137-р хичээл
Moрмон 1–2
Оршил
Мормон хэдийгээр маш их ёс бус цаг үед төрж өссөн ч итгэлтэй байхыг сонгосон. Түүний итгэлийн учир хүмүүсийн ариун нандин цэдгүүдийг түүнд хожим итгэмжлэн өгнө хэмээн хэлсэн байв. 15 настайдаа тэр “Их Эзэнээр зочлогдсон” (Moрмон 1:15). Тэр нифайчуудыг наманчлахад туслахыг хүсч байсан ч тэдний санаатай эсэргүүцлийн учир Их Эзэн түүнийг тэдэнд номлохыг нь хориглосон. Энэ залуу насандаа тэр нифайчуудын армийг удирдахаар томилогдсон. Учир нь олон нифай хүн Ариун Сүнс ба Бурханы бусад бэлгийг алдсан байсан тул леменчүүдтэй тулалдах үед зөвхөн өөрсдийнхөө хүчинд тулгуурласан байлаа.
Заах зөвлөмж
Moрмон 1:1–5
Мормон хэзээ нэгэн өдөр нифайчуудын ариун нандин цэдгүүд түүнд итгэмжлэгдэн ирнэ гэдгийг олж мэддэг
Суралцагчид ангид орж ирэнгүүтээ үүний талаар бодож болохын тулд хичээлийн өмнө самбар дээр дараах асуултыг бич: Хүмүүс та нарыг Мормон гэж дуудахад та нарт ямар санагддаг вэ?
Хичээлийн эхэнд суралцагчдаас самбар дээрх асуултад хариулахыг хүс. Асуултын талаар хэлэлцсэний дараа нэг суралцагчаас ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгсийг уншихыг хүс:
“Заримдаа би хүмүүс энэ сүмийг зохих нэрээр нь нэрлэхгүй байгаад санаа зовдог ч тэдний хэрэглэдэг энэхүү нэр нь гайхалтай эрийн мөн дэлхийн Гэтэлгэгчийн талаар хосгүй гэрчлэлийг өгсөн номын нэр байдаг нь агуу хүндэтгэлтэй хэрэг хэмээн би баяртай байдаг.
“Түүгээр дамжуулан асар их үнээр цуглуулагдан, хамгаалагдсан энэ түүхийн үнэт олзыг тийм ээ, түүний үгсийг уншиж мөн тунгаан бодсоноор Мормон хэмээх хүнийг мэддэг болсон хэн боловч Moрмон гэдэг нь муу үг биш, харин энэ нь хамгийн агуу сайн—Бурханы сайн бүхнийг төлөөлж буйг мэдэх болно” (“Mormon Should Mean ‘More Good,’” Ensign 1990 оны 11-р сар, 52–53).
Суралцагчдад Moрмон 1–2-ын нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд Аврагч нифайчуудад үзэгдсэнээс 320 жилийн дараа газар нутаг дээрх бараг хүн бүр гэм нүгэлд амьдарч байсан гэдгийг тайлбарла. Тэр үед Аммарон хэмээх зөв шударга хүн цэдэг хадгалагчаар үйлчилж байсан бөгөөд “Ариун Сүнсээр албадуулагдан нандин цэдгүүдийг тийм ээ, бүр ариун нандин болох цэдгийг нуув” (4 Нифай 1:47–49-ийг үзнэ үү). Яг энэ цаг мөчид Аммарон Мормон хэмээх нэртэй 10 настай хүүтэй уулзаж, түүнд ирээдүйд ариун нандин цэдгүүдийг хариуцах үүрэг хариуцлагатай нь холбоотой зааварчилгааг өгсөн.
Суралцагчдыг Moрмон 1:2-ыг дор бүрнээ уншиж, Мормонд тайлбарлах үедээ ашигласан Аммароны үгс ба хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Олж мэдсэн зүйлээ тайлагнахыг тэднээс хүс. Самбар дээр Moрмон гэдэг нэрийг бичиж, түүний доод талд нь тэдний хариултуудыг жагсаан бич. Та нар эрүүл ухаантай гэсэн үг тайван тогтуун, сандардаггүй, өөрийн гэсэн бодолтой гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болох юм.
