ОРШИЛ Нифайн хоёрдугаар ном
Бид яагаад энэ номыг судалдаг вэ?
Нифайн хоёрдугаар ном нь Адам,Ева хоёрын Уналт, Есүс Христийн Цагаатгал, сонгох эрх зэрэг сайн мэдээний үндсэн сургаалуудыг ойлгоход суралцагчдад туслах болно. Түүнээс гадна энэ ном нь Аврагчийн онцгой гэрчүүд асан Нифай, Иаков, Исаиа нарын бошиглолуудаар дүүрэн юм. Тэд хожмын үед тохиох сайн мэдээний Сэргээлт, Бурханы гэрээт хүмүүсийн цугларалт, Есүс Христийн Хоёр дахь ирэлт, Мормоны Ном ирэх болон Мянган жилийн тухай бошиглож байлаа. Нифайн хоёрдугаар ном нь бас Христийн сургаалын тухай Нифайн тайлбарыг агуулдаг бөгөөд Аврагчийн тухай Нифайн гэрчлэлээр төгсдөг.
Хэн энэ номыг бичсэн бэ?
Лихайн хүү Нифай энэ номыг бичсэн. Нифай бол бошиглогч, Нифайн хүмүүс леменчүүдээс тусгаарлагдсаны дараа тэдний анхны агуу удирдагч байлаа. Тэрбээр Их Эзэний гэтэлгэгч хүчийг ашигладаг байсныг (2 Нифай 4:15–35; 33:6-г үзнэ үү) мөн өөрийн хүмүүст авралыг авчрахыг бүх сэтгэл зүрхээрээ хүсдэг байсныг түүний бичээсүүд гэрчилдэг (2 Нифай 33:3–4 -ийг үзнэ үү). Тэрээр энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Есүс Христэд итгэхийг өөрийн хүмүүст зааж, ариун сүм байгуулсан юм.
Энэ номыг юуны учир хэнд зориулж бичсэн бэ?
Нифай гурван өөр уншигчид зориулж энэ номыг бичсэн ажээ. Үүнд: эцгийнхээ үр удмын болон эцсийн өдрүүд дэх Их Эзэний гэрээт хүмүүст улмаар дэлхийн бүх хүнд зориулжээ (2 Нифай 33:3, 13-ыг үзнэ үү). Нифайн хоёрдугаар номыг Нифайн жижиг ялтсууд дээр бичсэн бөгөөд эдгээр ялтсыг Нифай болон түүний үр удмынхны “үйлчлэл ба бошиглолуудын” (1 Нифай 19:3–5) цэдэг болгох зорилгыг Их Эзэн тавьсан ажээ. Нифай эдгээр ялтас дээр “өөрийн дотоод сэтгэлийн зүйлсийг мөн гуулин ялтсууд дээр сийлэгдсэн судруудаас олныг нь” цэдэглэжээ. Тэрээр “хүүхдүүдийнхээ эрдэм хийгээд тусын тулд” (2 Нифай 4:15) бичсэнээ тайлбарласан байна. “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхоо дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26) хэмээн тэр мэдэгджээ. Тэрээр “[өөрийн] үгсийг нь анхааран сонсож, Христэд итгэхэд” (2 Нифай 33:10 ) бүхий л хүмүүсийг урьснаар цэдгээ дүүргэсэн байна.
Энэ ном хэзээ, хаана бичигдсэн бэ?
Нифайн хоёрдугаар ном болсон энэхүү цэдгийг Нифай ойролцоогоор МЭӨ 570 оны үед тэрээр гэр бүлийнхээ хамт Иерусалимыг орхин явснаас хойш 30 жилийн дараа бичиж эхэлжээ. Тэрээр энэ номыг Нифайн нутагт байхдаа бичсэн байна (2 Нифай 5:8, 28–34-ийг үзнэ үү).
Энэ номын онцлог юу вэ?
