Номын сан
93-р хичээл: Алма 36


93-р хичээл

Алма 36

Оршил

Алма зорамчуудад хийсэн номлолынхоо дараа хөвгүүн бүрдээ ганцаарчлан зөвлөгөө өгчээ. Хүү Хиламандаа өгсөн түүний зөвлөгөө Aлмa 36 болон 37-д байдаг. Бурхан Өөрт нь найдвараа тавьсан хүмүүсийг чөлөөлдгийг Алма Хиламанд гэрчилсэн. Энэхүү үнэнийг харуулахын тулд Алма олон жилийн өмнө өөрт нь тохиолдсон Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хэрхэн гэм нүглийнхээ зовлонгоос чөлөөлөгдсөнөө дүрслэн ярьжээ. Тэр мөн бусдыг Христэд авчрах болон тэдэнд наманчилсных нь төлөө баяр баясгаланг мэдрүүлэх гэсэн өөрийн хүч чармайлтынхаа тухай өгүүлжээ.

Тайлбар: 94-р хичээл гурван суралцагчийг заах боломжоор хангадаг. Хэрэв та тэднийг сонгож амжаагүй байгаа бол одоо гурван суралцагчийг сонгоод бэлтгэлийг нь хангуулахын тулд 94-р хичээлийн тодорхой хэсгүүдийн хуулбарыг тэдэнд өг. Тэд хичээлийн материалыг залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэн судалснаар хичээлийг ангийнхаа хэрэгцээнд тохируулан хэрхэн өөрчлөхийг мэдэхэд нь урамшуулан дэмж.

Заах зөвлөмж

Алма 36:1–5

Алма Хиламанд Бурханы чөлөөлөх хүчний тухай заасан нь

Эцэг эхийнх нь гэрчлэл эсвэл тодорхой сургаалууд тэдэнд нөлөөлсөн үр ашигтай арга замуудын тухай бодохыг суралцагчдаас хүс. Нэг юм уу хоёр суралцагчийг бодол санаагаа бусадтайгаа хуваалцахад урь.

Алмагийн номын 36, 42-р бүлгүүд хөвгүүддээ өгсөн Алмагийн зөвлөгөөг агуулдгийг тайлбарла. Бүлэг 36–37 Хиламанд хандсан үг, бүлэг 38 нь Шиблонд хандсан үг, бүлэг 39–42 нь Кориантонд өгсөн зөвлөгөө юм.

Суралцагчдыг Алма 36:1–5 дахь эцгийнхээ гэрчлэлийг сонсож байгаа Хиламаны оронд өөрсдийгөө тавин төсөөлөн бодоход урамшуулан дэмж. Суралцагчдыг Алмагийн гэрчлэлийн юу нь тэдний сэтгэлийг хөдөлгөснийг олж мэдэхийг хичээн, шүлгүүдийг дор бүрнээ чимээгүй уншихад урь.

  • Эдгээр шүлэгт юу таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ? Яагаад?

Алма 36:6–22

Алма эсэргүүцлээ дүрслээд уучлалыг хэрхэн хүлээн авснаа тайлбарласан нь

Бурханд итгэдэг хүмүүсийг чөлөөлөх Түүний хүчний гэрчлэл болгон Алма гэм нүглийн зовиураас чөлөөлөгдсөн туршлагаа хуваалцсаныг тайлбарла. Суралцагчдаас Алма 36:6–9-ийг гүйлгэж уншаад Алма болон Мозаягийн хөвгүүд Сүмийг устгахыг эрэлхийлэхэд тэдэнд юу тохиолдсоныг нэгтгэн дүгнэхийг хүс.

Нэг суралцагчийг Алма 36:10-ыг чанга уншихад урь. Алма нүгэлдээ хэр удаан зовсныг олж мэдэхийг суралцагчдаас хүс. Алма 36:11–17-гоос бид Алмагийн хөрвөлтийн бусад түүхээс түүний гурван өдөр, гурван шөнийн турш мэдэрсэн өвчин зовиурын тухай илүү их тодорхой түүхийг уншдаг гэдгийг тайлбарла (Moзая 27 болон Aлмa 38-ыг үзнэ үү). Бүлэг болон ажиллахыг суралцагчдад даалга. Бүлгүүдийг айдас ба зовиурыг илэрхийлсэн Алмагийн үгсийг олохын тулд Алма 36:11–17-г судлахад урь. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно. Олж мэдсэн үгс болон өгүүлбэрүүдийг нь суралцагчдаар яриул. (Та тэдгээрийг самбар дээр бичихийг хүсч болно.) Та суралцагчдын ярих үгс болон хэллэгийн утгыг гүнзгий ойлгоход нь тэдэнд туслахын тулд дараах асуултуудыг асууж болно.

