Номын сан
94-р хичээл: Алма 37


94-р хичээл

Aлмa 37

Оршил

Алма хүү Хиламандаа өгсөн зөвлөгөөгөө үргэлжлүүлээд, түүнд ариун нандин цэдгүүдийг итгэмжлэн хүлээлгэсэн. Тэр Хиламанд, судрууд нь аль хэдийн олон мянган лемен хүнийг Их Эзэнд авчрах хэрэгсэл байсан гэдгийг сануулаад, Их Эзэнд ирээдүйн цэдгүүдийн талаар агуу зорилгууд байгаа гэдгийг бошиглосон. Алма хүүдээ хүмүүст юу заах тухай зааварчилжээ. Тэрээр Христийн үгсийг Лиахонатай харьцуулснаар Түүний үгсийн төлөө удирдамж эрэлхийлэхийн чухлыг Хиламанд онцлон захижээ.

Тайлбар: Энэ хичээл гурван суралцагчийг хичээл заах боломжоор хангана. Эдгээр суралцагчид заахад бэлтгэхэд нь туслахын тулд суралцагч бүрд заах хэсгийнх нь хуулбарыг нэгээс хоёр хоногийн өмнө өгөөрэй. Эсвэл та энэ хэсгүүдийг өөрөө зааж болно.

Заах зөвлөмж

Aлмa 37

Алма Хиламанд бичээсүүдийг итгэмжлэн өгөөд түүний зарлигуудыг сахихыг зөвлөж мөн түүнд Лиахона итгэлийн дагуу ажилладгийг сануулсан

Дараах схем зургийг самбар дээр зур.

Small and Simple

Амьдралд нь чухал нөлөө үзүүлсэн өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг самбар дээр жагсаан бичихийг суралцагчдаас хүс. Та тэднээс хариултаа тайлбарлахыг хүсч болно.

Алма хүү Хиламандаа ариун нандин цэдгүүдийг дараагийн хадгалагч болж бэлтгэхэд нь туслахын тулд өгсөн зөвлөгөө Алма 37-д байдгийг тайлбарла. Алма түүнд өчүүхэн бөгөөд энгийн зүйлс Их Эзэний ажилд ямар үүрэг гүйцэтгэдэг тухай заасан. Нэг суралцагчийг Алма 37:6–7-г чанга уншихад урь.

Бид “өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн” үнэ цэнийн тухай энэ шүлгүүдээс юу сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч Их Эзэн мөнхийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн тулд өчүүхэн бөгөөд энгийн зүйлсээр ажилладаг гэсэн үнэнийг хэлэх ёстой.)

Хүмүүсийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн жишээг (ариун нандин цэдгүүд буюу судруудаас) олж мэдэхийг хичээн, Алма 37:1–5-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа самбар дээр Судрууд гэдэг үгийг Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс гэсэн хэллэгийн доор бич.

Мормоны Номын хүмүүст судрууд нөлөөлсөн арга замуудыг Алма 37:8–10-аас суралцагчдаар судлуул. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах үеэр та тэдний хариултыг ЧУХАЛ НӨЛӨӨ гэсний доор бичиж болно.

  • Судрууд ямар арга замуудаар та нарын амьдралд нөлөөлсөн бэ?

Их Эзэн Мормоны Номыг авчирснаар Өөрийн хүчийг үзүүлэх болно хэмээн Алма Хиламанд заасныг тайлбарлаж, Алма 37:11–32-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр Хиламанд Их Эзэний зарлигуудыг дагаж мөн цэдгүүдийг найдвартай хадгалах үүрэг өгсөн. Тэр мөн Хиламаныг хүмүүст заахдаа цэдгүүдийг ашиглахыг мөн жаредчуудыг сүйрэлд хүргэсэн ёс бус явдлын бүх нарийн учрыг илрүүлэхээс зайлсхийхийг зааварчилсан.

Алма Хиламанд цэдгүүдийг хариуцуулан өгөхдөө заасан зарчмуудыг олж мэдэхийг хичээн, Алма 37:13–16-г дор бүрнээ чимээгүй судлахад суралцагчдыг урь. (Суралцагчид янз бүрийн зарчмуудыг хуваалцаж болох ч хэрэв бид Бурханы зарлигуудыг дагавал Тэр бидэнд үүргээ биелүүлэхэд туслах болно гэсэн зарчим тэдний хариултад байх ёстойг анхаар. Энэ зарчим өчүүхэн бөгөөд энгийн зүйлс чухал нөлөө үзүүлж болох тухай санаатай ямар холбоотойг та асууж болно.)

