55-р хичээл
Moзая 5–6
Оршил
Moзая 5-д Мозая 2-оос эхэлдэг, хаан Бенжамины өөрийн хүмүүст хандан хэлсэн үгсийн төгсгөл оршдог. Хаан Бенжамины үгэнд итгэсэн хүмүүс зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдэрсэн. Тэд Бурхантай гэрээнд орж, өөрсдөдөө Есүс Христийн нэрийг хүлээн авсан юм. Moзая 6-д өгүүлснээр, хаан Бенжамин хаант улсаа хүү Мозаядаа шилжүүлсэн бөгөөд Мозая эцгийнхээ жишээг даган, улс орноо удирдсан билээ.
Заах зөвлөмж
Moзая 5:1–4
Сүнсээр дамжуулан мэдэрсэн зүрх сэтгэлийнхээ хүчирхэг өөрчлөлтийг хаан Бенжамины хүмүүс дүрсэлдэг
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич:
Суралцагчдаас судар судлах тэмдэглэл буюу хичээлийн дэвтэртээ энэ асуултуудад хариулж бичихийг хүс. Тэгээд Арванхоёрын чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгсийг унш:
“Есүс Христийн сайн мэдээний жинхэнэ мөн чанар нь “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл мөн ач ивээл” дээр найдах бидний найдвараар дамжин мөн зан чанарыг маань мөнхөд өөрчлөх боломжтой болгодог (2 Нифай 2:8). Бид Эзэнийг дагахаар сонгохдоо өөрчлөгдөн, сүнслэгээр дахин төрөхөөр сонгодог” (“Ye Must Be Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 20).
Та суралцагчдаа Moзая 5:2-ын ард эсвэл судар судлах тэмдэглэлдээ: “Бид Эзэнийг дагахаар сонгохдоо өөрчлөгдөхөөр сонгодог” гэж бичихийг санал болгож болно (Ахлагч Дэвид А.Бэднар).
-
Бид Есүс Христийг дагахаар сонгохдоо ямар арга замаар өөрчлөгдөхөөр сонгодог вэ?
Суралцагчдад Moзая 2–4-ийг нэгтгэн дүгнэх хэдэн минут өг. Та тэдэнд бүлгийн тоймыг уншихыг санал болгож болно. Эдгээр бүлгийн агуулгын талаар юу санаж байгааг нь тэднээс асуу. Тэднээс Moзая 5:1-ийг дор бүрнээ уншихыг хүс.
-
Хаан Бенжамин өөрсдийн хүмүүсээс юу мэдэхийг хүссэн бэ?
Суралцагчдаас Moзая 5:2–5-ыг дор бүрнээ уншин, хаан Бенжамины асуултад хүмүүс хэрхэн хариулсныг олохыг хүс. Тэднийг уншиж эхлэхээс өмнө 2-р хэсэг дэх хүсэл гэдэг үг нь хүмүүний хүсэл тэмүүлэл ба зан чанарыг төлөөлсөн үг гэдгийг тайлбарла. Тэднийг уншиж дууссаны дараа шүлгүүдийг дүгнэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг асуу.
-
Хүмүүс хүслийнхээ тухай юу гэж хэлсэн бэ?
-
Тэдний хүсэл өөрчлөгдөхөд юу нөлөөлсөн бэ? (Тэд Есүс Христ болон Цагаатгалын тухай хаан Бенжамины заасан зүйлд итгэсэн бөгөөд Сүнс тэдний зүрх сэтгэлийг өөрчилсөн юм.)
