Номын сан
18-р хичээл: 1 Нифай 17


18-р хичээл

1 Нифай 17

Оршил

Лихайн гэр бүл аглаг буйдад найман жил аялсны дараа эрэг хавийн Өгөөмөр хэмээх нутагт ирсэн юм. Тэднийг Өгөөмөр нутагт өөрсдийгөө үндэслэн байгуулсны дараа Их Эзэн Нифайд усан онгоц барихыг зарлиглажээ. Ах нар нь түүнийг юу хийх гэж байгааг мэдээд шоолж, гомдоллон туслахаас татгалзсан байна. Нифай ах нартаа Их Эзэн тэдэнтэй Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойгоор дамжуулан ярихыг оролдсон ч тэдний алдас Түүний үгийг сонсоход тэдэнд саад болсныг заасан юм. Тэр ах нарыгаа ёс бусынх нь улмаас зэмлэж, тэднийг наманчлахыг ятгасан байдаг.

Заах зөвлөмж

1 Нифай 17:1−51

Лихайн гэр бүл Нифайн усан онгоц барихаар зарлигдуулсан газар болох Өгөөмөр нутаг руу аялав

Дараах зургийг самбар дээр зур.

Easy Difficult

Суралцагчдаас тэд өөрсдийнхөө амьдралыг амархан эсвэл хэцүү гэж бодож байгаа эсэхийг мөн яагаад гэдгийг асуу. (Та мөн суралцагчдыг хариултаа хажуудаа сууж байгаа суралцагчид хэлэхийг урамшуулж болно. Эсвэл хэдэн хүүхдийг ангийнхантайгаа санаа сэтгэгдлээ хуваалцахыг урьж болно. Тэд хэт хувийн шинжтэй хариултууд хэлэх шаардлагагүйг сануул.)

Нэг суралцагчийг 1 Нифай 17:1, 4, 6-г чангаар уншихад урь. Түүнийг уншиж байх зуур суралцагчдаас Нифай гэр бүлийн хамт аглаг буйдад аялсан тэр цаг үе хэцүү эсвэл амархан байсан эсэхийг тодорхойлсон үгсийг олоход урь.

  • Нифай аглаг буйд дахь цаг үеэ амархан гэсэн үү эсвэл хэцүү гэсэн үү? Ямар үг энэ нь хэцүү байсныг харуулж байна вэ?

Нифай болон түүний гэр бүл энэ цаг үед мөн маш ихээр адислагдсан гэдгийг тайлбарла. Нифай болон түүний гэр бүл аяллынхаа үеэр адислагдсан хэдэн арга замыг олохын тулд 1 Нифай 17:2, 5, 12−13-г унш. Хэдэн суралцагчаас олсон зүйлээ хуваалцахыг хүс.

Нифай тэрхүү хүнд хэцүү цаг үед түүний гэр бүл яагаад адислагдсаныг тайлбарласан зарчмыг заасан гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчдыг 1 Нифай 17:3-г дотроо уншиж, хэрэв гэдэг үгээр эхэлсэн зарчмыг олоход урь. Судруудад заримдаа зарчмууд нь “хэрэв-бол” гэсэн хэлбэрт байдгийг товч тайлбарла. Хэрэв гэдэг үг үйлдлийг тодорхойлдог бөгөөд бол гэдэг үг үйлдлийнхээ үр дүнд эдлэх (эерэг эсвэл сөрөг) үр дүнг тодорхойлдог.

Хэдийгээр 1 Нифай 17:3бол гэдэг үг гардаггүй ч энэ нь үйлдлийг мөн үйлдлээс ирэх зарим адислалыг тодорхойлдог. Суралцагчдаас олсон зарчмаа “хэрэв-бол” хэлбэрт оруулж хэлэхийг хүс. Тэд дараах өгүүлбэртэй төстэй өгүүлбэрийг хэлэх ёстой: Хэрэв бид зарлигуудыг дагах юм бол Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, зарлигласан зүйлээ гүйцэлдүүлэх арга замыг бидэнд өгнө. (Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.) Суралцагчдыг Нифайн туршлагыг судалж, өөрсдийнхөө амьдралд тусган бодохдоо уг зарчмын жишээг олоход урь.