-
Бид юунд эрүүл ухаанаар хандах ёстой гэж бодож байна вэ? (Хариултууд нь ажил хэрэг хөтөлж явуулахдаа, ариун ёслолоос хүртэхдээ, судраас судлахдаа, ариун явдлыг сахихдаа мөн Аврагчийн тухай ярьж, гэрчлэхдээ зэрэг орж болно.) Бид яагаад энэ зүйлсийг хийхдээ эрүүл ухаантай байх ёстой вэ?
Хүн эрүүл ухаантай байхдаа хөгжилтэй бас инээн баясч болно гэдгийг тайлбарла. Гэхдээ эрүүл ухаантай хүн хэзээ баяр баясалтай, хэзээ анхааралтай буурь суурьтай байхаа ойлгож мэддэг.
-
“Ажиглан ойлгохдоо түргэн” байх гэдэг нь юу гэсэн үг вэ?
Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах тайлбарыг уншихыг хүс:
“Ажиглан ойлгохдоо түргэн байх үед бид яг цагийг нь олж харах эсвэл танин дуулгавартай байх чадвартай байдаг. Эдгээр— олж харах мөн дуулгавартай байх— үндсэн хоёр элемент нь ажиглан ойлгоход түргэн байхад маш чухал. Бошиглогч Мормон нь үйлдлээрээ энэ бэлгийн гайхалтай жишээ болсон хүн юм. …
“… Ажиглан ойлгохдоо түргэн байхын сүнслэг бэлэг нь энэ дэлхий дээр болон ирэх амьдралд маань бидний хувьд нэн чухал юм” (“Quick to Observe,” Ensign 2006 оны 12-р сар, 34).
-
Түргэн олж харах мөн Их Эзэний зөвлөмжид дуулгавартай байх чадвар нь бидэнд хэрхэн туслах вэ?
Суралцагчдыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ нэлээд нухацтай, эрүүл ухаанаар хандах ёстой ямар нэгэн зүйлийн талаар бичихийг хүс. Мөн тэднээс түргэн илүү дуулгавартай байж чадах Их Эзэний удирдамжуудыг жагсаан бичихийг хүс. Тэднийг илүү эрүүл ухаантай, ажиглан ойлгохдоо түргэн байхад урамшуулан дэмж.
Нэг суралцагчаас Moрмон 1:3–5-ыг чанга уншиж, ангийнхныг эндээс Аммароны Мормонд өгсөн зааварчилгаануудыг олж тогтоохыг хүс.
-
Аммарон Мормоныг юу хийхийг хүссэн бэ?
-
Мормон яагаад эдгээр үүргийг биелүүлэхийн тулд эрүүл ухаантай, ажиглан ойлгохдоо түргэн байх шаардлагатай байсан бэ?
Moрмон 1:6–19
Хүмүүс санаатайгаар эсэргүүцсэний учир Их Эзэн Мормоныг тэдэнд номлохыг хориглодог
Суралцагчдаас нандигнан хадгалж байсан ямар нэгэн зүйлээ алдах эсвэл тэдний хувьд үнэтэй ямар нэгэн зүйлийг нь авсан тохиолдол байсан эсэхийг асуу.
Мормон бага залуу байхдаа нифайчууд ба леменчүүдийн хоорондох нэлээд хэдэн тулааны гэрч байсан гэдгийг тайлбарлан, Moрмон 1:6–12-ыг товч дүгнэ. Тэр мөн газар нутаг дээрх хамаг хүмүүсийн дунд гэм нүгэл тархан дэлгэрснийг харсан.
Нифайчууд маш их гэм нүгэлтэй болсон учраас Их Эзэний өгсөн үнэт бэлгүүдээ алдсан гэдгийг тайлбарла. Ангийн нэг хэсгийг Moрмон 1:13–14, 18-ыг уншиж, Их Эзэний нифайчуудаас татан авсан бэлгүүдийг олж мэдэхийг хүс. Нөгөө хэсгийг Moрмон 1:14, 16–17, 19-ийг уншиж, Их Эзэн яагаад эдгээр бэлгийг нифайчуудаас татан авсан шалтгаануудыг олж мэдэхийг хүс. Бүлэг бүрээс суралцагчдыг урьж, ангийнхантайгаа олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урь.