Зүрх сэтгэлийн өөрчлөлт нь зан араншингийн өөрчлөлтөөс илүү чухал гэдгийг онцлон хэл. Бид зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрсэн үедээ Аврагчийн Цагаатгалын хүч чадлаар өөрчлөгдсөн шинэ хүмүүс болдог. Суралцагчдад энэхүү үнэнийг ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг унш:
“Есүс Христийн сайн мэдээ нь сэргийлэх, даван туулах, нүглээсээ уучлагдах мөн бидний амьдрал дахь муу нөлөөнүүдээс хавьгүй илүү их зүйлийг хамардаг бөгөөд энэ нь сайн үйлс хийх, сайн хүн байх бас улам сайн хүн болохыг зайлшгүй шаарддаг. … Энэхүү хүчирхэг өөрчлөлт нь зүгээр нэг хичээж зүтгээд эсвэл хувийн сахилга батаа илүү хөгжүүлснээр ирдэггүй. Энэ өөрчлөлт нь бид хүсэл, зорилго болон Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон шинж чанараа үндсээр нь өөрчилсний үр дүнд ирдэг. Нүгэл болон нүгэл хийх хүсэл хоёуланг нь даван туулах нь бидний сүнслэг зорилго юм. (“Clean Hands and a Pure Heart,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 81–82).
-
Бид жинхэнэ ёсоор өөрчлөгдөхөд Есүс Христийн Цагаатгал яагаад хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдын анхаарлыг “Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир”Moзая 5:2гэсэн үгс рүү хандуул. Та төгс хүчит гэдэг үг нь бүрэн дүүрэн хүч чадалтай гэсэн үг гэдгийг тайлбарлаж өгч болно.
-
Бид өөрсдийн амьдралд хүчирхэг өөрчлөлтийг хэрхэн мэдэрч болох талаар Moзая 5:2–4-өөс та нар юу сурсан бэ?
Суралцагчдыг энэхүү асуултын талаар ярилцаж байхад нь бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Ариун Сүнсийг хүлээн авснаар зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдэрч чадах болно гэдгийг ойлгосон эсэхийг нь магадал.
Зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдэрнэ гэдэг нь зөвхөн нэг удаа тохиолддог бус харин амьдралын туршид явагддаг үйл явц гэдгийг тайлбарла. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг хуваалц:
“Христийнхтэй адил болох нь насан туршийн зорилго бөгөөд энэ нь удаан бөгөөд бараг боломжгүй юм шиг санагдах өсөлт хөгжилт ба өөрчлөлтийг авчирдаг. …
Жинхэнэ наманчлал нь зан чанарын өөрчлөлтөөс гадна зүрх сэтгэлийн өөрчлөлтийг шаарддаг. … Наманчлал нь ихэнхдээ маш их сэтгэл хөдөлгөсөн, эрс шийдэмгий өөрчлөлтөөр бус харин бурханлаг байдал руу алхам алхмаар, тууштай, байнга хичээснээр явагддаг” (“A Mighty Change of Heart,” Ensign, 1989 оны 10-р сар, 5).
Энэхүү зарчмыг хэрэгжүүлэн, зүрх сэтгэлдээ хүчирхэг өөрчлөлтийг мэдрэх үйл явцаа дүгнэхэд нь туслахын тулд тэднээс дараах асуултуудад хариулан, судар судлах тэмдэглэлдээ бичихийг хүс. (Та эдгээр асуултыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичих юм уу, асуултуудыг бичсэн тараах материал бэлдэж эсвэл асуултуудыг тэдэнд удаанаар уншиж өгч, тэднийг судар судлах тэмдэглэлдээ бичих боломжийг олгож болох юм.)
-
Аврагчийг дагаснаар таны хүсэл эрмэлзэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-
Та энэ өөрчлөлтийг мэдрэхэд Их Эзэний тусламжийг үргэлжлүүлэн авахын тулд юу хийх ёстой вэ?
Нэг юм уу, хоёр суралцагчаас эдгээр асуултад хариулахыг хүс. Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд анхааруул.
Moзая 5:5–15
Хаан Бенжамины хүмүүс Бурхантай гэрээнд орж, шинэ нэрийг хүлээн авдаг
Нэг суралцагчаас Moзая 5:5-ыг чанга уншихыг хүс. Зүрх сэтгэл нь өөрчлөгдсөн учраас хаан Бенжамины хүмүүс юу хийхийг хүссэн бэ? гэдгийг олж уншихыг тэднээс хүс.
-
Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүмүүсийн зан чанар өөрчлөгдсөн учраас тэд юу хийх хүсэлтэй болсон бэ?
