17-р хичээл
1 Нифай 16
Оршил
Нифайн үгс тэдний зүрхийг хөндсөний дараа Лемен, Лемүел хоёр өөрсдийгөө Бурханы өмнө даруусгасан юм. Лихайн гэр бүл аглаг буйд руу аяллаа үргэлжлүүлсэн бөгөөд Их Эзэн тэднийг Лиахонагаар адисалж, үүний тусламжтайгаар тэднийг аяллынх нь явцад удирдсан юм. Тэд аялах зуураа хоол хүнс олох хамгийн шилдэг хэрэгсэл болох Нифайн нум сумыг алдах зэрэг олон бэрхшээлийг туулсан ажээ. Гэр бүлийн ихэнх гишүүд бүр Лихай хүртэл Их Эзэний эсрэг бувтнажээ. Нифай ах нарыгаа гомдоллосонд зэмлэж, шинэ нум сум хийж, хаашаа анд явах ёстойгоо эцгээсээ асуусан билээ.
Заах зөвлөмж
1 Нифай 16:1−6
Нифай ах нарынхаа бувтналдах үгсэд хариу хэлэв
Суралцагчдаас хэн нэгнээр буруу зүйл хийснийхээ төлөө зэмлүүлж байсан тухайгаа мөн зэмлэлд хэрхэн хандсан тухайгаа хуваалцахыг хүс. Дараа нь нэг суралцагчаас 1 Нифай 16:1-г чангаар уншихад урь. Суралцагчийг уншихаас өмнө ангиас Нифайн заасан зүйлд Лемен, Лемүел хоёр хэрхэн хариулсан тухай олж сонсоход урь. Нифай ёс бусчууд зөв шударга хүмүүсээс тусгаарлагдаж, Бурханы оршихуйгаас хөөгдөнө гэж заасныг суралцагчдад сануул (1 Нифай 15:33–36-г үз).
Суралцагчдаас 1 Нифай 16:2-г дотроо уншихыг хүс. Үнэнээр амьдардаггүй хүмүүс үнэний тухай сонсоод хэрхэн хүлээн авсан тухай Нифайн дүрсэлсэн хэсгийг тэмдэглэхийг тэдэнд зөвлөж болно.
-
“Гэмтнүүдэд үнэн хатуу санагдах бөлгөө” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? “Энэ нь тэдний зүрхийг зүсэх” гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Үнэн хатуу санагдах үед бид ямар хариу үйлдэл үзүүлэх бол?
Суралцагчдыг 1 Нифай 16:3–4-г дотроо уншихад урь. Та суралцагчдад 3 дахь шүлгийн хэрэв, бол гэдэг үгсийг тэмдэглэхийг зөвлөж болно. Тэднээс “хэцүү зүйл[д]” хэрхэн хандах талаар ах нартаа өгсөн Нифайн зөвлөгөөг олж сонсохыг хүс. Нифай ах нартаа юу заасныг өөрийн үгээр тайлбарлахыг нэг суралцагчаас хүс.
-
1 Нифай 16:5-д гарсанчлан Нифайн ах нар түүний зөвлөгөөнд хэрхэн хандсан бэ?
-
Үнэн “[бидний] зүрхийг зүсэх” үед бид хэрхэн хариулах талаар ямар зөвлөгөөг 1 Нифай 16:5 өгч байна вэ?
1 Нифай 16:7−33
Их Эзэн Лихайн гэр бүлийг Лиахонагаар удирдав
Нэг суралцагчийг 1 Нифай 16:9–10-г чангаар уншихад урь. Лиахона зургийг үзүүл (62041; Сайн мэдээний зургийн ном [2009], дугаар 68). Зураачийн Лиахонагийн талаар хэлсэн тайлбарыг онцол.
-
Та энэ бэлэг Лихай болон түүний гэр бүлд ямар замаар тусалж байсан гэж бодож байна вэ?
Хэдэн суралцагчийг 1 Нифай 16:16–19-г ээлжлэн чангаар уншихад урь.
-
Лиахона Лихайн гэр бүлд хэрхэн тусалж байсан бэ?
-
Лихайн гэр бүл Лиахонаг хүлээн авсны дараа тэдний аялал хэцүү байсан уу эсвэл амархан байсан уу? Нифай таныг хариулахад туслахын тулд 1 Нифай 16:17–19-д юу хэлсэн бэ?