Энэ хичээлийн үлдсэн хэсгийг гурван суралцагч заахаар төлөвлөсөн болно. Хэрэв анги олон суралцагчтай бол заах суралцагчдыг тэднийг ангийн гурван өөр хэсэгт суухыг урих хэрэгтэй. Суралцагчдыг гурван бүлэг болгон хуваарил. Бүлэг бүрийг судрууд, дэвтэр, судар судлах тэмдэглэл, үзэг харандаагаа аваад заах суралцагчдын аль нэгэн дээр очиход урь. Заах суралцагчид хичээлээ дууссаны дараа бүлгүүд солигдон заах өөр суралцагч дээр очно. Хэрэв анги цөөхөн суралцагчтай бол заах суралцагчид ээлж дараалан нийт ангид зааж болно. Аль ч тохиолдолд суралцагчид долоон минутад багтаан хичээлээ зааж, ярилцлагыг хөтлөн явуулах ёстой.

1 дэх заах суралцагч—Алма 37:33–34

Амьдралд нь өөрчлөлт авчирсан ямар нэг зүйлийг заасан сүмийн орон нутгийн удирдагч эсвэл ерөнхий эрх мэдэлтний тухай бодохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчийг энэ удирдагч юу заасан болон заасан зүйл нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай хуваалцахад урь. Та өөрийн амьдралын жишээнээс хуваалцаж болно.

Алма 37:33–34-ийг ээлж дараалан чанга уншихад хоёр суралцагчийг урь. Хүмүүст юу заа хэмээн Алма Хиламанд зөвлөснийг олж мэдэхийг хичээн, дагаж уншихыг үлдсэн суралцагчдаас хүс. Тэднийг унших үеэр “тэдэнд заа,” “тэдэнд номло” гэсэн өгүүлбэрүүдийг тэмдэглэхийг та тэдэнд санал болгож болно. Самбар эсвэл хуудас цаасан дээр Сүмийн удирдагчдын сургаал гэж бич. Суралцагчдыг шүлгүүдээ уншиж дуусахад олж мэдсэн зүйлийнхээ тухай ярихыг тэднээс хүс. Тэдний хариултыг Сүмийн удирдагчдын сургаал гарчгийн доор бич. Дараах асуултуудыг асуу:

  • Эдгээр сургаал нь өнөөдөр бидэнд хэрхэн илүү ашиг тустай байж болох вэ? Яагаад?

Сүмийн удирдагчдын заасан сургаалуудыг дагаснаар ирдэг адислалуудыг харахын тулд Алма 37:34-ийн сүүлчийн өгүүлбэрийг харахыг суралцагчдаас хүс. Дараах зарчмыг самбар дээр бич: Бид Сүмийн удирдагчдын сургаалыг дагаснаар бодгальдаа амралтыг олж чадна. Тэднээс “бодгальдаа амралтыг олно” гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байгааг нь асуу. (Хариулт нь нүглийн үр дагавруудаас чөлөөтэй болох, Сүнснээс амар амгаланг хүлээн авч мөн бэрхшээл сорилтуудыг даван туулах хүчээр адислагдах зэрэг санаанууд байж болно.)

Энэ зарчим таны амьдралд хэрхэн хэрэгжсэн тухай гэрчлэлээ хуваалц. Хэрэв цаг гарвал бусдыг энэ зарчмын тухай гэрчлэлээ хуваалцахад урь.

2 дахь заах суралцагч—Aлмa 37:35–37

Мод тарьж байгаа хүмүүс модыг жижигхэн байхад нь гадсанд холбож уяад модыг том болоход тулгуурыг нь авдаг нь энгийн зүйл юм гэдгийг бусад суралцагчдад тайлбарла. Тэднээс яагаад ингэдэг гэж бодож байгааг нь асуу. Тэгээд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хашаандаа тарьсан модны тухай дараах түүхийг унш:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли гэрлэснийхээ дараахан гэрийнхээ ойр нэгэн зулзган мод тарьжээ. Он жилүүд өнгөрсөөр, тэр тарьсан модондоо багахан анхаарал тавьжээ. Нэг өдөр тэрээр мод нь хэлбэр муутай баруун тийшээ хазайсан байхыг харжээ. Тэр модыг эгц болгохыг хичээн түлхсэн ч модны их бие нь дэндүү том болсон байв. Тэгээд татлага модоор тэгшхэн болгохыг хичээсэн ч мод огт эгц болсонгүй. Эцэст нь тэр хөрөө аваад баруун талынх нь хүнд том мөчрийг хөрөөдөж автал муухай ором үлджээ. Тэр хожим нь нөгөөх модны тухай ийн ярьжээ:

“Намайг тэр модыг тарьснаас хойш хагас зуун жил өнгөрсөн байлаа. … Дараахан нь би модыг дахин харав. Мод маш том болжээ. Үүний хэлбэр нь ч сайн байлаа. Энэ мод манай гэрийн нэг үнэт зүйл юм. Гэвч модыг залуу байхад нь тэгшлэх гэж оролдоод түүнийг гэмтээсэн миний арга хэчнээн муйхар байж вэ?

