Номын сан
87-р хичээл: Алма 27–29


87-р хичээл

Aлмa 27–29

Оршил

Леменчүүд нифайчууд руу хийсэн дайралт нь амжилтгүй болоход тэд уур хилэнгээ Антай-нифай-лихайн хүмүүст гаргасан ажээ. Антай-нифай-лихайн хүмүүс бусдын цусыг дахиж хэзээ ч урсгахгүй хэмээн хийсэн гэрээнээсээ болоод өөрсдийгөө хамгаалахаар зэвсэг барихаас татгалзав. Аммон Антай-нифай-лихайн хүмүүсийг Зарахемла руу удирдаж, тэнд тэд нифайчуудаас хамгаалалтыг олж, Аммоны хүмүүс хэмээн нэрлэгдэх болжээ. Нифайчууд Аммоны хүмүүсийг леменчүүдээс хамгаалснаар олон мянган нифайчууд ба леменчүүд тулалдаанд амиа алдсан ажээ. Нифайчууд хайрт хүмүүсээ алдсандаа ихэд гашуудан шаналавч, тэдний олон нь Их Эзэний зөв шударга хүмүүс “Бурханы баруун гар талд оршихоор, хэзээ ч төгсөхгүй аз жаргалын байдалд босгогдсон” (Aлмa 28:12) байх амлалтад найдлага ба баяслыг олсон юм.

Заах зөвлөмж

Aлма 27

Аммон Антай-нифай-лихайн хүмүүсийг нифайчуудын дунд аюулгүй байлгахаар удирдсан нь

Хэрэв тэдэнд амлалт өгчихөөд дараа нь тэр амлалтаа зөрчсөн хэн нэгэн байгаа бол гараа өргөхийг суралцагчдаас хүс. Дараа нь, тэдэнд амлалт өгөөд түүнийгээ биелүүлсэн хэн нэгэн байгаа бол гараа өргөхийг тэднээс хүс.

  • Амлалтуудаа биелүүлдэг хүмүүст та хэрхэн ханддаг вэ? Яагаад?

  • Их Эзэнд өгсөн амлалтуудаа биелүүлдэг хүмүүсийн талаар Тэр ямар сэтгэгдэлтэй байдаг гэж та боддог вэ?

Леменчүүд нифайчуудыг устгах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэний дараа тэд Аммон ба түүний ах дүүсийн үйлчлэлээр дамжуулан хөрвөгдсөн леменчүүд болох Антай-нифай-лихайн хүмүүс рүү дайрсан талаар тайлбарлаж, Алма 27-г танилцуул. Антай-нифай-лихайн хүмүүс Их Эзэнтэй хийсэн дахиж хэзээ ч “хүмүүний цусыг урсгахаар зэр зэвсэг … хэрэглэхгүй” гэсэн гэрээгээ сахихын тулд юу хийснийг санахыг суралцагчдаас хүс (Алма 24:18). (Тэд дайны зэр зэвсгээ газарт булсан.) Антай-нифай-лихайн хүмүүс амлалтаа биелүүлэхэд хэрхэн тууштай байсныг олж мэдэхийн тулд нэг суралцагчийг Алма 27:2–3-ыг чанга уншихад урь. (Та суралцагчдад Алма 24:18–19-ийг уншин, энэ эшлэлийг Алма 27:3-ын дэргэд судрынхаа зах дээр бичихийг санал болгож болно.)

  • Хэрэв та Антай-нифай-лихайн хүмүүсийн нэг байсан бол та гэрээгээ сахиад өөрийгөө болон хайртай нэгнээ хамгаалахын тулд дайтахаар явахгүй байх нь хэр зэрэг хэцүү байх вэ?

Суралцагчдыг Антай-нифай-лихайн хүмүүсийг хамгаалж мөн гэрээгээ сахихад нь туслахын тулд Аммон юу хийснийг олж мэдэхийг хичээн, Алма 27:4–10-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Энэ судрын хэсгийг товчлон ярихыг нэг суралцагчаас хүс.