Дараах асуултыг бичсэн тараах материалыг тараа (эсвэл хичээл эхлэхээс өмнө самбар дээр бич):

  1. Их Эзэнд Нифайд юу хийхийг зарлигласан бэ? (1 Нифай 17:7−8) Нифай хэрхэн хариулсан бэ? (1 Нифай 17:9−11, 15−16) Түүний ах хэрхэн хариулсан бэ? (1 Нифай 17:17−21)

  2. Их Эзэн Мосед зарлигласан зүйлээ гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсан бэ? (1 Нифай 17:23−29)

  3. Нифайн ах нар хэрхэн Израилийн хүүхдүүдтэй адилхан байсан бэ? (1 Нифай 17:30, 42)

  4. Тэдэнд хэцүү байж болох юуг Их Эзэн зарлигласан бэ?

  5. Би хэрхэн Нифай болон Мосе шиг хариулж сурах вэ? Би хэрхэн Нифайн ах нарын болон Израилийн хүүхдүүдийн алдааг давтахгүй байх вэ?

Эдгээр асуулт нь тэдэнд 1 Нифай 17:3-т Нифай хэрхэн Өгөөмөр нутагт ирснийхээ дараа зарчмуудын дагуу үргэлжлүүлэн амьдарсныг харахад тусална гэдгийг тайлбарлаж, асуултуудыг асуу. Эдгээр асуулт нь мөн тэдэнд зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд тусална. Нэг суралцагчаас 1 Нифай 17:7−8-г чангаар уншихыг хүс. Нифай ямар зарлигийг хүлээн авсныг ангийн бусад суралцагчаас асуу. Суралцагчдаас тараах материал дээрээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ 1-р асуултанд хариулж бичихийг хүс.

  • Энэ зарлиг нь Нифайд яагаад хүнд хэцүү байж болох вэ?

Нэг суралцагчийг 1 Нифай 17:9−11-ийг уншиж, өөр нэг суралцагчийг 1 Нифай 17:15–16-г чангаар уншихад урь. Тэднийг уншихаас өмнө суралцагчдаас Нифай усан онгоц барих зарлигт хэрхэн хариулсныг сонсохыг хүс.

  • Нифайн хариултын юу нь та нарт гүнзгий сэтгэгдэл төрүүлэв?

Суралцагчдаас тараах материал дээрээ эсвэл судрын тэмдэглэлдээ 1-р асуултын доор Нифайн хариултыг товч дүгнэж бичихийг хүс.

Хэдэн суралцагчаас 1 Нифай 17:17−21-г ээлжлэн чангаар уншихыг хүс. Суралцагчдаас Лемен, Лемүелийн зан байдлыг илчилсэн үг, хэсгийг олохыг хүс. Суралцагчдаас усан онгоц барих зарлигт хэрхэн Лемен, Лемүел хоёр хариулсныг товч дүгнэж бичихийг хүс. Нэг эсвэл хоёр суралцагчаас товч дүгнэлтээ хуваалцахыг хүс.

Нифай ах нарынхаа гомдолд хариулахдаа Их Эзэн Мосед Израилийн хүүхдүүдийг боолчлолоос чөлөөлөх хүнд хэцүү даалгаврыг гүйцэтгэхэд нь хэрхэн тусалсныг тэдэнд сануулсан гэдгийг тайлбарла. Нифай мөн зүрх сэтгэлээ хатууруулсан ах нарыгаа Израилийн хүүхдүүдтэй адилтгасан байдаг. Суралцагчдыг судрын эшлэлүүдийг судалж, 2 болон 3-р асуултанд хариулахыг урь. Суралцагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан та тэднийг асуултанд бие дааж эсвэл өөр нэг суралцагчтай хамт хариулахад урьж болно.

Суралцагчдыг 2, 3-р асуултанд хариулсны дараа дараах асуултыг асуу:

  • Их Эзэн зарлигласан зүйлээ гүйцэлдүүлэхэд Мосед хэрхэн тусалсан бэ?