“Модыг эхлээд тарих үед л ганцхан гадас үүнийг салхинд бөхийхөөс нь хамгаалж чадах байсан ажээ. Уг нь ганцхан гадас зоочиход ч ядаж цөхөөд байх юу байхав дээ. Гэвч би тэгээгүй байж. Тиймээс тэр мод салхины уруу чигт бөхийсөн байлаа” (“Bring Up a Child in the Way He Should Go,” Ensign, 1993 оны 11-р сар, 59).

Алма 37:35 дахь Хиламанд өгсөн Алмагийн зөвлөгөөг суралцагчдаар уншуул. Уг шүлэг ерөнхийлөгч Хинклигийн тарьсан модны тухай туршлагатай ямар холбоотойг бодохыг тэднээс хүс.

Суралцагчдыг Алма 37:35-ыг өөрийн үгээр товчлон ярихад урь. (Тэдний хариултад Бурханы зарлигуудыг бага залуугаасаа дагаж сур) гэсэн зарчим байх ёстой. Тэднийг мөн дараах асуултуудын хариултыг бичихэд урь. (Та асуултуудыг самбар дээр бичих буюу суралцагчдаар бичүүлэхийн тулд удаан уншиж өгөхийг хүсч болно.)

  • Бага залуугаасаа Бурханы зарлигуудыг сахиж сурах нь хүний амьдралд ямар өөрчлөлт гаргана гэж та боддог вэ?

  • Та бага залуугаасаа Бурханы зарлигуудыг сахиж сурсны ачаар насан туршдаа адислагдсан хүмүүсийг мэдэх үү? Тэднийг хэрхэн адислагдсан талаар бич.

Цөөн суралцагчийг бичсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь. Тэгээд нэг суралцагчийг Алма 37:36–37-г чанга уншихад урь. Үлдсэн суралцагчдыг бага залуугаасаа зарлигуудыг сахихад нь тэдэнд туслах онцгой зөвлөгөөг олохыг хичээн дагаж уншихыг хүс.

  • Энэ зөвлөгөөг өдөр бүр дагах нь зарлигуудыг сахихад танд хэрхэн туслах вэ?

  • Та ямар арга замаар бодол санаа, үг яриа, үйлдэл болон хайр энэрэлдээ Их Эзэнийг нэгдүгээрт тавихаар хичээж болох вэ? (Суралцагчдыг өөрийгөө хэрхэн хөгжүүлэхийг бодоход урамшуулан дэмж.)

Их Эзэнтэй зөвлөх нь зарлигуудыг сахихад тань хэрхэн тусалсан тухай сэтгэгдлээ хуваалц. Хийдэг юм бүхэндээ Их Эзэнтэй зөвлөдөг байхад бусад суралцагчийг урамшуулан дэмж.

3 дахь заах суралцагч—Алма 37:38–45

Лиахона

Лиахонагийн зургийг үзүүл (62041; Сайн мэдээний Уран зургийн цуглуулга [2009], дугаар 68). Лихайн гэр бүлийг амлагдсан нутаг руу аялахад нь туслахдаа Их Эзэний ашигласан луужинг бусад суралцагчдад сануул. Бид Алма 37:38-аас уг луужинг Лиахона гэж нэрлэдгийг мэддэг. Их Эзэн хүүхдүүдээ хэрхэн удирддаг тухай чухал зарчмыг Алма Хиламанд заахын тулд Лиахонагийн тухай ярьсныг тайлбарла.

Та бусад суралцагчаас цөөн асуулт асуугаад тэднийг ээлж дараалан цөөн шүлгийг чанга унших үеэр бусад нь хариулт олох хэрэгтэй гэдгийг тайлбарла. Тэднийг холбогдох судрын хэсгийг уншсаны дараа асуулт бүрд хариулуул.

  • Лиахона хэрхэн ажилласан бэ? ( Aлмa 37:38–40-ийг үзнэ үү.)

  • Ямар үед Лиахона ажиллахаа больсон бэ? (Алма 37:41–42-ыг үзнэ үү.)

  • Бид Лиахонаг хэрхэн Бурханы үгтэй адилтгаж болох вэ? (Алма 37:43–45-ыг үзнэ үү.)