Алма 27:11–12-ыг чанга уншихад нэг суралцагчийг уриад Их Эзэнээс Аммоны хүлээн авсан зааврыг олохыг түүнээс хүс. Антай-нифай-лихайн хүмүүс Аммоныг даган Зарахемла руу явсныг тайлбарла (Алма 27:13–15). (Та мөн Алма 27:16–19-ийг Алма 17:1–4 дээр өгүүлснээр Аммон болон Мозаягийн бусад хөвгүүд Алматай эргэн нэгдсэн нөхцөлд байсныг онцлон тэмдэглэснээр хураангуйлан дүгнэхийг хүсч болно.)

Нифайчуудын ерөнхий шүүгч өөрийн хүмүүсээс тэд Антай-нифай-лихайн хүмүүсийг өөрсдийн дунд амьдрахыг зөвшөөрөөч хэмээн хүссэнийг тайлбарла. Ерөнхий шүүгчийн тунхагт нифайчууд юу гэж хариулсныг олж мэдэхийн тулд Алма 27:22–24-ийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.

  • Нифайчууд Антай-нифай-лихайн хүмүүст хэрхэн тусална гэж хэлсэн бэ?

  • Та яагаад нифайчууд урьдын дайснаа хамгаалахыг хүссэн гэж бодож байна вэ?

Нифайчууд Антай-нифай-лихайн хүмүүсийг юу гэж дуудаж эхэлснийг олж мэдэхийн тулд Алма 27:26-г дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс.

Алма 27:27–30-ыг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Аммоны хүмүүс юугаараа нэрд гарсныг олж мэдэхийг хичээн дагаж уншихыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь.

  • Аммоны хүмүүсийн юу нь та нарын сэтгэлийг хөдөлгөсөн бэ? Яагаад?

  • Алма 27:27–30 бидэнд Их Эзэнд хөрвөх болон гэрээнүүдээ сахих нь хоорондоо ямар холбоотой болох тухай юу заасан бэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Бид Их Эзэнд бүрэн хөрвөсөн үед Түүнтэй хийсэн гэрээнүүдээ сахидаг. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Таны амьдралд хэн энэ зарчмын үлгэр жишээ байсан бэ?

Aлмa 28

Нифайчууд леменчүүдийг агуу тулалдаанд ялсан нь

Хэдийгээр олон нифайчууд итгэлтэй байсан ч тэд хүнд сорилт бэрхшээлүүдтэй тулгарсаар байсныг онцлон хэл.

Ерөнхийлөгч Томас С.Монсон залуудаа өөрт нь тохиолдсон дараах туршлагыг хуваалцсаныг тайлбарла. Залуу Томас Монсон найз Артур Паттоныгаа Дэлхийн II дайнд нас барсныг дуулаад Сүмийн гишүүн биш Артурын ээжийг эргэхээр очжээ. Тэрээр хожим нь дурсан ярихдаа:

“Хатагтай Паттоны амьдрал гэрэл гэгээгүй болсон байлаа. Тэр түнэр харанхуйд, гүнзгий гутрал цөхрөлд тэмтчин амьдарч байв.

“Би мэддэг замаараа Паттоны гэр рүү алхаж явахдаа энгийн нэг хөвгүүний амнаас тайтгарлын ямар үгс гарч болохыг бодон, зүрх сэтгэлдээ залбирч байлаа.

“Хаалга онгойж хатагтай Паттон намайг хүү шигээ тэвэрч авав. Хагацал зовлондоо шаналсан эх, хал үзэж хашир суугаагүй хөвгүүн хоёр өвдөг сөгдөн залбирснаар тэдний гэрийг бяцхан цуглааны байр болгосон юм.

“Бид хоёрыг өвдөг дээрээсээ босоход хатагтай Паттон миний өөдөөс эгцлэн ширтэж: ‘Томми, би сүмд явдаггүй, харин чи явдаг шүү дээ. Артур дахин амьдрах болов уу? Чи надад хэлээч!’” (“Mrs. Patton—the Story Continues,” Ensign эсвэлЛиахона, 2007 оны 11-р сар, 22).

  • Та хатагтай Паттоны асуултад хэрхэн хариулах байсан бэ?

Ерөнхийлөгч Монсоны дараах хариултыг унш:

“Би түүнд чадахынхаа хэрээр Артур үнэхээр дахин амьдрах болно гэдгийг гэрчилсэн” (“Mrs. Patton—the Story Continues,” 22).

  • Авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг нь хайртай нэгэн нь нас барсан хүмүүсийн бодол санааг хэрхэн өөрчилдөг вэ?

