ОРШИЛ Мормоны үгс ном
Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?
Мормоны үгсийг судалснаар суралцагчид “Их Эзэн ирэх бүх зүйлийг мэддэг” (Мормоны үгс 1:7) ба Тэрээр зорилгуудаа гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн үйлчлэгчдийг удирддаг гэдэг итгэлээ өсгөж чадна. Энэ номыг түүхийн хувьд авч үзвэл Нифайн бага ялтсууд (1 Нифай–Oмнаи) ба Нифайн том ялтсуудын хураангуйлсан бичвэрийн (Moзая–4 Нифай) хоорондын гүүр нь болдог. Энэ нь Мормоны Номыг эмхэтгэхдээ Мормон аль аль цэдгүүдийг хураангуйлсан болохыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад тусалж чадна. Энэ нь түүнчлэн хаан Бенжамины итгэл ба амжилт ололтын тухай танилцуулдаг.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Энэ номыг Мормон бичсэн. Тэр бол бошиглогч, цэдэг хөтлөгч, Мормоны Номын хураангуйлан эмхэтгэгч байсан. Тэрээр зөв шударга эцэг, нифайчуудын цэргийн жанжин байсан. Бошиглогч Моронай бол түүний хүү юм.
Энэ номыг хэнд зориулж, юуны учир бичсэн бэ?
Мормоны өөрийнх нь болон түүний хүү Моронайн бичсэн зүйлс нь ирээдүй үеийнхэнд зориулж “тэдний тусын төлөө байж болохын тулд” бичигдсэн юм (Мормоны үгс 1:2). Тэрээр ялангуяа леменчүүдийн төлөө үүнийгээ бичсэн юм. Тэрээр тэдний тухай хэлэхдээ: “Бурханд хандсан залбирал минь миний ах дүүсийн талаар, тэд дахин нэгэнтээ Бурханы, тийм ээ, Христийн гэтэлгэлийн мэдлэгт орж болохын тулд буюу; тэд дахин нэгэнтээ бахдам сайхан хүмүүс байж болохын тулд буюу” гэжээ (Мормоны үгс 1:8).
Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?
Мормон энэ номоо “өөрийн хүмүүс, нифайчуудын бараг л бүх устгалыг гэрчилсэн” хойноо буюу МЭӨ 385 оны үед бичсэн (Мормоны үгс 1:1). Мормон энэ номыг хаана бичсэнээ цэдэгтээ дурдаагүй.
Энэ номын онцлог талууд юу вэ?
Энэхүү богинохон ном нь Мормоны Номын эхэн дэх цаг тооллын дарааллыг тасалдуулдаг. Амаликай Омнаин номыг бичиж дууссаны дараа буюу 500 гаруй жил өнгөрсний дараа Мормон энэ номыг бичсэн юм. Энэ номонд Мормон өөрийн хүмүүсийн цэдгүүдийг хураангуйлан, түүвэрлэсэн тухайгаа товчхон тайлбарласан байдаг. Их Эзэн Нифайд “онцгой” ба “мэргэн” зорилгын тулд хоёр хэсэг ялтсыг бүтээхийг зарлигласныг мэдэх нь Мормоны тайлбарыг ойлгоход тусална (1 Нифай 9:3, 5-ыг үзнэ үү). Их ялтсууд хэмээн нэрлэгддэг нэг хэсэг ялтсууд нь нифайчуудын эгэл амьдралын түүхийг агуулдаг. Харин нөгөө нэг хэсэг ялтсуудыг бага ялтсууд гэдэг бөгөөд энэ нь нифайчуудын номлол, илчлэлт, бошиглолуудын тухай бичсэн ариун нандин цэдгүүдийг агуулдаг (1 Нифай 9:2–4; Иаков 1:3–4-ийг үзнэ үү).