Та энэ шүлгүүд дэх далд утга болон хэв шинж гэсэн үгс нь “хүн, үйл явдал эсвэл ёслол нь илүү чухал өөр хүн, үйл явдал эсвэл ёслолын араас дагалдах гэсэн санааг илэрхийлж байгааг тайлбарлах хэрэгтэй байж болно. … Жинхэнэ хэв шинж нь адил төстэй зүйлийн ажиглагдахуйц талууд, бурханлаг томилолтын нотолгоо, ирээдүйн үйл явдлуудын бошиглол байх болно” (Joseph Fielding McConkie, Gospel Symbolism [1985], 274). Лиахонагийн зүг чигийг дагах, дагахгүй байх сонголт нь Бурханы үгээр ирдэг удирдамжид хариулдаг бидний сонголттой адил юм.

  • Бид Христийн үгсийг хаанаас уншиж болох вэ? (Хариулт нь судрууд, хожмын үеийн бошиглогчдын үгс, патриархын адислал, Сүнсний өдөөлт зэрэг байж болно.)

Өөрийн суралцагчдыг Алма 37:38–45 дахь ялангуяа 44–45 дугаар шүлгүүд дэх Алмагийн үгсийг хураангуйлан дүгнэхэд урь. Энэ ярилцлага нь дараах үнэнийг агуулсан байх ёстой: Хэрэв бид Есүс Христийн үгийг дагавал энэ нь мөнх амьдралыг хүлээн авахад биднийг удирдах болно.

Христийн үгс танд сүнслэгээр хэрхэн нөлөөлсөн болон мөнх амьдралын зүг өсөж хөгжихөд тань хэрхэн тусалсныг хуваалц. Та суралцагчдад патриархын адислалаа авах эсвэл хэрэв аль хэдийн авсан бол үүнийг тогтмол залбирч уншиж байхыг санал болгож болно.

Багшид анхааруулах нь: Суралцагчдыг хичээлийн хэсгүүдээ зааж дууссаны дараа тэдэнд талархаад цаг гарвал цөөн суралцагчийг өнөөдөр сурсан зарчмуудынхаа нэгийг гэрчлэхэд урь. Та мөн эдгээр зарчмын талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсч болно. Таныг Aлма 37:46–47-г чанга унших үед суралцагчдыг дагаж уншихыг урьснаар хичээлээ дуусга.

төгс эзэмших судрын тэмдэгТөгс эзэмших судар—Алма 37:35

Тайлбар: Гэртээ хийх дараах үйл ажиллагаа нь суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэх болно (Алма 38). Ангид суралцагчдад даалгаврыг тайлбарлах мөн тэдэнд дараагийн уулзалт дээр тэдний туршлагыг эргэн шалгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэх цаг гаргахаар төлөвлө.

Алма 37:35 нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Та суралцагчдыг тэд үүнийг амархан олж чадахын тулд онцгой арга замаар тэмдэглэхийг санал болгож болно. Тэднийг энэ судрын хэсгийг өнөө орой гэртээ чээжлээд эцэг эх эсвэл өөр итгэлтэй насанд хүрсэн хүнд чээжилснээ хэлэхэд урь. (Эсвэл тэд шүлгийг насанд хүрсэн хүнтэй хамт уншиж болно.) Тэднийг насанд хүрсэн хүнээс дараах асуултуудыг асуухад урамшуулан дэмж. (Та суралцагчдыг эдгээр асуултыг гэртээ хийх даалгавар болгон хуудас цаасан дээр бичиж авахыг хүсч болно.)

Бурханы зарлигуудыг дуулгавартай дагасан нь танд хэрхэн тусалсан бэ?

Намайг өсвөр насандаа илүү ухаалаг байхад туслах ямар нэгэн зөвлөгөө танд байна уу?

Та тэднээс туршлагаа дараагийн хичээл дээр ярихыг хүсэх болно гэдгээ мэдэгд.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Алма 37:6–7. Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс

Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс том өөрчлөлтийг хийж чадна гэсэн зарчмыг харуулахын тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг хэл:

“Олон жилийн өмнө би төмөр замын Колорадогийн Денвер дэх төв офист ажиллаж байв. Би ачаа, шууданг хаягаар хүргүүлэх ажлыг зохицуулах үүрэгтэй байлаа. Тэр үед бараг бүх хүмүүс суудлын галт тэргээр зорчдог байлаа. Нэг өглөө Нью Жерсигийн Ньюаркад надтай адил ажил үүрэг гүйцэтгэдэг нэг хүн надтай утсаар ярилаа. Тэр, ‘Ийм ийм дугаартай галт тэрэг ирсэн ч, ачааны вагон нь алга. 300 зорчигч хаана ч юм ачаагаа алдчихаад их ууртай байна’ гэлээ.