Алма 28:1–3-ыг ээлж дараалан чанга уншихыг цөөн суралцагчаас хүс. Аммоны хүмүүст гэрээнүүдээ сахихад нь туслахын тулд нифайчуудын төлсөн төлөөсийг олохыг суралцагчдаас хүс. Алма 28:4–6-г дор бүрнээ чимээгүй уншихдаа ийм их үхэл нифайчуудад хэрхэн нөлөөлснийг олоход суралцагчдыг урь. Зарим хүн хайртай нэгнээ нас барахад найдвар мэдэрч байхад зарим нь айдас мэдэрдэг шалтгааныг мэдэхийн тулд Алма 28:11–12-ыг судлахыг суралцагчдаас хүс.

  • Зарим хүн хайртай хүнээ нас барахад яагаад айдас мэдэрдэг вэ?

  • Зарим хүн хайртай нэгнээ нас барахад яагаад найдвар мэдэрдэг вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч бид Есүс Христэд итгэх итгэл, Их Эзэнд амласан амлалттай байснаар үхлийн үед ч найдвар ба баяр хөөртэй байж чадна гэдгийг илэрхийлэх ёстой.)

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич: Мөн тийн …бид харлаа.

Алма 28-аас сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн, энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээхийг суралцагчдаас асуу.

Суралцагчдыг хариулсны дараа нэг суралцагчийг Алма 28:13–14-ийг чанга уншихад урь. Эдгээр шүлэгт заагдсан зарчмуудтай өөрсдийн хариултыг харьцуулж үзэхийг суралцагчдаас хүс. (Та суралцагчдад “мөн тийн бид харлаа” гэсэн өгүүлбэрийг энэ шүлгүүдэд тааралдах болгонд нь тэмдэглэхийг санал болгож болно. Мормон энэ өгүүлбэрийг Мормоны Номын түүхүүдээс бидний сурч болох чухал сургамжуудыг танилцуулахдаа хэрэглэснийг тайлбарла.)

  • Алма 27–28-аас Мормоны “мөн тийн бид харлаа” гэсэн үгсийг дэмжих юуг та нар уншсан бэ?

  • Хэн нэгэн нь Есүс Христэд итгэх итгэлийнхээ учир өөрийн эсвэл хайртай нэгнийхээ үхэлтэй найдвар дүүрэн учирч байсныг та хэзээ харсан бэ?

  • Хэн нэгэнд өөрийн болон хайртай нэгнийхээ үхэлтэй учрах үед найдвартай байхад нь туслахын тулд амилуулалтыг та хэрхэн тайлбарлах байсан бэ?

Aлмa 29

Алма Бурханд бодгалиудыг авчирсандаа бахархав

Алма 29 нь Бурханы мутар дахь зэмсэг байх Алмагийн хүслийн илэрхийлэлтийг агуулдаг гэдгийг суралцагчдад хэл. Нэг суралцагчийг Алма 29:1–3-ыг чанга уншихад урь. Хэрэв “[түүний] зүрхний хүсэл” гүйцэлдсэн бол Алма юу хийх байсныг суралцагчдаар олуул. (Тэр “хүн болгонд наманчлалыг [тунхаглах]” байсан.)

  • Алма 29:2-т өгүүлснээр Алма яагаад үүнийг хүссэн бэ?

Их Эзэн зөв шударга хүсэлтэй хүмүүст юу өгдөгийг олуулахын тулд Алма 29:4–5-ыг суралцагчдаар чимээгүй уншуул. (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол та “тэрээр тэдний хүслийн дагуу хүмүүнд зөвшөөрдгийг мэднэ би” гэсэн өгүүлбэрийг онцлон хэлж болно. Хэрэв бид зөв шударга зүйлс хүсвэл Их Эзэн тэдгээр хүслийн дагуу биднийг адисалдаг гэдгийг тайлбарла. Хэрэв бидний бүх зөв шударга хүсэл энэ дэлхийд биелэхгүй бол тэдгээр нь үүрд мөнхөд биелэгдэнэ гэдгийг онцлон хэл.)

Алма Христэд ирэхэд нь бусдад туслахдаа хүлээн авсан адислалыг нь олохын тулд Алма 29:10, 14, 16-г бие даан судлахыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь.

