Хичээл 45
Иаков 3:4
Оршил
Иаков 3-аас бид Иаков өөрийн хүмүүст илгээсэн төгсгөлийн номлолыг уншдаг. Иаков амар амгалан болоод амлалтын үгсийг зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүст санал болгосон. Тэр мөн тэд наманчлахгүй бол үр дагавар нь юу болохыг анхааруулан, өөрийн хүмүүсийн дундах бардамнал ба цэвэр ариун бус байдлыг буруушаан зэмлэсэн. Иаков 4 нь түүний цэдгийг хэзээ нэгэн өдөр унших хүмүүст зориулан сүнслэгээр өдөөгдөн бичсэн Иаковын үгсийг багтаадаг. Тэр Есүс Христийн Цагаатгалыг гэрчилж, өөрийн уншигчдыг Цагаатгалаар дамжуулан өөрсдийгөө Бурхан Эцэгтээ нийцүүлэхийг ухуулсан. Тэрээр, Есүс Христ болон Түүний сайн мэдээний шударга үнэнийг эсэргүүцэх иудейчүүдийн талаар сэрэмжлүүлгийн дуу хоолойгоор ярьсан.
Заах зөвлөмж
Иаков 3
Иаков зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэдгээрийг тайвшруулан, зөвлөж бусдыг наманчлахыг ятгадаг
Суралцагчдыг дараах нөхцлүүдэд тэд хүмүүст ямар зөвлөмж өгөх байсан талаар бодохыг хүс:
-
Нэгэн залуу эмэгтэй зөв шударга амьдрахыг хичээсэн ч эцэг нь архинд донтсон тул зовж байна.
-
Нэгэн залуу эрэгтэй сайн мэдээний дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийсэн ч эцэг эх нь салсан тул шаналж байна.
-
Залуу эмэгтэй гэр бүлийнхнийгээ хайрлахыг шаргуу хичээсэн ч эгч нарынх нь амиа хичээсэн байдал, бусдыг хайхардаггүй үйлдлүүд түүнийг мухардуулна.
Суралцагчдаас Иаков 3:1–г дор бүрнээ чимээгүйхэн уншихыг хүс. Иаков энэ бүлэгт хамгийн түрүүнд хэнд хандсаныг тодруулахыг тэднээс хүс.
Иаков бардамнал, бэлгийн харилцааны нүгэлд автсан хүмүүст шууд хандан ярьж байгаа гэдгийг тайлбарла. Тэгээд тэр өөрийн анхаарлыг бусдын ёс бус явдлын учир зовж шаналж байгаа зөв шударга хүмүүст хандуулсан. Суралцагчдаас Иаков 3:1–2-ыг дор бүрнээ чимээгүйхэн уншихыг хүс. Тэднээс Иаковын зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүсээс хүссэн дөрвөн зүйлийг олохыг хүс.
-
Зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүсээс Иаковын хүссэн дөрвөн зүйл нь юу вэ? (“Бурханд шийдэмгий оюунаар хандаж, мөн түүнд үлэмж итгэлтэйгээр залбирагтун, … тэргүүнээ өргөгтүн, мөн Бурханы таалалт үгийг хүлээн авагтун, түүний хайран дээр найрлагтун.”) Итгэлтэй хэвээр үлдэх зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүст Иаков юу амласан бэ? (Зовлон шаналлаас нь тайвшруулах, дайснуудаас хамгаалах)
-
Бурханы үгийг хүлээн авахын тулд бид юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?
Зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүсийг Бурхан зовлон шаналалд нь тайтгаруулах болно гэсэн Иаковын амлалтуудтай холбоотой асуудлыг суралцагчид ойлгосон эсэхийг шалга. Та нар тайтгаруулах гэсэн үг нь уй гашуутай эсвэл зовлон зүдгүүртэй хэн нэгнийг тайтгаруулах гэсэн утгатай гэдгийг тайлбарлах шаардлагатай байж болно. Суралцагчдад энэ үнэнийг тунгаан бодож, хэрэгжүүлэхэд туслах дараах асуултыг асуу:
-
Их Эзэн та нарыг хэрхэн тайтгаруулсан бэ?