“Би тэр даруй ачааны вагон хаачсаныг олохоор ажил дээрээ очлоо. Би уг вагон Калифорнийн Оакланд хотод зохих ёсоор ачаагаа аваад зохих ёсоор галт тэргэнд холбогдсоныг олж мэдэв. Вагон дараа нь Солт Лэйк хотын галт тэрэгний буудал дээр шилжүүлэгдэн, Денверт ирэхэд тэндээс Колорадогийн Пуэбло руу өөр замд шилжүүлэгдэн Сэйнт Люис рүү хөдөлсөн байв. Энд тэр вагоныг Нью Жерсигийн Ньюарк руу очих өөр төмөр замд шилжүүлэх ёстой байв. Гэвч Сэйнт Люисийн станцад хайхрамжгүй сумчин жижигхэн ган чиглэлийг заах ёстойгоос нь ердөө долоон сантиметр гаруй зөрүүлж өөрчлөөд вагоныг салгах хөшүүргийг татсан ажээ. Бид Нью Жерсигийн Ньюаркт очих ёстой ачааны вагон очих газраасаа 2400 гаруй километр хол орших Луйзанагийн Орлеанд байгааг олж мэдэв. Сэйнт Люисийн хашаанд хайхрамжгүй сумчны ердөө долоон сантиметр гаруйгаар зөрүүлэн буруу зам дээр эхлүүлсэн хөдөлгөөн ачааны вагоныг очих ёстой газраас нь хаа хамаагүй хол аваачжээ. Иймэрхүү явдал бидний амьдралд ч тохиолддог. Бид замаа тууштай дагахын оронд заримдаа алдаатай санаанаас болж өөр чиглэл рүү орчихдог. Тэр хөдөлгөөн бидний анхны зорьсон газраас тун бага хазайсан байж болох ч хэрэв энэ нь цааш үргэлжилсээр байвал тэр бяцхан хазайлт том зөрүүг авчирдаг бөгөөд бид өөрсдийгөө очихыг хүссэн газраасаа хол байгааг мэддэг.

“Та ер нь 5 метр урт аж ахуйн хашааны хаалгыг харсан уу? Ийм хаалга онгойхдоо их өргөн дэлгэгддэг. Нугастай тал нь хөдөлгөөн сайтай бөгөөд хаагдаж, нээгдэх тойргийн хэмжээ нь их байдаг. Амьдрал дээр нь эргэж байдаг өчүүхэн бөгөөд энгийн зүйлс нь бидний амьдралд том өөрчлөлтийг авчирдаг юм, залуу найз нар минь” (“A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, 2001 оны 1-р сар, 5–7).

Aлмa 37:35. “Насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурагтун.”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Л. Том Пэрри өсвөр наснаасаа Бурханы зарлигуудыг сахиж сурсан нэгэн болох Крид Хэймондын тухай дараах түүхийг ярьжээ:

“Крид Хэймонд нь Пеннсильванийн их сургуульд элсэлийн шалгалт өгөөд тэр сургуульд тэнцэж орсон Мормон залуу юм. Тэр гүйлтийн сайн тамирчин байсан бөгөөд спортын уралдаан тэмцээнүүдэд оролцсон байдал, үзүүлсэн амжилтыг нь харгалзан түүнийг гүйлтийн багийн ахлагчаар сонгожээ.

Америкийн Их Сургуулиудын Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбооны жил тутмын тэмцээн 1919 оны 5-р сарын сүүлчээр Харвардын Цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Кембрижид коллежийн хамгийн хүчтэй 1700 тамирчин ирсэн байв. Шалгаруулалтад Пеннсильванийн 17 эрэгтэй тамирчин шалгарчээ. Тэр жил тэдний хамгийн их айж байсан өрсөлдөгч Корнеллын Их Сургуулийн гүйлтийн багаас ердөө 10 тамирчин шалгарсан байв. Пеннсильванийн Их Сургуулийн баг аваргаар шалгарах магадлал өндөр байв. Эхний таван байрт орсон багуудад—эхний байранд тав, хоёрдугаар байранд дөрөв, гуравдугаарт гурав, дөрөвдүгээрт хоёр, тавдугаар байранд нэг гэсэн оноонуудыг өгч байлаа. Ер нь хамгийн олон эрэгтэй шалгарсан баг тэмцээнд ялах хамгийн өндөр магадлалтай байдаг.