  • Алма Христэд ирэхэд нь бусдад туслах тухай мэдэрснээ дүрслэхдээ ямар үгс хэрэглэсэн бэ? (Та суралцагчдад эдгээр шүлэг дэх баясал гэсэн үгийг хэрэглэгдэх бүрд нь тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Бусдыг наманчилж, Есүс Христэд ирэхэд нь тусалсан Алмагийн туршлагаас бид ямар зарчмыг мэдэж болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Бид бусдад нүглээ наманчилж, Есүс Христэд ирэхэд нь тусалснаар баяр баясгаланг мэдрэх болно.)

  • Та Христэд ирэхэд нь бусдад тусалснаас ирдэг баяр баясгаланг хэзээ мэдэрсэн бэ?

Есүс Христэд ирэхэд нь бусдад туслах боломжуудыг олоход суралцагчдыг урамшуулан дэмж. Өөрт тохиолдсон номлогчийн баяр баясгалантай туршлагаасаа хуваалцахыг бод.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Aлмa 28:11–12. Үхэл тохиолдоход амар амгаланг олох нь

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон энэ амьдрал дахь бидний үйлдлүүд үхэл учрахад хэрхэн амар амгаланг авчирдаг тухай ийн өгүүлжээ:

“Ах эгч нар аа, бид үхэхийн тулд амьдарч мөн өөр нэгэн ертөнцөд амьдрахын тулд үхдэг. Хэрэв бид сайн бэлтгэгдсэн бол үхэл бидэнд айдсыг авчрахгүй. Мөнхийн хэтийн төлөвийн үүднээс, үхэл нь Бурхантай уулзахаар бэлтгэгдээгүй хүмүүсийн хувьд л цагаасаа эрт байдаг.

“Одоо бол бэлтгэх цаг мөн. Тэгээд үхэл ирэхэд бид Тэнгэрлэг Эцэгээс итгэлтэй хүүхдүүддээ бэлтгэсэн селестиел алдар суу өөд урагшилж чадна. Хайртай хүмүүсээ харуусалд үлдээж байгаа ч … үхлийн хатгуур Христэд тууштайгаар итгэх итгэл, найдварын төгс гэрэл, Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайр болон бүгдэд үйлчлэх хүслээр намддаг” (“Now Is the Time to Prepare,” Ensign эсвэлЛиахона, 2005 оны 5-р сар, 18).

Далын ахлагч Вилфорд В.Андэрсэн зарим нөхөд нь эцгийнхээ үхэлд хэрхэн хандсан тухай

“Саяхан дотны нэг найз маань хорт хавдраас болж өөд болсон. Тэр өөрөө ч гэр бүлийнхэн нь ч агуу итгэлтэй хүмүүс байв. Энэ хэцүү цаг үед тэд ямар их итгэлтэйг харах нь сүнслэг нөлөө үзүүлдэг байлаа. Тэднийг өргөж, бат бөх суурьтай болгосон итгэл болон дотоод сэтгэлийн амар амгалан байдлаар тэд ямагт дүүрэн байдаг. Тэдний зөвшөөрөлтэйгөөр, аавыгаа өөд болохоос хэдхэн долоо хоногийн өмнө бичсэн гэр бүлийнх нь нэг гишүүний захидлаас уншихыг хүсэж байна:

“‘Сүүлийн хэдэн өдөр бүр хэцүү байлаа. Урьд шөнө бид аавынхаа орыг тойрон зогсож байтал Их Эзэний Сүнс мэдрэгдэж, биднийг үнэхээр тайвшруулсан билээ. Бидний сэтгэл тайван байна. Энэ бол бид бүгдийн хувьд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй тийм их хүнд зүйл байлаа.Гэвч бид гэр бүлээрээ дахин хамтдаа амьдрах болно гэж Тэнгэр дэх Эцэг маань амласныг мэддэг учраас сэтгэл тайван байна. Аавд минь хийж болох өөр ямар ч эмчилгээ байхгүйг эмч мэдэгдэхэд аав бидэн рүү төгс итгэлтэйгээр харж, “Авралын төлөвлөгөөг эсэргүүцсэн хүн энэ өрөөнд байна уу?” гэж зоригтойгоор асууж билээ. Бид … энэ төлөвлөгөөнд төгс итгэхийг заасан аав, ээж хоёрынхоо төлөө талархаж байна” гэж өгүүлжээ (“Гэтэлгэгчийн маань хад,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 17–18).