  • Мосегийн үлгэр жишээ Нифайд хэрхэн тусалсан гэж та бодож байна?

  • Нифайн ах нар ямар замаар Израилийн хүүхдүүдтэй адилхан байна вэ?

Их Эзэн бидэнд хүнд хэцүү үүрэг даалгавар, зарлиг өгөх үед бид Нифай шиг байхыг эсвэл Лемен, Лемүел шиг байхыг сонгож болно. Хэдийгээр Бурхан бидэнд усан онгоц барьж, улаан тэнгисийг дундуур нь хуваах зарлиг өгөөгүй ч бидэнд зарим хүмүүст хэцүү санагддаг зарлигуудыг өгч, биелүүлэхийг хүссэн гэдгийг тайлбарла. Жишээлбэл, тэр бидэнд ариун журамтай бодол санааг өвөрлөж, Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэлтэйгээр сахихыг зарлигласан. Тэрээр биднээс Сүмийн дуудлагуудаа биелүүлж (жишээлбэл, чуулга эсвэл ангийн ерөнхийлөгч), бусдад үйлчлэхийг хүсэн хүлээдэг. Тэрээр мөн биднээс хүнд хэцүү цаг үедээ ч гэсэн гэрээнүүдээ сахиж, Сүмд идэвхтэй байхыг хүсэн хүлээдэг. Суралцагчдад 4, 5-р асуултанд хариулж бичих цаг өг. Суралцагчдыг Их Эзэн тэдэнд хүнд хэцүү санагдсан ямар нэгэн зарлиг өгч байсан тухай бичиж, 4-р асуултанд хариулж бичихэд урь.

Суралцагчдад бичих хангалттай цаг өгсний дараа 1 Нифай 17:50-иас Нифайн итгэлийн талаарх хэлсэн үгсийг чангаар унш. Дараа нь суралцагчдаас 1 Нифай 17:51-г дотроо уншиж, энэ нь тэдний амьдралтай хэрхэн холбогдож байгааг асуу. Тэднийг надад гэдэг үгийн ард өөрсдийн нэрийг тавьж, усан онгоц барих гэдгийн оронд тэдэнд хэцүү санагдсан үүрэг, зарлигийг бичихэд урь. Суралцагчдаас 1 Нифай 17:51-г хийсэн өөрчлөлтийнхөө хамт чангаар уншихад урь. Унших дургүй байгаа суралцагчдаар уншуулах шаардлагагүй. Самбар дээр бичсан зарчмыг дахин дурд.

  • Их Эзэн түүнд ямар ч зарлигийг гүйцэлдүүлэхэд тусална гэсэн итгэлийг өгсөн уг зарчмын талаарх ямар туршлагыг Нифай олж авсан байсан бэ?

  • Танд Бурхан Өөрийнхөө хүссэн бүх зарлигийг гүйцэлдүүлэхэд тусална гэсэн итгэлийг өгсөн ямар туршлага байна вэ?

Бид зарлигуудыг сахиснаар Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, Өөрийн зарлигласан зүйлийг гүйцэлдүүлэх арга замаар биднийг хангана гэдгийг гэрчил.

1 Нифай 17:45−55

Нифай Лемен, Лемүел хоёрыг ёс бусынх нь учир зэмлэв

Нифай дуулгаваргүй ах нараа номхотгосон нь

Нифай дуулгаваргүй ах нараа номхотгосон нь зургийг үзүүл (62044; Сайн мэдээний зургийн ном [2009], дугаар 70). Суралцагчдыг зурган дээр юу болж байгааг товч, дүгнэхэд урь. Хэрэв суралцагчид хариулж чадахгүй бол тэднийг 1 Нифай 17:48, 53–54-өөс хариултаа олоход урь.

  • 1 Нифай 17:53-т гарсанчлан яагаад Их Эзэн Нифайн ах нарыг цочирдуулсан бэ? Та суралцагчдын анхаарлыг хуудас 53-т хандуулж, сэгсэрсэн гэдэг үг нь “сэгсрэх, чичиргэх”гэсэн утгатай болохыг ойлгоход нь тусалж болох юм)

Лемен, Лемүелд өгсөн цочроо нь Их Эзэний тэдэнтэй харьцаж байсан зөвхөн нэг арга зам гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 1 Нифай 17:45-г уншиж, Их Эзэн Лемен, Лемүелтэй харьцаж байсан хэдэн арга замыг олоход урь.