-
Яагаад Лихай, Нифай зэрэг зөв шударга хүмүүс заримдаа хүнд хэцүү зүйлстэй тулгарах хэрэгтэй болдог вэ? (Та бидэнд байдаг олон саад бэрхшээл бидний буруу сонголтын үр дүнд ирээгүй байдаг гэдгийг мөн энэ нь мөнх бус аяллын нэг хэсэг бөгөөд өсч, суралцах боломж гэдгийг тайлбарлаж болно.)
Ангийг хоёр бүлэг болгон хувааж, нэг бүлгээс 1 Нифай 16:20–22-г чимээгүй судалж, Лихайн гэр бүлийн зарим гишүүн Нифайн нум сум хугарах үед энэ саад бэрхшээлд хэрхэн хариулсныг олохыг хүс. Нөгөө хэсгээс 1 Нифай 16:23–25, 30–32-г судалж, Нифай саад бэрхшээлд хэрхэн хариулсныг болон түүний үлгэр жишээ гэр бүлд нь хэрхэн тусалсныг олохыг хүс. Бүлэг бүр хариултаа хэлсний дараа дараах асуултыг асуу:
-
Бид адилхан саад бэрхшээлд хариулсан хоёр өөр хариу үйлдлийг харьцуулснаар юу сурч болох вэ?
-
Хэдийгээр Лихай бувтнаж байсан ч эцгийнхээ зөвлөгөөг авах нь Нифайд яагаад чухал байсан бэ? Бид үүнээс амьдралдаа хэрэгжүүлэх ямар зарчмыг сурч болох вэ? (Та Нифай Лихайн зөвлөгөөг авахаар явснаараа түүнийг хүндэтгэдгээ харуулж, түүнийг Их Эзэн рүү эргэх тухай санахад тусалсан гэдгийг тайлбарлаж болно. Тэдний төгс бус байдлаас үл шалтгаалан эцэг эх, санваарын удирдагчдынхаа зөвлөгөөг авахыг эрэлхийлэх нь тэднийг хүндэтгэж, Их Эзэнд итгэлтэй байх нэг арга зам юм.
-
Гэр бүлдээ тулгарсан бэрхшээлд үзүүлсэн Нифайн хариу үйлдлээс бид ямар зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчдыг хариултаа хуваалцах зуур хэрэв бид чадах бүхнээ хийж, Их Эзэний удирдамжийг эрэлхийлэх юм бол Тэр бидэнд хүнд хэцүү үед туслах болно гэдгийг онцол.)
Нэг суралцагчаас 1 Нифай 16:26–29-г чанга уншихыг хүс. Суралцагчдыг Их Эзэн Лихайн гэр бүлийг удирдахын тулд Лиахонаг хэрхэн ашигласан тухай дэлгэрэнгүй мэдээллийг эрж олоход урь. Их Эзэний удирдамжийн талаар эдгээр шүлгийн зааж буй сургаалыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Их Эзэний удирдамжийг зүгээр нэг дагах мөн итгэлтэйгээр, хичээнгүйлэн дагах хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
Суралцагчдыг 1 Нифай 16:29, Алма 37:6–7, Алма 37:38–41-г дотроо уншиж, энэ гурван судрын эшлэлд дурдсан адил зарчмыг олоход урь.
-
Энэ гурван сударт ямар зарчмыг заасан байна вэ? ( Их Эзэн өчүүхэн арга замаар агуу их зүйлийг авчирдаг гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг баталгаажуул. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
-
Эдгээр шүлэгт гарсанчлан Их Эзэн бидэнд удирдамж өгөхийн тулд ямар “өчүүхэн арга замаар” хангадаг вэ?
Дараах асуултуудыг самбар дээр бичиж, асуулт бүрд дутсан үг байгаа эсэхийг тодорхойл. (Та үүнийг хичээл эхлэхээс өмнө хийж болно.)
Суралцагчдыг гурван бүлэг болгож хуваагаад, бүлэг бүрд удирдагч томил. Удирдагч бүрд дараах даалгавруудын нэгийг өг. Тэдний бүлэг уг даалгавраас Их Эзэн биднийг удирдахдаа ашигладаг “өчүүхэн арга замыг” суралцах болно. (Хэрэв танай анги олон суралцагчтай бол бүлэг бүр дэх суралцагчдын тоог багасгахын тулд гурваас илүү бүлэгт тэднийг хувааж болно. Ингэсэн тохиолдолд та нэг эсвэл нэгээс илүү бүлэгт адил даалгавар өгөх шаардлагатай болно.)