-
Moрмон 1:13–14 дээр өгүүлсэнчлэн Их Эзэнээ эсэргүүцэн, холдох үед юу тохиодог вэ? (Суралцагчид олон янзын хариултыг өгч болно. Тэдний хариултуудыг нэгтгэн, дараах үнэнийг самбар дээр бич: Хүмүүс гэм нүгэлтэй, итгэлгүй болоход тэд Их Эзэнээс хүлээн авсан сүнслэг бэлгүүдээ алдаж, Ариун Сүнсний нөлөөг хүлээн авах чадваргүй болдог.)
Нифайчуудын эсэргүүцэл дэндүү их болсон байсныг онцлон хэл. Гэвч энэ зарчим Бурханы зарлигуудад дуулгаваргүй байгаа хувь хүн бүрд үйлчлэх болно.
-
Moрмон 1:13–14, 18 дээр дурдсан бэлгүүдийн аль нь та нарын хувьд алдахад хамгийн хүнд байх вэ?
Нэг суралцагчийг Moрмон 1:15-ыг чанга уншихыг урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, олон нифай хүн Бурханы бэлгүүд ба Ариун Сүнсний нөлөөг алдаж байхыг хараад Мормонд ямар байсныг олж мэдэхийг хүс.
-
Мормон хэдийгээр агуу гэм нүглийн дунд байсан ч яагаад сүнслэг туршлагуудыг авах боломжтой байсан бэ?
Moрмон 2:1–15
Мормон нифайчуудын армийг удирдан, тэдний ёс бус байдлын төлөө харамсдаг
15 настай (эсвэл 15 нас хүрч яваа) суралцагчаас Moрмон 2:1–2-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг 15 настай (“арванзургаан нас” хүрэх гэж) байхад нь Мормонд өгсөн үүрэг хариуцлагыг олохыг хүс. Суралцагчдаас 15 настай хүү армийг удирдахад ямар байх талаар төсөөлөн бодохыг хүс.
-
Moрмон 2:1 дээр дурдагдсан зан төлөв ямар арга замуудаар Мормонд армийн удирдагч байхад нь тусалсан бэ?
Суралцагчдад леменчүүд нифайчуудыг айлган, ухран зугтах хүчээр нифайчуудын арми руу дайрсан гэдгийг хэлэн, Moрмон 2:3–9-ийг товч дүгнэ. Леменчүүд нифайчуудыг тал талаас нь шахан дайрсаар нэг газарт цуглуулсан. Яваандаа Мормоны арми леменчүүдийг сөрөн зогсож, тэднийг зугтахад хүргэв.
Суралцагчдыг Moрмон 2:10–15-ыг дор бүрнээ уншиж, тулаануудын дараах нифайчуудын сүнслэг нөхцөл байдлыг олж тогтоохыг хүс.
-
Нифайчууд яагаад харамссан бэ? (Moрмон 2:10–13-ыг үзнэ үү. Тэд өөрсдийн эд хөрөнгийг хамгаалж чадаагүй учраас харамссан. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн үйлдлүүдийн учир харуусан гашуудсан бус, зөвхөн өөрсдийн нүглүүдийн үр дагавруудын учир харамссан.)
-
Moрмон 2:13–14 дээр өгүүлсэнчлэн Мормон хүмүүсийн харамсал жинхэнэ наманчлалын илрэл бус гэдгийг хэрхэн мэдсэн бэ?
