Номын сан
Иаков


ОРШИЛ Иаковын ном

Яагаад энэ номыг судалдаг вэ?

Иаковын номыг судалснаар Есүс Христэд итгэх итгэл нь гуйвшгүй нэгэн хүний чухал сургамжуудыг бид суралцах болно. Иаков Аврагчийг удаа дараа гэрчилсэн ба өөрийн хүмүүсийг мөн түүний үгсийг унших хүмүүсийг наманчлалд урьсан юм. Тэр Их Эзэний дуудлагуудыг хичээнгүйлэн бүрэн биелүүлэхийн чухал ач холбогдлыг зааж мөн биечлэн үзүүлжээ. Тэрээр өөрийн хүмүүст бардамнал, баялаг болоод ёс суртахуунгүй явдлаас зайлсхийхийг анхааруулсан. Иаков мөн Бурханы бүх хүүхдэд авралыг авчрах Аврагчийн цөхрөлтгүй хүч чармайлтыг дүрсэлсэн Зиносын чидун модны ёгтлолоос эш татан, тайлбарласан билээ. Христийг эсэргүүцэгч Шеримтэй нүүр тулан маргахдаа Иаков бидний итгэлд эргэлзэн, шүүмжилдэг хүмүүст зөв шударгаар хэрхэн хариулахыг үзүүлсэн юм.

Хэн энэ номыг бичсэн бэ?

Сариа, Лихай нарын тав дахь хүү Иаков энэ номыг бичсэн. Амлагдсан газар луу хийсэн түүний гэр бүлийн аяны үеэр аглаг зэлүүд нутагт тэр төрсөн ажээ. Хүүхэд ахуй үедээ Иаков “ах нарынхаа балмадын учир их харамсал мөн зовлон үзсэн билээ” (2 Нифай 2:1). Гэсэн хэдий ч Лихай Иаковт, Бурхан “зовлонгуудыг чинь чиний өсөлт хөгжлийн тул ариулан адисалж” мөн тэрээр өөрийн өдрүүдийг “өөрийн Бурханд үйлчлэхэд” зориулах (2 Нифай 2:2–3) болно гэдгийг түүнд амласан байдаг. Идэр залуу насандаа Иаков Аврагчийн алдар сууг үзсэн (2 Нифай 2:3–4-г үз). Нифай Иаковыг, нифайчуудын прист болоод багш байхаар томилон адисалж (2 Нифай 5:26-г үз), сүүлд нь Нифайн жижиг ялтсыг итгэн гардуулсан юм (Иаков 1:1–4-г үз). Итгэлтэй санваартны удирдагч, багшийн хувьд Иаков (Иаков 1:7-г үз) Христэд итгэхийг өөрийн хүмүүст ухуулахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Тэр Аврагчийн талаар илчлэлтийг хүлээн авч, тэнгэр элчүүдийн тохинууллыг үзэж, Их Эзэний дуу хоолойг сонссон (Иаков 7:5-г үз) мөн өөрийн Гэтэлгэгчийг харсан билээ. (2 Нифай 11:2–3-г үз). Нас барахынх нь өмнө итгэл хүлээн ялтсуудыг гардаж авсан Иносын эцэг нь Иаков байсан юм.

Энэ ном хэнд зориулагдан бичигдсэн бэ? Яагаад?