  • Их Эзэн Лемен, Лемүелтэй харьцаж байсан хэдэн арга замыг хэлнэ үү? Эдгээрийн аль нь Их Эзэний бидэнтэй тогтмол харилцахыг эрэлхийлдэг арга зам бэ?

Та мөн суралцагчдад 1 Нифай 17:45-ын дараах өгүүлбэрийг тэмдэглэхийг зөвлөж болно: “Тэрээр намуухан зөөлөн дуугаар та нарт ярьсан.” Суралцагчдаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн хэлсэн дараах үгсийг уншихыг хүс:

“Ариун Сүнс сонсогдохоос илүүтэй мэдрэгдэх дуу хоолойгоор ярьдаг. Үүнийг ‘намуухан аниргүй дуу хоолой’ гэдэг [С ба Г 85:6]. Бид хэдийгээр Сүнсний шивнээг ‘сонсох’ гэж ярьдаг ч ихэвчлэн хэн нэгэн сүнсний өдөөлтийг ‘Надад мэдрэмж төрсөн’ гэж хэлж тодорхойлдог” (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, 1994 оны 11-р сар, 60).

Та мөн суралцагчдыг дараах үнэнийг 1 Нифай 17:45-ын хажууд судар дээрээ бичихэд урьж болно: Ариун Сүнс бидэнд сонсогдохоос илүүтэй мэдрэгдэх намуухан, зөөлөн дуу хоолойгоор ярьдаг. (Энэ зарчмыг онцлохын тулд та суралцагчдаар Сургаал ба Гэрээ 8:2–3-г уншуулж болно.)

  • Хэзээ та Ариун Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойг мэдэрсэн бэ?

  • Та Ариун Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойг мэдэрч, танихад тусалдаг юуг хийдэг вэ?

Суралцагчдыг хариулсны дараа 1 Нифай 17:45-ын дараах өгүүлбэрийг тэмдэглэхэд урьж болно: “Гэвч та нар мэдрэхээс өнгөрсөн, иймээс та нар түүний үгсийг мэдэрч чадсангүй.” Суралцагчдаас 1 Нифай 17:45-ын эхний өгүүлбэрийг уншиж, яагаад Лемен, Лемүел хоёр “мэдрэхээс өнгөрснийг” олохыг хүс. Тэднийг олсон зүйлээ хуваалцахад урь.

  • Яагаад Лемен, Лемүел хоёрын “алдсыг үйлдэхдээ шаламгай” байдал тэднийг “мэдрэхээс өнгөрөхөд” хүргэсэн бэ?

  • Бидний нүгэл Ариун Сүнсийг мэдрэх бидний чадварт хэрхэн нөлөөлдөг вэ?

Суралцагчдыг хариулсны дараа Тэргүүн Зөвлөлийн гишүүнээр үйлчилж байсан ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын дараах үгсийг хуваалц:

“Өнөөдрийн цаг үед үүрэн телефоныг харилцаанд их ашигладаг болжээ. Гэсэн хэдий ч заримдаа утасны сүлжээ ордоггүй газар бидэнд байдаг. Энэ нь ихэвчлэн утасны хэрэглэгч хонгил, гүн хавцалд байгаа үед эсвэл өөр ямар нэгэн саад илэрсэн үед тохиолддог.

Энэ нь бурханлаг харилцаатай адил юм. … Бид ихэвчлэн өөрсдийгөө сүнслэг сүлжээгүй газар эсвэл нөхцөлд авчирдаг бөгөөд энэ нь бидэнд бурханлаг мессежийг хүлээн авахад саад болдог. Эдгээр сүнслэг сүлжээгүй газрууд буюу нөхцөлд уур уцаар, порнографи, зөрчил, амин хувиа хичээсэн байдал болон Сүнсийг гомдоодог бусад зан байдал ордог” (“Та зөв захиасыг олж авч чадсан уу?” Ensign мөн Лиахона, 2004 оны 5-р сар, 67).