-
Зовлон зүдгүүртэй үедээ итгэлтэйгээр залбирах нь хэрхэн тусалсан бэ?
-
Түүний хайрыг мэдрэхэд Бурханы үг хэрхэн тусалсан бэ?
Иаков зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүстэй ярьсныхаа дараа зүрх сэтгэлдээ цэвэр бус хүмүүст хандан ярьсан гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчаас Иаков 3:3–4-ийг чангаар уншихыг хүс. Ангийнхнаас Иаков юу хийхийг ятгасныг тодруулахыг хүс.
-
Хэрэв Иаковын хүмүүс наманчлахгүй бол юу тохиолдох вэ?
Тухайн үед леменчүүд зарим нифайчуудаас илүү зөв шударга байсныг Иаков мэдэгдсэн болохыг онцлон хэл. Суралцагчдаас Иаков 3:5–7-г дор бүрнээ чимээгүй уншиж, леменчүүд зарим нифайчуудаас илүү зөв шударга байсан арга замуудыг олохыг хүс.
-
Леменчүүд зарим нифайчуудаас юугаараа илүү зөв шударга байсан бэ?
-
Та нар Иаков 3:7-гоос гэр бүлийн харилцааны талаар ямар зарчмуудыг суралцсан бэ? (Эхнэр нөхрүүд бие биенээ хайрлах, эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийг хайрлах)
-
Гэр бүлийн гишүүд бие биенээ хайрлахгүй, гэр бүлийн үүрэг хариуцлагаа бүрэн гүйцэлдүүлэхгүй байснаас үүдэн гарах зарим үр дагавар юу вэ?
Суралцагчдаас Иаков 3:10-ыг дор бүрнээ чимээгүй уншиж, ялангуяа нифайчуудын эцгүүдэд өгсөн Иаковын сануулгыг олохыг хүс.
-
Нифайчуудын эцгүүдэд Иаков ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ?
-
Гэр бүлийн гишүүд бие биедээ сайн үлгэр жишээ байх нь яагаад чухал ач холбогдолтой гэж бодож байна вэ?
Суралцагчдад Иаков 3:11–12–ыг чангаар уншиж өг. Та нар шүлэг 11 дээрх “бодгалийнхаа чадварыг сэргээ” гэсэн хэллэгийг сүнслэгээр сэрэх хэрэгцээтэй холбоотой гэдгийг тайлбарлаж болно. Иаков 3:12 дээрх “хууль бусаар эр эм бололцох хийгээд тачаал” гэсэн хэллэг бэлгийн харилцааны нүглүүдэд хамаатай. Эдгээр шүлгийг уншингаа бэлгийн харилцааны “аймшигт хор уршгийг” цохон тэмдэглэ. Нэмэлт болгон суралцагчдад Иаковын зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүст өгсөн амлалтуудыг сануул (Иаков 3:1–2-ыг үз). Суралцагчдад эдгээр адислалыг хүлээн авах хамгийн сайн арга нь зүрх сэтгэлдээ байнга цэвэр байх явдал гэдгийг ойлгоход нь тусал. Гэвч бэлгийн харилцааны нүгэл үйлдсэн хүмүүс наманчилж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр болох мөн зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүст амласан адислалуудыг хүлээн авахад нь туслах өөрсдийн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөс тусламж эрэлхийлж болно.