“Тэмцээн болохын өмнөх орой Пеннсильванийн Их сургуулийн дасгалжуулагч их өндөр сэтгэгдэлтэй байв. Тэр амрахаасаа өмнө багийнхаа гишүүдийг дасгалжуулж байлаа. Тэр Кридийн өрөөнд орж ирээд ‘Крид, хэрэв бид маргааш л сайн тогловол, бид хожих болно’ гэснээ

эргэлзсэн янзтайгаар, ‘Крид ээ, би өнөө орой хөвгүүдэд бага зэрэг дарс уулгая гэж бодож байна. Би чамайг ч гэсэн мэдээж, бага зэрэг дарс уугаасай гэж хүсч байна’ гэв.

“‘Би дарс уухгүй ээ, дасгалжуулагч аа.’

“‘ Крид ээ, би чамайг согттол уулгах гээгүй байна шүү дээ. Би “Мормончууд” та нарыг юунд итгэдгийг мэднэ л дээ. Би чамд балга дарсыг бүх бодол санаа, хүч чадлаа тэмцээнд түрүүлэхийн төлөө дайчлах эм болгон өгч байна шүү дээ.’

“‘Дарс надад ямар ч тус болохгүй, дасгалжуулагч аа: Би дарс уухгүй.’

“Дасгалжуулагч хариуд нь, ‘Крид ээ, чи бол энэ багийн ахлагч бас хамгийн дээд оноотой тамирчин гэдгээ сана л даа . Арван дөрвөн мянган оюутан бүгд л чамайг энэ тэмцээнд ялаасай гэж хүсэн хүлээж байгаа шүү дээ. Хэрэв чи л энэ тэмцээнд түрүүлэхгүй бол, бид хожигдоно. Чамд юу сайныг би мэдэх хэрэгтэй байна.’

“Бусад дасгалжуулагчид ч бас бие бялдар, сэтгэл санааны бэлтгэл сургуулилтаа дээд түвшинд хийсэн эрчүүдэд бага зэрэг дарс уулгах нь тустай гэж боддогийг Крид мэднэ. Тэр бас дасгалжуулагч нь түүнээс хүссэн зүйл нь багаасаа заалгасан бүхэнд нь харшилна гэдгийг ч мэдэж байлаа. Тэр дасгалжуулагчийнхаа өөдөөс эгцлэн хараад, ‘Би дарс уухгүй ээ’ гэв.

“Дасгалжуулагч нь, ‘Чи их сонин нөхөр юм аа, Крид. Чи бэлтгэлийн ширээн дээрх цайг уудаггүй. Чи өөрийн гэсэн бодолтой хүн. За яахав, чи дураараа л бол л доо. Би үүнийг чинь зөвшөөрье’ гэв.

“Тэгээд дасгалжуулагч багийн ахлагчийн өрөөнөөс сэтгэл түгшүүртэй гарч явав. Крид маргааш сайн гүйж чадахгүй гэж дасгалжуулагч бодсон ажээ. Тэрээр дасгалжуулагчдаа юу гэж хэлэх байсан бэ? Крид дэлхийн хамгийн хурдан хүмүүстэй өрсөлдөх гэж байв. Одоо тэр тэмцээнд түрүүлэхийн тулд чадах бүхнээ хийх л үлдэж. Одоо тэр тэмцээнд түрүүлэхийн тулд чадах бүхнээ хийх л үлдэж. Түүний зөрүүд зан Пеннсильванийн багийг тэмцээнд ялагдуулж мэдэх байв. Багийнх нь нөхөд юу хийх ёстойгоо мэдэж байсан бөгөөд түүнийгээ ч хийжээ. Тэд дасгалжуулагчдаа итгэсэн ажээ. Тэрээр дасгалжуулагчийнхаа үгэнд орохгүй байх ямар эрхтэй хүн билээ? Ердөө ганцхан л шалтгаан байсан. Тэр бүх амьдралынхаа туршид Мэргэн ухааны үгийг дага хэмээн заалгасан юм.

“Энэ бол энэ залуу эрэгтэйн амьдралд эгзэгтэй үе байлаа. Түүний зан чанарын сүнслэг бүх хүч түүнийг шавдуулсанд тэрээр өвдөг сөгдөн, өөрийнхөө итгэдэг бөгөөд дуулгавартай дагаж ирсэн энэхүү илчлэлтийн эх сурвалж болсон гэрчлэлийг өгөхийг Их Эзэнээс чин сэтгэлээсээ хүсчээ. Тэгээд тэр орондоо орж, нам унтжээ.