Эцэст нь суралцагчдыг ойрын үед Их Эзэн тэдэнтэй харилцахын тулд илгээсэн мессеж буюу захидлын тухай бодоход урь. Тэднийг иймэрхүү харилцааг хүлээн авахад саад болж байгаа “сүнслэг сүлжээгүй газар” тэдэнд байгаа эсэхийг тунгаан бодоход урамшуул. (Та мөн суралцагчдыг энэ тухай судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүсч болно.) Ариун Сүнс бидэнд сонсогдохоос илүүтэй мэдрэгдэх намуухан, зөөлөн дуу хоолойгоор ярьдаг гэдгийг гэрчил. Мөн бид эдгээр тайван, намуун өдөөлтүүдийг хүлээн авах зохистой байхыг хичээснээр энэ харилцааг олж авч чадна гэдгийг гэрчил.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

1 Нифай 17:8−9. Усан онгоц барих үед Нифайд тохиолдсон сорилт, бэрхшээл

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Дэвид А.Беднар ийн тайлбарлажээ:

“Нифай далайчин байгаагүй. Тэрээр Иерусалимд, далай тэнгисээс хол хотод, Газрын дундад тэнгисийн хил хавиар өсч торнисон юм. Тэрээр усан онгоц барихад шаардлагатай багаж хэрэгсэл, ур чадварыг эзэмшсэн эсвэл энэ талаар ихийг мэддэг байсан гэж бодохгүй байна. Тэр магадгүй амьдралдаа урьд өмнө нь усан онгоц харж байгаагүй байж ч болно. Чухамдаа бол Нифай урьд өмнө хэзээ ч байж байгаагүй газар очихын тулд урьд өмнө нь хэзээ ч хийж үзээгүй усан онгоцыг барих зарлигийг хүлээн авч, зааварлагдсан юм” (“Learning to Love Learning” [БЯИС дээр хэлсэн үг, 2008 оны 4-р сарын 24], 4, speeches.byu.edu).

1 Нифай 17:45. “Та нар мэдрэхээс өнгөрсөн”

Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Хенри Б.Айринг хэн нэгний амьдралд Сүнс дутагдаж байгаа бол энэ нь туунд наманчлах хэрэгтэйг зөвлөж байж болно хэмээн тайлбарласан юм:

“Ариун Сүнсний байнгын нөхөрлөлтэй байхад шаардагдах нэг зүйл нь цэвэр ариун байх юм. Сүнс цэвэр ариун бус тэднээс авагдах ёстой.

Хэрэв танд Ариун Сүнсийг мэдрэхэд хэцүү байвал таны амьдралд наманчилж, өршөөлийг хүлээн авах шаардлагатай ямар нэгэн зүйл байгаа эсэхийг та ухаалгаар тунгаан бодох ёстой.

Хэрэв та өнөөдөр Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн бол энэ нь Цагаатгал таны амьдралд биеллээ олж байгааг батлах баталгаа байж болно. Энэ шалтгааны учир, бусад олон шалтгааны учир та Ариун Сүнсний өдөөлтийг урьдаг газар, ажил үүрэгт өөрийгөө байлгахын тулд илүү сайн хичээх ёстой. Ариун Сүнсний нөлөөг мэдрэх нь хоёр замаар илэрдэг: Ариун Сүнс зөвхөн ариун нандин сүмд байдаг бөгөөд Ариун Сүнс нь биднийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэршүүлдэг. Та цэвэршүүлэгдэж, Ариун Сүнсний нөхөрлөлийг болон Их Эзэний үйлчлэлийг хүлээн авах эрхтэй байхын тулд юу хийх ёстойгоо итгэлтэйгээр залбирч асууж болно. Та Ариун Сүнсний нөхөрлөлтэй байснаар уруу таталтын эсрэг хүчирхэгжиж, хууран мэхлэлтийг таних эрхтэй болно” (“Gifts of the Spirit for Hard Times,” Ensign, 2007 оны 6-р сар, 23).