Иаков 4
Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай нийцэж болно гэдгийг Иаков гэрчилдэг
Хичээл эхлэхийн өмнө Есүс Христийн жижигхэн зургийг самбарын голд байрлуул. Зургийг тойруулан Аврагч болон Түүний сайн мэдээнээс хүмүүсийг холдуулж болох зүйлсийг бич. Жишээ нь, та нар боловсрол, спорт, найз нөхөд зэрэг зарим сайн зүйлийг оруулж болох ч тэдгээрийг амьдралын гол зүйлээ болгох шаардлагагүй. Та нар мөн бидний сүнсийг гэмтээж, Аврагчаас холдуулах завхай зайдан явдлыг үзүүлсэн кино, хор хөнөөлтэй дуу хөгжим ба мансууруулах бодис зэрэг бусад зүйлийг бичиж болно.
Суралцагчдаас Иаков 4:14-г нээхийг хүс. Энэ шүлэгт “зорилгоос алсуур хайснаас” гэсэн хэллэгийг оруулсныг тайлбарла. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвелл энэ шүлэгт “зорилго гэдэг нь Христ” гэж заасан (“Jesus of Nazareth, Savior and King,” Ensign, 2007 оны 12-р сар, 45). Суралцагчдаас энэ мэдэгдлийг судар дээрээ Иаков 4:14-ын хажууд бичихийг урамшуулан дэмжиж болно.
Энэ тайлбарыг хуваалцсаны дараа нэг суралцагчаас Иаков 4:14–15-г чангаар уншихыг хүс.
-
Зорилгоос алсуур хайх гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? (Аврагч ба Түүний сайн мэдээнээс бусад аливаа нэг зүйлд амьдралаа төвлөрүүлэх)
-
Иаковын хэлсэнчлэн Есүс Христийг хүлээн авахад иудейчүүдэд ямар зан төлөв ба үйлдлүүд саад болсон бэ?
Иаков зарим иудейн нүглүүдийг энд онцлон хэлсэн ч Иаков 4:14–15 –ын хэсгүүд бидэнд хамаатай бөгөөд бидэнд зориулсан сануулга юм. Суралцагчдад энэ хүсэлтийг харахад нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Яагаад заримдаа хүмүүс “тодорхой байдлын үгс”-ийг хэрэгсэлгүй харин түүний оронд өөрсдийн ойлгодоггүй зүйлсийг эрэлхийлдэг вэ? Сайн мэдээний энгийн үнэнүүдийг анзааралгүй өнгөрөөхийн аюул нь юу вэ?
-
Аврагч ба Түүний сайн мэдээнээс хөндийрүүлэх ямар бусад жишээг бид самбар дээр нэмж бичиж болох вэ? (Самбар дээр бичсэн зүйлс дээрээ суралцагчдын хариултуудыг нэм.)
Самбар дээр бичсэн үгсийг арилгаж, дараах асуултыг бич: Зорилгоосоо алсуур хайлгүй Есүс Христ дээр төвлөрсөн хэвээр үлдэхийн тулд бид юу хийж болох вэ?
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Иаков 4:4–5; Иаков 4:6–7; Иаков 4:8–9; Иаков 4:10; Иаков 4:11–13. Иаков 4 дээр биднийг Есүс Христ дээр төвлөрсөн байхад туслах зарчмуудыг Иаков бидэнтэй хуваалцсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хоёр хоёроор нь болгож, самбар дээр бичсэн судрын захиас дээрх зарчмуудыг олохыг даалга. (Ангид байгаа суралцагчдын тооноос хамааран захиас бүрийг хэд хэдэн хос суралцагч бүрд даалгах хэрэгтэй байж болно. Эсвэл нэг хос суралцагчаас нэгээс илүү захиасыг уншихыг хүсч болно.)
