ОРШИЛ Алмагийн ном
Энэ номыг яагаад судалдаг вэ?
Суралцагчид Алмагийн номыг судалснаар Есүс Христийн тухай мөн Авралын төлөвлөгөөн дэх Түүний Цагаатгал болон Амилалт яагаад шаардлагатай болсныг мэдэх болно. Тэд мөн санваарыг урвуулан ашиглах, хуурамч сургаал, нүгэл, үзэн ядалт ба урвалтыг ялан дийлж, хувь хүмүүсийг зүрх сэтгэлийн агуу өөрчлөлтийг мэдрэхэд удирдах Бурханы үгийн хүчний талаар сурч мэдэх болно. Суралцагчид Алма, Амюлек болон Мозаягийн хөвгүүдийн номлогчийн хичээл зүтгэл, түүнчлэн Антай-нифай-лихайн хүмүүсийн (Аммоны хүмүүс) хөрвөлт, итгэлийн тухай уншсанаар гэгээрч, сүнслэгээр нөлөөлөгдөнө. Тэд нифайчууд болон леменчүүдийн хоорондох дайн тулааны талаар нарийвчлан бичсэн бүлгүүдийг судлахдаа өөрсдийнх нь амьдарч буй ороо бусгаа үед тэднийг удирдах, мөн дайсныхаа эсрэг хийх хувийн тулалдаандаа ялахад нь тэдэнд туслах зарчмуудыг мэдэж, тэдгээрт суралцаж чадна.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Мормон Алмагийн номыг бүтээхийн тулд Нифайн их ялтсуудаас бичээсүүдийг түүвэрлэн эмхэтгэж, товчилсон юм. Уг номыг залуу Алма хэмээн ихэвчлэн нэрлэгддэг байсан Алмагийн хүү Алмагийн нэрээр нэрлэжээ. Хаан Мозая нифайчуудын дунд шүүгчдийн засаглалыг бий болгоход Залуу Алма анхны ерөнхий шүүгч болж, эцгийнхээ үүргийг өвлөн Сүмийн дээрх дээд санваартан болсон ажээ. (Мозая 29:42-ыг үзнэ үү). Тэрбээр удалгүй ерөнхий шүүгчийнхээ суудлаас бууж “өөрийгөө тэр чигээр нь … дээд санваарт” зориулан Нифайн бүх нутаг даяар “хүмүүст Бурханы үгийг … хүргэж эхлэв” (Алма 4:20; 5:1). Мормон Алмагийн номыг бичихийн тулд Алмагийн үйлчлэлийн тухай тэмдэглэлүүдийг (Алма 1–44-ийг үзнэ үү) мөн Алмагийн хөвгүүд болох Хиламан (Алма 45–62-ыг үзнэ үү), Шиблон (Алма 63-ыг үзнэ үү) нарын бичээсүүдийг ашиглажээ.
Энэ ном хэнд зориулагдан, яагаад бичигдсэн бэ?
Мормон Алмагийн номыг тодорхой сонсогчдод зориулсан эсвэл үүнийг бичих болсон шалтгаанаа дурдаагүй. Гэвч, уг номон дахь Есүс Христийн гэтэлгэгч үүргийн тухай олон заалт нь “Есүс бол Христ, Мөнхийн Бурхан” хэмээн гэрчлэх Мормоны Номын гол зорилгод хувь нэмрээ оруулсан юм (Мормоны Номын эхний хуудас; мөн Алма 5; 7; 13; 32–34; 36; 39–42-ыг үзнэ үү).
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Алмагийн номонд эх сурвалж болгон ашигласан эх бичээсүүд нь МЭӨ 91 оноос МЭӨ 52 оны хооронд бичигдсэн ч, Мормон тэдгээрийг ойролцоогоор МЭ 345 оноос МЭ 385 оны хооронд товчлон эмхэтгэсэн байна. Мормон өөрөө хаана байснаа мөн хэзээ энэ номыг хураангуйлснаа тэмдэглэж үлдээгээгүй.
Энэ номын онцлог талууд юу вэ?
