Гэрээр судлах хичээл
1 Нифай 20–2 Нифай 3 (Хэсэг 5)
Оршил
Энэ хичээлийн зорилго нь Бурханы мөнхийн зорилгуудыг ойлгоход нь суралцагчдад туслах явдал мөн. Хэрэв үр удам нь Уналт, Есүс Христийн Цагаатгал, сонгох эрх, дуулгавартай байдал зэрэг үндсэн сургаалуудыг ойлгож, тэдгээрт итгэх юм бол, баяр баясал, эрх чөлөө, мөнх амьдрал өөд хөтлөх сонголтууд хийх болно гэдгийг Лихай мэдэж байжээ (2 Нифай 2:25, 27-г үзнэ үү). Суралцагчид эцсийн эцэст Лихай шиг [Бурханы] хайрын мутраар мөнхөд хүрээлүүлэхийн”(2 Нифай 1:15) төлөө мөнх амьдралыг сонгоход тэднийг урамшуулан дэмж.
Заах зөвлөмж
2 Нифай 1-2
Лихай нас эцэслэхээсээ өмнө хүүхдүүддээ Бурханы зарлигуудыг сахидаг байхыг ухуулж, авралын төлөвлөгөөний суурь сургаалуудыг тэдэнд заасан юм
2 Нифай 3:25-ын сүүлчийн өгүүлбэрийг (“Наснаас хальж буй эцгийнхээ үгсийг сана”) суралцагчдаар уншуулж хичээлээ эхэл. Гэр бүлийнхээ хэн нэгийг нас барна гэдгийг мэдсэн үед та нар түүний өгөх зөвлөгөөнд хэрхэн хандах вэ? гэдгийг суралцагчдаас асуу.
Дараах үйл ажиллагаа гэр бүлдээ Лихайн захиас болгож онцлон хэлсэн үнэнүүдийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад тусалж болно. Энэ нь бас эдгээр үнэн өөрсдийнх нь төлөөх Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг дагахад тэдэнд хэрхэн тусалж болохыг бие биетэйгээ хуваалцах боломжийг тэдэнд олгох болно.
-
Дараах судрын хэсгүүдийг тус бүр нэг суралцагчид эсвэл хоёр суралцагчийн дунд даалган өг: 2 Нифай 1:16–20; 2 Нифай 2:6–10; 2 Нифай 2:19–20, 22–25; 2 Нифай 2:11–13, 27–29. (Хэрэв та дөрвөөс цөөн суралцагчтай бол ярилцахын тулд цөөхөн судрын хэсгийг сонгож, нэг суралцагчид нэгээс илүү хэсгийг даалгах замаар энэ үйл ажиллагааг өөрчилж болно. )
-
Судрын эдгээр хэсгийг судалсны дараа дараах асуултуудад тэднээр судрын тэмдэглэлд нь хариулуул. (Асуултуудыг самбар дээр бичиж болно.)
-
Лихай ямар тулгуур үнэнүүдийг заасан бэ?
-
Яагаад эдгээр үнэн бидний үүрд мөнхийн сайн сайхан байдалд чухал вэ?
-
-
Даалгавраа тунгаан бодох хангалттай цагийг суралцагчдад гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлийнхээ тухай ярихад суралцагч бүрийг эсвэл хос бүрийг урь. Олж мэдсэн зүйлээ болон энэ нь яагаад тэдэнд чухал болохыг аль болох олон суралцагчаар хуваалцуулахыг бод.
Үйл ажиллагааны эцэст дараах үнэнийг самбар дээр бич: Адам, Ева хоёрын yналт нь Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний амин чухал хэсэг мөн.
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах үгсийг хуваалц:
“Адам зөвхөн өөрийнхөө хийх ёстойг хийсэн. Тэрбээр хориглосон жимсийг нэг сайн шалтгааны учир идсэн бөгөөд энэ нь та нарыг, намайг түүнчлэн хүн болгонд энэ дэлхийд ирэх үүд хаалгыг нээж өгсөн юм. …
“… Хэрэв Адам ингээгүй бол, би ч, та нар ч энд байхгүй байсан; бид өдий хүртэл сүнснүүд хэвээр тэнгэрт хүлээсээр байх байсан” (Чуулган дээр хэлсэн үг, 1967 оны 10-р сар, 121–22).
Дараах асуултуудыг асуу:
-
2 Нифай 2:21–24-т Лихай Уналтын ямар үр дагавруудыг дүрсэлсэн бэ?
