Номын сан
56-р хичээл: Мозая 7–8


56-р хичээл

Moзая 7–8

Оршил

Хаан Бенжамины хүү Мозаяг хаан ширээнд суухаас ойролцоогоор 80 жилийн өмнө Зарахемлагаас Зениф гэгч хүнээр удирдуулсан бүлэг нифайчууд өөрсдийн “өвийн нутаг” хэмээн үздэг Нифайн нутагт амьдрахаар гардаг (Oмнаи 1:27–30-ийг үзнэ үү). Хаан Мозая хэсэг хүмүүсийг Аммоноор удирдуулан, Нифайн нутаг руу Зенифийн бүлэг хүмүүсийн хувь заяа хэрхэн эргэсэн болохыг мэдүүлэхээр илгээв. Аммон болон түүнтэй хамт явсан хүмүүс Зенифийн үр удмынхан леменчүүдийн боолчлолд орсон болохыг олж мэдэв. Зенифийн ач хүү Лимхай тэдний хаан болсон байлаа. Аммон ирсэн нь Лимхайн хүмүүст итгэл найдварыг төрүүлжээ. Лимхай Аммоноос өөрийн хүмүүсийн олсон 24 алтан ялтсыг орчуулж чадах эсэхийг асуужээ. Аммон түүнд Зарахемлагийн хаан Мозая үзмэрч учраас ялтсуудыг орчуулж чадна хэмээн хэлжээ.

Заах зөвлөмж

Moзая 7

Аммон Лихай-Нифайн нутагт ирж, хаан Лимхайн хүмүүс боолчлолд орсон болохыг олж мэдэв

Самбар дээр гашуудах: харамсах буюу гунигтай байх гэж бич.

  • Хүмүүсийн гашууддаг ямар ямар шалтгаан байдаг вэ?

Нэг суралцагчаас Moзая 7:24-ийг чанга уншин, бусад нь түүнийг дагаж уншихыг хүс. “Бүгд алдсын учир болой” гэдэг үгсийг онцлон хэл. Энэ үгс нь буруу сонголтууд хийснээсээ болж, ийм нөхцөл байдалд орсон бүлэг хүмүүсийн тухай юм. “Алдсын учир” ирсэн нөхцөл байдалдаа гашуудаж байсан эсэхээ санахыг суралцагчдаас хүс. Өнөөдөр тэд Moзая 7–8-ыг судалж, хаан Лимхай болон түүний хүмүүсийн харууслын шалтгаануудыг авч үзнэ. Лимхай ард түмнээ гуниг зовлонгоос нь ангижруулахын тулд юу хийхийг хүссэн болохыг олж уншихыг хүс.

Нэг суралцагчаас Moзая 7:1-ийг чанга уншихыг хүс. Энэ хэсэгт гарч байгаа хоёр газрыг тодорхойлохыг суралцагчдаас хүс. Энэ хичээлд хавсаргасан эхний графикийг самбар дээр зураад суралцагчдыг судар судлах тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ зурахыг хүс. Та энэ графикийг хичээлдээ ашиглаж байхдаа үйл явдлууд нь Америк тивд болсон гэдгээс өөр Мормоны Номын газар зүйн байршлуудын талаар албан ёсны тайлбар Сүмд байхгүй гэдгийг тайлбарла.

Мозая 7–24 дэх аялалууд

Тэмдэглэл: Мозаягийн номноос судлах явцдаа тэд зурсан график дээрээ нэмж зурах болно. Самбар дээрх графикийг дуурайж зурахдаа эдгээр жижиг хэсгийг нэмж зурах хангалттай зай үлдээхийг тэдэнд сануул. Тэднийг графикаа зурж эхлэхээсээ өмнө хангалттай зай үлдээхийг сануул. (Бүрэн гүйцэд зурсан графикийг энэхүү гарын авлагын ар талд хавсаргасан байгаа.)

