Номын сан
86-р хичээл: Алма 25–26


86-р хичээл

Алма 25–26

Оршил

Леменчүүд Аммонайха хотыг сүйтгэснийхээ дараа нифайчуудтай хэд хэдэн удаа байлдсан ч ухран зугтжээ. Маш их хохирол амссаныхаа дараа леменчүүдийн олон нь байлдааныхаа зэвсгийг хаяад наманчилж, Антай-нифай-лихайн хүмүүстэй нэгдсэн. Мозаягийн хөвгүүд болон тэдний хамтрагчид леменчүүдийн дунд хийсэн 14 жилийн номлолоо дуусгахад Аммон Их Эзэнийг магтаж, леменчүүдэд сайн мэдээг авчрахад Бурханы мутар дахь зэмсэг байхаар адислагдсандаа талархал илэрхийлэв.

Заах зөвлөмж

Алма 25:1–12

Абинадай, Алма нарын бошиглолууд биелсэн нь

Хичээлийн өмнө дараах хүснэгтийг самбар дээр хуулан бич:

Бошиглол

Бошиглолын биелэлт

Aлма 9:12. Алма Аммонайхагийн хүмүүст юу бошиглосон бэ?

Aлмa 25:1–2 (мөн Aлмa 16:2–3, 9–11-ийг үзнэ үү)

Мозая 17:14–19. Абинадай Ноа хааны үр удам болон түүний санваартнуудад юу тохиолдоно хэмээн бошиглосон бэ?

Алма 25:4–9

Найдлага гэдэг үгийг самбар дээр бич. Бидний итгэл найдвараа ихэвчлэн тавьдаг зарим хүнийг нэрлэхийг суралцагчдаас хүс. (Их Эзэн, бошиглогчид, эцэг эхчүүд, багш нар ба дасгалжуулагчид зэрэг нь хариултууд байж болно.) Суралцагчдаас асуу:

  • Хүн итгэл найдвараа зарим хүнд тавих нь бусдад итгэж найдахаас яагаад илүү хялбар байдаг вэ?

  • Танд өнөөдөр энэ дэлхий дээр байгаа бүх хүний хэнд найдлагаа тавих нь илүү хялбар байна вэ?

Алма 25 Их Эзэний бошиглогчдодоо хэлсэн үгс ямагт гүйцэлддэгийн баталгааг агуулдгийг суралцагчдад хэл. Суралцагчид Мормоны Номын бошиглогчдын хоёр бошиглолыг болон тэдгээрийн биелэлтийг судлахад самбар дээрх хүснэгтийг ашиглах болно гэдгийг тайлбарла. Хүснэгтийг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулж авахыг суралцагчдаас хүс. Эхний багананд өгөгдсөн судрын эшлэлүүдийг ашиглан, асуултуудын хариултыг тэднээр бичүүл. Хоёр дахь багананд бошиглолуудын биелэлтийн тухай тэднээр бичүүл. Цөөн суралцагчийг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Алма 25:11–12-ыг чанга уншихад урь. Үлдсэн хэсгийг Абинадайн үгсийн дагуу тохиолдсон хэмээн Мормоны хэлсэн зүйлийг олж мэдэхийг хичээн, дагаж уншихыг хүс. Та суралцагчдад шүлэг 12 дээрх “эдгээр үг нотлогдсон билээ” гэсэн өгүүлбэрийг тэмдэглэхийг санал болгож болно.

  • “Эдгээр үг нотлогдсон билээ” гэсэн өгүүлбэр юу гэсэн утгатай вэ?

Та суралцагчдад С ба Г 1:38-ыг Алма 25:12-ын дэргэд судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:38-ыг чанга уншихад урь. Суралцагчдыг “эдгээр үгс батлагдсан” гэдэг өгүүлбэртэй адил утгатай өгүүлбэр олохыг хичээн, дагаад уншихыг хүс. (“Бүгд биелэгдэх болно.”)

  • Бид Aлмa 25:1–12-оос бошиглогчдоор хийгдсэн бошиглолууд ба амлалтуудын талаар юу сурч болох вэ? (Самбар дээр дараах үнэнийг бич: Бошиглогчдын сүнслэгээр нөлөөлөгдсөн бүх үг биелэгдэх болно.)