“Маргааш өглөө нь дасгалжуулагч түүний өрөөнд орж ирээд ‘За, дажгүй юү, Крид ээ?’ гэж асуухад

“‘Маш сайн!’ гэж ахлагч цоглогоор хариулав.

“‘Бусад тамирчид бүгд өвджээ. Тэдэнд юу тохиолдсоныг мэдэх юм алга даа’ гэж дасгалжуулагч ихэд бодлогошрон өгүүлэв.

“‘Магадгүй тэдэнд таны өгсөн тамиржуулах эмнээс ч болсон байж мэднэ, дасгалжуулагч аа.’

“‘Магадгүй л юм’ гэж дасгалжуулагч хариулав.

“20 000 үзэгчид тэмцээн эхлэхийг хүлээн, хоёр цагийн үед суудлаа эзэлсэн байлаа. Спортын тэмцээний үеэр Пеннсильванийн алдартай багт ямар нэгэн бүтэлгүй зүйл болоод байгаа нь тодорхой байлаа. Спортын нэг тэмцээний дараа нөгөө тэмцээн болсоор, Пеннсильванийн багийн амжилт хүсэн хүлээж байснаас хамаагүй доогуур байв. Багийн зарим гишүүд бүр тэмцээнд оролцож чадахааргүй өвдсөн байлаа.

“100 метр, 200 метрийн гүйлт Кридийн оролцох төрөл байв. Пеннсильванийн баг түүнийг л тэдний өмнөөс өөрийн төрөлд түрүүлэх болов уу хэмээн дэмий л горьдож суулаа. Тэр Америкийн их сургуулиудын хамгийн хурдан таван эрэгтэй тамирчинтай өрсөлджээ. Эрэгтэйчүүд 100 метрийн гүйлтийн зураасан дээр байраа эзэлж, буун дуу гарахад Крид Хэймондоос—бусад бүх тамирчид—агаарт дүүлэх мэт цойлон гүйхдээ хөл нь дөнгөж газарт хүрч байна уу даа гэж бодогдохоор байлаа. Спортын энэ төрлөөр— Кридийн гүйх ёстой зам—хоёрдугаар замыг бэлтгэл сургуулилтын үед ашиглаж байсан тамирчин, Хэймондын сонгосон байрлалын ард талд гутлынхаа өлмийгөөр гурваас дөрвөн сантимерт нүх гаргасан байжээ. Тэд тэр үед зориулалтын гүйлтын гишгүүр хэрэглэдэггүй байв. Кридийн хэтэрхий хүчтэй түлхэлтээс болж, хэсэгхэн газар нурж, тэр гүйлтийн замын ард өвдгөөрөө шурган уначихав.

“Тэр босоод алдсан замаа нөхөхийн төлөө хар хурдаараа гүйв. 60 метр дээрээ ирэхэд тэр уралдааны хамгийн сүүлчийн хүн байлаа. Тэгээд тэр нисэх мэт хурдалсаар тав дахь тамирчныг, дараа нь дөрөв дэхийг, тэгээд гурав дахь тамирчныг, дараа нь хоёрт явж байсан тамирчныг гүйцэж түрүүлэв. Барианы шугам ойртоход түүний зүрх нь хүчтэйгээр түг түг цохилон, тэрээр хамаг хүчээ шавхан урагш ухасхийж, гүйлтийн тамирчдын хамгийн түрүүнд явж байсан хүнийг ардаа орхиж, түрүүллээ.

“Зохион байгуулалтын зарим алдаанаас болж, 200 метрийн шигшээ тэмцээний цаг болчихоод байхад эхлээгүй л байв. Пеннсильванийн багийг бүтэн өдрийн турш дагасан азгүйтэл Крид Хэймондыг ч бас тойрсонгүй. Тэр 200 метрийн төрөлд бэлтгэлийн тоглолтод бүх тамирчдаас хамгийн сүүлд нь гүйв. Тэгтэл энэ уралдаанд түрүүлснээс хойш тавхан минутын дараа тэрээр энэ өдрийн хамгийн сүүлийн тэмцээн болох 200 метрийн шигшээнд хамгийн түрүүнд гүйхээр дуудагдав. Түрүүчийн бүлэгт гүйсэн бусад эрэгтэйчүүдийн нэг нь түүн рүү гүйж ирээд ‘Дахин гүйхээсээ өмнө уралдаан эхлүүлэгчээс жаахан амраахыг шаард. Дүрмээр бол чамд ингэх эрх байгаа. Би чамаас өмнө гүйсэн хэрнээ амьсгаагаа дарж амжаагүй л байна’ гэжээ.