Лихайн хүмүүс амлагдсан нутагт ирээд Нифайн нутгийг (заримдаа Лихай-Нифайн нутаг буюу анхны өвийн нутаг хэмээн нэрлэдэг) үндэслэсэн гэдгийг тайлбарла. Лихайг нас бараад удаагүй байхад Их Эзэн Нифайд өөрийг нь даган хамт явах хүмүүсийг аваад цөл рүү зугт хэмээн тушаадаг. Нифайн хүмүүс Нифайн нутагт үргэлжлүүлэн амьдарсаар байсан ч Лемен, Лемүел хоёрыг дагасан хүмүүсээс тусгаарлагдсан байв. Олон жилийн дараа Их Эзэн хэсэг нифайчуудад Нифайн нутгаас дүрвэн гарахыг тушаадаг. Энэ бүлэг хүмүүс яваандаа Нифайн нутгийн хойд хэсэг болох Зарахемлад суурьшсан юм.

Үүнээс хойш хэд хэдэн үе удам өнгөрсний дараа Зениф гэгч хүн хэсэг нифайчуудыг удирдан “өөрсдийн өвийн нутгаа эзэмшихээр” Нифайн нутаг руу аялдаг (Oмнаи 1:27–30-ийг үзнэ үү). Зениф тэр бүс нутгийг эзлэхээр хэсэг хүмүүстэй хамт яваад бүтэлгүйтсэн ажээ (Moзая 9:1–2-ыг үзнэ үү). Суралцагчдыг Зарахемлагаас Нифайн нутаг руу сум зурж, “Зенифийн удирдсан бүлэг нифайчууд” гэж нэрлэхийг хүс. Энэ бүлэг хүмүүс Мозаяг хаан болохоос 80 орчим жилийн өмнө Зарахемлагаас гарсан байна.

Суралцагчдыг Moзая 7:1-ийг дахин анхааралтай уншаад Мозая юу мэдэхийг хүсч байсныг олж мэдэхэд урь. Тэднийг хариулсны дараа тэднээс Moзая 7:2–3-ыг уншаад Мозая асуултынхаа хариултыг авахын тулд юу хийсэн болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаар Аммоны удирдсан эрж хайх бүлгийн хүмүүсийн аяллыг төлөөлсөн нэг сумыг Зарахемлагаас Нифайн нутаг руу зуруул.

Мозая 7–24-т өгүүлсэн аялалууд

Зенифийн ач хүү Лимхайн захирдаг, Зенифийн үр удмын хүмүүс амьдардаг хотыг Аммон олсон тухай тайлбарлаж, Moзая 7:4–11-ийг нэгтгэн дүгнэ. Лимхай Аммоны бүлэг хүмүүсийг хотын хэрэмний гадна харсан. Тэднийг Ноагийн пристүүд хэмээн бодож, баривчлуулж, шоронд хорьжээ. (Moзая 21:23-ыг үзнэ үү). Лимхай хоёр хоногийн дараа тэднийг байцаав. Суралцагчдаас Moзая 7:12–15-ыг дор бүрнээ уншаад Лимхай Аммоныг хэн болох, хаанаас ирснийг мэдээд хэрхэн баярлаж байгаа тухай олж мэдэхийг хүс.

  • Лимхай яагаад Аммоныг Зарахемлагийн нутгаас ирсэн гэдгийг мэдээд ихэд баярласан бэ?

Самбар дээр бичсэн гашуудах гэдэг үгийг дахин харуул. Хаан Лимхай хүмүүсээ цуглуулан, тэдэнд Аммоныг танилцуулж мөн гуниг зовлон, харууслынхаа шалтгаануудыг ярьж, чөлөөлөгдөхийн тулд хаашаа хандах ёстойгоо мэдэхэд нь тусалж, Moзая 7:16–19-ийг нэгтгэн дүгнэ.

Самбар дээр гашуудах гэдэг үгийн дор шалтгаанууд гэсэн үгийг бич. Хэд хэдэн суралцагчаас Мозая 7:20–28-ыг ээлж дараалан чанга уншихыг хүс. Суралцагчдаас Лимхайн тодорхойлсноор хүмүүсийнхээ зовлон зүдгүүр, харуусал харамслын шалтгаанууд гэж үзсэн үйлдлүүдийг олохыг хүс. (Moзая 7:26-д дурдсан бошиглогч бол Лимхайн эцэг Ноагийн хаанчлалын үед шатаагдан алуулсан Абинадай гэдгийг суралцагчдад сануул.) Шүлгүүдийг уншиж дууссаны дараа цөөн хэдэн суралцагчаас самбарын урд гарч шалтгаанууд гэсэн үгийн дор өөрсдийнхөө олсон шалтгаануудыг жагсаан бичихэд урь.