  • Та эдгээр үгс (эсвэл хэллэг) ямар утгатай гэж бодож байна? Юу Алмаг ийм байдлаар мэдрэхэд хүргэсэн бэ?

Тамлагдсан, тарчлагдсан, зовлон гэдэг үгсийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгсийг унш:

Тамлагдсан гэдэг үг нь ‘тарчлаан зовоосон’ гэсэн утгатай. Эрт цагт тамлан зовоох тавцан нь шийтгүүлэгчийг хэвтүүлээд шагай, бугуйнаас нь, дөрвөн тийш нь тэлж чангалан татаж хадахад хүнийг тэсэхийн аргагүй өвтгөдөг хэрэгсэл байжээ.

“Борной нь хурц үзүүртэй том хадааснууд доош нь харуулан бэхэлсэн төхөөрөмж юм. Борнойг газраар чирэхэд хурц үзүүртэй хадааснууд газрын хөрсөнд шигдэн хөрсийг сийрүүлдэг . Гэм нүгэл үйлдсэн хүмүүсийн сэтгэл санаа ‘тарчлан зовдгийг’ судруудад газрын хөрсийг борнойдохтой олонтоо зүйрлүүлсэн байдаг.

Зовлон гэдэг нь ‘тарчлаан зовоох’ гэсэн утгатай, өр өвтгөм зовлон шаналлын нэг хэлбэр бөгөөд гэм буруугүй хүмүүс хүртэл өөрийгөө буруутай гэж үзсэн үед ийнхүү зовон шаналж болно” (“The Touch of the Master’s Hand,” Ensign, 2001 оны 5-сар, 23).

  • Алмагийн туршлага нүглийн үр дагавруудын тухай юу зааж байна вэ? (Суралцагчдад дараах үнэнийг тогтооход нь тусал: Нүгэл нь сэтгэл санааны зүрх шимшрэм өвдөлт, зовлон шаналал, харуусалд хүргэдэг.)

  • Алма нүгэл үйлдсэн даруйдаа үүний төлөө сэтгэл санааны өвдөлт, харууслыг мэдэрсэн шинж байна уу? Бид гэм нүглийн үр дагаврыг тэр даруй мэдрэхгүй байж болно гэдгийг ойлгох нь яагаад чухал гэж та боддог вэ?

Нүглийнхээ улмаас сэтгэл санааны өвдөлт, харамслыг мэдэрсэн туршлагынхаа талаар эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Дараа нь ерөнхийлөгч Пакэрын хэлсэн дараах үгсийг унш:

“Бидний хүн нэг бүр наад тал нь л, алдаанаасаа эхтэй сэтгэл санааны өвдөлтийг мэдэрдэг шүү дээ. …

“Хэрэв танд гэм нүгэл, цөхрөл, бүтэлгүйтэл болон ичгүүрийн улмаас санаа сэтгэл чинь хямран, дарамттай байсан бол үүнийг чинь эдгээж болно” (“The Touch of the Master’s Hand,” 22).

Алма гэм нүглийнхээ улмаас сэтгэл санааны хүчтэй өвдөлт, харууслыг мэдэрч байсан ч энэхүү өвдөлтөө хэрхэн эдгээх ёстойг санасныг онцлон хэл.

  • Алма 36:17-д өгүүлснээр тэр юу санасан бэ?

Нэг суралцагчаар Алма 36:18-ыг чанга уншуул. Алма эцгийнхээ сургаалын дагуу үйлдэхийн тулд хийсэн зүйлийг олж мэдэхэд суралцагчдыг урь. Суралцагчдад эдгээр шүлгүүдийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах үгсийг уншихыг нэг суралцагчаас хүс:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Эцгийнх нь сургаал Алмагийн сэтгэлийг хөдөлгөсөн ч түүний санасан бошиглол нь ‘дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн’ тухай байсан нь онцгой чухал байлаа. (Aлмa 36:17.) Энэ бол хүн бүрийн сонсох ёстой нэр болоод захиас юм. … Бидний хэлдэг аливаа залбирал, бидний бусад ямар ч хэрэгцээ тэр бүгд нь: ‘Ай Есүс, Бурханы Хүү та,… намайг нигүүлсээч’ гэсэн гуйлтад ямар нэг байдлаар тусгалаа олсон байдаг. Тэрбээр энэхүү нигүүлслийг хангахаар бэлтгэгдсэн юм. Тэрбээр энэхүү нигүүлслийг өөрийн амиар төлж бидэнд өгсөн юм” (However Long and Hard the Road [1985], 85).