Их ялтсуудын нэг хэсгийг хураангуйлсныхаа дараа Мормон Нифайн бага ялтсуудыг олж нээжээ (Мормоны үгс 1:3-ыг үзнэ үү). Их Эзэний Сүнсээр удирдуулсан Мормон бага ялтсуудыг их ялтсуудын хураангуйлсан бичвэртэй нийлүүлсэн. Тэрээр үүнийг Их Эзэний хүслээр “мэргэн зорилгын учир” хийсэн (Мормоны үгс 1:4–7-г үзнэ үү).
Олон жилийн дараа энэхүү илчлэлтийн нэг шалтгаан нь тодорхой болсон юм. Иосеф Смит Мормоны Номыг хөрвүүлэхдээ Мормоны хураангуйлсан Нифайн их ялтсуудаас эхэлсэн билээ. Бошиглогчийн бичээч байсан Мартин Харрис энэ орчуулгын 116 хуудас бичвэрийг алдсан юм. Их Эзэн Иосеф Смитэд ёс бус хүмүүс тэдгээр хуудсыг авч, үгийг нь өөрчилсөн гэдгийг илчилжээ (С ба Г 10:8–10-ыг үзнэ үү). Хэрэв Иосеф тэдгээр хуудсыг дахин орчуулсан бол ёс бус хүмүүс түүнийг бошиглогч биш гэцгээх байсан. Учир нь Иосеф тэр номыг дахин яг ижил орчуулж чадахгүй байх байсан (С ба Г 10:11–19-ийг үзнэ үү). Их Эзэн Иосефт тэр хэсгийг дахин бүү орчуул, харин их ялтсуудыг хураангуйлж, Мормоны оруулсан Нифайн бага ялтсуудыг орчуул хэмээн хэлсэн (С ба Г 10:30–45-ыг үзнэ үү). Тийм учраас Мормоны үгс бидэнд Их Эзэн хэрхэн ёс бус хүмүүсийн төлөвлөгөөг нураах замыг бэлтгэдгийг болон уг бичээс нь алдагдсан гар бичмэлтэй нэг цаг үеийн түүхийг агуулаад зогсохгүй, “[Их Эзэний] сайн мэдээнд агуу санаануудыг өгч” чадна гэдгийг харахад тусалдаг (С ба Г 10:45). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд заахдаа: “Хэзээ нэгэн цагт хэн нэг нь Мормоны Номын эх бичвэрийн алдагдсан 116 хуудсыг олбол мэдээж сайхан байх болно. Гэвч эдгээр хуудсанд юу ч бичсэн байлаа гэсэн Мормоны Номын бага ялтсуудад бичсэн захиасуудаас илүү чухал байна гэж үгүй юм” гэжээ (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 35–36).
Мормон ард түмнийхээ ариун нандин бичвэрүүдийн цуглуулгын тухай бодлоо хуваалцсанаас гадна хаан Бенжамины үйлчлэлийн тухай цухас тэмдэглэсэн байдаг (Мормоны үгс 1:10–18-ыг үзнэ үү). Энэхүү тэмдэглэл нь Нифайн бага ялтсуудыг Мормоны их ялтсуудын хураангуйлсан бичвэртэй холбоход тусалдаг. Бага ялтсуудын сүүлчийн ном болох Омнаин номонд хаан Бенжамины тухай дурдсан байдаг (Oмнаи 1:23–25-ыг үзнэ үү). Их ялтсуудын Мормоны хураангуйлсан бичвэрийн эхний ном болох Мозаягийн ном нь эхлэхдээ хаан Бенжамины хаанчлал ба тохинууллын тухай өгүүлдэг (Moзая 1:1, 9-ийг үзнэ үү).
Тойм
Мормоны үгс 1:1–9 Мормон Нифайн бага ялтсуудыг олж, тэдгээрийг их ялтсуудын хураангуйлсан бичвэртээ нэгтгэжээ.
Мормоны үгс 1:10–18 Мормон хаан Бенжамины хаанчлалыг нэгтгэн дүгнэсэн байдаг.