  • Хүмүүсийн харууслын гол шалтгаан нь юу байсан бэ? (Алдас эсвэл нүгэл)

Суралцагчдаас Moзая 7:29–32-ыг дор бүрнээ уншихыг хүс. Хүмүүсийн нүгэл ба харуусал хоёрын хоорондын холбоог Лимхай ойлгосон тухай өгүүлсэн өгүүлбэрийг олж мэдэхийг тэднээс хүс. (Та тэдэнд хаягдал гэдэг үг нь үр тариаг ишнээс нь салгасан үлдэгдлийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно. Moзая 7:30-д “хаягдлыг хурааж авах болно” гэсэн нь ямар ч хэрэггүй зүйл авна гэсэн үг юм.) Цөөн хэдэн суралцагчаас сонгосон өгүүлбэрүүдээ уншихыг хүс.

  • Нүглийнхээ үр дагавруудыг ойлгох нь яагаад бидэнд хэрэгтэй вэ?

Нэг суралцагчаас Moзая 7:33-ыг чанга уншихыг хүс. Лимхай өөрийн хүмүүст юу хийхийг уриалсныг нь асуу.

  • Бид Лимхай болон түүний хүмүүсийн туршлагаас үйлдсэн нүглээ ухамсарлаж, үүндээ харамсах талаар ямар зарчмуудыг сурч болох вэ? (Энэ бүлгээс үнэнүүдийг олж нээснээр тэдэнд үйлдсэн нүглээ ухаарч, үүндээ харамсах нь биднийг Их Эзэн рүү хандахад чиглүүлдэг гэдгийг ойлгоход нь тусал. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

Энэхүү зарчмыг сайн ойлгоход нь туслахын тулд тэдний хайрладаг хэн нэг хүн нүгэл үйлдээд, үүндээ харамсан, Их Эзэнд хандан наманчлахыг хүсч байгаа ч үүнийг хэрхэн хийхээ мэдэхгүй байвал яах вэ гэдгийг төсөөлөн бодохыг тэднээс хүс. Moзая 7:33-т бичсэн, өөрийн хүмүүст өгсөн Лимхайн зөвлөгөө нь нүглийнхээ харууслыг даван туулах гол аргуудыг агуулсан гэдгийг гэрчил. Суралцагчдаас Moзая 7:33-ыг дор бүрнээ уншаад “Их Эзэнд хандахад” туслах өгүүлбэрийг олохыг хүс. (Та тэднээс эдгээр өгүүлбэрийг тэмдэглэж авахыг хүсч болох юм.)

Тэдэнд үүнийг хийх хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчаас сонгосон өгүүлбэрээ хуваалцахыг хүс. Хүн бүрээс сонгосон өгүүлбэрээ (1) өөрийн үгээр эсвэл (2) уг сонгосон зарчмыг нь хэрэгжүүлэхээр хичээж буй хэн нэгний үйлдэл ба зан төлөвийн тухай жишээ дурдан тайлбарлахыг хүс.

Тэдэнд болон хайртай хүмүүст нь харуусал төрүүлдэг, наманчлаагүй гэм нүгэл тэдэнд бий эсэх талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бичихийг тэднээс хүс:

  • Moзая 7:33-ыг та амьдралдаа өнөөдөр хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

Бид Их Эзэнд бүх зүрх сэтгэл, оюун бодлоороо хандах аваас Тэрээр биднийг үйлдсэн нүглээс нь ирэх гашуудлаас чөлөөлөх болно гэдэг гэрчлэлээ хуваалц.