  • Бид Есүс Христийн тухай зөвхөн мэдээд зогсохгүй мөн Түүний Цагаатгалын адислалуудыг хүсэх нь бидэнд яагаад чухал гэж та боддог вэ?

Суралцагчид Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг, түүний дотор уучлалын адислалыг хүлээн авахын тулд залбирсан эсэхээ дотроо бодоход урамшуулан дэмж.

Алма нигүүлслийн төлөө залбирсныхаа дараа Алмагийн сэтгэл санаа хэрхэн өөрчлөгдсөнийг дүрсэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг олж мэдэхийг хичээн, Алма 36:19–22-ыг дор бүрнээ чимээгүй уншиж судлахад суралцагчдыг урь.

  • Алмагийн сэтгэл санаа хэрхэн өөрчлөгдсөнийг дүрсэлсэн ямар үгс эсвэл өгүүлбэрүүдийг та нар олж мэдсэн бэ?

Суралцагчдын олсон үгс болон өгүүлбэр бүрийн талаар дараах асуултыг асуу:

  • Тэр өгүүлбэр (эсвэл үгс) Аврагчийн Цагаатгалын хүчний тухай та нарт юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулахад Алмагийн сэтгэл санааны өвдөлт арилаад зогсоогүй тэр бас баяр баясгалангаар дүүрснийг харахад нь тэдэнд тусал.)

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич: Хэрэв бид Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлбэл, Тэр …

  • Бид Алмагийн туршлагаас Их Эзэний биднийг чин сэтгэлээсээ наманчлахад бидэнд зориулан хийдэг зүйлийнх нь тухай юу мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөр зарчмуудыг хуваалцаж болно, гэвч тэд хэрэв бид Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлбэл Тэр биднийг гэм нүглийн төлөөх өвчнөөс чөлөөлж, баяр баясгалангаар дүүргэнэ гэж хэлэх хэрэгтэйг анхаар. Та самбар дээрх өгүүлбэрийг гүйцээхийг хүсч болно.)

  • Бид гэм нүглийнхээ улмаас мэдэрч буй сэтгэл санааны өвдөлт, харууслаасаа чөлөөлөгдөхийн төлөө Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

Дараах нөхцөлийг чанга уншаад энэ нөхцөлд хэрхэн хариулахаа тунгаан бодохыг суралцагчдаас хүс:

Мормоны Номыг уншиж байгаа найз тань Алма 36:19 дахь Алмагийн үгсийн тухай эргэлзэж байгаагаа хэлжээ. Найз тань танаас “Хэрэв би гэм нүглээ санаад тийнхүү нүгэл үйлдсэндээ харамсаж байвал би уучлагдаагүй гэсэн үг үү?” гэж асуужээ.

Алмагийн туршлага энэхүү нөхцөлтэй хэрхэн холбоотойг тайлбарлахыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг хариулсны дараа Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг унш:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Бид гэм нүглээ санасаар байвал уг нүгэл уучлагдаагүй байгаа хэрэг гэж Сатан бидэнд итгүүлэхийг хичээх болно. Сатан худалч. Тэр биднийг харалган болгож, наманчлал ба уучлалын замаас холдуулан гаргахыг хичээдэг. Бид гэм нүглээ санахгүй байх хэрэгтэй гэж Бурхан амлаагүй. Гэм нүглээ санах нь биднийг алдаагаа давтахаас зайлсхийхэд тусална. Гэвч хэрэв бид үнэнч, итгэлтэй хэвэээр байвал бидний гэм нүглийн дурсамж цаг хугацаа өнгөрөх тусам алгуураар бүдгэрнэ. Энэ нь шаардлагатай эдгэрэлт болон ариусах үйл явцын хэсэг байх болно. Алма нигүүлслийн төлөө Есүст хандан залбирсны дараа гэм нүглээ санасан ч уучлагдсанаа мэдсэн учраас гэм нүглийнх нь дурсамж санааг нь зовоож, тарчлаахгүй болсон (Aлмa 36:17–19-ийг үзнэ үү).

“Нүглийн дурсамжуудыг эргүүлэн авчрах аливаа зүйлсээс зайлсхийх нь бидний үүрэг юм. Бид үргэлж ‘харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй’ (3 Нифай 12:19) байх юм бол, Бурхан ‘[бидний нүглийг] дахин санахгүй’ гэдэгт итгэлтэй байх болно” (“Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 101).