Суралцагчдад гэрээний тухай ойлголтоо өсгөхөд нь туслахын тулд энэ сэдвийг өөрсдөө судлах хэдэн минутын хугацаа өг. Та тэдэнд энэ сэдвийг Судруудын удирдамж, Итгэлдээ үнэнч байх нь эсвэл Мормоны Ном, гурамсан судрын сэдвүүдийн цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулсан жагсаалтаас судлахыг санал болгож болно. Тэдэнд хангалттай хугацаа өгсний дараа тэднийг хоёр хоёроор нь хуваарилж, гэрээнүүдийг бие биедээ өөрсдийн үгээр тайлбарлахыг хүс.
-
Moзая 5:5-ын үгс нь хүмүүсийн Бурхантай гэрээ хийж, үүнийгээ сахих чин сэтгэлийн хүслийг харуулж байна. (Хариултууд нь: “бид үлдсэн бүх өдрүүддээ,” “бүх зүйлд,” мөн “түүний тааллыг гүйцэлдүүлэх” гэх мэт байж болно.)
-
Moзая 5:5-ын ямар үгс нь та нарт ариун ёслолоос хүртэх болгондоо шинэчилдэг амлалтуудын тухай сануулж байна вэ?
-
Бид зүрх сэтгэлийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн мэдрэхэд гэрээнүүдийг хийж, сахих нь хэрхэн туслах вэ?
Суралцагчдаас Moзая 1:11-ийг дор бүрнээ уншихыг хүс. Хаан Бенжамины хүмүүсийг цуглуулсан нэг шалтгааныг олж, уншихыг тэднээс хүс. (Тэдэнд нэр өгөхийн тулд.) Moзая 5:7–15-д хаан Бенжамин өөрийн хүмүүст өгөхөөр амласан нэрийн тухай тайлбарласан байдгийг хэлж өг. Суралцагчдад Moзая 5:7–14-ийг гүйлгэн уншиж, нэр ба дуудагдсан гэдэг хоёр үгийг олохыг хүс. Та тэдэнд энэ үгсийг олох бүрдээ тэмдэглэхийг хүсч болно.
Цөөн хэдэн суралцагчаас эцэг эх нь яагаад тэдэнд тэр нэрийг өгснийг нь асуу. Жишээлбэл: Та тэднээс эцэг эх нь яагаад тийм нэр өгөхөөр шийдсэнийг эсвэл тэдний нэр нь ямар утга учиртай болохыг асууж болно. Дараа нь ангийнхнаас асуу:
-
Нэрийн ач холбогдол юу вэ? (Самбар дээр суралцагчдын өгсөн хариултуудыг нэгтгэн бич. Хариултууд нь: нэрээр маань бидний хэн болохыг мэддэг, энэ нь биднийг таних, бусдаас ялгах арга юм. Нэр нь гэр бүлтэй холбоотой байдаг учраас үүнийг сайнаар авч явж, хайрлах хэрэгтэй гэх мэт байж болно.)
Нэг суралцагчаас Moзая 5:7–8-ыг чанга уншихыг хүс. Хаан Бенжамины ард түмэндээ өгсөн нэрийг олохыг ангийнхнаас хүс. Тэднээс мөн нэрийн чухал болохыг илэрхийлсэн өгүүлбэр ба үгсийг олохыг хүс. Та тэднийг эдгээр үгс ба өгүүлбэрийг тэмдэглэхэд нь дэмжиж болно.
-
Хаан Бенжамин хүмүүстээ ямар нэр өгсөн бэ?
-
Та нар ямар үгс ба өгүүлбэрийг анзаарсан бэ? Энэ үгс ба өгүүлбэрүүд нь та нарт Христийн нэрийн тухай юу зааж байна вэ?
-
Бид хэзээ Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авдаг вэ? (Суралцагчид бид ариун нандин гэрээнүүдийг хийж, сахиснаар Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авдаг гэдгийг ойлгосон эсэхийг магадал.)