Хүснэгт дээрх жишээнүүд нь зөв шударга бус хүмүүст өгсөн анхааруулга ямагт биелдгийг харуулж байгааг онцлон хэл. Бошиглогчид мөн Их Эзэн рүү эргэх хүмүүст өгөгдсөн амлалтуудыг хуваалцдаг. Эдгээр амлалт бас биелэгдэх болно. Суралцагчдад энэ зарчим амьдралд хэрхэн биелэгддэгийг харахад нь туслахын тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь Тэргүүн Зөвлөлийн дараах үгсийг унш. Суралцагчдыг энэ товхимол дахь жишгүүдийг сахидаг хүмүүст өгсөн амлалтуудыг сонсохыг хүс.

“Энэ товхимол дахь жишгүүд одоо болон ирээдүйд чухал сонголтуудыг хийхэд тань та нарт туслах болно. Та нар хийсэн гэрээ болон эдгээр жишгийг дагаснаар Ариун Сүнсний нөхөрлөлөөр адислагдаж, итгэл болон гэрчлэл тань өсөн хүчирхэгжиж, асар их аз жаргалаар баясах болно гэдгийг бид амлаж байна (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], ii).

  • Тэргүүн Зөвлөл юу амласан бэ?

  • Та эдгээр амлалт биелэгдсэнийг хэзээ харсан бэ?

Алма 25:13–17

Олон лемен хүн наманчилж, Антай-нифай-лихайн хүмүүстэй нэгдсэн нь

Нэг суралцагчийг Aлмa 25:13–14-ийг чанга уншихыг хүс. Олон лемен хүн нифайчуудыг ялж чадахгүйгээ мэдсэний дараа юу хийснийг олж мэдэхийг хичээн дагаад уншихыг суралцагчдаас хүс.

  • Леменчүүдийн үйлдлүүдийн талаар юу нь та нарт онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Суралцагчдыг Мозаягийн хөвгүүдийн леменчүүдийн дунд гаргасан амжилтын тухай сэтгэгдлүүдийг Алма 25:17-гоос дор бүрнээ чимээгүй уншихад урь.

  • Мозаягийн хөвгүүдийн амжилт нь Их Эзэний үгс батлагдсаны жишээ хэрхэн болсон бэ? (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад нь тусламж хэрэгтэй бол тэднийг Мозая 28:5–7 болон Алма 17:11-ийг уншихыг хүс.)

Aлмa 26

Аммон өөрт нь, ах дүүст нь болон леменчүүдэд хандсан Их Эзэний нигүүлсэлд баясдаг

Зарим багаж хэрэгслийг үзүүл (алх, бахь, эрэг чангалагч, харандаа эсвэл үзэг, бийр, хайч, компьютер, хөгжмийн зэмсэг гэх мэт). Багаж хэрэгсэл бол зэмсгийн өөр нэгэн утга гэдгийг тайлбарла.

  • Чадварлаг дархан эсвэл уран бүтээлч хүн зөв багаж хэрэгсэл зэмсгийг ашиглан хийж чадах зарим зүйл юу вэ?

  • Та нарын бодлоор Их Эзэний мутар дахь зэмсэг байх нь хүний хувьд юу гэсэн үг вэ?

Алма 26:1–5, 12-ыг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Аммон болон түүнтэй хамт байсан номлогчид Бурханы мутар дахь зэмсэг болсон арга замуудыг тогтоохыг суралцагчаас хүс.

  • Их Эзэн Аммон болон түүний цөөн номлогчоор дамжуулан юу хийсэн бэ?

  • Та нар Алма 26:12-ыг хэрхэн өөр байдлаар хэлж болох вэ? Аммоны энэ шүлгэн дэх үгс Их Эзэний мутар дахь зэмсэг байхтай хэрхэн холбоотой вэ?

Суралцагчдыг Aлмa 26:11, 13, 16-г дор бүрнээ чимээгүй уншихдаа баясал ба бахархах гэсэн үгсийг тааралдах бүрд нь олоход урь. Та суралцагчдад эдгээр үгийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно. Нэг суралцагчийг Алма 26:13–16-г чанга уншихад уриад, Аммон баясах болсон шалтгаанаа юу гэж хэлснийг олохыг суралцагчдаас хүс.

  • Аммон юунд баяссан бэ?