Хэдийгээр Алмагийн ном нь Мормоны Номон дахь хамгийн урт ном боловч ой-ролцоогоор МЭӨ 91 оноос МЭӨ 52 оны хоорондох ердөө 39-хөн жилийг багтаасан байдаг. Номонд леменчүүдийн дундах номлолын ажлын анхны амжилттай тохиолдлуудын тухай өгүүлсэн байдаг. Үүнд бас леменчүүдийн хөрвөгчид гэрээгээ сахихдаа ямар их итгэлтэй байсныг тодотгож өгсөн (Алма 23:6–7; 24-ийг үзнэ үү). Нэмж хэлэхэд, Алмагийн ном Мелкизедекийн урьдчилсан томилолт болон үйлчлэл (Алма 13-ыг үзнэ үү); Бурханы үгийн хүч (Алма 31-ийг үзнэ үү); Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлэх вэ (Алма 32–34-ийг үзнэ үү); ариун явдлын хуулийг зөрчихийн ноцтой хор уршиг (Алма 39-ийг үзнэ үү); үхлийн дараах бидний сүнсний байдал (Алма 40-ийг үзнэ үү); амилуулалт болон сэргээлтийн сургаалууд (Алма 40–41-ийг үзнэ үү); Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөөн дэх шударга ёс ба нигүүлслийн үүргүүд (Алма 42-ыг үзнэ үү) зэрэг сургаалуудыг багтаасан ажээ. Энэ ном мөн өөрийгөө хамгаалах болон дайныг ямар үед зөвтгөх тухай Их Эзэний зааварчилгааг агуулдаг (Алма 43:45–47-г үзнэ үү).
Тойм
Алма 1–3 Нихор нифайчуудын дунд санваараар мэргэшихийг танилцуулсан нь Алма зөв шударга нифайчуудыг, леменчүүдийн их цэрэгтэй нэгдсэн Амлисай болон түүний дагалдагчдын эсрэг өөрсдийгөө хамгаалахад нь удирдав. Хаан болж, Сүмийг устгах гэж байсан Амлисайн санаархлыг таслан зогсоосны дараа нифайчууд леменчүүдийн өөр нэг их цэргийг ялав.
Алма 4–16 Алма тэргүүн ерөнхий шүүгчээс огцров. Тэрээр Бурханы үгийг тунхагласнаар бардамнал, башир арга болон бүх тэмцлийг намжааж болохын тулд Нифайн нутаг даяар аялан явжээ. Амюлек Алматай нэгдэж, тэд Есүс Христийн Цагаатгал, амилалт болон Их Эзэнд итгэж, наманчлахыг зарлиглав. Зиезром хөрвөж, баптисм хүртэв.
Алма 17–28 Мозаягийн хөвгүүд бусад хүмүүстэй хамт Нифайн нутаг дахь леменчүүдийн дунд Бурханы үгийг тунхаглав. Хүмүүс мянга мянгаараа Их Эзэнд хөрвөв. Хөрвөгчид дайны зэр зэвсгээ хаяж, нифайчуудын дунд суурьшихаар явав. Нифайчууд ба леменчүүдийн хоорондох их дайнд олон хүн алагдав.
Алма 29–42 Алма бодгалиудыг наманчлалд авчрахыг хүсэв. Тэрбээр Христийг эсэргүүцэгч Корихорыг шившиглэв. Алма нифайчуудаас урвагчдын бүлэг болох зорамчуудад зааж байхдаа Бурханы үгийг итгэлээр тэжээгдэж байх ёстой үртэй харьцуулав. Амюлек Цагаатгалын тухай гэрчилж, зорамчуудад наманчлахын тулд итгэлээ хэрхэн ашиглахыг заав. Алма өөрийн хөвгүүд Хиламан, Шиблон, Кориантон гуравт тус бүрд нь хувьчлан зөвлөгөө өгч, гэрчлэлээ хэлэв. Алма өөрийн хүмүүсийн цэдгүүдийг хүү Хиламандаа итгэмжлэн хүлээлгэж өгөв. Тэрээр мөнх бус амьдралын дараах сүнсний дэлхий, амилуулалт болон Бурханы төлөвлөгөөн дэх шударга ёс болон нигүүлслийн үүргүүдийг заав.
Алма 43–45 Нифайчуудаас тэрслэгчдээр уур хилэнд өдөөгдсөн леменчүүд нифайчуудын эсрэг дайтахаар ирэв. Моронай Зерахемнагийн их цэргийг ялсан тулалдаанд нифайчуудыг удирдав. Алма Хиламантай ярилцаж, түүнийг адислаад, нифайчуудын сүйрлийг бошиглож, тэр газраас гарч явав.
Алма 46–63 Моронай, Лихай, Хиламан болон Пахоран нар Амаликая, Амморон хоёрын захирсан леменчүүдийн их цэргийн эсрэг ялалт байгуулахад нифайчуудыг удирдав. Моронай Пахоран хоёр мөн хааны хүмүүс хэмээн нэрлэгдэх болсон нифайчуудын урвагчдын эсэргүүцлийг номхотгов. Шиблон нифайчуудын цэдгүүдийг хүлээн авч, хожим нь тэдгээрийг Хиламаны хүү Хиламанд өгчээ. Моронайхагийн их цэрэг өөр нэгэн тулалдаанд леменчүүдийг ялав.