Нифай Иаковт нандин сургаал, илчлэлт, бошиглолуудыг “Христийн тулд, мөн өөрсдийн хүмүүсийн тусын тулд” (Иаков 1:4) цэдэглэхийг зааварласан. Иаков энэ зааварт дуулгавартай байж, “хамгийн үнэт хэмээн өөрийн эргэцүүлсэн” (Иаков 1:2) бичээсүүдийг хадгалан үлдээжээ. Тэр бичихдээ: “Бидний хайрт ах дүү нар болон хүүхдүүд маань тэдгээрийг талархсан сэтгэлээр хүлээн авна хэмээн найдаж, эдгээр үгсийг ялтсууд дээр сийлэхээр бид хичээнгүйлэн хөдөлмөрлөж буй бөлгөө. Учир нь бид Христийг мэдсэн, мөн түүнийг ирэхээс олон зуун жилийн өмнө түүний сүр жавхланг хүлээн авах найдлага бидэнд байсныг тэд мэдэж болно хэмээн бид эдгээр зүйлийг энэ зорилтын учир бичиглэсэн болой” (Иаков 4:3–4). Иаков бичээсүүдийнхээ гол сэдэвт “Яагаад Христийн цагаатгалыг ярихгүй мөн түүний … төгс мэдлэгт хүрэхгүй байх билээ?” хэмээн анхааруулан, тайлбарласан (Иаков 4:12).

Энэ нь хэзээ, хаана бичигдсэн бэ?

Иаковын ном ойролцоогоор МЭӨ 544 оноос буюу Нифай Иаковт жижиг ялтсуудыг итгэн өгсөн үеэс эхэлдэг бөгөөд энэ нь өөрийн хүү Иност ялтсуудыг гардуулан өгч, Иаковын нас барах үе хүртэл үргэлжлэн дуусдаг. Иаков энэ цэдгийг Нифайн газар дээр амьдарч байхдаа бичсэн.

Энэ ном юугаараа онцгой вэ?

Иаковын ном Нифайг нас нөгчсөний дараах нифайчуудын засаглалтай холбоотой мэдээллийг өгдөг. Иаков болон түүний ах Иосеф нифайчуудын сүнслэг удирдагчид байх тэр үед Нифай хүмүүсийн амжилттай сайн хаан, жолоодогч болох нэгэн хүнийг адислан томилсон. Энэ номны бас нэг онцлог зүйл нь эрх мэдэл олгогдоогүй байхад олон эхнэртэй байхыг зөвшөөрсөн явдлыг буруутгасан Иаковын зэмлэл юм. Мормоны Номонд энэ талаар зөвхөн Иаков 2-т эш татсан байдаг. Иаковын ном мөн Мормоны Номон дахь хамгийн урт бүлгийг багтаасан байдаг бөгөөд энэ нь чидун модны тухай Зиносын ёгтлолыг оруулсан Иаков 5 юм. Мөн түүнчлэн, Иаковын номонд, Мормоны Номны бошиглогчоос нифайчуудад эцэст нь тэднийг устгалд хүргэх бардамналаас зайлсхийхийг анх удаа шууд анхааруулсныг тэмдэглэсэн байдаг. (Иаков 2:12–22; Moронай 8:27-г үз). Энд мөн нифайчуудын дунд анхны Христийн эсрэг үзэлтнүүд бий болсон тухай цэдэглэсэн юм…

Тойм

Иаков 1 Иаков нандин цэдгийг хадгалах Нифайн зарлигт дуулгавартай байв. Нифай нас нөгчив. Иаков, Иосеф нар Бурханы үгийг хүмүүст зааж, тэдний дунд номлов.

Иаков 2–3 Ариун сүмд ярихдаа Иаков нифайчуудыг бардамнал, баяжих хүсэл ба ёс суртахуунгүй байхаас зайлсхийхийг анхааруулдаг.

Иаков 4–6 Иаков Христийг гэрчилж, Зиносын чидун модны сургаалт ёгтлолоос эш татдаг. Тэр өөрийн хүмүүсийг наманчилж, Их Эзэний нигүүлслийг хүлээн авч, шүүлтэнд бэлтгэхийг урамшуулан дэмждэг.

Иаков 7 Их Эзэний тусламжтайгаар Иаков, Христийг эсэргүүцэгч Шеримийг мухардалд оруулдаг. Тэр нифайчууд болон леменчүүдийн хоорондох зөрчилдөөний талаар дурдаж, жижиг ялтсыг Иност дамжуулан өгдөг.