-
Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний дагуу өсч хөгжих боломжийг эдгээр үр дагавар бидэнд хэрхэн олгосон бэ?
Дараах үнэнийг самбар дээр нэмж бич: Есүс Христ Цагаатгалаар дамжуулан биднийг Уналтын үр дагавруудаас болон гэм нүглээс гэтэлгэдэг.
Энэхүү үнэний тухай гүнзгий ойлголттой болоход нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний дараах үгийг нэг суралцагчаар чанга уншуул:
“Цэвэр хайрын үйлдэл болох Есүс Христийн Цагаатгал Уналтын үр дагавруудыг даван туулж, Бурханы дэргэд эргэж очих замыг хүн төрөлхтөнд өгсөн юм. Аврагч Цагаатгалын хэсэг болгон биеийн үхлийг ялж, Амилуулалтаар дамжин үхэшгүй байдлыг олох арга замаар Бурханы бүх хүүхдийг мөн үүгээр хангасан билээ. Тэрбээр бас сүнсний үхлийг ялж, Бурханы олон бэлгээс хамгийн агуу нь болох мөнх амьдралд хүрэх боломжоор биднийг хангасан юм. Мөнх амьдрал бол Бурханы амьдардаг тэр амьдрал юм (“Christians in Belief and Action,” Ensign, 1996 оны 11-р сар, 71).
Суралцагчдаас асуу: Цагаатгалын зарим адислалыг нэрлэнэ үү?
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх сонгох эрхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллын хэлсэн дараах үгийг унш.
“Сонголтуудгүйгээр, сонгох эрх чөлөөгүйгээр, сөрөг талгүйгээр бодит оршихуй гэж үгүй юм. … Хэрэв бид ёс суртахууны сонгох эрхээ ухаалгаар ашиглахгүй бол сүнслэг байдлын хувьд өсч хөгжиж ч чадахгүй, жинхэнэ ёсоор аз жаргалтай байж ч чадахгүй гэдэг нь үнэн юм” (One More Strain of Praise [1999], 80).
Дараах зарчмыг самбар дээр бич: Бид эрх чөлөө ба мөнх амьдралыг эсвэл боолчлол ба үхлийг сонгох чөлөөт эрхтэй байдаг
Суралцагчдаар тэдний судрын тэмдэглэл дэх 3 дахь өдрийн даалгавар 4-ийг гаргуул. 2 Нифай 2:26–29-өөс сонгох эрхийн тухай юу сурч мэдсэнээ тайлбарлах хэдэн хүнийг тэднээс урь.
Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгсийг чанга унш:
“Бид авралыг олохын тулд зөвхөн зарим зүйлийг хийх төдийгүй, харин Бурханы зарлиг болгосон бүхнийг хийх ёстой” (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 161).
Дуулгавартай байдлын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслахын тулд та дараах асуултуудыг асууж болно:
-
Лихай нас эцэслэхийнхээ өмнө гэр бүлдээ өгсөн сүүлчийн захиасдаа яагаад дуулгавартай байдалд онцгой ач холбогдол өгсөн гэж та нар боддог вэ?
-
Бид зарлигуудыг сахивал Их Эзэн биднийг адислах болно. Харин бид Түүний зарлигуудыг эс сахивал Тэрбээр адислалуудаа буцаан авах болно гэдгийг мэдэхэд ямар туршлага танд тусалсан бэ? (Энэ үнэнийг самбар дээрх жагсаалтан дээр нэм.)
Энэ хичээлийн дүгнэлт болгон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг унш:
“Дуулгавартай байдал бол сүнсний хүчтэй эм мөн. Энэ нь аливаа өвчин зовлон, асуудал бэрхшээлийг бараг бүрэн эдгээдэг” (“Balm of Gilead,” Ensign, 1987 оны 11-р сар, 18).
Суралцагчдыг Бурхан хайрладаг тухай, Уналтын үр дагавруудыг даван туулж, мөнх амьдралд хүрэхэд Бурхан тэдэнд туслах хүсэлтэй байдаг тухай гэрчлэлээ хуваалц.
Дараагийн хэсэг (2 Нифай 4–10)
Лихайг нас эцэслэсний дараа Лемен, Лемүел хоёр Нифайг алахыг дахин санаархаж эхлэв. Нифайн амь насыг аврах талаар Их Эзэн ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? Хэрэв Цагаатгал байгаагүй бол бидний сүнс бие махбод ямар байдалтай байх байсан бэ? Суралцагчид энэ асуултын хариултуудыг 2 Нифай 9:7–9-өөс олох болно.