Хэсэг хугацааны дараа тэднийг хариултаа хэлэхэд урь. Хариулт өгөх үед нь тэднийг шүлгүүдээс сурсан зүйлийнхээ талаар илүү гүнзгий тунгаан бодоход тусал. Энэ хэлэлцүүлгийг явуулахад тань туслах дараах асуултууд нь өгөгдсөн шүлгүүдийн дагуу зохион байгуулагдсан болно:
-
Иаков 4:4–5. Есүс Христ дээр төвлөрөхөд тань бошиглогчдын гэрчлэлүүд хэрхэн тусалсан бэ? Аврагчийн тухай бусдын гэрчлэл хэрхэн таныг хүчирхэгжүүлсэн бэ? Түүний хүмүүсийн Мосегийн хуулинд дуулгавартай байсан нь “[тэдний] бодгалийг” Их Эзэн рүү чиглүүлэхэд дөхөм байсныг Иаков хэлсэн. Санваарын ёслолуудыг хүлээн авах ба зарлигуудыг сахих бидний хичээл зүтгэл ямар арга замаар бодгалийг маань Их Эзэн рүү чиглүүлдэг вэ?
-
Иаков 4:6–7. Бошиглогчдод өгөгдсөн илчлэлтүүд хэрхэн бидэнд Есүс Христэд итгэх итгэл ба найдварыг олж авахад тусалдаг вэ? Хувийн илчлэлт эсвэл та нарын хүлээн авсан сүнслэг гэрчлэлүүд хэрхэн итгэлийг тань хүчирхэгжүүлсэн бэ? Зөвхөн Их Эзэний ач ивээлээр бид Түүний ажлыг хийж чадна гэдгийг санах нь яагаад чухал гэж бодож байна вэ?
-
Иаков 4:8–9. Яагаад Их Эзэний ажлууд “агуу хийгээд гайхамшигтай” гэдгийг ойлгох нь чухал гэж бодож байна вэ? Дэлхийн Бүтээгчийн хувьд Аврагчийн ажил Түүний тухай та нарын гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ? Та нарын хувьд “Бурханы илчлэлтүүдийг бүү басамжил” гэдэг юу гэсэн утгатай вэ? Түүний өгсөн илчлэлтүүдийг үнэлэн хүндэтгэдэг болохоо бид Их Эзэнд хэрхэн харуулж чадах вэ?
-
Иаков 4:10. Хувь хүн “Их Эзэнд зөвлөхөөр бус, харин Түүний мутраас зөвлөмж авахаар эрэлхийлэх” ямар жишээнүүд байна вэ?
-
Иаков 4:11–13. 35-р хичээл дээр дурдсанчлан нийцэх гэдэг нь зохицолд хүрэх гэсэн үг. Цагаатгал бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ нийцтэй байхад маань хэрхэн тусалдаг вэ? Иаков бидэнд “Яагаад Христийн … цагаатгалын талаар ярихгүй гэж?” хэмээн асууж, Цагаатгалын тухай заахын чухлыг сануулсан. Бид бусадтай гэрчлэлээ хуваалцахдаа, сайн мэдээг заах бусад боломж гарах үед хэрхэн энэ зарчмыг мөрдөх вэ? Өөрсдийн гэрчлэлийг хуваалцахдаа яагаад хүмүүст ойлгомжтой байхаар хийх нь чухал вэ? Сүнс ямар арга замаар үүнийг гүйцэлдүүлэхэд маань тусалдаг вэ?
Энэ хэлэлцүүлгийн үр дүн болгон дараах үнэнийг тодорхой ойлгомжтой болго: Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрсдийгөө найдвараар дүүргэж, Бурхантай нийцүүлж чадна.
Аврагч ба Түүний Цагаатгалын төлөөх өөрийн талархал болон мэдрэмжийг хуваалц. Есүс Христ дээр амьдралаа төвлөрүүлэх нь бидний“зорилго” гэдгийг гэрчил. Хичээлээ дуусгахдаа суралцагчдаас дараагийн өдрүүдэд Аврагч дээр төвлөрсөн байхын тулд тэд юу хийж болох талаар тунгаан бодохыг хүс. Судрын тэмдэглэл дээрээ өөрсдийн төлөвлөгөөг бичихийг зөвлөж болно. Хэдэн суралцагчийг урьж, юу хийхээр төлөвлөж байгаагаа ангийнхандаа хэлэхийг хүс.