  • Та ерөнхийлөгч Угдорфын хэлсэн үгс дээр үндэслэн “нүглүүдийнхээ санамжид цаашид тарчлагдахгүй болов” гэсэн нь юу гэсэн утгатайг хэрхэн тайлбарлах вэ? (Алма 36:19).

Хэрэв бид Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлбэл Тэр биднийг гэм нүглийнхээ төлөөх сэтгэл санааны өвдөлтөөс чөлөөлж, баяр баясгалангаар дүүргэнэ гэдгийг гэрчил. Суралцагчдыг Алмагийн туршлагаас сурсан зүйлсээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодоход урамшуулан дэмж. Цаг гарвал “Where Can I Turn for Peace?” (Амар амгалангийн төлөө би хаашаа эргэх вэ?) дууллыг ангиараа дуул. (Hymns, no. 129).

Алма 36:23–30

Алма бусдыг наманчлалд авчрахын тулд яагаад зогсолтгүй хөдөлмөрлөдгөө тайлбарласан нь

Алма яагаад бусдыг наманчлалд авчрахаар хөдөлмөрлөснийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагааг ашиглахыг бод. (Хэрэв ангийнхандаа ямар нэг амттан өгөх боломжгүй бол та оронд нь дараах үйл ажиллагааг дүрслэн үзүүлж болно.)

(Нэг жигнэмэг эсвэл чихэр) зэрэг амттанг үзүүлээд ангийнхнаас хэн нь иймэрхүү амттанг идэх дуртайг асуу. Нэг хазаад энэ нь ямар амттай болохыг хэл. Жигнэмэг буюу чихэр нь маш сайхан амттай учраас та үүнийг бүх ангийнхантай хуваалцах хүсэлтэй байгаагаа хэл. Илүү олон чихэр буюу амттанг үзүүлээд үүнийг идэхийг хүсч байгаа хүн байна уу гэж асуу. Идэхийг хүссэн хүн бүртэй амттанаа хуваалц.

Нэг суралцагчийг Алма 36:23–24-ийг чанга уншихад урь. Чихэр буюу амттан идсэн нь Алмагийн хөрвөлтийн дараах туршлагатай хэрхэн холбоотойг олохын тулд дагаж уншихыг суралцагчдаас хүс.

  • Алмагийн үйлдэл чихэр буюу амттанг амтархан идсэнтэй хэрхэн адилхан байна вэ? Алма бусад хүмүүсээс юуг амталж үзэхийг хүссэн бэ?

Нэг суралцагчийг Алма 36:25–26-г чанга уншихад урь. Сайн мэдээг заах Алмагийн хүч чармайлт өөрт нь болон бусдад хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Алмагийн сургаал өөрт нь болон бусдад хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Бид энэ шүлгүүдээс ямар зарчмыг сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч, бид бусдыг Христэд авчрахыг эрэлхийлснээр агуу баяр баяслыг хүлээн авах болно гэсэн санааг тэд илэрхийлэх хэрэгтэйг анхаар.)

Их Эзэн Өөрт нь итгэлээ тавьдаг хүмүүсийг чөлөөлдгийг Алма Хиламанд дахин гэрчилснийг тайлбарлаж, Алма 36:27–30-ийг товчлон дүгнэ. Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, бусдыг мөнхүү итгэлээ хөгжүүлэхэд нь урамшуулан дэмжсэнээр бидний мэдэрч болох баяр баясгалангийн талаар гэрчил. Суралцагчдад Алма 36-гаас сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд нь туслахын тулд тэднийг доорх үйл ажиллагаануудаас нэгийг хийхэд урь. (Та эдгээр үйл ажиллагааг самбар дээр бичихийг хүсч болно.)

  1. Та Аврагч өөрийг тань гэм нүглээс чөлөөлж, баяр баясгалангаар дүүргэснийг мэдэрсэн эсэхээ бод. Та эдгээр адислалыг авахын тулд юу хийхээ судар судлах тэмдэглэлдээ тайлбарла.