  • Бид эдгээр шүлгээс ямар зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчид олон өөр зарчмыг нэрлэж болно. Дараах зарчим тэдний хэлсэн санаануудын дүгнэлт байж болно: Бид Их Эзэн болон Түүний хүүхдүүдэд итгэлтэйгээр үйлчилснээр баяслыг мэдэрдэг. Та энэ зарчмыг самбар дээр бичихийг хүсч болно.)

  • Бид Их Эзэний үйлчлэлд байхдаа яагаад баяр баясал мэдэрдэг гэж та боддог вэ?

Дараах судрын эшлэлүүд болон асуултуудыг самбар дээр бич. (Тэдгээрийг хичээлийн өмнө бичихийг бод.) Суралцагчдыг хоёр хоёроор бүлэг болго. Бүлэг бүр судрын хэсгээс нэгийг сонгож аваад, уншиж, холбогдох асуултын хариултыг ярилц.

Aлмa 26:17–20. Аммон болон түүний ах дүүс хөрвөхөөсөө өмнө ямар хүмүүс байсан бэ?

Алма 26:23–25. Аммон болон түүний ах дүүст нифайчуудын хэлснээр леменчүүд хөрвөхөөсөө өмнө ямар хүмүүс байсан бэ?

Цөөн суралцагчид эдгээр асуултын хариултыг тайлбарлах цаг гаргаж өг. Суралцагчдыг Алма 26:23–29-ийг дор бүрнээ чимээгүй уншаад, Аммон болон түүний ах дүүсийг Их Эзэн ба леменчүүдэд үйлчилж байхад тулгарсан саад бэрхшээлүүдийг олоход урь.

  • Эдгээр саад бэрхшээлээс ямартай нь өнөөдөр номлогчид тулгарч байгаа гэж та бодож байна вэ?

  • Алма 26:27, 30-д өгүүлснээр Аммон болон түүнтэй хамт байсан номлогчдыг үйлчлэхээ үргэлжлүүлэхэд юу өдөөсөн бэ? (Их Эзэнээс ирэх тайтгарал болон амлалтууд, мөн “зарим нэг бодгалийг аврах хэрэгсэл байж болох” хүсэл.)

Суралцагчдыг Алма 26:31–34-өөс Мозаягийн хөвгүүдийн ажлын зарим үр дүнг олохыг хичээн дор бүрнээ чимээгүй уншихад урь. Тэдэнд унших хангалттай хугацаа өгсний дараа суралцсан зүйлсийнхээ талаар хуваалц.

Нэг суралцагчийг Алма 26:35–37-г чанга уншихад урь. Бурханы сайн сайханд баясах шалтгаанаа эргэцүүлэн бодож, дагаад уншихыг суралцагчдаас хүс.

  • Эдгээр шүлгээс та ямар захиасыг харж байна вэ?

Энэ шүлгүүд дээрх олон захиасын нэг нь Их Эзэн наманчилсан бөгөөд түүний үгэнд итгэсэн бүгдэд нигүүлсэнгүй ханддаг гэдгийг онцлон хэл. Суралцагчдад энэ зарчим үнэн бөгөөд туйлын чухал болохыг мэдрэхэд нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын дараах үгсийг унш:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Эмгэнэлт алдаа хийсэн хүмүүсээс олон захиа ирдэг. ‘Би ер нь уучлагдаж чадах болов уу?’ хэмээн тэд асуудаг.

“Хариулт нь, Тийм ээ, та чадна!

“Сайн мэдээ бидэнд гэм буруугийн зовлон шаналлаас гарах арга зам нь наманчлал гэдгийг заадаг. Сайн мэдээний бүрэн байдлыг мэдсэнийхээ дараа мөхөл рүүгээ одсон цөөн хүмүүсийг эс тооцвол ямар ч муу зуршил, донтолт, эсэргүүцэл, гэм буруу ба гомдол бүрэн дүүрэн уучлалын амлалтаас гадна үлдэнэ гэж байхгүй (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, 1995 оны 11-р сар, 19).

Цагаатгалын хүч нь том эсвэл жижиг аливаа нүглийн уучлал нь Есүс Христэд итгэж, нүглээ наманчилсан хүн болгонд боломжтой гэдгийг гэрчил. Мөн бид Их Эзэний мутар дахь зэмсэг болж үйлчлэхэд бидний амьдралд ирдэг баяр баясгаланг гэрчил.