Нифайн хоёрдугаар номын зохиогч нь Нифай хэдий ч, энэ ном янз бүрийн эх сурвалжаас үүдэлтэй сургаалуудын эмхэт-гэл юм. Дараах жагсаалтаас харвал энэ номын олон бүлэгт бусад бошиглогчийн эшлэлүүд оржээ. Лихай, Иаков, Исаиа нар Есүс Христийг харсан бөгөөд Түүний гэрчүүд байсан учраас Нифай уншигчдыг Есүс Христэд итгэхийг ятгахын тулд дээрх бошиглогчдын зарим сургаалыг энэ номонд оруулсан ажээ. Лихай, Иаков хоёр өөрсдийн номлолд бусад бошиглогчийн сургаалуудаас бас эш татжээ.
-
Лихайн сургаалууд 2 Нифай 1-4-т цэдэглэгдсэн байна. 2 Нифай 3:6 -д Лихай Египетийн Иосефын үгсээс эш татжээ.
-
Нифайн сургаалууд 2 Нифай 4–5, 2 Нифай 11–33-т цэдэглэгджээ. 2 Нифай 12–24, 2 Нифай 27-д Нифай Исаиагаас маш олон удаа эш татсан байдаг.
-
Иаковын сургаалууд 2 Нифай 6–10-т цэдэглэгджээ. 2 Нифай 6: 6–7 болон 2 Нифай 7–8-д Иаков Исаиагийн сургаалуудаас эш татсан байна.
Нифайн хоёрдугаар номонд бас Лихайн нас баралтын тухай (2 Нифай 4:12) мөн Лихайн үр удам— лэмэнчүүд ба нифайчууд хэмээх хоёр хэсэг болон хуваагдсан талаар дурдсан байдаг (2 Нифай 5) -ыг үзнэ үү).
Тойм
2 Нифай 1–4-т Лихай нас барахаасаа өмнөхөн үр удмынхандаа зөвлөгөө өгч адисалжээ.
2 Нифай 4–8 -д Нифай Их Эзэнийг алдаршуулан магтжээ. Тэрээр өөрийн дагалдагчдыг, тэдний Нифай хэмээн нэрийдсэн нутаг тийш удирдав. Тэрээр Израилийн тараагдалт ба цугларалтын тухай Иаковын сургаалуудыг цэдэглэв.
2 Нифай 9–10-т Иаков Есүс Христийн Цагаатгалын тухай заажээ. Тэрбээр бас иудейчүүд Есүс Христийг эсэргүүцэх тухай, ирээдүйд иудейчүүд болон харийнхан амлагдсан нутагт цугларах тухай бошигложээ.
2 Нифай 11–24-т Нифай Есүс Христийг гэрчилснийхээ төлөө баяр талархлаа илэрхийлжээ. Тэрээр Израилийн тараагдалт ба цугларалт, бардамнагсад хийгээд ёс бусчууд Хоёр дахь ирэлтийн өмнө даруусгагдах тухай, Мессиагийн төрөлт, үүрэг зорилго болон мянган жил үргэлжлэх түүний хаанчлалын тухай Исаиагийн бошиглолуудаас эш татжээ.
2 Нифай 25–27-д Нифай Аврагчийн Цовдлолт, Амилалт болон нифайчууд дээр хүрч очсон тухай, иудейчүүдийн тараагдалт ба цугларалт, нифайчуудын устгал, Урвалт, Мормоны Ном ирэх хийгээд Амилуулалтын тухай бошигложээ.
2 Нифай 28–30-д Нифай эцсийн өдрүүдийн ёс бус явдлаас сэрэмжлүүлж, Мормоны Ном ирээдүйд ямар үүрэг гүйцэтгэхийг тайлбарлан, хүмүүс гэрээнд цугларах тухай бошигложээ.
2 Нифай 31–33-т Христийг дагаж, Түүний үгс дээр найрлан, эцсийн өдөр хүртэл тэвчихийг Нифай бидэнд ухуулжээ. Тэрээр Христийн үгсийг бичсэнээ гэрчилсэн байна.