“Оволзтол амьсгаадсан Крид уралдаан эхлүүлэгчтэй уулзаж түр амраахыг хүслээ. Уралдаан эхлүүлэгч түүнд 10 минут амрах хугацаа өгч болно гэв. Гэтэл үзэгчид сүүлчийн тэмцээнийг эхлэхийг шаардан хашгиралдаж гарлаа. Уралдаан эхлүүлэгч үүнд харамсаад эрчүүдийг байраа эзэл гэж дуудав. Крид ердийн нөхцөлд энэ уралдаанаас айхгүй байсан юм. Тэрбээр магадгүй энэ зайнд дэлхийн хамгийн хурдан хүн байж болох ч тэр үдээс хойш гурван уралдаанд дараалан гүйгээд байснаас хамгийн их хүч шаардаж,—сэтгэл догдлуулсан нь нөгөөх 100 метрийн гүйлт байв.

“Уралдаан эхлүүлэгч оволзтол амьсгаадсан эрчүүдэд байраа эзлэхийг тушаагаад буугаа өргөж, буудах агшинд уралдаан эхлэв. Энэ удаад Пеннсильванийн багийн ахлагч эхнээсээ л одтой байлаа. Крид удалгүй бөөн тамирчдын дундаас суга үсрэн, гүйгчдийн түрүүнд гарч ирлээ. Тэр талбайг бүтэн тойрч нисэх мэт хурдан гүйсээр арынхаа тамирчнаас найман метрийн түрүүнд барианд орж, —200 метрийн хоёр дахь уралдаанд түрүүллээ.

“Пеннсильванийн баг тэмцээнд хожигдсон ч багийн ахлагч нь онцгой амжилтаараа бүхнийг гайхан бишрүүлжээ.

“Тэрхүү сонин өдрийн төгсгөлд, Крид Хэймонд унтах гэж байтал Мэргэн ухааны үгийн бурханлаг мөн чанарын талаар урьд шөнө нь түүний асуусан асуулт гэнэт санаанд нь орж ирлээ. Багийнхан нь дарс ууж, бүтэлгүйтсэн, өөрөө дарс уухаас татгалзсан болон —өөрийг нь хүртэл гайхахад хүргэсэн ялалт зэрэг содон үйл явдлууд түүний оюун ухаанд ар араасаа хөврөн харагдлаа. Мэргэн ухааны үг бол Бурханых гэсэн сүнсний ялдамхан бөгөөд энгийн баталгаа түүнд иржээ (Иосеф Ж.Каннон, “Speed and the Spirit”-ээс хялбаршуулан авав, Improvement Era, 1928 оны 10-сар, 1001–7)” (“Run and Not Be Weary,” Ensign, 1996 оны 11-р сар, 37–38).

Aлма 37:38–46. Ариун Сүнс нь Лиахонатай адил юм.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Лиахонаг Ариун Сүнстэй зүйрлүүлжээ:

“Бидний хүн нэг бүр амьдралынхаа зам мөрөөр замнахдаа Лиахонагаар удирдуулсан Лихай шиг Ариун Сүнснээс удирдамж хүлээн авдаг билээ.

“Лихай болон түүний гэр бүлд Лиахона нөлөөлсний адилаар Ариун Сүнс бидний итгэл, хүч чармайлт, анхаарлын дагуу бидний амьдралд нөлөөлдөг.

“Мөн Ариун Сүнс өнөөдөр ‘өчүүхэн бөгөөд энгийн зүйлс’ (Aлмa 37:6) болон Их Эзэний арга замуудын тухай илүү их ойлголтыг хүлээн авч болох арга хэрэгслүүдээр биднийг хангаж байна. …

“Их Эзэний Сүнс бидний хөтөч байж мөн биднийг мөнх бус аялалын туршид удирдамж чиглэл, заавар зөвлөгөө, сүнсний хамгаалалтаар адислах болно. Бид Ариун Сүнсийг амьдралдаа үр өгөөж бүхий хувийн болон гэр бүлийн залбирлаар, Христийн үгэн дээр найрласнаар, шаргуу бөгөөд чанд дуулгавартай байдал, гэрээнүүддээ итгэлтэй бөгөөд хүндэтгэлтэй хандах, ариун явдал, даруу зан болон үйлчлэлээр дамжуулан урьдаг. Мөн бид Ариун Сүнсийг өөрөөсөө холдуулахад хүргэдэг даруу биш зан, бүдүүлэг байдал, нүгэл хилэнцтэй бүхнээс тууштайгаар зайлсхийх ёстой.

“Бид бас Хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолоос зохистойгоор хүртсэнээр Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг урьдаг” (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 30–31).