Суралцагчдад “харуусал наманчлалд хүргэх” ба “яллагдагсдын харуусал” хоёрын ялгааг харахад нь туслахын тулд дараах зүйлсийг самбар дээр бич:
Суралцагчдаас Moрмон 2:12–15-ыг эргэн үзэж, эдгээр хоёр бүлэг хүмүүсийн зан араншингуудыг олж тогтоохыг хүс. Тэдний хариултад дараах үнэнүүд багтсан байх ёстой:
Бурханы сайн сайхныг ойлгож, Христэд даруу зүрх сэтгэлтэйгээр ирэхээр харуусан гашуудаж буй хүмүүс
Зөвхөн нүглийн үр дагавруудын учир харуусан гашуудсан ч Бурханыг эсэргүүцсээр байгаа хүмүүс
Мормон “яллагдагсдын харуусал” (Moрмон 2:13) гэсэн хэллэгийг үйлдлүүдийнхээ үр дагавруудын улмаас харууссан хүмүүсийг тодорхойлоход ашигласан гэдгийг тайлбарла. Энэ зан төлөв уучлал ба амар амгалан руу хөтөлдөггүй. Энэ нь зэмлэлд хөтлөх буюу мөнх амьдралын төлөө өсөн хөгжихөө больсон хүн гэсэн үг юм.
Суралцагчдыг тэд нүгэл үйлдсэнээ ойлговол хэрхэн хандах талаараа тунгаан бодохыг хүс. Тэд уучлагдаж, амар амгаланг амсан, Бурхантай нэгдэхийн тулд Аврагч руугаа даруу зүрх сэтгэлтэйгээр ирэхийг урамшуулан дэмж.
Moрмон 2:16–29
Мормон ялтсуудыг авч, өөрийн хүмүүсийн ёс бус байдлын талаар цэдэглэдэг
Леменчүүдтэй хийсэн дайн үргэлжлэх явцад Мормон Аммароны нифайчуудын цэдгүүдийг нуусан Шим хэмээх толгойн ойролцоо ирснээ мэдсэнийг тайлбарлангаа, Moрмон 2:16–18-ыг товч дүгнэн ярилц. Тэр Нифайн ялтсуудыг авч, хүүхэд байсан үеэсээ хүмүүсийн дунд ажиглан ойлгосон бүхнээ цэдэглэж эхэлсэн.
Нэг суралцагчийг 1 Нифай 2:18-19-ийг чанга уншихыг урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, өөрийн өдрүүд дэх хүмүүсийн сүнслэг нөхцөл байдлыг тодорхойлсон Мормоны тодорхойлолтыг олохыг хүс. Мөн юунд найдаж байсан тухайгаа хэрхэн илэрхийлснийг нь олж мэдэхийг хүс.
-
Өөрийн өдрүүдийн сүнслэг нөхцөл байдлыг Мормон хэрхэн тодорхойлсон бэ? (“Ёс бус хийгээд жигшүүрт хэргүүдийн үргэлжийн дүр зураг”)
-
Мормоны талаар суралцсан зүйлээс тэр яагаад “эцсийн өдөр өргөгдөх болно” гэдэгтээ итгэлтэй байсан гэж бодож байна вэ? (Та нар Мормон “эцсийн өдөр өргөгдөх болно” гэж хэлсэн нь амилж, Түүнтэй мөнхөд хамт үлдэхийн тулд Бурханы оршихуйд аваачигдана гэдгийг хэлсэн гэдгийг ойлгоход нь тусал.)
-
Мормоны зөв шударга байдлын үлгэр жишээ та нарт яагаад тустай байх вэ? (Суралцагчид олон янзын хариултыг хэлж болно. Тэдний хариултад дараах зарчим багтсан байх ёстой: Нийгэм гэм нүгэлд автагдсан байсан ч бид зөв шударга амьдрахыг сонгож болно. Нэг суралцагчийг урьж, энэ зарчмыг самбар дээр бичүүлж болно.)
-
Та нар найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүдийг эргэн тойрных нь хүмүүс тийм биш байсан ч Бурханы таалалд дуулгавартайгаар бат тууштай зогсож байсныг хэзээ харсан бэ?
Зөв зүйлийн төлөө зогсохын тулд илүү их хичээх ёстой зүйлийнхээ талаар бодоход суралцагчдыг урамшуулан дэмж. Энэ зүйл дээр нь саад бэрхшээл тулгарах үед хэрхэн хандах талаараа дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэл дээрээ бичихийг урь. Мормоны адил бид зөв шударгаар амьдрахыг сонгож, цор ганцаараа байсан ч зөв зүйлийн төлөө тууштай зогсоход Их Эзэн бидэнд туслах болно гэдгийг гэрчил.