Moзая 8

Аммон 24 алтан ялтсын тухай мэдээд үүнийг орчуулж чадах үзмэрчийн тухай Лимхайд хэлдэг

Самбарын өмнө хоёр суралцагчийг гарч ирэхийг хүс. Нэг суралцагчийн нүдийг боогоод хэдэн цаас, ном зэрэг зүйлсийг өрөөний эсрэг талд аюулгүй газар байрлуул. Хоёр дахь суралцагчаар нүдээ боолгосон нөгөөдөө зааварчлан, газарт байгаа зүйлсэд хүрэлгүйгээр өрөөний нөгөө хэсэгт очиход нь туслуул. Дараа нь хоёр дахь суралцагчийн нүдийг боо. Газарт тавьсан зүйлүүдээ өөрчлөн тавьж, эхний суралцагчаар зүг чиг заалгуул. Энэ удаа нүдээ боосон суралцагч эхний суралцагчийн зааврыг дагахгүй. (Хичээл эхлэхээс өмнө түүнд өгсөн зааврыг нь дагах хэрэггүй гэж урьдчилан хэлнэ.)

  • Бидний харж чадахгүй байгаа зүйлсийг харж чадах нэгнийг сонсох нь ямар ач холбогдолтой вэ?

Аммоныг ирэхээс өмнө Лимхай Зарахемлагаас тусламж авахын тулд хэсэг хүмүүсийг илгээсэн байсан гэдгийг тайлбарлан, Moзая 8:5–12-ыг нэгтгэн дүгнэ. Эдгээр хүмүүс аглаг буйдад олон өдөр төөрч, Зарахемлаг олж чадаагүй. Харин устгагдсан соёл иргэншлийн үлдэгдлийг олжээ. Тэд тэр нутгаас 24 алтан ялтсыг олсон. (Лимхайн хүмүүсийн олсон уг соёл иргэншлийн үлдэгдэл нь жаредчуудынх байсан гэдгийг тайлбарлаж өг. Уг 24 алтан ялтсаас авсан жаредчуудын цэдэг нь Мормоны Номын Иферийн номонд байдаг.) Энэ хуудсан дахь тайлбар зурагт үзүүлсний дагуу уг аяллыг самбар дээр зурсан график дээрээ нэмж зур. Суралцагчдаар бас өөрсдийнх нь график дээр нэмж зуруул. Хаан Лимхай уг 24 алтан ялтсан дээр сийлэгдсэн бичвэрийг ойлгохыг хүсч байсан гэдгийг тайлбарла. Тэр Аммоноос үүнийг орчуулж чадах хүнийг таних уу гэж асуусан.

Мозая 7–24-т өгүүлсэн аялалууд

Нэг суралцагчаар Moзая 8:13–15-д бичсэн Аммоны хариултыг уншуул. Иймэрхүү цэдгүүдийг орчуулах хүч чадалтай хүнийг Аммон юу гэж нэрлэсэн болохыг олж уншихыг ангийнхнаас хүс. Суралцагчдаас Moзая 8:16–19-ийг дор бүрнээ уншаад, үзмэрчийн авьяас чадварын тухай өөр юу гэж бичсэнийг олохыг хүс. Хэд хэдэн суралцагчаас олсон зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс.

Дараах үгсийг самбар дээр бич: Их Эзэн хүн төрөлхтний тусын тулд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг өгдөг.

  • Өнөөдөр энэ дэлхий дээр хэдэн үзмэрч байгаа вэ? (Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд нийлээд 15 үзмэрч байдаг.)

  • Бошиглогч, үзмэрч ба илчлэгчид бидэнд мэдүүлсэн ямар ямар зүйл байдаг вэ? (Хэрэв суралцагчид хариулж чадахгүй байвал та тэднээс үзмэрч бидэнд гэрлэлт, гэр бүл, боловсрол, үзвэр үйлчилгээ эсвэл бэлгийн амьдралын цэвэр ариун байдал зэргийн талаар юу заасныг асуу.)

  • Өнөө үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчид таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Та тэдэнд таны амьдралыг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэрхэн адисалсан тухай гэрчлэлээ хуваалцаж болно. Саяхан болж өнгөрсөн Ерөнхий чуулган дээр Тэргүүн Зөвлөл эсвэл Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн хэлсэн үгсийг тунгаан бодож, зөвлөгөөг нь дагахад урь.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moзая 1–29. Түүхийн тойм

Мозаягийн номын түүхийн тоймыг үзэхийн тулд энэхүү гарын авлагын Мозаягийн номын оршлыг үзнэ үү.