Суралцагчид эдгээр шүлгийг ярилцах үед бид “Христийн хүүхдүүд” (Moзая 5:7) болж чадна гэсэн сургаалыг ойлгоход нь та тэдэнд туслах хэрэгтэй байж болно. Эцэг хүн үр хүүхдэдээ амьдрал өгдөг гэдгийг та онцлон хэлж болно. Бид бол Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд юм. Бид мөн энэ дэлхий дээр бие махбодтой болж амьдрах боломжийг өгсөн эцэг эхийн хүүхдүүд юм. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “Есүс Христ өөрийн хийсэн Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралыг бидэнд санал болгодог” учраас “бидний Эцэг болдог” юм хэмээн Moзая 5:7-ын тухай заадаг. Ерөнхийлөгч Смит тайлбарлахдаа: “Бид Түүнд дуулгавартай байх гэрээнүүдээрээ дамжуулан Есүс Христийн охид мөн хөвгүүд болдог” гэжээ (Doctrines of Salvation, comp. Брүс Р.Mкконки, 3 боть. [1954–56], 1:29).
Нэрийн ач холбогдлыг тодорхойлсон самбар дээрх үгсэд суралцагчдын анхаарлыг хандуул.
-
Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахын ач холбогдлыг ойлгоход маань энэ үгс хэрхэн туслах вэ?
Суралцагчдаас Moзая 5:9–13-ыг дор бүрнээ уншаад Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах тухай хаан Бенжамины хэлсэн зөвлөгөөг олохыг хүс. Эдгээр шүлгийг уншихдаа хаан Бенжамин яг өөрт нь хандан ярьж байгаа мэтээр төсөөлөн уншихыг тэднээс хүс. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилан, уншсан зүйлсийнхээ дагуу дараах асуултуудад хариулахыг хүс. (Та эдгээр асуултыг самбар дээр бичиж эсвэл тараах материал болгон өгч болно.
-
Христийн нэрийг өөрсөд дээрээ авахын ач холбогдлыг тунгаан бод. Христийн нэрийг зүрх сэтгэлдээ бичнэ гэж юу гэсэн үг вэ? Христийн нэрийг зүрх сэтгэлдээ бичсэн хүмүүст ямар адислалууд ирдэг вэ?
-
Христийн нэрийг хүндэтгэлтэйгээр авч явдаг хүмүүсийн тухай бод. Христийн нэрийг хайрлан, хүндэлдэг болохоо энэ хүмүүс хэрхэн үзүүлдэг вэ?
Нэг суралцагчаас Moзая 5:15-ыг чанга уншихыг хүс. Гэрээнүүдээ сахидаг хүмүүсийг тодорхойлдог үйлдлүүдийг олж уншихыг хүс.
-
Христийн нэрийг өөрсөд дээрээ хэрхэн авч яваагаа дүгнэх ямар асуултуудыг бид өөрсдөөсөө асууж болох вэ?
Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь юу гэсэн үг болох талаар сэтгэгдлээ хуваалц. Энэ нь таны амьдралд чухал болох талаар гэрчил.
Moзая 6:1–7
Мозаягийн хаанчлал эхэлдэг
Суралцагчдаас Moзая 6:1–3-ыг дор бүрнээ уншин, хаан Бенжамин цугларсан олон түмнийг тараахаасаа өмнө юу хийснийг олохыг хүс.
-
Гэрээнд орсон бүх хүний нэрсийг тэмдэглэх нь яагаад чухал байсан гэж та нар бодож байна вэ? Хаан Бенжамин яагаад хүмүүсийн дунд санваартнуудыг томилсон бэ?
Хаан Бенжамин хүмүүст хандан ярьж дууссаныхаа дараа хүү Мозаядаа хаант улсын талаарх бүх үүрэг хариуцлагыг өгснийг тайлбарла. Хаан Бенжамин үүнээс хойш гурван жил амьдраад нас барав. Нэг суралцагчаас Moзая 6:6–7-г чанга уншихыг хүс. Суралцагчдаас Мозая эцгийнхээ жишээг дагаж, зүрх сэтгэлдээ хүчирхэг өөрчлөлтийг мэдрэхэд нь өөрийн хүмүүст тусалдаг талаарх үгс ба өгүүлбэрүүдийг олохыг хүс.