  2. Аврагчийн тухай өөрийн тань гэрчлэлээс ашиг тус олж болох (найз, төрсөн ах эгч, эсвэл тойргийн гишүүн зэрэг) хэн нэгний тухай бод. Энэ хүнд Есүс Христ биднийг гэм нүглийн төлөөх сэтгэл санааны өвдөлтөөс хэрхэн чөлөөлж, баяр баясгалангаар дүүргэж чадах тухай өөрийн гэрчлэлийг оруулсан захидал бич.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Алма 36:12. “Бодгаль минь … өөрийн бүх нүглүүдээр тамлагдав”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс гэм нүгэлдээ зохих хэмжээгээр зовох нь наманчлалын чухал хэсэг гэдгийг заажээ:

Наманчлаагүй гэм нүгэл үйлдэгч нүглийнхээ төлөө зовохыг шударга ёс шаарддаг [С ба Г 19:16–19-ийг үзнэ үү]. …

“…Харин наманчилсан гэм нүгэл үйлдэгчид яах вэ? Тэд шийтгүүлэх үү? Тэд зовж шаналах ёстой юу? …

“… Наманчилсан хүн Аврагч тэр гэм нүглийн төлөө ийн зовсон ‘шиг’ тийм байдлаар зовон шаналах хэрэггүй. Наманчилж байгаа нүгэлтнүүд тодорхой хэмжээний зовлонг мэдэрдэг ч наманчлалынхаа болон Цагаатгалын ачаар Аврагч бидний гэм нүглийн төлөө зовон шаналсан шиг тийм мөнхийн зовлон шаналалыг ‘төгс’ мэдрэхгүй.

“Наманчлал болон уучлалын тухай ийм төгс сургаалыг өгсөн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл хувь хүний шаналал нь ‘наманчлалын хамгийн чухал хэсэг мөн хэмээн хэлсэн. Хэн нэгэн хүн гэм нүглийнхээ төлөө хүчтэйгээр шаналах хүртэл наманчлал эхэлдэггүй’ хэмээн хэлжээ (Teachings of Spencer W. Kimball, p. 88).

“‘Хэрэв хүн шаналаагүй бол тэр наманчлаагүй байгаа нь тэр. … Тэр зовж шаналан, сэтгэл санаа нь бүхэлдээ өөрчлөгдсөн байх бөгөөд ингэснээр уучлал боломжтой болно’ (Teachings of Spencer W.Kimball, х. 99). …

“Бидний бүх туршлага наманчлалын үйл явцад сэтгэл санааны шаналалыг туулах ёстой бөгөөд ноцтой нүглийн хувьд шаналал нь хурц байдаг бөгөөд удаан үргэлжилдэг. Өөртөө чин үнэнч ханддаг бидний хүн нэг бүр энэхүү зарчим үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэдэгт би итгэдэг. Бид үүнийг өөрсдийн амьдралд мэдэрсэн бөгөөд бас бусдын амьдралд хардаг.

“Бид бас нүглийн төлөөх бидний хувийн шаналал, бүх нийтийнх биш хувийнх гэдгийг мэддэг байх ёстой. Ихэнх тохиолдолд болж өнгөрсөн зүйлийг зөвхөн нүгэл үйлдэгч өөрөө түүнээс гадна Их Эзэн болон Түүний үйлчлэгч л мэддэг. Бурханы хуулиар нигүүлсэл рүү хөтөлдөг зовлон шаналал нь гагцхүү хувь хүнийх байдгаараа хүмүүний хуулиар бүх нийтэд оногдуулдаг шийтгэлийн мөн чанараас эсрэг тэсрэг юм” (“Sins, Crimes, and Atonement” [СБС-ийн шашны боловсролынхонд хандаж хэлсэн үгээс, 1992 оны 2-р сарын 7], 4–6, si.lds.org).

Алма 36. Зэрэгцүүлэл

Эртний Семитийн болон Грекийн яруу найраг, утга зохиолын бусад төрөлд нийтлэг хэрэглэдэг байсан дүрслэн харуулах арга (заримдаа үүнийг тонгоруулал гэдэг) . Зэрэгцүүлэлд үгс буюу утга санааг тодорхой дарааллаар эмхлээд дараа нь тонгоруулан давтдаг байна. Энэхүү давталт чухал санаа болон үгсэд онцгой анхаарал хандуулдаг. Зохиогчийн гол санаа нь ихэнхдээ зэрэгцүүллийн төвд байдаг. Доорх хүснэгтэнд Алма 36 дахь зэрэгцүүллийн гол захиас нь Алмагийн амьдрал тайтгарлын төлөө Есүс Христ рүү эргэсэн үе дээр төвлөрснийг ажигла.

А. шүлэг 1

 Б. шүлэг 2

  В. шүлэг 3

   Г. шүлэг 4–5

    Д. шүлэг 6

     Е. шүлэг 10

      Ё. шүлэг 14

       Ж. шүлэг 16

        З. шүлэг 17

        И. шүлэг 18

       Й. шүлэг 19–21

      К. шүлэг 22

     Л. шүлэг 23

    Д. шүлэг 24

   Г. шүлэг 26

  В. шүлэг 27

 Б. шүлэг 28–29

А. шүлэг 30

Хэвлэх