны ач юм. Тэр үед дэлхийн бусад хэсэгт Сатан хүчгүй байсан тухай баримт цэдэглэгдээгүй ажээ. Бидэнд байгаа түүхийн бүх баримтаар бол Сатан өөрийг нь сонсох хүсэлтэй хүмүүст нөлөөлж, тэднийг эрхшээлдээ оруулах хүчтэй байжээ. Гэвч энэ нутагт тэрээр хүчгүй байсан нь чухамдаа хүлэгдсэн ажээ. Мянган жилд мөн ийм байх болно гэдэгт би итгэдэг. Миний ярьсан цэдэгт дүрслэгдсэн тэрхүү аз жаргалын нөхцөл байдлыг хүсэн хүлээх учир шалтгаан надад бий. Сатан бүрэн хүлэгдэхээс өмнө ёс бусчууд устгагдахыг би хүсэн хүлээдэг билээ (Conference Report, 1897 оны 10-р сар, 65).

  • Мянган жилийн үед Сатан хэрхэн хүлэгдэх вэ?

Сатан тэдэнд нөлөөлөх хүчгүй байхын тулд зөв шударга амьдрахад суралцагчдад урам дэм өг.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2 Нифай 30:9–10 “Бурхан агуу ялгалтыг гүйцэтгэнэ”

2 Нифай 30:9–10-т Нифай “Их Эзэн Бурхан хүмүүсийн дунд агуу ялгалтыг гүйцэтгэж, мөн ёсон бусыг үйлдэгчдийг тэрээр устгах тэрхүү цаг гэнэт ирнэ. Мөн тэрээр өөрийн хүмүүсийг хэлтрүүлэх болно” хэмээн тэр үеийн тухай бошиглосон юм. Тэр үед бид Их Эзэний хүмүүсийн дунд тоологдохын тулд одоо дэлхийн арга замуудаас өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэйг ойлгоход нь суралцагчдад тусал. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр:

“Сүм, дэлхий хоёрын хоорондох бидний дагаж болохгүй зам цаашид улам өсөх болно” гэж хэлжээ (“The Father and the Family,” Ensign, 1994 оны 5-р сар, 21).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс ийн заажээ:

“Хожмын Үеийн Гэгээнтнүүд бид дэлхийнхэн шиг харагдах ёсгүй. Бид дэлхийнхэнтэй адил зугаацан цэнгэдэг байх ёсгүй. Бидний хувийн дадал хэвшил, бидний амралт, чөлөөт цаг өөр байх ёстой (“Gifts of the Spirit,” Ensign, 2002 оны 2-р сар, 17).

Далын ахлагч Ларри В.Гиббонс:

“Ёс суртахууны релативизмын (үнэний харьцангуй шинжийг баримталдаг үзэл) өнөө үед бид индэр дээр гараад, ‘Энэ нь зөв, энэ нь буруу’ гэж хэлэхэд бэлтгэгдсэн байх ёстой. Бид бусад хүний хийдэг зүйлийг даган дуурайх ёсгүй. Гэвч бид бусдаас зожигрон тасарч, үүд хаалгаа хаахыг би санал болгож байгаа юм биш шүү. Бид дэлхийд байж, сургууль, ажилд яван, дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Гэвч бид Их Эзэний жишгүүдийг өндөрт өргөж явах ёстой.

“Ах эгч нар аа, давчуу бөгөөд шулуун зам дээрээ зогсогтун. Үгүй ээ, давчуу бөгөөд шулуун замын гол дунд зогсогтун. Зорилгогүй, хүсэл тэмүүлэлгүй, хэнэггүй байж болохгүй. Анхаарал сэргэг бай,

“Нүгэл хилэнцээс хол бай. Чөтгөрийн нутаг дэвсгэрээс холуур яв. Сатаныг гэр орондоо ямар ч хэлбэрээр бүү шургалуул. Зарлигуудаар амьдрах нь олон хүмүүсийн бусад газруудаас эрж хайдаг аз жаргалыг танд авчрах болно” гэж хэлжээ (“Wherefore, Settle This in Your Hearts,” Ensign, Лиахона, 2006 оны 11-р сар, 103–4).

2 Нифай 30:9–18. Мянган жил гэж юу вэ?

“Мянган жил бол нэг мянган жил үргэлжлэх хугацаа юм.” Бид ‘Мянган жил’ гэж ярихдаа Аврагчийн Хоёр дахь ирэлтээс хойш үргэлжлэх 1000 жилийн хугацааг хэлдэг (Илчлэлт 20:4; С ба Г 29:11-ийг үзнэ үү). Мянган жилийн туршид “Христ дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах” болно (Итгэлийн Тунхаг 1:10).

“Мянган жил нь дэлхий дээр шударга ёс, амар амгалан ноёрхсон үе байх болно. ‘Тэр өдөр хүмүүний дайсагнал, амьтдын дайсагнал, тийм ээ, бүх махан бодын дайсагнал байхгүй болно’ (С ба Г 101:26; мөн Исаиа11:6–9-ийг үзнэ үү) хэмээн Их Эзэн илчилсэн билээ. Сатан ‘хүмүүний үрсийн зүрх сэтгэлд байргүй байхын тулд хүлэгдэх болно’ (С ба Г 45:55; мөн Илчлэлт 20:1–3-ыг үзнэ үү).

“Мянган жилийн үед дэлхийн бүх хүмүүс шударга, сайн болох ч бас өөр олон хүмүүс сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авахгүй байх болно. Ийм учраас Сүмийн гишүүд номлолын ажилд оролцсоор байх болно.

Мянган жилийн үед Сүмийн гишүүд бас ариун сүмийн ажилд оролцсоор байх болно. Гэгээнтнүүд ариун сүмүүд барьж, нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө ариун сүмийн ёслолууд хийлгэсээр байх болно. Тэд илчлэлтээр удирдагдан Адам, Ева хүртэлх өвөг дээдсийнхээ цэдгүүдийг бэлтгэсээр байх болно.

“Төгс шударга ёс болон амар амгалан 1000 жилийн эцэс хүртэл үргэлжлэх бөгөөд тэр үед Сатан ‘өөрийн их цэргийг хамтад нь цуглуулахын тулд багахан хугацаанд суллагдах болно.’ Сатаны их цэрэг Михиал буюу Адамаар удирдуулсан тэнгэрийн их цэрэгтэй тулалдаж, Сатан болон түүний дагалдагчид бут цохигдож үүрд доош хаягдах болно. (С ба Г 88: 111–115 -ыг үзнэ үү.)” (С ба Г 88:111-115-ыг үзнэ үү).Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэлүүд 2004, 103–4).