Moзая 8:16. “Үзмэрч нь илчлэгч мөн бошиглогч”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жонн А.Видсое “бошиглогч, үзмэрч ба илчлэгч” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ийн тайлбарласан:

“Энэ гурван нэр нь хоорондоо ижил төстэй зүйл ихтэй ч эдгээрийг ялгаж салгах нь их чухал юм.

Бошиглогч бол багш юм. Энэ нь энэ үгийг илэрхийлэх хамгийн чухал үг мөн. Тэрээр Их Эзэнээр хүмүүнд илчлэгдсэн үнэн ба сайн мэдээг хүмүүсийн ойлголтод тохируулан, илчлэлтээр заадаг. Тэрээр үнэнийг толилуулагч юм. Гэхдээ түүний хийдэг хамгийн чухал зүйл бол хүмүүний аз жаргал нь Бурханы хуулийг сахиснаар ирдэг гэдгийг үзүүлэх явдал юм. Тэрээр үнэнээс төөрөлдсөн тэдгээрийг наманчлахыг уриалдаг. Тэрээр хүмүүст хүндэтгэлтэйгээр хандан, Их Эзэний зорилгуудыг гүйцэлдүүлэх байлдагч болдог. Түүний амьдралын зорилго бол Их Эзэний авралын төлөвлөгөөг дэмжих юм. Тэрээр энэ бүгдийг “Эзэний Сүнсээр, шударга ёс, эр зоригоор дүүрэн” болтлоо Их Эзэнтэй ойр харилцаатайгаар хийдэг.(Mика 3:8; мөн С ба Г 20:26; 34:10; 43:16-г үзнэ үү) …

Цаг хугацааны явцад “бошиглогч” гэдэг үг нь ихэвчлэн Их Эзэнээс илчлэлт болон удирдамж хүлээн авдаг хүн гэдэг утгыг илэрхийлэх болсон. Бошиглогчийг зөвхөн ирээдүйд болох үйл явдлыг урьдчилан хэлдэг, бошиглодог хэмээн буруугаар ойлгодог. Энэ бол түүний хийдэг зүйлсийн зөвхөн нэг нь л юм.

Бошиглогч бол Их Эзэнээс илчлэлтүүд хүлээн авдаг ‘үзмэрч ба илчлэгч’. Гэхдээ эдгээр нэр нь ‘бошиглогч’ гэдэг илүү том, илүү өргөн цар хүрээтэй нэрийн зөвхөн өчүүхэн нэг л хэсэг нь. Мэдээж хэрэг, бошиглогчийн хийдэг олон зүйлс үзмэрч, илчлэгч хэмээх нэрэнд тохирдог бөгөөд сүмийн чуулганууд дээр ч бошиглогчийг ийнхүү дууддаг.

Мөн бошиглогч Их Эзэнээс илчлэлтүүдийг хүлээн авдаг. Эдгээр илчлэлт нь өнгөрсөн үед хүлээн авсан үнэнүүдийн тайлбар байж болно эсвэл хүмүүний мэдээгүй байгаа шинэ үнэнүүд байж болно. Иймэрхүү илчлэлтүүд нь үргэлж зохих албыг хашиж байгаа хүмүүст өгөгддөг. Доод албыг хашдаг хүмүүс дээд албыг хашдаг хүмүүст зориулсан илчлэлтүүдийг хүлээн авахгүй.

Үзмэрч бол сүнсний нүдээр хардаг хүн юм. Тэрээр бусдын ойлгож чадахгүй байгаа зүйлсийг ойлгож чаддаг. Тиймээс тэр бол мөнхийн үнэний тайлбарлагч буюу орчуулагч юм. Тэрээр өнгөрсөн, ирээдүй мөн одоог урьдчилан хардаг. Үүнийг тэрээр өөрөөр нь шууд дамжуулах Их Эзэний хүч чадлаар эсвэл Урим ба Туммим гэх зэрэг бурханлаг хэрэгслийн тусламжтайгаар хийдэг. Товчхоноор хэлэхэд, тэр бол хардаг мөн Их Эзэний гэрэлд нүдээ нээн алхдаг хүн юм. (Мормоны Ном, Moзая 8:15–17)