1-р бүлэг: Патриархын адислал
1-р бүлэгт ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгсийг уншиж өг:
“Их Эзэн Лихайд Лиахонаг удирдамж болгон өгсөн шиг өнөөдөр бидний амьдралд удирдамж өгч, бидний аюулгүй байдлын төлөө аюултай зүйлсийг зайлуулж, амлагдсан нутаг руу бус харин тэнгэрлэг гэр рүү маань аюулгүй зам гаргаж өгөхийн тулд ховор, үнэ цэнэтэй бэлгийг бидэнд өгч байна. Энэ бэлэг бол таны патриархын адислал юм. …
“… Таны адислалыг цэвэрхэн нугалж, цааш хийж хадгалахад зориулаагүй. Мөн жаазанд хийж эсвэл нийтэд зарлахад зориулаагүй. Харин үүнийг уншиж, нандигнаж, мөн дагахад зориулсан юм. Таны патриархын адислал хамгийн хүнд хэцүү цаг мөчид тань туслах болно. Энэ нь таныг амьдралын аюул дундуур хөтлөх болно. … Таны патриархын адислал нь таны замыг гаргаж, замаар тань удирдах хувийн Лиахона юм” (“Your Patriarchal Blessing: A Liahona of Light,” Ensign, 1986 оны 11-р сар, 65–66).
1-р асуултын хоосон зайг бөглөж, асуултыг патриархын адислалын тухай асуулт болго. Бүлгээрээ тэдгээр асуултыг ярилц. Бүлгээсээ нэг хүнийг томилж, бүлгийнхээ сурсан зүйлийг бусадтай хуваалцахыг хүс. Мөн бүлгээсээ хэдэн хүнийг 3-р асуултын талаарх туршлагаа хуваалцахад урь.
2-р бүлэг: Судрууд болон хожмын үеийн бошиглогчдын үгс
Бүлэгт Далын ахлагч В.Ролф Керрийн дараах үгсийг уншиж өг:
“Христийн үг хүн нэг бүрд зам заадаг хувийн Лиахона байж болно. Уг зам амархан байхын тулд хойрго бус байцгаая. Христийн үг нь ариун судрууд дээр бичигдэж, амьд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн амнаас урагш гардаг учраас үүнийг итгэлтэйгээр бодол, зүрх сэтгэлдээ суулгацгаая. Христийн үг бидний хийх ёстой бүх зүйлийг заадаг сүнслэг Лиахона учраас Христийн үгэн дээр итгэлтэйгээр, хичээнгүйлэн найрлацгаая” (“The Words of Christ—Our Spiritual Liahona,” Ensign мөн Лиахона, 2004 оны 5-р сар, 37).
2-р асуултын хоосон зайг бөглөж, асуултыг судрууд болон амьд бошиглогчдын үгсийн тухай асуулт болго. Бүлгээрээ тэдгээр асуултыг ярилц. Бүлгээсээ нэг хүнийг томилж, бүлгийнхээ сурсан зүйлийг бусадтай хуваалцахад урь. Мөн бүлгээсээ хэдэн хүнийг 3-р асуултын талаарх туршлагаа хуваалцахад урь.
3-р бүлэг: Ариун Сүнс
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгсийг бүлэгт уншиж өг:
“Бид өөрсдийн зан авир, үйлдлийг зөв шударга болгохыг хичээснээр Ариун Сүнс Лихай болон түүний гэр бүлд үйлчилж байсан Лиахона шиг бидэнд өнөөдөр үйлчлэх болно. Лиахонаг Лихайн төлөө ажиллуулж байсан хүчин зүйлс нь Ариун Сүнсийг бидний амьдралд урих хүчин зүйл болох болно. Лиахонаг ажиллахгүй байхад хүргэж байсан хүчин зүйлс өнөөдөр биднийг Ариун Сүнснээс холдуулах хүчин зүйл болох болно” (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign ба Лиахона, 2006 оны 5-р сар, 30).
3-р асуултын хоосон зайг бөглөж, асуултыг Ариун Сүнсний тухай асуулт болго. Бүлгээрээ асуултуудыг ярилц. Бүлгээсээ нэг хүнийг томилж, бүлгийнхээ сурсан зүйлийг бусадтай хуваалцахыг хүс. Мөн бүлгээсээ хэдэн хүнийг 3-р асуултын талаарх туршлагаа хуваалцахад урь.
Багшид зориулсан тэмдэглэл: Зургаа эсвэл найман минутын дараа бүлэг бүрээс бүлгээрээ юу сурснаа хуваалцахыг хүс. Та мөн Их Эзэн тэднийг өчүүхэн арга замуудаар удирдаж байсан туршлагаа судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ бичихийг урьж болно. Өчүүхэн арга замаар дамжуулан Их Эзэнээс удирдамж хүлээн авч байсан туршлагаа хуваалц.