Илчлэгч бол урьд өмнө нь мэддэггүй байсан ямар нэг зүйлийг Их Эзэний тусламжтайгаар бусдад мэдүүлдэг хүн юм. Илчлэгч бол урьд өмнө нь мэддэггүй байсан ямар нэг зүйлийг Их Эзэний тусламжтайгаар бусдад мэдүүлдэг хүн юм. Илчлэгч нь үргэлж тодорхой үнэнтэй харьцдаг (С ба Г 100:11) ба энэ нь зөвшөөрсөн бурханлаг тамгатай ирдэг. Илчлэгч нь үргэлж тодорхой үнэнтэй харьцдаг (С ба Г 100:11) ба энэ нь зөвшөөрсөн бурханлаг тамгатай ирдэг. Илчлэлт нь олон арга замаар ирдэг ч үүнийг хүлээн авахын тулд илчлэгч нь илчлэлтийн бурханлаг болон үнэний сүнсэнд тохирохуйц амьдарч, тэгснээрээ тэд бурханлаг захиасуудыг хүлээн авдаг.

“Дүгнэхэд: Бошиглогч бол мэдэгдсэн үнэний багш, үзмэрч бол нуугдмал үнэнийг мэдэгч, илчлэгч бол шинэ үнэнийг атгагч юм. Бошиглогч гэдэг энэ үгийг багш, ухуулагч ба үнэнийг мэдүүлэгч хэмээн нэрлэх тохиолдол байдаг” (Evidences and Reconciliations, arr. Ж. Хомер Дурхэм 3-р боть [1960], 257–58; онцлон тэмдэглэлт хийсэн).

Moзая 8:17 “Үзмэрч ирэх … зүйлүүдийг мэдэж чадна”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр хожмын үеийн бошиглогч, үзмэрч ба илчлэгчид хэрхэн үзмэрчийн үүргийг гүйцэтгэдэг болох талаар жишээнээс хуваалцсан:

“Судруудад бошиглогчид нь дайсныг алс холоос харуулддаг ‘цамхагийн харуул’ бөгөөд ‘энгийн хүмүүний нүдээр харшгүй зүйлсийг хардаг … Их Эзэн өөрийн хүмүүсийн дунд өсгөсөн үзмэрч юм’ хэмээн бичсэн байдаг.

“[Олон жилийн өмнө] ах нар маань бидэнд гэр бүлийн сүйрлийн тухай анхааруулж, бэлтгэлтэй байхыг сануулсан. Тэргүүн Зөвлөлөөс гэр бүлийн үдшийг бидэнд танилцуулсан. Эцэг эхчүүдэд хүүхдүүддээ заах маш сайн материалуудыг мөн итгэлтэй байх аваас адислагдах болно гэсэн амлалтын хамт өгсөн юм.

Сургаал ба илчлэгдсэн байгууллага өөрчлөгдөөгүй ч нэг нэгэнтэйгээ харилцах болон гэр бүлийн харилцаан дахь Сүмийн бүх арга хэрэгслүүд өөрчлөгдсөн. Сүмийн сургалтын бүх төлөвлөгөө судруудад үндэслэгдэн—өөрчлөгдсөн билээ. Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу Үнэт Сувд судруудын шинэчилсэн хувилбарыг бэлтгэхийн тулд олон жилийг зарцуулсан.

“Гэр бүлийн тухай энэхүү аймшигтай шинэчлэгдсэн ойлголтод бид дөнгөж одооноос арга хэмжээ авч эхэлсэн бол яах байсан бол гэдгийг бодоод үз дээ. Харин энэ нь бидний хувьд аль эртнээс эхэлсэн юм. Бид юу хийхээ шийдэхийн тулд яахаа мэдэхгүй сандарч байгаа хүмүүс биш. Бид юу хийж, юу заах ёстойгоо мэддэг.

“Бидний дагадаг зам бол бидний өөрсдийн зохиосон зүйл биш юм. Аз жаргалын агуу төлөвлөгөө болох авралын төлөвлөгөө бидэнд илчлэгдсэн. Мөн бошиглогч ба Төлөөлөгчид сүм болон сүмийн гишүүдийн хэрэгцээ өсөх бүр илчлэлтүүдийг үргэлжлүүлэн хүлээн авсаар байна (“The Father and the Family,” Ensign, 1994 оны 5-р сар, 20).